Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/00966

 

“Сутай богд бридж транс” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02844 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1117 дугаар магадлалтай,

“Сутай богд бридж транс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Ч.Ганбаатарт холбогдох        

  Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 18.145 ам.доллар буюу 36.223.226 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэнпунцаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаярын тайлбарт: “Ч.Ганбаатар нь манай компаниар 4 удаагийн ачаатай чингэлгийн тээвэрлэлтийн хөлсийг дараа төлөх нөхцөлтэйгөөр буюу ачааг эцсийн хүлээн авах газар болох Улаанбаатар хотод ирсний дараа төлөхөөр тохиролцсон бөгөөд зуучлуулж тээвэрлүүлсэн 4 чингэлгийг албан ёсоор хүлээн авсан боловч хөлсийг нь төлөх боломжгүй байна, удахгүй төлнө гээд зээлээр тухайн хоёр чингэлгийг авч явсан. Хариуцагч Ч.Ганбаатар нь 5108479 чингэлгийн тээврийн хөлс болох 5.300 ам.доллароос 3.226 ам.долларыг төлж үлдэгдэл 2.074 ам.долларын 3 чингэлгийн хөлс болох 15.400 ам.доллар нийт 17.474 ам.долларыг төлөөгүй. Хариуцагч Ч.Ганбаатар нь нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК-иар зуучлуулж тээвэрлүүлсэн 4 чингэлгийн хөлс болох 17.474 ам.долларыг төлөлгүй нэхэмжлэгч компанийг хохироож байсан тул 2014 оны 01 сарын 07-ны өдөр Тээврийн зээлийн 14/001 тоот гэрээг байгуулсан. Мөн тухайн үед нэхэмжлэгч “Сутай богд бридж транс" ХХК-ийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Б.Цэндсүрэн нь хариуцагч Ч.Ганбаатартай тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд актаар хариуцагч Ч.Ганбаатар нь нийт 17.474 ам.долларын үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч талууд гарын үсэг, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан. Хоёр талын байгуулсан 14/001 тоот тээврийн зээлийн гэрээний 1.1, 1.4, 1.5, 2.1-д заасны дагуу хариуцагч Ч.Ганбаатар нь 4 чингэлгийн нийт үлдэгдэл төлбөр болох 17.474 ам.долларыг 2014 оны 02 сарын 07-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. 5108479 дугаартай 40 тонн чингэлгийн үлдэгдэл хөлс болох 2.074 ам.долларыг бүрэн төлсөн, 6493059 дугаартай чингэлгийн хөлс болох 5.300 ам.доллараас 3.303 ам.доллар нийт 5.377 ам.долларыг төлсөн боловч үлдэгдэл 12.097 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөлгүй “Сутай богд бридж транс” ХХК-ийг хохироож байна. Иймд Тээврийн зээлийн гэрээний 2.3-т заасны дагуу 14/001 тоот гэрээний 2.1-д заасан хугацаа буюу 2014 оны 02 сарын 07-ны өдрөөс эхлэн алданги тооцох ёстой боловч хариуцагч Ч.Ганбаатар нь хамгийн сүүлд төлбөр төлсөн өдөр буюу 2015 оны 07 сарын 21-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гарах өдөр 2015 оны 12 сарын 24-ний өдөр хүртэл өдрийн 60 ам.долларын алданги нийт 156 өдрийн алданги 9.360 ам.доллар болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 6.048 ам.долларын алдангийг нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК-д төлөх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч Ч.Ганбаатар нь нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК-иас зуучлуулж тээвэрлүүлсэн чингэлгийн үлдэгдэл хөлс 12.097 ам.доллар, алданги 6.048 ам.доллар нийт 18.145 ам.долларыг ИХШХШТХуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу нэхэмжлэл гарах өдрийн Монгол банкны албан ёсны ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 1996.32 төгрөгөөр тооцож 36 223 226 төгрөгийг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Ачаа тээврийн гэрээний гол нөхцөл болох дагалдах бичиг баримт болон олон улсын ачаа тээвэрлэлтийн хэлэлцээрийн дагалдах бичиг баримт, түүнчлэн шаардлагатай бол сертификат, ачааны онцлогийн тодорхойлолт зэрэг баримтыг зуучлагч бүрдүүлэн ачааг тээвэрлэгчид шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч компани биелүүлсэн байдаг. Хүлээн авагч Ч.Ганбаатарт ачааг хүлээлгэн өгснөөр түүнээс тээвэрлэлтийн хөлсийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зохигчдын хооронд байгуулагдсан тээврийн зээлийн гэрээ нь тэдгээрийн хооронд мөнгөн төгрөг зээлэх, зээлдүүлэх тухай хэлцлийн шинжийг агуулсан байна. Иргэний хуулийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох, улмаар гэрээний нөхцлийг өөрсдөө тодорхойлох зарчмын үүднээс хариуцагч буюу зээлдэгч нь зээлийг төлөхөөр үүрэг хүлээсэн гэж үзэхээр байна. Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн учир нэхэмжлэгч компани нь иргэн Ч.Ганбаатараас зээлийн гэрээний дагуу 12.097 ам.доллар, гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тул гэрээнд тохирсон алданги 6.048 ам.долларыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг үндэслэн шаардах эрхтэй. Иймд 18.145 ам.доллар буюу 36 2232 26 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох Ч.Ганбаатараас гаргуулж өгөхийг хүсье.” гэжээ.

 Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа нарын гаргасан хариу тайлбарт: “Б.Баттөгстэй хамтран БНСУ-аас тээврийн зардлыг дараа төлөх нөхцөлтэйгөөр чингэлэг тээвэрлүүлж авчирсан. Ч.Ганбаатар миний бие 4 ширхэг чингэлгийн тээврийн зардал 20.700 ам.доллараас өөрт хамааралтай DYLU5108479 дугаартай чингэлгийн тээврийн зардал 5.300 ам.доллар, GESU6489207 дугаартай чингэлгийн тээврийн зардал 4.800 ам.долларыг хариуцах ёстой. DYLU5108479, GESU6489207 дугаартай 2 ширхэг чингэлгийн тээврийн зардал болох нийт 10.100 ам.доллараас баримтаар эхлээд 3.226 ам.доллар, дараа нь 5.377 ам.долларыг “Сутай богд бридж транс” ХХК-д бэлнээр төлсөн. Одоо тооцоогоор үлдэгдэл 1497 ам.доллар төлөх ёстой. GESU6493059, РСSU5102854 дугаартай 2 ширхэг чингэлгийн тээврийн зардал 10.600 ам.долларыг БНСУ-с чингэлэг илгээгч Б.Баттөгс, Монгол Улсад хүлээн авагч нь Б.Баттөгс, н.Нандинцэцэг нар хариуцах ёстой. Хүлээн авагч н.Нандинцэцэг нь Б.Баттөгсийн эхнэр нь юм. Тухайн үед БНСУлсын виз-нд орох гэж байсан тул чингэлгийн билл дээр би гарын үсэг зурсан. Иймд 10.600 ам.долларыг иргэн Б.Баттөгсөөс гаргуулж “Сутай богд бридж транс” ХХК-д төлүүлж хохирлыг нь барагдуулж өгнө үү. Иргэн Б.Баттөгс нь тээврийн зардлыг төлнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл нэг ч төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч тал хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Хавтаст хэргийн 28-39 дүгээр хуудсанд чингэлгийн дагалдах бичиг дээр 4 чингэлгийн илгээгч нь Б.Баттөгс, хүлээн авагч нь нэг дээр нь н.Анхзаяа, нөгөөдөх нь дээр нь н.Батдэлгэр, Б.Баттөгс, н.Нандинцэцэг, н.Цэрэндорж, дахиад нэг чингэлэг дээр нь н.Анхзаяа гэсэн нэр байгаа. Энэ бол өөрсдийнх нь гаргаж өгсөн нотлох баримт. Энэ дагалдах бичиг дээр эмэгтэй хүний гарын үсэг зурагдсан байна. Ч.Ганбаатарын нэр нь байхгүй, Ч.Ганбаатар илгээгч нь биш, ачаа нь ч түүнийх биш. Энэ талаар эрүүгийн хэргийн материал дахь Б.Баттөгс болон Ч.Ганбаатарын мэдүүлэг дээр маш тодорхой байгаа. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар хуульд зааснаар итгэмжлэлээр төлөөлнө гэж заасан. Б.Баттөгс илгээгчтэй н.Анхзаяа, н.Баттөгс илгээгчтэй н.Нандинцэцэг, н.Цэрэндорж, н.Баттөгс илгээгчтэй н.Батдэлгэр гэх мэт хүлээн авагчийн талаар эрүүгийн хэрэгт өөрсдийнх нь мэдүүлэг дээр маш тодорхой бичсэн. Гахайн өөхтэй холбоотой эрүүгийн хэрэг эхлээд үүссэн. Дотор нь байгаа ачаа барааны талаар худлаа мэдүүлэг өгөх шаардлагагүй. Бүх хүмүүс нь үнэн мэдүүлэг өгсөн гэж эрүүгийн хэргийн материалд чухал ач холбогдол өгч байна. Хавтаст хэргийн 4-24 дүгээр хуудсанд төлбөр төлсөн баримт байгаа. Сайн нягталж үзвэл энэ нь гэрээ хийгдсэнээс хойших төлбөрийн баримтууд юм. Ч.Ганбаатар нь хоёр зүйл ангиар хүндрүүлсэн нөхцөлтэй эрүүгийн хэрэгт холбогдсон байсан. Гаалийн бүрдүүлэлт дээр Ш.Ганбаатар гэсэн байсан. Хариуцагч Ч.Ганбаатар юм. Ч.Ганбаатар, н.Цэндсүрэн, н.Баттөгс нар сайн найзууд бөгөөд бие биенээ маш сайн мэднэ. Ч.Ганбаатар хүний өмнөөс 2 чингэлгийн найман мянга гаруй ам.доллар төлчихсөн тул би цаашдаа дахин төлөх шаардлагагүй гэсэн. Хэрвээ Тээвэрлэлтийн гэрээ юм бол шаардах нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу мөнгө, эд хөрөнгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасан. Ч.Ганбаатарт ямар ч мөнгө шилжүүлээгүй, ямар ч бараа хүлээж аваагүй. Бүх барааг эзэд нь гааль дээр хүлээгээд авчихсан. Ч.Ганбаатарт ямар ч зүйл хүлээж аваагүй байхад зээлийн гэрээ байх үндэслэлгүй. Үүнийг хүчин төгөлдөр бус үзэж байна. Аливаа гэрээ нь субъект, субъектив тал, агуулга, хэлбэрийн хувьд шаардлага хангасан байж хүчин төгөлдөр болдог. Энэ дөрвийн нэг л байхгүй бол хүчин төгөлдөр бус. Нэгдүгээрт гэрээ нь субъектийн хувьд хүчин төгөлдөр бус. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасан төлөөлөх эрх бүхий этгээд биш учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу төлөөлөх эрхгүй этгээд төлөөлсөн тул хүчин төгөлдөр бус. Хоёрдугаарт агуулгын хувьд хүчин төгөлдөр бус. Үүнд агуулга нь хууль зөрчсөн, нэг талд хэтэрхий их эрх олгосон, нөгөө талын эрхийг хязгаарласан гэсэн гурван тохиолдолд хүчин төгөлдөр бус. Хууль зөрчсөн учраас агуулгын хувьд хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Мөн Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу хүч хэрэглэж хийсэн хэлцэл тул субъектив талын хувьд хүчин төгөлдөр бус. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.4, 58, 59, 60 дугаар зүйлд заасны дагуу айлган дарамталж хийсэн тул хүчин төгөлдөр бус. Гэрээний нэг л шинж нь хүчин төгөлдөр бус байвал тэр гэрээ хүчин төгөлдөр бус. Харин энэ гэрээ эдгээр 4 шинжийг дөрвүүлэнг нь зөрчсөн. Хэлбэрийн хувьд ч зөрчсөн байна. Иймд энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Нэхэмжлэгч 20.700 ам.долларыг юунд үндэслэж нэхэмжилж байгаа нотлох баримт байхгүй. Өөрсдөө дураараа үнэ тогтоогоод дураараа нэхэмжлээд байна. Хэрэв Тээвэрлэлтийн гэрээ мөн юм бол гэрээний үнэ заавал байх ёстой. Иргэний хуулийн 387.1.9 дэх хэсэгт заасан тээвэрлэлттэй холбогдсон зардал гэрээнд заавал байх ёстой. Гэрээнд байхгүй тохиолдолд хаанаас 20.700 ам.доллар гаргаж ирээд байгаа нь үндэслэлтэй тоо биш. Нэхэмжлээд байгаа үнийн дүнгээ нотолж чадахгүй байна. Хоёр талаасаа хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй. Энэ гэрээ бүхэл бүтэн 4 шинжийг дөрвүүлэнг нь зөрчсөн тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02844 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Ч.Ганбаатараас 18.145 ам.доллар буюу 36.223.226 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 34 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ч.Ганбаатараас 339 066 төрөг гаргуулж нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1117 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02844 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 1117 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК нь нэхэмжлэгчээ буруу тодорхойлон шүүхэд хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн байдаг ба түүнийг нь анхан шатны болон завж заалдах шатны шүүхүүд үнэлж дүгнэлт гаргасанд нь гомдолтой байна. /Хавтаст хэргийн 28-39 дугаар хуудаст/ Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн чингэлгүүдийн дагалдах бичигт илгээгч, хүлээн авагч нь өөр нэртэй буюу РСSU5102854 дугаарын чингэлэг илгээгч нь Б.Баттөгс, хүлээн авагч нь Б.Баттөгс, GЕSU6489207 дугаарын чингэлгийн илгээгч нь Б.Баттөгс, хүлээн авагч нь н.Баттуул, н.Анхзаяа, GESU8116493059 дугаарын чингэлгийн илгээгч нь Б.Баттөгс, хүлээн авагч нь н.Цэрэндорж, н.Нандинцэцэг хэмээн тэмдэглэгдсэн байхад Ч.Ганбаатар хэмээн эмэгтэй хүний бичмэл гарын үсэг зурсан байдаг. Үүнийгээ ч анхан шатны 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр өмгөөлөгч н.Базарсад нь хүлээн зөвшөөрдөг. Энэ нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа нь гарын үсгийг шинжлэн судлуулах хүсэлт гаргахад нэхэмжлэгч тал тайлбартаа захирал н.Цэндсүрэн өөрөө Ч.Ганбаатарын гарын үсгийг зурсан гэж мэдүүлсэн учир шүүгч Б.Азбаяр нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч талын иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт буюу Ч.Ганбаатарын мөнгө шилжүүлсэн баримт нь \ хх-ийн 4-24 хуудас/ Нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК-ийн данс биш, Хэрэгт ямар ч хамааралгүй н.Ариунгэрэл хэмээх данс байдгаас харахад тухайн чингэлгүүдийн төлбөр мөн эсэх нь тодорхойгүй байна. Мөн нэхэмжлэгч тал тухайн чингэлгүүдийн илгээгч, хүлээн авагч нь Б.Баттөгс гэдгийг мэдсээр байж гэрч асуулгуулах хүсэлт өгч, шүүгч гэрчээр Б.Баттөгсийг асуусан нь ИХШХШТХийн 43.3-т зааснаар гэрч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “Ч.Ганбаатар, Б.Баттөгс нарыг Иргэний хуулийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх ба мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ"’ гэснээс Б.Баттөгс нь хариуцагч гэдэг нь харагдаж байна. 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/02844 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хэрэгт нотлох баримтаар авагдсан Б.Батдорж, Д.Дагзмаа, Б.Буянхишиг, Л.Анхзаяа, Б.Ганбат, Ю.Болор, О.Цогтбаатар нарын эрүүгийн хэрэгт өгсөн мэдүүлэгт дурдагдсан чингэлэг тус хэрэгт талуудын маргаж буй чингэлэг мөн эсэх, хэн чингэлгийн төлбөрийг хариуцах үүрэгтэй байсан зэрэг байдал тодорхойгүй байна.” Хэмээн дүгнэсэн нь үндэслэл муутай буюу ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн байна. Мөн ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар нотлох баримт шинжлэн судлуулахад тэгш эрхтэй оролцоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч талын ИХШХШТХ-ийн 38.6-д заасны дагуу нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангасан шүүгчийн захирамжийн дагуу ирсэн болон ирэх ёстой байсан Гаалийн газрын болон эрүүгийн хэргийн материалуудыг шинжлэн судлуулж өөрийгөө хэрэгт хамааралгүйгээ нотлох боломжоор хангаж өгсөнгүй хэмээн үзэж байна. Гэтэл нэхэмжлэгч тал хуурамч бичиг баримт бүрдүүлэн ирж, түүнийг нь шүүгч үндэслэл болгож байгаад нь гомдолтой байна. Энэ нь хариуцагч тал нотлох баримтыг ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу /хх-ийн 78, 132/ гаргуулах хүсэлт, хх-ийн 65 дугаар хуудас 102/Ш32016/10657 дугаар захирамж, хх-ийн 81 дүгээр хуудас 102/Ш32016/08289 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч талын хүсэлтийг хангахаар шүүгчийн захирамж гарсан боловч шүүгчийн захирамжийн биелэлт байхгүйгээс харагдана. 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр Гаалийн газраас хүсэлтийн хариу буруу нотлох баримт ирсэн ба шүүх хурлын дундуур хариуцагчийн хүссэн гаалийн мэдүүлэг ирээгүй байна гэдгийн нэхэмжлэгч, хариуцагч талууд аль аль нь дурдсан болно. Мөн шүүгч Б.Азбаяр нь хүсэлтийн хариунд буруу материал ирсэн байна гэж үзээд Гаалийн газраас ирүүлсэн материалыг шинжлэн судлаагүй болно. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэгт нотлох баримтанд хариуцагч талын ИХШХШТХ-ийн 38.6-д заасан хүсэлтэнд дурдсан Улаанбаатар хотын Гаалийн газрын 2015 оны 02 сарын 15-ны өдрийн РСSU5102854 дугаарын чингэлгийн 209101-13-i30595R гаалийн мэдүүлгийг болон GESU6493059, GESU6489207 чингэлгүүдийг шинжлэн судалсан эсэх талаар шүүх хурлын тэмдэглэл болон шүүхийн шийдвэр дээр тэмдэглэгдээгүйгээс харагдана. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Улаанбаатар хотын Гаалийн газраас чингэлгүүдийн мэдүүлгүүдийг гаргуулах хүсэлт нь маш чухал нотлох баримт байсан. Учир нь: хх-ийн 33 дугаар хуудсанд байгаа чингэлгийн дагалдах бичигт ачаа илгээгчийн хариуцлагын доор мэдүүлснээр: ...илгээгч нь Б.Баттөгс, хүлээн авагч нь н.Цэрэндорж, н.Нандинцэцэг хэмээн тэмдэглэгдсэн байна . Энэ нь хх-ийн 88, 89, 90, 91 дүгээр хуудас/ Гаалийн газраас ирсэн GESU6493Р59 дугаарын чингэлгийн гаалийн мэдүүлэгт мэдүүлсэнтэй таарч байгаа, хх-ийн 127,128 дугаар хуудаст авагдсан Гаалийн улсын байцаагч н.Цогтбаатарын мэдүүлэг, хх-ийн 137, 138, 139 дүгээр хуудаст авагдсан Гаалийн Улсын байцаагч Ю.Болор, хх-ийн 63 дугаар хуудас гэрч Б.Баттөгс нарын мэдүүлэг зэргээс Чингэлгүүдийн төлбөрийг чингэлгийн хүлээн авагч нь төлөх ёстой гэснийг нотолж байгаа юм. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ИХШХШТХ-ийн 38.6-д заасны дагуу гаргасан хүсэлтээсээ татгалзах үндэслэлгүй юм. Хариуцагч тал ИХШХШТХ-ийн 38.6-д заасан хүсэлтийн биелэлт байхгүй хэмээн үзэж, давж заалдах шатны шүүх хуралд гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан арга хэмжээг авч өгсөнгүй хэмээн үзэж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрх зүйн мэргэжилгүй ба хуулийн мэдлэггүй талаараа шүүх хурал дээр хэлсэн байдаг. Гэтэл шүүгч Б.Азбаяр нь хариуцагчийг өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүй нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-д заасан “Өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлохбаримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх” эрхийг зөрчлөө гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүхийн даргалагч шүүгч шүүх хуралдаан дээр “ Дуусаагүй эрүүгийн хэргийг нотлох баримтанд шинжлэн судлахгүй“ хэмээн мэдүүлсэн ч давж заалдах шатны шүүхийн магадлал дээр “Ч.Ганбаатар, Б.Баттөгс нарыг Иргэний хуулийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх ба мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ” хэмээн үндэслэл болгон бичсэн нь ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж, гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК шүүхэд гаргасан нотлох баримт болох зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэмээн үзэж байна. Учир нь: Тус компанийн анхны хэлцэл нь Б.Баттөгс хэмээх хүний ачааг БНСУ-аас чингэлэгт ачуулан тээвэрлэхэд Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д заасны дагуу тээвэр зуучлалын үйл ажиллагааг явуулахад оршсон байдаг. Гэтэл тус чингэлгүүдэд Б.Баттөгс нь БНСУ-аас хориотой бараа ачуулсан нь Монгол Улсын гааль дээр саатуулагдаж, тус компани нь чингэлгүүдийн тээврийн зардлыг авч чадахгүйд хүрсэн байдаг. Сүүлд 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ч.Ганбаатартай зээлийн гэрээ болгон өөрчлөн хийсэн нь Иргэний хуулийн 56.1.8, 56.1.1-д заасныг зөрчсөн хэмээн үзэж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар мөнгө, эд хөрөнгийг шилжүүлснээр байгуулагдсанд тооцно гэж заасан байдаг. Учир нь Ч.Ганбаатар нь нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК-иас ямар ч мөнгө, эд хөрөнгө шилжүүлэн аваагүй нь Эрүүгийн хэргийн материалд авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Улаанбаатар хотын Гаалийн газрын мэдүүлэг зэргээс /хэрэв хангагдсан бол/ нотлогддог. Иймд хууль зөрчиж байгуулсан гэрээ гэж үзэж байна. Чингэлгүүдийн тээврийн зардлыг төлөх ёстой нь нотлогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл хэмээн үзэх үндэслэлтэй байна. Мөн ямар нэгэн гэрээ хэлцлийг бусдын өмнөөс хийхэд заавал Иргэний хуулийн 64.1-д зааснаар төлөөлөх итгэмжлэлтэй байхыг шаарддаг. Иймд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар төлөөлөх эрхгүй этгээдтэй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэсний дагуу хүчин төгөлдөр бусад тооцогдох үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд болон хэргийн материалд Ч.Ганбаатар нь ачааны илгээгч, хүлээн авагч гэдэг нь тэмдэглэгдээгүй байдаг. /хх-ийн 4-24/ Нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр асуулгасан Б.Баттөгс нь \хх-ийн 63/ “Хүлээн авагчаар нэр дурдагдсан хүмүүс уг төлбөрөөс төлөх ёстой", “Манай дүү н.Батдорж тээвэр зуучийн газар очиж тээврийн зээлийн гэрээ байгуулж, тооцоо нийлсэн актад гарын үсэг зурж байсан" гэх мэдүүлгүүдээс тус тус харагдаж байна. Б.Баттөгсийн мэдүүлгээс түүний дүү Б.Батдорж нь гэрээ байгуулахаар очих ёстой байсан ба дүү Б.Батдоржийгоо зээлийн гэрээг байгуулсан гэж бодож явсан байдаг нь харагдаж байх ба Ч.Ганбаатар нь зээлийн гэрээнд гарын үсэг зурах байсан талаар дурдагдаагүй учир хэргийн үнэн мөн нь тодорхойгүй буюу хэн нь хариуцагч болох нь тогтоогдоогүй байна. Иймд шүүгч ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүгчид хэргийн материалыг уншиж танилцсан гэдэг нь эргэлзээтэй байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн үндэслэх хэсэгт нь эрүүгийн хэргийн материалд авагдсан гэрчүүдийн мэдүүлгийн бүрэн шинжлэн судлаагүйгээр ганц мэдүүлгээс иш татсан нь буруу байна. Ч.Ганбаатар нь БНСУ руу явдаггүй. Ямар нэгэн машины наймаа эрхэлдэггүй болох нь хэргийн материалаас харагддаг ба Б.Баттөгс нь тухайн үедээ БНСУ руу машин авахаар явсан мөн тухайн чингэлгүүдэд хүмүүсийн машинуудыг өөрөө ярилцан тохиролцож ачсан байдаг. Хэрэв Ч.Ганбаатар нь хамтран хариуцагч юм бол тухайн чингэлэгт Б.Баттөгстэй тохиролцон машинуудаа ачуулсан н.Дагзмаа, н.Баттуул. н.Мөнхөө, н.Цэрэндорж, н.Нандинцэцэг, н.Батдорж, н.Буянхишиг бүгдээрээ л хамтран хариуцагч болох ба эдгээр хүмүүсийн ачаа, мөнгийг Б.Баттөгс нь авсан гэдгийг эдгээр хүмүүс болон Б.Баттөгс нь өөрөө нотолдог. Ч.Ганбаатар нь Б.Баттөгсөд гахайн өөх захисан ба түүнийхээ тээврийн зардлыг Б.Баттөгсөд бусад хүмүүсийн нэгэн адил төлсөн болно. Мөн "Ч.Ганбаатар нь бусдын өмнөөс үүрэг гүйцэтгэсэн гэж үзвэл зохих журмын дагуу нэхэмжлэл гарган шаардахад болно" хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа чингэлгүүдийн төлбөрийн үүрэг нь үл хуваагдах шинж чанартай биш хуваагдах шинж чанартай үүрэг болох нь харагдаж байгаагаас давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар зүйлчилсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж, ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1.2-т зааснаар гомдол гаргаж байна. Энэ талаар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т тодорхой заасан байдаг. Ч.Ганбаатар нь тухайн чингэлэгт ачигдсан машинуудыг ярилцан тохиролцож ачуулаагүй, мөн машинуудын эзэдтэй ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаанд оролцож гэрээ хэлцэл байгуулаагүй ба тэдгээр хүмүүсээс шаардах ямар ч эрхгүй гэдгийг анхаарч үзнэ үү. 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ИХШХШТХ-ийн 38.6-д заасны дагуу гаргасан өөрийн хүсэлтээсээ татгалзаагүй болохыг хатуу анхааруулан хэлэх байна. Хуралдаан дээр Ю.Болорын мэдүүлгийг шинжлэн судалсан болно. Шүүгч нь “ Иргэн миний ямар нэгэн хууль эрх зүйн мэдлэггүйг нь далимдуулан эрхийг минь зөрчиж, үнэн зөвөө тогтоолгоход саад боллоо" хэмээн үзэж шүүгчээс татгалзах хүсэлтийг амаараа гаргасан боловч шүүгч хүсэлтийг хүлээн аваагүй болно. Шүүгч нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэг нь эргэлзээтэй, нэхэмжлэгч талд үйлчилж байна гэсэн үндэслэлээр хүсэлт гаргасан болно. Иймд 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/02844 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 1117 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаан ИХШХШТХуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, 38 дугаар зүйлийн 38.6, 25 дугаар зүйлийн 25.1.7-д тус тус заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцож, Ч.Ганбаатарыг буруугүй гэдгийг нотлох боломжоор хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК нь хариуцагч Ч.Ганбаатарт холбогдуулан

“...Ч.Ганбаатар нь 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 02 дугаар сарын 06-ны хооронд нэхэмжлэгч компаниар зуучлуулан хөлсийг дараа төлөх нөхцөлтэйгээр БНСУ-аас Монгол Улс руу 4 ширхэг чингэлэг тээвэрлүүлсэн, DYLU5108479/40, GESU6493059/40, PCSU5102854/40, GESU6489207/40 дугаартай чингэлэг тээвэрлүүлсэн хөлсний үлдэгдэл төлбөр 17.474 ам.доллар болох талаар тооцоо нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгааг үндэслэн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Тээврийн зээлийн гэрээ байгуулж, Ч.Ганбаатар нь 17.474 ам.долларын тээврийн хөлсийг 2014 оны 02 дугаар сарын 07-ны дотор “Сутай богд бридж транс” ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсоноос 12 097 ам.долларыг төлөөгүй, иймээс гэрээнд зааснаар 6 048 ам.долларын алдангийн хамт нийт 18 145 ам.доллар буюу 36 223 226 төгрөг  нь  гаргуулна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч,  “... Ч.Баттөгстэй хамтран чингэлэг тээвэрлүүлж байсан, өөрт хамааралтай хоёр чингэлгийн зардлыг хариуцаж төлснөөс одоо үлдэгдэл 1497 ам.доллар байгаа,  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу “Сутай богд бридж транс” ХХК-иас ямар ч мөнгө шилжүүлж аваагүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй, Ч.Баттөгс, Нандинцэцэг нар энэ төлбөрийг хариуцах ёстой” гэжээ. 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар хариуцагч Ч.Ганбаатараас 18.145 ам.доллар буюу 36.223.226 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Сутай богд бридж транс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүх хариуцагч Ч.Ганбаатар, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ууганбаяр нарт 2016 оны 03 сарын 01, 03-ны өдөр хэргийн материалыг анх танилцуулсан /хх-58/, 2016 оны 03 сарын 03-ны өдөр хариуцагч нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасан, хэргийн 63 дахь талд гэрч асуусан тэмдэглэл байх боловч гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баримт хэрэгт авагдаагүй, хэргийн 66  дахь талд хэргийн материалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан боловч харин хариуцагчид танилцуулаагүй,  2016 оны 03 сарын 11-ний өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Ч.Ганбаатарын  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Туяа оролцож эхэлсэн бөгөөд шүүх түүнд хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарласан баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн 2016 оны 03 сарын 15-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж, /хх-78/ хүсэлтэд заасан баримтууд хэрэгт авагдсан байна. Гэвч хэргийн 85, 86, дахь талд авагдсан баримт 2016 оны 04 сарын 04-ний өдрийн, 87-130 дахь талд авагдсан баримт 2016 оны 04 сарын 07-ны өдрийн хуулбар үнэн гэсэн дардастай байхад 2016 оны 03 сарын 31-ний өдөр гэсэн огноотой хэргийн материал танилцуулсан баримт хэргийн 131 дэх талд байгаагаас үзэхэд цаг хугацааны хувьд дараалал нь илтэд алдаатай юм.

2016 оны 3 сарын 31-ний өдрийн шүүгчийн 102/ШЗ2016/11561 захирамж 136 дахь талд байгаа бол шүүх хуралдаан хойшлуулах тухай 102/ШЗ2016/11562 захирамжийн  хуудас дугаарлагдаагүй, 137-139 дэх талд 2016 оны 04 сарын 07-ны өдөр хуулбар үнэн гэсэн дардастай гэрч байцаасан тэмдэглэлийн хуулбарыг шүүх хуралдаан болсон 4 сарын 07-ны өдөр танилцуулжээ.

Хэргийн 85, 86  дахь талд авагдсан баримт 2016 оны 04 сарын 04-ний өдрийн, 87-130, 137-139 дэх талд  дахь талд авагдсан баримт 2016 оны 04 сарын 07-ны өдрийн хуулбар үнэн гэсэн дардастай 48 хуудас баримтыг хэргийн оролцогчдод хэргийн материалыг танилцуулах үүргээ шүүх хэрэгжүүлсэн гэж дүгнэх боломжгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан зохигчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлээгүй байхад давж заалдах шатны шүүх  шүүхийн энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ зөрчсөн байна.

Дээрх үндэслэлээр хяналтын шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт  хийх, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:        

         1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/02844 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1117 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяагийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 339.066 /гурван зуун гучин есөн мянга жаран зургаа/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                                   ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН