| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2017/0361/э/ |
| Дугаар | 2017/ШЦТ/339 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/339
2017 12 20 339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Хохирогч Д.Б-,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Содномдорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,
Шүүгдэгч Л.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхагвасүрэнгийн Л.Цт холбогдох эрүүгийн 1738002320161 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Л.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Асгат багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Ц нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Асгат багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Цын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Ж.Ц- эгч Л.Н--, Д.Б- нартай хадлангийн талбайгаас болж маргалдаад байхаар нь би энэ талбай Ж.Ц- эгчийн хаддаг талбай ш дээ гэсэн чинь Д.Б- намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурандаа нэг удаа алгадчихсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ”...Ж.Ц- гэдэг хүн энэ талбайг манайх урьд нь хаддаг байсан гээд хэрүүл маргаан үүсгэж байтал Л.Ц гэдэг залуу дундуур орж ирээд хэл үг хийгээд байхаар нь чи дуугаа бай чамд хамаагүй гэтэл муу гичийг ална гээд гараа атгаж ирээд миний толгойн зүүн хойд хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Мөн модон тармуураар миний ууцруу цохисон. Тэгээд манай нөхөр ирээд салгасан...Энэ хэргийн улмаас наашаа цаашаа явсан унааны зардал, эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс нийт 747.000 төгрөгийг Л.Цаас нэхэмжилж байна ...” гэх мэдүүлэг,
Гэрч Л.Н--ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ж.Ц-тэй хадлангийн талбайгаас болж маргалдаж байтал Л.Ц та нар муусайн юмнууд хүний талбай хадаад гэсэн үг хэлээд үгээр доромжлоод байхаар нь манай эхнэр Д.Б- Л.Цыг чи дуугаа бай гэтэл Л.Ц гичий минь дуугаа бай гэснээ толгойн хэсэг шанаа руу нь цохисон. Мөн тармуураар ууцан дундуур нь цохиж чирсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Ж.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хадлангийн талбайн өвсөн дээрээс болж маргалдаж байхад Л.Ц Б-тай маргалдаж зууралдсан харагдсан. Д.Б-гийн дотор нь муухай оргиод байна гэхээр нь би цацлагаасаа цацсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 11 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Р.Ням-Осорын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 569 тоот
1. Д.Б-гийн биед гэмтэл тогтоогдлоо.
2. Д.Б-гийн биед ууц, баруун гуя, өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдэнэ.
4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 13 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1738002320161 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Л.Ц нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 29 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Д.Б- нь хохирол 747.000 төгрөгийг шүүгдэгч Л.Цаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.
“НИК” ХК-ний Хөвсгөл Их-уул ШТС-2 салбарын 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А-92 шатахуун 50 литр 89.000 төгрөгийн, 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А-92 шатахуун 50 литр 89.000 төгрөгийн, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А-92, 50 литр 89.000 төгрөгийн шатахууныг Л.Н-- гэж хүний нэр дээр бичигдсэн баримтуудын тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар байхгүй, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн бариа заслын хөлс 100.000 төгрөгийн зарлагын баримт, 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 180.000 төгрөгийн орлогын баримтуудын мөнгө хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг байхгүй, мөнгө тушаагч нь тодорхойгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй ба хохирогч Д.Бадамцэцэг нь ямар эмчилгээ хийлгэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Мөн Өмгөөллийн хөлс 200.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч хохирогч болон өмгөөлөгч нарын хооронд эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ хэрэгт авагдаагүй байх тул өмгөөлөгч Д.Содномдоржид Д.Б-гээс өмгөөллийн хөлс гэж 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хас банкаар 200.000 төгрөг шилжүүлсэн орлогын баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.
Иймд хохирогч Д.Б-гийн нэхэмжилж байгаа нийт 747.000 төгрөгийн хохирол нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Л.Цаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, эрүүл мэндийн хувьд байнгын эмчийн хяналтанд байдаг зэрэг хувийн байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзлээ.
Эрүүгийн 1738002320161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1738002320161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Д.Б- нь 747.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Л.Цаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР