Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 927

 

 

 

 

 

 

 

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00302 дугаар шийдвэртэй,

 

нэхэмжлэгчЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч А.Бд холбогдох,

 

гэрээний үүргийн гүйцэтгэлд 22 873 440 төгрөг гаргуулах, буцаан хүлээлгэн өгөөгүй 1901 ширхэг барилгын материалын үнэ 3 093 080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.       

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, Б.Батдэлгэр нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Талууд 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 43 дугаар “Түрээсийн гэрээ”-г байгуулж, гэрээгээр А.Б нь 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийт 14 116 ширхэг барилгын туслах материалыг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд Чингис хааны хүрээ жуулчны баазад барилга барихад ашиглах зорилгоор түрээслэн авсан. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл түрээслэн, 14 116 ширхэг барилгын туслах материал хүлээлгэн өгөхөөс 12 215 ширхэгийг буцаан хүлээлгэн өгсөн тул буцаан хүлээлгэн өгөөгүй 1 901 ширхэг бараа материалын үнэ 3 093 080 төгрөгийг, хүлээлгэн өгөөгүй 1 901 ширхэг бараа материалын 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 16 984 960 төгрөгийг А.Бгаас гаргуулахаас барьцааны үлдэгдэл 1 736 000 төгрөгийг хасч 15 248 960 төгрөг, гэрээнд заасан алданги 7 624 480 төгрөг, нийт 22 873 440 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний дагууЭ ХХК-аас 14 116 ширхэг барилга барих туслах материалыг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл түрээслэж, бараа материалыг хүлээлгэн өгч, гэрээ дуусгавар болсон. Бараа материалыг хүлээлгэн өгөхөд 1 901 ширхэг дутсан нь үнэн бөгөөд 3 093 080 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин уг дутсан барааг үргэлжлүүлэн түрээслэсэн гэж үзэж түрээсийн төлбөр, алданги нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бараа, материал хүлээлцэх үед зарим эвдэрсэн, дутсан бараа материалын үнээс барьцааны 2 000 000 төгрөгийн үлдэгдэл 1 736 000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 233 дугаар зүйлийн 233.1, 287 дугаар зүйлийн 287.1, 294 дүгээр зүйлийн 294.1.1-д заасныг баримтлан хариуцагч А.Бгаас гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 357 080 төгрөг гаргуулан нэхэмжлэгчЭ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 516 360 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчЭ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн нийт 305 490 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 36 663 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний дагуу түрээсэлсэн эд хөрөнгө 1 901 ширхэг барилгын материалыг буцаан хүлээлгэн өгөөгүй. Хариуцагч тайлбартаа 1 901 ширхэг материалыг дутаасан гэж тайлбарладаг боловч энэ талаар нотолсон баримт хэрэгт байхгүй. Түрээсийн гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сард дууссан. Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгасанд тооцно гэж заасан. Иймд нэхэмжлэгч талаас түрээсийн гэрээний хугацаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэж ойлгож нэхэмжлэл гаргасан.

Гэвч анхан шатны шүүхээс 1 901 ширхэг бараа материалын үнэ 3 096 080 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Хэрвээ 1 901 ширхэг материалыг хариуцагч гэрээний хугацаандаа хүлээлгэн өгсөн болЭ ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс илүү ашиг олох боломжтой байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн  байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

НэхэмжлэгчЭ ХХК нь хариуцагч А.Бд холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 22 873 440 төгрөг гаргуулах, буцаан хүлээлгэн өгөөгүй 1 901 ширхэг барилгын материалын үнэ 3 093 080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-4, 39 /

 

Талууд 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Түрээсийн гэрээ-43” нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээрЭ ХХК нь 14 116 ширхэг тооны тулаас төмөр, хэв хашмал зэрэг барилгын материалыг 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд А.Бд түрээслүүлэх, А.Б нь төлбөрт нийт 5 618 998 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх 5-6/ Уг тохиролцооноос үзвэл, талуудын хооронд хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 14 116 ширхэг тооны барилгын материалыг хариуцагчид хүлээлгэн өгснөөс хариуцагч нь гэрээний хугацаа дуусах үед 3 093 080 төгрөгийн үнэ бүхий 1 901 ширхэгийг дутааж, 12 215 ширхэгийг буцаан шилжүүлсэн, гэрээний үнэд 5 618 998 төгрөг, дэнчинд 2 000 000 төгрөг тус тус төлсөн, эд хөрөнгийн эвдрэл гэмтэлд 264 000 төгрөгийг дэнчингээс суутгагдсан үйл баримт хэрэгт авагдсан тооцоо нийлсэн акт /хх 57/, орлого, зарлагын баримт /хх 17-23/, зохигчдын тайлбараар тогтоогдсон ба зохигч энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч гэрээний төлбөр 15 248 960 төгрөг, алданги 7 624 480 төгрөг, нийт 22 873 440 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ, хариуцагч гэрээний хугацаа дуусах үед 1 901 ширхэг барилгын материалыг буцаан хүлээлгэн өгөөгүй тул гэрээ үргэлжилсэн гэж тайлбарлах боловч уг барилгын материалыг дутаасан гэж үзэж, түүний үнийг 3 093 080 гэж тодорхойлон шаардсан байхаас гадна хэргийн үйл баримтаар хариуцагч нь гэрээний зүйлийн дийлэнх хэсгийг буцаан өгсөн мөн дутаасан барилгын материалыг хариуцагч үргэлжлүүлэн ашигласан, бусдад ашиглуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд талууд 1 901 ширхэг барилгын материалын хэмжээнд эд хөрөнгө хөлслөх гэрээг сунгасан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр дуусгавар болсон гэж дүгнэж, түрээсийн төлбөр, алдангийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 294 дүгээр зүйлийн 294.1.1, 296 дугаар зүйлийн 296.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй гэж үзлээ.

 

            Мөн буцаан хүлээлгэн өгөөгүй 1 901 ширхэг барилгын материалын үнэ 3 093 080 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч буюу хөлслөгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болгоход уг гэрээгээр хүлээн авсан барилгын материалыг бүрэн бүтэн буцаан өгөх үүрэгтэй. Анхан шатны шүүх хөлслөгч гэрээний үүргийн дэнчинд байрлуулсан 2 000 000 төгрөгийн үлдэгдэл 1 736 000 төгрөгийг дээрх үнийн дүнгээс хасч 1357 080 төгрөгийг нэхэмжлэгч буюуЭ ХХК-д олгож шийдвэрлэсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээний 1.7, 2.2.2 болон Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 233.3 дах хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн байна.

           

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/00302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 305 090 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.                 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

                                                           

                                       ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН