Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/28

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                              Н.Доржсүрэн

Шүүгдэгч                                                              *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Г.Цэрэндолгор     

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Н.Доржсүрэнгийн бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1981 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй. /РД: *******/ Урьд:

- Дорнод аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор хойшлуулсан 2 жилийн хорих ялаас 6 сарыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялаар,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт тус тус зааснаар 7 жил 9 сарын хорих ялаар,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сарын 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 05 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, Хэнтий  аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 102 дугаар шүүгчийн захирамжаар 3 жил 08 сар 19 хоногийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ******* тоотод байх *******ийн гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* *******д  1 /нэг/ жилийн  хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 05 сар 09 хоногийн  хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 08 сар 19 хоногийн хорих ялыг өршөөлийн хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноос үлдсэн 1055 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1055 хоногийн  хорих ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д  оногдуулсан 1 /нэг/ жил 1055 /нэг мянга тавин тав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүгдэгч *******д Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сарын 09 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 05 сар 09 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Хэнтий  аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 102 дугаар шүүгчийн захирамжаар 3 жил 08 сар 19 хоногийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн бөгөөд ******* нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр орон байранд орж хулгайлах гэмт хэрэг үйлдэх үедээ зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байсан байна.

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зорчих эрхийг хязгаарлых ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэхээр заасан бөгөөд шүүх шүүгдэгч *******гийн өмнөх тогтоолоор шийтгүүлсэн ялын эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлаагүй байна. Өөрөөр хэлбэл ямар хуулийн зохицуулалтаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногт шилжүүлж нэмж нэгтгэсэн болох нь тодорхойгүй дээрх хуулийн заалтыг бичилгүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасан хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно.” гэсэн хуулийн заалтыг баримтлаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ.” гэж заасан бөгөөд шүүхээс ял оногдуулахдаа 1 жил 1055 хоногийн хорих ял оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Учир нь хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хорих ялыг сар болон жилээр оногдуулахаар хуульд заасан байх бөгөөд 1055 хоногийг жил, сар, хоногт хувааж, 2 жил 10 сар 25 хоногийн хорих ял оногдуулах нь хуульд нийцэх юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “Надад хэлэх зүйл байхгүй.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор гаргасан тайлбартаа: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлтэй холбогдуулж хэлэх зүйл байхгүй.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон тус аймгийн Ерөнхий прокурор Н.Доржсүрэн гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******д анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Миний хувьд эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгч *******гийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Өршөөл үзүүүлэх тухай хуульд хамруулж зорчих эрхээр хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон. Шүүх үүнийг шууд 1055 хоног гэж бичсэн нь буруу юм. Хуулийн хугацааг сар минут, хоног, сар жилээр тоолох ёстой байдаг. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан 1055 хоногийг жил, сар, хоногт шилжүүлэхэд 3 жил 1 сар 19 хоног гарч байна. Мөн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 буюу хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй гэж үзсэн. Иймд шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зөвтгөх нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ******* тоотод байх *******ийн гэрийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Эрдэнэмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн ээж М.Даваасангийн гэрт буюу Баянтүмэн сумын 2 дугаар баг Хашаат гэх газар руу золгохоор явахдаа төрсөн дүү Б.Эрдэнэдэлэгт “нэг галлачихаарай” гэж хэлээд гэрийн түлхүүрээ орхисон. Тэгээд манай дүү 18 цагийн орчимд над руу утасдаад “ахаа танай гэр рүү танихгүй хүн орсон байна, би нөхрийн хамт бариад цагдаа дуудаад хүлээж байна, та ирэх үү” гэхээр нь би шууд хөдөө ээжийн гэрээс яваад очсон. Ингээд гэртээ очиход манай гэрийн үүдний цоож байхгүй, цүү нь эвдэрсэн байдалтай байсан ба гэрт орж эд зүйлээ бүртгэхэд алдагдсан зүйл байгаагүй. Харин зуухны хажууд номин гэх гялгар уутанд манай гэрийн ширээн дээр байсан махыг дотор нь хийчихсэн байдалтай байхаар нь гаргаж ширээн дээрээ тавьчихсан. Би ******* гэх хүнийг танихгүй...” гэсэн /хх12-13/ мэдүүлэг,

Гэрч Б.Эрдэнэдэлэгийн өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн орчим манай төрсөн ах ******* орж ирээд “хөдөө ээжийн гэр рүү явах гэж байна, манай гэрийг нэг галлачихаарай”  гэж хэлээд түлхүүрээ үлдээгээд явсан. Тэгээд би нөхөр Б.Төмөрчулууны хамт 18 цагийн орчим төрсөн ахын гэрт очиход гэрийнх нь үүдний пингийн хаалга цоожгүй, цүү нь хугарчихсан байдалтай байхаар нь гайхаад ороход танихгүй хүн ахын ширээн дээр байсан махыг номин нэртэй гялгар уутанд хийж байснаа намайг хараад орхиод шууд гарах гэхэд нь манай нөхөр Б.Төмөрчулуун барьж цагдаагийн газарт дуудлага өгсөн..." гэсэн  /хх 19-20/ мэдүүлэг,

Гэрч Б.Төмөрчулууны өгсөн: “...манай эхнэр Эрдэнэдэлэгийн төрсөн ах Эрдэнэмөнх 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ээжтэйгээ золгоод ирье, манай гэрийн галыг түлчихээрэй гэж хэлсэн учир галыг нь түлэх гээд эхнэрийн хамт 18 цагийн орчимд Эрдэнэмөнх ахын гэрт ирэхэд монгол гэрийн үүдний пингийн хаалга онгорхой байсан. Манай эхнэр Эрдэнэдэлэг гэрт нь орж хараад гэрт нэг хүн  эд зүйл савлаад уутанд хийгээд зогсож байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт ороод юун хүн бэ гэж асуухад тэр хүн ямар ч үг хэлэлгүй надтай зөрж гараад зугтаах оролдлого хийхэд нь түүнийг барьж авсан бөгөөд зууралдаж байгаад гадаа гарсан. Ингээд гадаа гарсны дараа эхнэр Эрдэнэдэлэгт цагдаа дууд гэж хэлсэн. Тэр үед танихгүй хүн надад хандаж ахыгаа битгий цагдаад өгөөрэй авсан юмаа бүгдийг нь эргүүлээд байранд нь тавья гэж хэлж байсан.  Ингээд тэр хүнийг цагдаа нарт хүлээлгэж өгөөд, үүнээс цааш өөрөө учраа олоорой гэж хэлсэн. Би тэр хүнийг анх удаа харсан, манай ахын найз нөхдийн нэг бол биш. Эрдэнэмөнх ахын хэлж байгаагаар гэрээс нь алдагдсан эд зүйл байхгүй байна гэсэн. Харин гэрийнх нь цоож тухайн үедээ олдохгүй байна гэж хэлж байсан...” гэсэн /хх 22/ мэдүүлэг,

Гэрч Н.Чулуунцэцэгийн өгсөн: “...Манай нөхөр ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жоохон хэрүүл хийх гээд байдаг. Түүнээс биш надад гарч хүрч байсан тохиолдол байхгүй. Хувийн зан байдлын хувьд элдвийн муу зан араншин байхгүй бөгөөд бид хоёр 13 настай нэг хүүхэдтэй. Ямар хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсныг би мэдэхгүй байна. Ямартай ч шалгагдаж байгаад хорих ял авч, хоригдож байсан...” гэсэн /хх 24/ мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-7/, эд зүйлийн үнэлгээ /хх 16/ болон тухайн хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай  тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд” тооцож, 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 1 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 5 сар 09 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 08 сар 19 хоногийн хорих ялыг өршөөлийн хуульд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноос үлдсэн 1055 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт эдлэх ялыг 1 жил 1055 хоног гэж тогтоожээ.

Шүүхээс оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, мөн оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн хэдий ч зорчих эрхийг хязгаарлах ялаас үлдсэн 1055 хоногийг жил, сар, хоногт шилжүүлээгүй, хэрэглэвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг хэрэглээгүй талаар бичсэн дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж тус шүүхээс үзэв.

Шүүгдэгч *******г Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 102 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар үлдсэн 3 жил 8 сар 17 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж сулласан бөгөөд шүүгдэгч нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хойш сүүлийн гэмт хэрэг үйлдсэн хугацаа буюу 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 208 хоног буюу 6 сар 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэн байх тул уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулиар дүйцүүлэн сольсон 3 жил 8 сар 17 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, үлдэх 3 жил 1 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 3 жил 1 сар 19 хоногийн  хорих ялыг сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 1 сар 19 хоногоор тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2022 оны 04 дүгээр сарын 18ы өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15ы өдрийг хүртэл цагдан хоригдсон 58 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18ы өдрийн 2022/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолын

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 05 сар 09 хоногийн  хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 08 сар 19 хоногийн хорих ялыг өршөөлийн хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноос үлдсэн 1055 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 1055 хоногийн  хорих ялаар тогтоосугай.” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 05 сар 09 хоногийн  хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 08 сар 17 хоногийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноос үлдсэн 1055 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож  3 жил 1 сар 19 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сар 19 /арван ес/ хоногийн  хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...1 /нэг/ жил 1055 /нэг мянга тавин тав/...” гэснийг “4 жил 1 сар 19 хоногийн” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2022 оны 04 дүгээр сарын 18ы өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15ы өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 58 /тавин найм/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ЭНХЦЭЦЭГ

                                                                     ШҮҮГЧИД                                                     С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                           Ж.ДОЛГОРМАА