Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох,

Улсын яллагч Х.Гүнжидмаа,

Шүүгдэгч Б.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А-д холбогдох 17160013000058 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн .... сумын харьяат, ..... сумын 1-р багт оршин суух, 1994 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү, өвөө, эмээгийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ....... регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, У  овогт Б-ын А  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А  нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн ........ сумын Сүмийн ам гэх газарт нутаглаж байсан иргэн Д.С-ын гэрээс 4.500.000 төгрөгийн үнэ бүхий шүр мөнгө оюу орсон толгойтой, ясан халбагатай, хуучны харлаг манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Говь-Алтай аймгийн .......... сумын Сүмийн ам гэх газарт нутаглаж байсан иргэн Д.С-ын гэрээс 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4.500.000 төгрөгийн үнэ бүхий шүр мөнгө оюу орсон толгойтой, ясан халбагатай, хуучны харлаг манан хөөрөг алдагдсан гэмт хэрэг гарсан байна. Уг гэмт хэргийг шүүгдэгч Б.А  нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би Говь-Алтай аймгийн Дарви сумын Сүмийн ам гэх газраас өвөөгийн хөөргийг 11 дүгээр сард авч гараад хотод аваачиж Хар хорин зах дээр зарах гэж байгаад баригдсан нь үнэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Манай ээж Говь-Алтай аймагт өвчтэй, дүү хотод оюутан. 245 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг авахад хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  

Хохирогч Д.С-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би өөрийн аав Д-оос шүр мөнгө оюу орсон толгойтой, ясан халбагатай, харлаг манан хөөргийг өвлөн авсан юм. Би уг хөөргөө хамгийн сүүлд 2017 оны 10 сарын эхээр үзэж харчихаад хийсэн юм...Би уг хөөргийг зээ хүү А-д өгч явуулаагүй юм. Намайг эзгүй хойгуур хулгай хийгээд аваад явсан байна...Би хөөргөө олж авсан тул гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх 09-рт/

Гэрч С.Ц-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Миний аав Д.С  өөрийн аав Д-оос харлаг манан хөөрөг өвлөж авсан юм. Аав аймгийн төвөөс ирээд хөөргөө хайгаад олоогүй. Тэгтэл 2017 оны 11 сарын эхээр сумын хэсгийн төлөөлөгч зээ хүү чинь Улаанбаатар хотод таны хөөргийг зарах гэж яваад баригдсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг/хх 11-рт/,

Гэрч Т.Т-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 11 сарын эхээр С  эмнэлэгт хэвтээд ирсний дараа хөөргөө хайгаад олоогүй. Тэгээд 2017 оны 11 сарын 17-ны үеэр байх хэсгийн төлөөлөгчөөс А-ийг Улаанбаатар хотод хөөрөг зарах гэж яваад баригдсан талаар мэдэж хөөрөгний сураг гарсан. А  нь манай зээ байгаа юм. Дүү Г-ын хамт хөгшин бид хоёр дээр өсөж торнисон юм...” гэх мэдүүлэг /хх 12-13-рт/,

Гэрч Д.Ч-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2017 оны 11 сарын 18-ны өдөр 14 цагийн үед Д.Содном Говь-Алтай аймгаас ярьж миний хөөрөг алга болсон юм. Гэтэл Нийслэлийн цагдаагийн газраас ярьж байна гээд ярьсан чи хотод байгаагаараа очоод аавын хөөрөг мөн байна уу үзээдэх гэсэн. Миний ахын хөөрөг нь шүрэн толгойтой, мөнгөн нуухтай, оюу хажтай усан манан, хуучин цагийн дунд гарын хөөрөг байгаа юм. Аав Д-оос ахад өвлөгдөн ирсэн хөөрөг байгаа юм...” гэх мэдүүлэг/хх 14-15-рт/,

Шүүгдэг Б.А-ийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...2017 оны 11 сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд ирсэн. Би өөрийн өвөө Д.С-ын шүрэн толгойтой мөнгөн бөгжтэй, оюу нуухтай, цайвар манан хөөрөг, улаан даалинтай даалин дотроо очиртой мөнгөн бөгж 1 ширхэг оюу, хаш гээд эрдэнийн чулууны цуглуулга бүхий эд зүйлийг өвөөгийн хөдөө гэрийн авдарны хажуу жижиг шүүгээнээс хулгайлан аваад 2017 оны 11 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Хархорин зах дээр хөөргийг даалинтай нь 3.800.000 төгрөгөөр зарчихаад явж байгаад энгий н хувцастай цагдаагийн ажилтанд  баригдан Нийслэлийн цагдаагийн газар хүргэгдсэн юм...Мөнгөний хэрэг болоод Солонгос явах талаар бодож байсан юм...” гэх мэдүүлэг/хх 16-18-рт/,

Гэрч Р-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 11 сарын 18-ны өдөр 11 цагийн үед Хар хорин захын 1-27 тоот лангуун дээрээ ажлаа хийж байхад 30 орчим насны хар хөх өнгийн куртиктэй, үстэй түрийтэй гуталтай залуу ирээд улаан өнгийн даалинтай хагархай шүрэн толгойтой дунд гарын усан манан хөөрөг 5.000.000 төгрөгөөр зарна гэж явж байсан. Би үзээд үнэ их болохоор авч чадахгүй гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа ирээд 4.000.000 төгрөгөөр зарна гэхээр нь 3.800.000 төгрөгөөр авъя гээд АТМ дээрээс өөрийн картнаасаа энэ залуугаар мөнгө авахуулаад мөнгийг өгөөд хөөргийг худалдаж авсан. Би худалдаж авахдаа бичиг баримт зэргийг асууж, худалдан авсан талаар хар дансандаа гарын үсэг зуруулан иргэний үнэмлэхний зургийг нь өөрийн гар утсандаа аваад зогсож байтал энгийн хувцастай цагдаагийн ажилтан ирээд шалгаад хөөргийг зарж үрж болохгүй шүү гэсэн. Тэгээд байж байтал та хөөргөө аваад Нийслэлийн цагдаагийн газарт оч гэсэн. Надад Говь-Аптай аймгаас ирсэн. Манай өвөөгийн хөөрөг байгаа юм. Надад 2-3 хөөрөг бий маргааш Дарви сум явна гэж хэлж байсан. Өөр эд зүйл зараагүй...” гэх мэдүүлэг /хх 19-20-рт/,

Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Дарви сумын Сүмийн ам гэх газарт манай өвөөгийн гэрт манай ээж Д , өвөө С , эмээ Т  бид нар хамт амьдардаг юм. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би өвөөгийн гэрийн зүүн хойд хэсэгт байсан улаан өнгийн авдарны тагийг нээж үзэхэд хөөрөг, хадаг, судар гэх мэт зүйлс байсан. Харин би тухайн авдарт байсан даалинтай хөөргийг хулгайлж аваад өөрийнхөө өвөрт хийж оройхон нь шууд сумын төв явсан юм. Харин намайг хөөрөг хулгайлж байхад манай ээж, өвөө, эмээ нар гадаа мал ахуйгаа янзлаад байж байсан...” гэх мэдүүлэг/хх 34-35-рт/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/хх 22-23-рт/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл/хх 24-25-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Д.С-ын мэдүүлэг/хх 09-рт/, шүүгдэгч Б.А-ийн мөрдөн байцаалтад яллагпдагчаар мэдүүлсэн мэдүүлэг/хх 34-35-рт/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/хх 22-23-рт, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл/хх 24-25-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.А  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч Б.А-ийг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ дурдсан/хх 09-рт/ байна.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Б.А-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.А-ийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Шүүгдэгч Б.А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн/хх 09-рт/, прокурор 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 71 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Б.А-ийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Б.А  нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 64-рт/ байх тул шүүхээс прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 245 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.А  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо төлсөн буюу алдагдсан гэх хөөргийг эзэнд нь буцааж өгсөнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, харин иргэний үнэмлэхний хуулбар шүүхэд ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У  овогт Б-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 245 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан 245 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөр 4 цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, харин иргэний үнэмлэхний хуулбар шүүхэд ирсэн зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА