Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/27

 

А.Мөнхбаатарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                             Ч.Мөнхзул

Шүүгдэгч                                                              А.Мөнхбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Б.Солонго

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/132 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Мөнхзулын бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч А.Мөнхбаатарт холбогдох эрүүгийн 2221000000099 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 16ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эзэн овогт Алтангэрэлийн Мөнхбаатар, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1982 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, Хивсний 16-01 тоотод оршин суух, гавьяа шагналгүй. /РД: ЖЮ 82110972/ Урьд:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр суллагдсан,

мөн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор А.Мөнхбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлээр 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр суллагдсан,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

мөн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байсан.

Шүүгдэгч А.Мөнхбаатар нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 26-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хивсний 16-01 тоотод буюу гэртээ Б.Бат-Ууган, Г.Энхжаргал нарыг хутгалж эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Мөнхбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/348 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбаатарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Эзэн овогт Алтангэрэлийн Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

- Шүүгдэгч Алтангэрэлийн Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбаатарт 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 60 /жар/ хоногийн хорих ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбаатарт оногдуулсан 1 жил 60 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 /нэг/ ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А.Мөнхбаатар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Бат-Ууган, Г.Энхжаргал нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч А.Мөнхбаатарын ЖЮ82110972 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мөнхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Мөнхзул бичсэн эсэргүүцэлдээ: “Шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж мөн хуулийн 6.8 дугаар зүйлд “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах”, 6.9 дүгээр зүйлд “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” талаар тус тус хуульчилсан байна.

Гэтэл шийтгэх тогтоолын 4-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 60 /жар/ хоногийн хорих ялаар тогтоосугай.” гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, ... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлах ёстой байтал баримтлаагүй төдийгүй дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нь ял оногдуулаад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох байтал өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нь буруу байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана:

1.1.шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох;

1.2.шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ;

1.3.хорих ял оногдуулсан хүний ял эдлэх хорих байгууллагын дэглэм;

1.4.шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон;

1.5.шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх тухай;

1.6.гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх;

1.7.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл;

1.8.хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай;

1.9.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай.” гэж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дарааллыг тодорхой дурдаж өгсөн байна.

Дээрх дарааллаар шүүгдэгч А.Мөнхбаатарыг тухайн өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулах байтал 2 дахь заалтад оруулсан нь дээрх хуульд заасан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг дарааллыг алдагдуулсан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Мөнхбаатар гаргасан тайлбартаа: “Би өмнө нь гэр бүлгүй байсан учраас хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Одоо би гэр бүлтэй болсон. Одоо том охин маань их сургуульд суралцахаар болсон. Сургалтын төлбөр нь нэхэгдэж байгаа гэж надад хэлсэн. Би гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго гаргасан тайлбар, саналдаа: “Прокурор Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан хэсгийг тайлбарлаж байна. Миний хувьд анхан шатны шүүх хуралдаан дээр эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх талаар хэлж байсан. Үүнийг тооцоход 3 сар гарангийн хугацааны тэнсэн хянан харгалзах ялыг эдэлсэн байсан. Үлдэгдэл 8 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэж өгнө үү гэж хүсч байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мөнхзул гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахаар заасан байдаг. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял дээр, өмнөх  тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхээр заасан байгаа. Шүүгдэгч А.Мөнхбаатарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн учир эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх боломжгүй. Иймд бичсэн эсэргүүцлээ бүрэн дэмжиж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд  дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч А.Мөнхбаатар нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 26-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хивсний 16-01 тоотод буюу гэртээ Б.Бат-Ууган, Г.Энхжаргал нарыг хутгалж эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Бат-Ууганы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Мөнхбаатартай маргалдаж муудсан асуудал бол байхгүй. Харин Мөнхбаатар эхнэртэйгээ маргалдаж эхнэрээ зодоод байсан болохоор манай эхнэр салгах гэж оролдсон. Би ч бас салгах гэтэл Мөнхбаатар хутга авч миний ар дал руу минь 2-3 удаа цохисон. Би тухайн үед намайг хутгалчихна гэж ер бодоогүй. ...Би Мөнхбаатарт ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн /хх 17-19/ мэдүүлэг,

Хохирогч Г.Энхжаргалын өгсөн: “...Гэртээ орохоосоо өмнө цэнхэрт байх дэлгүүрээс “Хараа” нэртэй 0,75 граммын архи 1 шилийг авч бид 6 ууж дуусгаад би гэрийн ойр байх дэлгүүрээс дахин 0,5 граммын 1 шил архи авч бид нар манайд уучихаад хамт байсан Мөнхбаатарын гэр болох Хэрлэн сумын 10 дугаар баг, Хивсний хорооллын 16-01 тоотод очиж “Хараа” нэртэй 0,75 граммын 1 шил архи уугаад дуусах үед би нэлээн согтсон байсан тул тухайн үед яг юу болсон талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан Мөнхбаатар хутга барьж байхыг хараад хутгыг нь булааж авах гэж оролдож байгаад биедээ хутгалуулсан. ...Би Мөнхбаатарт ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн /хх 23-25/ мэдүүлэг,

Гэрч Г.Энхтуяагийн өгсөн: “...Мөнхбаатарын эхнэр Отгончимэг нь “танай нөхрийн тамхийг Мөнхбаатар аваагүй шүү” гэх зэргээр хэрэлдэж байхад Мөнхбаатар босож ирээд уурлаад хутга авахад Энхжаргал ах барьж байсан хутгыг нь булааж авах гээд хутгыг нь барихад Мөнхбаатар хутгаа гарнаас нь сугалаад шилэн хүзүүн дээрээс нь нэг удаа хатгасан. Тэгэхэд манай нөхөр Бат-Ууган бас хутгыг нь булааж авах гээд дундуур нь орж байгаад далан дээрээ нэг удаа хатгуулсан...” гэсэн /хх 28-29/ мэдүүлэг,

Гэрч Н.Отгончимэгийн өгсөн: “...Туул эгчийн нөхөр Энхжаргал босож ирээд Мөнхбаатар руу “чи манай эхнэр рүү яагаад дайраад байгаа юм бэ” гэж хэлээд Мөнхбаатартай барьцалдаж аваад түүний толгой хэсэг рүү цохиход Мөнхбаатар уурлаад миний хоол хийх гээд ширээн дээр тавьсан байсан хар иштэй хутгыг авч Энхжаргалын баруун дал хавьцаа нэг удаа хатгасан. Тэгэхэд хажуунаас Бат-Ууган босож ирээд Мөнхбаатарын барьж байсан хутгыг булааж авах гээд дайрахад Мөнхбаатар Бат-Ууганы эгэм хавьцаа нэг удаа хатгасан...” гэсэн /хх 32-33/ мэдүүлгүүд,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн  “Б.Бат-Ууганы биед зүүн далны гадна хажуу хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн /хх 41-42/ 181 тоот,

Мөн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Г.Энхжаргалын биед баруун сарвуу, хүзүүний ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир, ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн /хх-ийн 46-47/181 тоот дүгнэлтүүд болон тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь  түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин шүүх шүүгдэгч А.Мөнхбаатарын өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг баримтлаагүй байх тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг  хүлээж авах үндэслэлтэй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл болов.

Мөн шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг бичихдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу бичээгүй, өөрөөр хэлбэл шийтгэх тогтоолын 1 дэх  заалтад шүүгдэгч А.Мөнхбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг; 2 дахь заалтад тухайн зүйл хэсэгт оногдуулсан ялын төрөл, хэмжээг; 3 дахь заалтад тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах; 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу сүүлийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох ... дарааллаар бичих байжээ.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн шийтгэх тогтоолын 1-4 дэх заалтуудад өөрчлөлт оруулж, зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго “...шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн 8 сар 26 хоногийн ялыг нэгтгэж өгнө үү.” гэсэн санал гаргасныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж, тухайлбал ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаа зааж тэнсэж байгаа учраас эдлээгүй үлдсэн ялын тухай ойлголт байхгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбаатарын 2022 оны 04 дүгээр сарын 14ий өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15ы өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 62 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14ий өдрийн 2022/ШЦТ/132 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “2” дахь заалтыг “1” гэж, “3” дахь заалтыг “2” гэж, “1” дэх заалтыг “3” гэж тус тус дугаарласугай.

2. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 60 /жар/ хоногийн хорих ялаар тогтоосугай.” гэснийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч А.Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон 60 хоног буюу 2 сарын хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнхбаатарын 2022 оны 04 дүгээр сарын 14ий өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15ы өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 62 /жаран хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ЭНХЦЭЦЭГ

                                                                ШҮҮГЧИД                                                      С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                           Ж.ДОЛГОРМАА