Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 430

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.М, Г.У******* нарыг оролцуулан иргэн Л.Б*******гийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож Хил хорио цээрийн хяналтын газрын даргын албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Л******* Б******* /РД: *******/.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, ХД39 байрны 07 тоот.

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай, Засгийн газрын 12 байр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Б******* миний бие эмч, төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулалтын мэргэжилтэй ба 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд надад урьдчилж мэдэгдэлгүйгээр ажлаа  хүлээлгэж өг, өмнөх ажилтан нь шүүхээр ажилдаа эргүүлэн томилогдох болсон, тушаал гарсан гэж 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Б/25 тоот тушаалаар албан тушаалаас чөлөөлөгдсөн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 тоот тушаалын хууль зүйн үндэслэл нь Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.5 зүйлүүдийг удирдлага болгон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын нөөцөд байгаад тооцохоор заасан заалтыг барьсан атлаа намайг ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлийг тогтоогоогүй хирнээ шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх нэрээр маргаан бүхий захиргааны актыг гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр маргаан бүхий захиргааны актад дурдсан зохицуулалт нь сургалтад суусан, эмчлүүлсэн, цэргийн албанд татагдсан, гэрч, хохирогчийн хамгаалалтад орсон гэх үндэслэлээр төрийн албан хаагчийн нөөцөд хамаарах зохицуулалт атал намайг нөөцөд авсан эсэх нь тодорхойгүй, дээрх хуулийн зохицуулалтыг барьсан хирнээ нөөцөд авалгүйгээр ажлаас чөлөөлж байгаа нь төрийн жинхэнэ албан хаагч миний төрийн албанд ажиллах, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хариуцагчаас Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан "Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө" гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн ч надад бололцооны өөр ажил, албан тушаал санал болгосон үйлдэл огт хийгдээгүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 227 дугаар албан бичигт дурдсанаар хариуцагч нь хууль, тогтоомжийг зөрчиж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдсон гэж эрх бүхий байгууллагаас үзэж байгаа тул хариуцагч тушаал гаргах эрхгүй субъект байна.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэн Л.Б*******гийн гаргасан нэхэмжлэлийг үл зөвшөөрч, дараах тайлбарыг хүргүүлж байна.

1/ Монгол Улсын Ерөнхий сайдын "Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай" 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар захирамжаар Ц.Ш*******ийг Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 136 дугаар тогтоолоор мэргэжлийн хяналтын, цөмийн болон цацрагийн улсын ерөнхий байцаагчийн эрх олгосон.

Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам" -ын 4.4-д "Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлнэ" мөн журмын 4.5-д “Эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэрт орлон гүйцэтгэх албан хаагчийн хэрэгжүүлэх эрх хэмжээг тусгайлан зааж болно" гэж заасан байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын "Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай" 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар захирамжид орлон гүйцэтгэх албан хаагчийн хэрэгжүүлэх эрх хэмжээг тусгайлан заагаагүй тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь дээрх журмын 4.4-т заасны дагуу агентлагийн даргын эрх үүргийг бүрэн хэрэгжүүлэх эрх зүйн үндэстэй байна. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг тушаал гаргах эрхгүй субъект гэж үзэх үндэслэлгүй юм,

2/ Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 526 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 498 дугаар магадлалаар Б.Т*******ыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д "Хэргийн оролцогчид захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй." гэж заасны дагуу дээрх шүүхийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 6/25 дугаар тушаалаар Л.Б*******г Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 6/26 дугаар тушаалаар Б.Т*******ыг Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон.

3. Л.Б*******г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2 дахь хэсэг /40.2.Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө/- ийг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Түүний урьд хашиж байсан албан тушаалын зэрэглэл нь Т.З-10-д хамаарах бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт одоогоор уг зэрэглэлийн албан тушаалын сул орон тоо байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг биелүүлэх боломжгүй байна. Уг зэрэглэлийн албан тушаалын орон тоо гарсан тохиолдолд Л.Б*******г ажлын байраар хангах болно.

4/Маргаан бүхий тушаалд Төрийн албаны тухай хуулийн 23.5 дахь хэсгийг үндэслэл болгож, Л.Б*******г "төрийн албаны нөөцөд" авахаар тусгасан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, дордуулсан бус харин дээрдүүлсэн заалт болсон.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 6/25 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий акт гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны Б/25 дугаар тушаалыг хүчингүй болгож Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгахаар байсан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хариу тайлбар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3/1259 тоот албан бичигт Хил, хорио цээрийн хяналтын газрын даргын орон тоо сул байгаа нь тогтоогдож байна.

Иймд Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Хил хорио цээрийн хяналтын газрын даргаар томилохыг даалгах болгон өөрчилж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т “Хэргийн оролцогчид захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу  Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 526 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар Л.Б*******, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар Б.Т*******ыг Төрийн захиргаан удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон.

Төрийн байгууллагад гарсан сул орон тоог нөхөх, сул ажлын байран дээр шаардлага хангасан этгээдийг сонгон шалгаруулж, томилон ажиллуулах асуудал нь тухай төрийн байгууллагын дотоод асуудал болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Л.Б******* Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны Б/25 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газрын даргын албан тушаалд томилуулах гэж өөрчилжээ.

Нэхэмжлэгч Л.Б******* Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байсан гэж маргажээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн санал болгосноор тус газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 60 дугаар тушаалаар Л.Б******* Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын ажилд томилогдон 1 жилийн хугацаанд ажиллажээ.

Улмаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, ажлаас чөлөөлөх тухай” Б/25 дугаар тушаалаар Л.Б*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, төрийн  жинхэнэ албаны удирдах албан тушаалын нөөцөд байгаад тооцсон байна.

Хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг баримтлан Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалд урьд нь ажиллаж байсан Б.Т******* шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсоныг хэрэгжүүлж Л.Б*******г ажлаас чөлөөлсөн тус газрын даргын тушаалыг буруутгах аргагүй байна.

Гэхдээ нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх үед түүний хашиж байсан ТЗ-10-д хамаарах зэрэглэлийн албан тушаалын сул орон тоо байхгүй байсан, уг зэрэглэлийн албан тушаалын орон тоо гарсан тохиолдолд Л.Б*******г ажлын байраар хангах болно гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад ирүүлсэн хариу тайлбартаа  дурдсан хариуцагчийн энэ амлалт хэрэгжих боломжтой байсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үгүйсгэхээргүй байна.

Учир нь хариуцагч Л.Б*******г ажлаас чөлөөлсөн Б/25 дугаар тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д зааснаар “...төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын нөөцөд байгаад тооцсон.”  нь түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус газрын   Хил, хорио цээрийн хяналтын газрын даргын албан тушаалын сул орон тоо гарсан нь түүний хашиж байсан албан тушаалын ангилал, зэрэглэлтэй ижил төвшний төдийгүй түүнийг энэ ажлын байраар хангах боломжтой байсан тул шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тодруулж хариуцагчаас дахин шинэ акт гаргах боломжоор хангаж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтийг үндэслэлтэй байх боломжтой гэж дүгнэв.

Хил хорио цээрийн хяналтын газрын даргын ажлын байранд эрүүл ахуй, халдвар хамгаалал, ургамал, мал амьтан, стандарт чанарын чиглэлээр мэргэшсэн хүн ажиллах шаардлага тавигддаг гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар энэ хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн уг ажлын байранд тавигдах “дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй, тухайн салбарын аль нэг чиглэлийн мэргэжилтэй байх, төрийн удирдлагын менежер...”  гэсэн шаардлагатай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Л.Б******* дээд боловсролтой, хүүхдийн их эмч мэргэжилтэй, Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын менежерээр мэргэшсэн нь хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Хил хорио цээрийн хяналтын газрын даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзэх үндэслэлтэй байна

Түүнчлэн хариуцагч Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны төв байгууллагаас гарсан дүрэм, журмын хүрээнд тухайн албан тушаалын байранд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж Л.Б*******г төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилон ажиллуулж, энэ албан тушаалын нөөцөд авсан нь хууль зөрчөөгүй бөгөөд хариуцагчаас түүнийг бололцооны дагуу өөр албан тушаалд томилон ажиллуулах боломжийг судлан хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 23 дугаар зүйлийн 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн дахин шинэ акт гартал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаар тушаалын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР