| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 187/2017/0016/э |
| Дугаар | 93 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Х.Батчимэг |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 93
Ц.Ч-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор, хохирогч Д.М-, түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг, иргэний нэхэмжлэгч “Н” ХХК-ийн төлөөлөгч Д.Т-гийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг, иргэний хариуцагч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа, иргэний нэхэмжлэгч П.Х-, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1077 дугаар магадлалтай, Ц.Ч-д холбогдох 201526031114 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор, иргэний хариуцагч Ц.Ц-ын өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 1973 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 23 дугаар байрны 27 тоотод оршин суух,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 10,000,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил хорих ял шийтгүүлж байсан, Булган тайж овогт Ц-н Ч.
Ц.Ч- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Цэцээ гүн” хотхонд байрлах 363 м.кв талбай бүхий 41/8 тоот хаягт байршилтай, Улсын бүртгэлийн Ү-2206037712 дугаартай иргэн Г.Г-ын өмчлөлийн орон сууцыг хохирогч Д.М-т өөрийн өмчлөлийн орон сууц гэж хэлэн хуурч, 1,300,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч 2013 оны 10 дугаар сараас эхлэн 2014 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд 2014 онд үйлдвэрлэгдсэн “Lexus-570” загварын тээврийн хэрэгсэл, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Хурд хорооллын 28 дугаар байрны 135 тоот 114.96 м.кв 3 өрөө орон сууц, уг байрны доор байрлах 66 тоот автомашины зогсоол, 2011 онд үйлдвэрлэгдсэн “Lexus RХ-350” загварын тээврийн хэрэгсэл, мөн бэлэн 300,000,000 төгрөг”-ийг залилан авч, хохирогч Д.М-т их хэмжээний буюу 905,093,620 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Ч-г хуурч, бодит байдлыг нуух, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдын эд хөрөнгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Ц.Ч-г 6 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-д оногдуулсан 6 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-гээс 885,093,620 төгрөг гаргуулж, хохирогч Д.М-т олгуулахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар “С” ХХК-ийн Ц.Ц-т ногдох хувьцаа, хөрөнгөнөөс хохирогч Д.М-т учирсан хохирлыг төлүүлэхээр “С” ХХК-ийн улсын бүртгэлийн 9011166121 дугаартай гэрчилгээг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар “С” ХХК-ийн Ц.Ц-т ногдох хувьцаа, хөрөнгөнөөс хохирогч Д.М-т учирсан хохирлыг төлүүлэхээр “С” ХХК-ийн улсын бүртгэлийн 9011166121 дугаартай гэрчилгээг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар “С” ХХК-ийн иргэний хариуцагч Ц.Ц-т ногдох хувьцаа, хөрөнгөнөөс хохирогч Д.М-т учирсан хохирлыг төлүүлэхээр “С” ХХК-ийн улсын бүртгэлийн 9011166121 дугаартай гэрчилгээг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ч-гийн өмгөөлөгч Б.Цэрэндолгорын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйл 3 дахь заалтыг ноцтой зөрчсөн шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасныг хэргийн хүрээнд тодорхой нягтлалгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг эсэргүүцэж дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
1. Ц.Ч- хохирогч Д.М- нарын хооронд орон сууц худалдах тохиролцоо нь иргэний эрх зүйн журмаар шийдвэрлэгдэн харилцан ярилцаж тохиролцсон арилжаа байсан болно. Чимэдцэрэн байрны эзэн Г.Г-аас уг байрыг ашиг олж цаашид зарах зөвшөөрлийг албан ёсоор авсан гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлсэн байдаг.
2. Байрны эзэн Г.Г- нь би Ц.Ч-д захиран зарцуулах бүх эрхийг өгсөн байсан гэдгээ тодорхой мэдүүлгүүдээр өгсөн болно.
3. Хохирогч Д.М- нь тухайн өдөр мөнгөө ярилцаж тохиролцсон ёсоор өгсөн бол ийм асуудал үүсэхгүй байсан. Учир нь Д.М- нь Ц.Ч-д бартераар автомашин орон сууц өгөхдөө бусдын хөрөнгийг өгч байсан гэдгийг шүүх авч үзэж дүгнэлт огт хийгээгүй болно. Ц.Ч-д өгсөн гэх автомашин, орон сууцнууд нь бүгд тодорхой эзэнтэй Д.М-ын өөрийн өмчлөлийн нэг ч зүйл байгаагүй бөгөөд 250,000,000 төгрөг өөрийнх нь байсан байж болно. Ц.Ч- газар авч байгаа түүнийг цуг үнэ хүргэж зарна гэсэн тохиролцоотой байсан нь мөрдөн байцаалтын шатанд тодорхой байсаар байтал залилангийн гэмт хэрэг үүсгэж ялласан нь огт үндэслэлгүй бөгөөд Ц.Ч-г хэлмэгдүүлж байна гэж үзэж байна. Газарт мөнгөө оруулсан нь үнэн, хохирогч Д.М- нь мэдэж байсан. Энэ хэргийг иргэний журмаар шийдвэрлэх тул анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд иргэний хариуцагч Ц.Ц-ын өмгөөлөгч Н.Одонтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...1. ...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад шүүгдэгч Ц.Ч-гээс 885,093,620 төгрөг гаргуулж, хохирогч Д.М-т олгосугай гэж мөн 7 дахь заалтад “С” ХХК-ийн Ц.Ц-т ногдох хувьцаа, хөрөнгөнөөс хохирогч Д.М-т учирсан хохирлыг төлүүлэхээр “С" ХХК-ийн улсын бүртгэлийн 9011166121 дугаартай гэрчилгээг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй гэж шийдвэрлэсэн. Энэ нь анхан шатны шүүх хуралдаанд шүүгч уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг уншиж танилцуулахдаа зөвхөн “С" ХХК-ийн хувьцаа, улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авсугай гэж уншсан мөртлөө бичгээр тогтоол гардуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4,5 дахь хэсэгт зааснаар “С” ХХК-ийн Ц.Ц-т ногдох хувьцаа, хөрөнгөнөөс хохирогч Д.М-т учирсан хохирлыг төлүүлэхээр “С” ХХК-ийн улсын бүртгэлийн 9011166121 дугаартай гэрчилгээг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй гэж бичсэн нь анхан шатны шүүх хуралдаанд уншиж танилцуулснаас зөрүүтэй, өөр утга агуулгыг нэмж бичсэн, шүүх хуралдааны тэмдэглэлд ч зөрүүтэй бичигдсэн байгаа зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.7, 1.8-д заасан шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах хуулийг зөрчсөн. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны сиди бичлэгийг зохих журмын дагуу авч, давж заалдах шатны шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь заалтад заасны дагуу талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглаж болно гэсэн заалтыг үндэслэн иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд сиди бичлэгийг шинжлэн судалж, ашиглах хүсэлт гаргасан ч хүлээн аваагүй нь давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг ноцтой зөрчиж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны сиди бичлэг хавтаст хэргийн 156 дугаар хуудсанд байгааг судалж үзнэ үү” гэв.
2. “С” ХХК-ийн нийт хувьцааны 70 хувийг О-, 10 хувийг Ц-, 20 хувийг Х- эзэмшдэг байсныг түр хугацаагаар 2018 оны 01 дүгээр сард Ц-ын нэр дээр 100 хувийг шилжүүлээд, буцааж 2018 оны 04 дүгээр сард Х-д 20 хувийг өгч, О-д 70 хувийг нь шилжүүлэн өгөх үед О- нь гадаад руу явсан, буцаж ирээд шилжүүлж авъя гэж байсан энэ үед Хан-Уул дүүргийн прокурорын газрын тогтоолоор “С” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээтэй Түргэний голд байрлах 30 га газрыг битүүмжилснээс О-гийн эрх ашиг хохирч, уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцуулах байсан ч тогтоогоогүй. Байгаль Орчин Аялал Жуучлалын сайдын тушаалаар, Богд уулын дархан цаазат газраас “С” ХХК-ийн Түргэний голын дархан цаазат, тусгай хэрэгцээний 30 га газраас, 15 га газрын ашиглах эрхийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр цуцалсан. Энэ баримтыг анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Уг газрыг Хан-Уул дүүргийн прокурорын газраас битүүмжилсэн тогтоол гаргасан ч Богд уулын дархан цаазат газарт мэдэгдээгүй, мэдэгдлээ ч энэ нь Улаанбаатар хотын Богд ууланд байрлах, Улсын дархан цаазат, тусгай хэрэгцээний газар тул төрийн хамгаалалтад байдаг, хуулиараа аливаа иргэн, аж, ахуйн нэгжид эзэмших, өмчлөх эрх олгогдохгүй, захиран зарцуулах эрхгүй, зөвхөн гэрээний үндсэнд тодорхой хугацаанд газар ашигласны төлбөрийг төлж хугацаа дуусах, хугацаанаас өмнө нь улс газраа үл маргах журмаар буцаан авах ёстой онцгой объект. Иймд хэн нэг иргэний эд хөрөнгийн хохиролд улсын өмчийн газрыг битүүмжилж, хууль бусаар хураан авч, хохиролд төлүүлэх ямар ч хуулийн заалт байхгүй байхад анхан шатны шүүхийн “С” ХХК-ийн Ц-т ногдох хувьцаа, хөрөнгөөс иргэн Мөнхбаярт учирсан хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн уншиж танилцуулсан тогтоол, бичгээр гардуулж өгсөн тогтоолоос өөрөөр нэмж бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, мөн Газрын тухай хуулийн 6, 16 дугаар зүйлийг зөрчсөн байх тул улсын өмчлөлийн уг газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. “С” ХХК-ийн нэр дээр уг газраас өөр эд хөрөнгө огт байхгүйг анхаарч үзнэ үү. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Хохирогч Д.М-ын өмгөөлөгч О.Чулуунчимэг хяналтын шатны шүүхэд хэлсэн саналдаа “Иргэний хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүх хуралдааны бичлэгтэй зөрсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс энэ талаар маш ойлгомжтой дүгнэлт хийсэн. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэлийг тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч “Н” ХХК-ийн төлөөлөгч Д.Т-гийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг хэлсэн саналдаа “...“Н” ХХК-ийн авто машиныг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ц.Ч-гийн үйлдсэн залилан мэхлэх гэмт хэрэг тогтоогдсон. О- 70 хувийг эзэмшдэг тул эрх ашиг нь зөрчигдсөн гэдэг боловч Ц.Ц- нь 80 хувийг эзэмшдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх үүнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Ц.Ц-аас яагаад хохирол гаргуулахаар заасан гэхээр Ц.Ц- нь гэмт хэргийн замаар олсон мөнгөөр компани байгуулсан. Энэ компани байгуулсан мөнгөөр газар худалдаж авсан тул шүүх иргэний хариуцагчаар татсан байна. Шийтгэх тогтоол, магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор, иргэний хариуцагч Ц.Ц-ын өмгөөлөгч Н.Одонтуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Ч-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Ц.Ч- нь бодит байдлыг нууж, хуурч мэхлэх замаар хохирогч Д.М-т орон сууц худалдах нэрээр түүнийг залилан мэхэлж их хэмжээний буюу 905,093,620 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Ч-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар Ц.Ч- нь хохирогч Д.М-аас залилан авсан эд хөрөнгийг борлуулсан мөнгөөр “С” ХХК-ийн хувьцааг худалдан авч өөрийн төрсөн дүү, иргэний хариуцагч Ц.Ц-ын нэр дээр дүр үзүүлэн шилжүүлсэн, бодит байдал дээр шүүгдэгчийн өмчлөлийнх болох нь тогтоогдож байх тул уг компанийн Ц.Ц-т ногдох хувьцаа, хөрөнгөөс хохирогч Д.М-т учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ” хэрэглэх зарчимтай нийцэж байна гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Түүнчлэн шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг нь гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байгаа талаар иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд давж заалдах шатны шүүхээс хохирлыг хэнээс гаргуулах, хэрхэн төлүүлэх талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой дүгнэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй гэсэн дээрх дүгнэлтийг няцаан үгүйсгэх үндэслэлгүй байна.
Иймд шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ч-гийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор, иргэний хариуцагч Ц.Ц-ын өмгөөлөгч Н.Одонтуяа нарын “шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1077 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ч-гийн өмгөөлөгч Б.Цэрэндолгор, иргэний хариуцагч Ц.Ц-ын өмгөөлөгч Н.Одонтуяа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН