Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 111/2017/0006/з |
Дугаар | 221/МА2017/0822 |
Огноо | 2017-11-22 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2017/0822
Г.Н-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д-г оролцуулан хийж, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 111/ШШ2017/0027 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Н-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 111/ШШ2017/0027 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 100 дугаар зүйлийн 100.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.Н-ыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Ц д” бүрэн дунд сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 6 254 072 /Зургаан сая хоёр зуун тавин дөрвөн мянга далан хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч Г.Н-т олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсгийг баримтлан Г.Н-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Бусад холбогдох зардлын хохирлыг хариуцагч этгээдээс гаргуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “ … Баацагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Н нь ажиллаж байх хугацаандаа 2014 онд сургуулийн дотуур байрны их засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж 2,2 сая төгрөгийн санхүүжилт хийх боломжтой байхад олгоогүйгээс засварын ажил хийгдээгүй. Харин тус засварын ажлыг өөрөө авч гүйцэтгэсэн нь төсвийн тухай хууль болоод бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн.
Мөн Баацагаан сумын ахлах сургууль нь 2015 оны ажлаараа ахлах сургуулиудаас сүүлийн байранд орсон, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр 24 дүгээр байрт жагссан нь түүний хийж байгаа ажлаа муу авч явсны баталгаа байсан тул аймгийн Засаг даргын зүгээс байгуулсан үр дүнгийн гэрээгээ сунгаагүй. Улмаар тухайн Захиргааны актыг гаргахдаа Г.Н-т өөрт нь албан ёсоор мэдэгдэж байсан.
Гэтэл шүүхээс энэ нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Засаг даргын зүгээс Н-ын оронд Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/147 тоот захирамж гаргаж тус сургуульд багшаар ажиллаж байсан Т.Б-г захирлын ажилд томилж жинхэлсэн.
Гэтэл шүүх тухайн захирамжийг мэдсэн атлаа, Т.Б-гийн эрх ашиг, сонирхол зөрчигдөх талаар мэдсээр байж түүнийг гуравдагч этгээдээр татаагүй алдаа гаргасан. Энэ шийдвэр биеллээ гэхэд Т.Б ажилгүй болж түүний хөдөлмөрлөх эрх мөн зөрчигдөхөөр байгаа юм.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22,1-д зааснаар “эрх ашиг нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг шүүх санаачилгаараа татах” тухай байхад шүүх энэ заалтыг хэрэгжүүлж Т.Б-г гуравдагч этгээдээр татаагүйгээрээ алдаатай шийдвэр гаргасан.
Г.Н нь ажлаас халагдах үедээ жирэмсэн биш байсан, жирэмсэн болоогүй байсан мэдээлэл ирсэн байхад шүүхээс энэ талаар тодруулаагүй, Захиргааны акт гарах үед жирэмсэн байсан эсэх талаар нягтлан тодруулаагүй байж Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг барьж шийдвэрээ гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 111/ШШ2017/0027 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга Баацагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Н-ыг “... сургуулийн засварын ажил гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтаар эрх авсан аж ахуйн нэгжийн гүйцэтгэлийн мөнгийг дутуу өгч 2 000 000 төгрөгийн гүйцэтгэлийг өөрөө хийсэн санхүүгийн ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь халжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо “… 2014 онд сургуулийн дотуур байрны их засварын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, 2 200 000 төгрөгийн санхүүжилт хийх боломжтой байхад олгоогүйгээс ажил хийгдээгүй. Харин тус засварын ажлыг өөрөө авч гүйцэтгэсэн нь төсвийн тухай хууль болоод бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байна” гэжээ.
Хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Баацагаан сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/17 дугаар албан бичиг, мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 187 дугаар албан бичиг, Төрийн сангийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн /104500 төгрөг, 2 095 500 төгрөгийг тус тус авсан/ төлбөрийн хүсэлтүүд, зарлагын баримтуудаас үзэхэд уг засварын ажлыг гүйцэтгэгч “Х б ч ” ХХК нь гэрээнд заасан хугацаандаа ажлыг чанартай гүйцэтгээгүй, удаа дараа шаардуулсан байх бөгөөд тухайн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч Г.Н хүлээн авч, өөрөө ажлыг гүйцэтгэсэн нь тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь төрийн сангаас үлдэгдэл төлбөрийг эрх бүхий этгээдэд олгосон эсэх, ямар учраас гүйцэтгэгч компанид үлдэгдэл төлбөрийг төрийн сангаас олгоогүй болох, Г.Н төлбөрийг хүлээж авч, өөрөө дотуур байрны засварын ажлыг гүйцэтгэсэн эсэхийг шалгаж, Г.Н-ын гаргасан зөрчил мөн эсэх, хэрэв зөрчил гаргасан бол ажлаас халагдахад хүргэх “ноцтой” зөрчил мөн эсэхийг тогтоолгүй мөнгө болон эд хөрөнгө хариуцдаггүй Г.Н-ыг шууд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэл алдсан нь тогтоогдсон” гэх үндэслэлээр халсан нь үндэслэлгүй. Мөн түүнийг ажлаас халсныхаа дараа Дотоод аудитын хороогоор шалгуулж, уг хорооны 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор цагдаагийн байгууллагад шилжүүлснээс үзвэл Г.Н-ын гаргасан гэх зөрчил тогтоогдоогүй байжээ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул гомдлыг хангах боломжгүй.
Мөн хариуцагч давж заалдах гомдолдоо “... 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/147 дугаар захирамжаар тус сургуульд багшаар ажиллаж байсан Т.Б-г захирлаар томилж жинхэлсэн ... Гэтэл шүүх Т.Б-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байхад гуравдагч этгээдээр татаагүй алдаатай шийдвэр гаргасан” гэжээ.
Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Г.Н-ын нэхэмжлэл хангагдаж урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдоход хүрвэл одоо тухайн орон тоонд ажиллаж байгаа Т.Б-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхийг үгүйсгэхгүй боловч энэ тохиолдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу зохицуулагдана. Үүнээс гадна нэхэмжлэгч Г.Н-ыг халсан маргаан бүхий Б/146 дугаар тушаалын улмаас Т.Б-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдөхгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т.Б-г гуравдагч этгээдээр зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзэхээргүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй байна.
Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “нэхэмжлэгч нь ажлаас халагдах үедээ жирэмсэн байгаагүй ...” гэжээ.
Маргаан бүхий актыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-г үндэслэн гаргасан, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан ажлаас халахыг хориглосон үндэслэлд хамаарахгүй хуулийн заалтыг үндэслэсэн байхад шүүх мөн хуулийн “100.1-д заасныг зөрчсөн” гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.
Түүнчлэн хариуцагч нь гомдолдоо “... Баацагаан сумын ахлах сургууль 2016 оны ажлаараа ахлах сургуулиудаас сүүлийн байранд орсон нь Г.Н-ын ажлыг муу авч явсны баталгаа тул үр дүнгийн гэрээг сунгаагүй гэх боловч маргаан бүхий акт нь энэ үндэслэлээр гараагүй тул энэ талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 111/ШШ2017/0027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга М.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ