Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох,

Улсын яллагч Д.Ариунжаргал,

Шүүгдэгч Т.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Б-д холбогдох 17160008300038 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын .... багийн 10-6 тоотод оршин суудаг, 1972 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, Мандал голомт ХХК-д галч ажилтай, ам бүл 2, охины хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь 1993 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар, 1998 онд Эрүүгийн зүйлийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар, 2008 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, 2010 оны 10 дугаар сарын 06-нд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар, 2012 оны 03 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэгдсэн, ....... регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, Ж овогт Т-ийн Б  гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 11-2 тоотод оршин суух Х.С-ын гэрээс хуучин цагийн дунд гарын хар тагштай мөнгөн аяга, зүүн талын орон дээр байсан цэнхэр өнгийн CD уншдаг DVD хөгжим, зүүн талын эмэгтэй хүний гоо сайхны ширээн дээр байсан эмэгтэй үнэртэй ус, сахлын машин зэргийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Т.Б  нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 11-2 тоотод оршин суух Х.С-ын гэрээс хуучин цагийн дунд гарын хар тагштай мөнгөн аяга, зүүн талын орон дээр байсан цэнхэр өнгийн CD уншдаг DVD хөгжим, зүүн талын эмэгтэй хүний гоо сайхны ширээн дээр байсан эмэгтэй үнэртэй ус, сахлын машин зэргийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Т.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Миний бие Т-ийн Б  2017 оны 10 сарын 04-ны өдөр хэсэг нөхдийн хамт архи уусан. Гэртээ ирээд байж байгаад архи уумаар санагдахаар нь саяхан гэрлэсэн айл Х.С-ынд орсон. Би Х.С-ыг сайн танихгүй, манай урд талын хашааны айл. Х.С-ынд очиход гэр нь цоожтой, татахад цоож нь онгойсон. Гэрт ороход DVD хөгжим байсан хөгжмийн аваад гарах гэтэл ам цангаад ус уух гээд шкафыг нь татахад жижиг мөнгөн аяга байсан. Ус хийж уугаад мөнгөн аягыг нэг шил архинаас ч хамаагүй өгье гэж бодоод аваад гарсан. Гоо сайхны үнэртэй ус, сахлын машин авснаа тухайн үедээ санаагүй. Тухайн үед зах орж хөгжим, мөнгөн аяга хоёроо зарчихаад архи аваад эргээд гэртээ ганцаараа ирсэн. Намайг айл руу орсныг хүн хараад хэлсэн байх. Цагдаад би үнэнээ хэлж буруугаа хүлээсэн. DVD болон мөнгөн аягыг зах орж зараад архи авснаа хэлээд цагдааг дагуулж Шинэ-Алтай зах дээр утас засвар ажиллуулдаг Ч.О дээр очсон. Нэрийг нь сүүлд хэргийн материалтай танилцахдаа мэдсэн. Би DVD болон мөнгөн аягыг 30.000 төгрөгөөр зарсан байсан. Өөр авсан зүйл байхгүй. Манайд орж үзэхгүй юу? гэж хэлээд гэртээ орчихоод гараад ирэхэд хашааны үүдэнд сахлын машин, үнэртэй ус байсан. Тухайн үед авсан гэдгээ мэдээгүй. Сахлын машин, үнэртэй ус нь хашааны жижиг хаалганы хажууд байсан учраас авсан гэдэг нь тодорхой болж байгаа.... Авсан эд зүйлээ бүгдийг нь хүлээлгээд өгсөн... Маш их харамсаж байна... Мөнгийг нь өгнө... Энэ хүн гомдол саналгүй гэж байна гэсэн. Гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Маргааш нь би гэрт нь очиж  тэр хоёр хүнээсээ уучлалт гуйсан. Би охин, өндөр настай ээжтэйгээ амьдардаг. Ээжийн бие муу зах ороод буцаж гэртээ ирж чадахааргүй болчихсон байгаа. Миний хувийн байдал, хэрэг хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа үйлдэл, мөн иргэн Х.С-ын хохирлыг барагдуулсан. Иргэн Ч.О-т 30.000 төгрөгийг буцаан төлнө. Энэ байдал зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү... Цаашид охиныхоо төлөө амьдрах болно... Миний хувийн байдлыг харгалзан үзнэ үү... Гэм буруугаа би өөрөө хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  

Хохирогч Х.С-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2017 оны 10 сарын 04-ний өглөө 10 цагийн орчимд гэрээсээ гараад Шинэ-Алтай зах дээр ажил дээрээ очиж байж байтал 15 цагт манай хашаанд байх манай хадам аав Х  надруу залгаад гэр рүү чинь хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Тэгээд гэртээ очтол гэрийн зүүн талд шкафанд байсан хуучин цагийн дунд гарын хар тагштай мөнгөн аяга 1 ширхэг, зүүн талын орон дээр байсан цэнхэр өнгийн CD уншдаг DVD хөгжим, эмэгтэй хүний гоо сайханы ширээн дээр байсан үнэртэй ус, сахлын машин тус тус алдагдсан байсан...” гэх мэдүүлэг/хх 21-22-рт/,

Иргэний нэхэмжлэгч Ч.О-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “..Харзат багийн 10-р гудманд гэр нь байдаг Шинэ-Алтай зах дээр байнга согтуу явж байдаг, хар савхин хүрэмтэй, өндөр бор царайтай залуугаас хар тагштай дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цэнхэр өнгийн CD уншдаг DVD хөгжим худалдаж авсан юм. Дээрх залуу нь 2017 оны 10 сарын 04-ний 16 цаг 20 минутад миний ажил дээр орж ирээд хөгжмийг худалдаж авах уу гэхээр нь би авахгүй гэсэн гэтэл мөнгөний хэрэг гараад байна гээд мөнгөн аягатайгаа хамт надад зарсан...” гэх мэдүүлэг/хх 24-25-рт/,

Шүүгдэгч Т.Б-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...Би хүлээн зөвшөөрч байна...Сар өдрийг нь тодорхой санахгүй байна. Гэртээ байж байгаад 13-14 цагийн үед урд гудамжнийхаа гэрлээд удаагүй байсан Х.С  гэдэг айлд архи уухаар очсон. Гэрт нь хүн байхгүй байсан ба хятад жижиг дүүжийн цоожтой байсан. Цоожийг нь гараараа татахад онгойчихсон. Тэгээд гэрт нь ороход DVD хөгжим, эмэгтэй үнэртэй ус, сахлын машин хуучны дунд гарын мөнгөн аяга зэргийг авсан. Тэгээд дээрх зүйлсийг аваад зах дээр гар утас зардаг О  гэдэг залууд мөнгөн аяга, DVD  хөгжим зэргийг 30.000 төгрөгөөр зарсан. Үнэртэй ус сахлын машиныг гэртээ аваачих тавьсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Уг нь би архи уух гэж очсон юм...Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг/хх 34-35-рт/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх 05-рт/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 06-09-рт/,

Эд мөрийн баримтаар тооцож хураан авах зөвшөөрөл/хх 13-рт/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх 18-рт/,

Эд зүйлийн үнэлгээ/хх 27-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Х.С-ын мэдүүлэг/хх 21-22-рт/, иргэний нэхэмжлэгч Ч.О-ын мэдүүлэг/хх 24-25-рт/, яллагдагч Т.Б-гийн мэдүүлэг/хх 34-35-рт/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх 5-рт/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл/хх 6-7-рт/, фото зургийн үзүүлэлт/хх 8-9-рт/, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол/хх 13-рт/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх 18-рт/, эд зүйлийн үнэлгээ/хх 27-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Харин шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгч Т.Б-г сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Т.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Б  нь эд зүйлийн үнэлгээгээр 460.000 төгрөгөөр үнэлэгдсэн дунд гарын хар тагштай мөнгөн аяга, цэнхэр өнгийн DVD хөгжим, эмэгтэй үнэртэй ус, сахлын машин зэргийг хүлээлгэн өгсөн/хх 18-рт/, иргэний нэхэмжлэгч Ч.О-т учруулсан 30.000 төгрөгийн хохирлыг “...Иргэн Ч.О-т учруулсан хохирол болох 30.000 төгрөгийг төлнө...” гэж нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн, хохирогч Х.С  нь мөрдөн байцаалтад дахин өгсөн мэдүүлэгтээ “...Гомдолгүй...Би алдагдсан зүйлээ буцаан хүлээж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...”/хх 23-рт/ гэсэн байх тул шүүгдэгч Т.Б  нь бусдад төлөх төлбөргүй, харин иргэний нэхэмжлэгч Ч.О  нь мөрдөн байцаалтад “...Буруутай этгээдээс миний 30.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Б-гаас 30.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид Ч.О-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Б-гийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг буруу зуршил нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Т.Б  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй, шүүгдэгч нь эд зүйлийн үнэлгээгээр 460.000 төгрөгөөр үнэлэгдсэн дунд гарын хар тагштай мөнгөн аяга, цэнхэр өнгийн DVD хөгжим, эмэгтэй үнэртэй ус, сахлын машин зэргийг хүлээлгэн өгсөн/хх 18-рт/, хохирогч Х.С нь мөрдөн байцаалтад дахин өгсөн мэдүүлэгтээ “...Гомдолгүй...Би алдагдсан зүйлээ буцаан хүлээж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй.../хх 23-рт/ гэсэн байх тул шүүгдэгч Т.Б  нь бусдад учруулсан хохиролоо төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзэв.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Ж  овогт Т-ийн Б-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу 14 настай охинтойгоо хамт амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу эдлэх ялыг 01 жил 01 сарын хугацаагаар тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, харин иргэний үнэмлэхний лавлагаа шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

                                                

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж  овогт Т-ийн Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-гаас 30.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.О-т олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, харин иргэний үнэмлэхний лавлагаа шүүхэд шилжиж ирсэн зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

              

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНХТУЯА