Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/636

 

             

     2022            6            21                                        2022/ДШМ/636

 

 

Н.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Ууганбаяр,  

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/489 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Н.Бхолбогдох эрүүгийн 2110 00905 0590 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Баянцагаан овгийн Нэргүйн Н.Б, 2001 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул 2а-18 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: АГ01251611/;  

Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн орчим Д.Т“гар утсаар чинь яриад өгье” гэж хууран “Ноnог 7с” маркийн гар утсыг авч, түүнд 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналын хамт шүүхэд шилжүүлжээ.

             Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бхорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Бхорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож, Н.Бхолбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг Н.Бсануулж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Н.Бхолбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/489 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч танилцаад дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Н.Б нь 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн орчим Д.Тын гар утсыг яриад өгье гэж хуурч төөрөгдөлд оруулан “Hоnог 7с” маркийн гар утсыг авч, түүнд 120.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Прокуророос яллагдагч Н.Бтэй 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр ялыг тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ оногдуулжээ. Улмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн. Түүнчлэн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...энэ хуулийн ...7.1...-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ...” гэсэн нь дээрх 7.1 дүгээр зүйлд багтсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоос өөрөөр бусад төрлийн ялыг өршөөлд хамрагдахгүй байхад прокурортой тохирсон ялаас өөрөөр хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/489 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Прокурор С.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Бийг 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн орчим Д.Т“гар утсаар чинь яриад өгье” гэж хууран “Ноnог 7с” маркийн гар утсыг авч, түүнд 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоолгохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж, шүүгдэгч Н.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хамт шүүхэд шилжүүлжээ.   

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Н.Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокурорын саналын хүрээнээс өөрөөр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасныг зөрчжээ.  

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бхорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Иймд дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 42 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/489 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

            Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Н.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.   

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/489 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Бхолбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.        

          2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Н.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                          Б.АРИУНХИШИГ