Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 947

 

 

 

 

 

 

 

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2020/00483 дугаар шийдвэртэй, Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Э, У.Снарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 269 162 043 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оджаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э нь 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Голомт банктай ЗГ1170010672 дугаартай зээлийн гэрээ, БГ1170010672 дугаартай ипотекийн гэрээг тус тус байгуулж, 110 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн. Нэхэмжлэгч Голомт банкны зүгээс дээр дурдсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор шаардлага мэдэгдлүүдийг байнга хүргүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардаж байсан боловч хариуцагч нь шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй, зээлийн хүүн дээр ямар ч тохиолдолд маргахгүй, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд ажлын гүйцэтгэлээс ямар нэгэн маргаангүйгээр төлж барагдуулна, шүүхэд бүү хандаач, хугацаа олгоно уу гэсэн хүсэлт, баталгааг байнга зээл олгогчид өдийг хүртэл гаргаж ирсэн. Зээл олгогчийн зүгээс зээлдэгчийн үйл ажиллагаа нөхцөл байдлыг хүлээн авч хүссэн хугацааг олгож ирсэн боловч, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зээлийн үндсэн хүүний төлбөрт 2 000 000 төгрөг төлснөөс өөр ямар нэгэн төлбөр хийгээгүй, цаашид зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахад хугацаа дахин шаардлагатай байгаа, зээлдэгчид дахин хугацаа олгоход хүндрэлтэй байгааг үндэслэн тус шүүхэд хандсан. Иймд хариуцагч С.Эээс зээлийн үндсэн төлбөр 109 996 585 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 134 126 925 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25 038 532 төгрөг, нийт 269 162 043 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлдэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг БГТ170010672 дугаартай ипотекийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан У.Сэлэнгийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 37 Б байрны 06 тоотод байрших, 133 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2206006688 дугаарт бүртгэгдсэн 4 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК нь тус шүүхэд гаргасан С.Эт зээлийн гэрээний үүрэгт 269 162 043 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Миний зүгээс үндсэн хүүгийн төлбөр 134 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 038 532 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй, зээл төлөх талаар харилцан зөвшилцөх гэсэн боловч боломж олдсонгүй, эвлэрэх гэж үзсэн 6 сарын хугацаа өгнө гэдэг, энэ хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулах боломжгүй байна, авлага ороод ирвэл шууд төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Эээс 244 123 511 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 038 532 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Э нь төлбөрийг сайн дураар төлөөгүй бол барьцаа хөрөнгө болох Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000174831 дугаар гэрчилгээтэй, У.Сэлэнгийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 37-Б байр, 6 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 133 м.кв талбайтай, 4 өрөө, улсын бүртгэлийн Ү-2206006688 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Голомт банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 573 961 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эээс 1 378 568 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүү 25 038 532 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан хүүгийн тооцооллын баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэнд гомдолтой. Мөн дээрх шүүхийн шийдвэрээр нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь зүйл заалтад нийцээгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч С.Э, У.Снарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээлийн төлбөр 109 996 585 төгрөг, зээлийн хүү 134 126 925 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 038 532 төгрөг, нийт 269 162 043 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргажээ.  

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч С.Э нь Г ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ЗГ1170010672 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 110 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, барьцаанд У.Сэлэнгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 37 дугаар байрны 6 тоотын 133 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206006688 дугаартай, 4 өрөө орон сууцыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч С.Э, У.Снар нь БГ1170010672 дугаартай “Ипотекийн гэрээ”-г тус тус байгуулсан нь тогтоогдсон. Дээрх зээлийн болон ипотекийн гэрээ тус бүр нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулах, барьцааны гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.3, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байна. /хх 10-21/

 

Зээлдэгч С.Э нь 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ1170010672 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 2 000 000 төгрөг төлсөн, гэрээний хугацаа дуусахад 109 9996 585 төгрөг төлөх үлдэгдэлтэй байсан талаар талууд маргаагүй, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх эсэх асуудал нь маргааны зүйл болжээ.   

 

Хариуцагч С.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй, улмаар нэхэмжлэгч Г ХХК-д хандан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн албан бичиг болон хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан нь хэргийн 26-31 дүгээр талд авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон хэдий ч энэ нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй юм.

 

Нэгэнт зээлийн төлбөрийг эргэн төлөх боломжгүй болсон тохиолдолд зээлдүүлэгчийн санаачилгаар зээлийн гэрээг цуцлах эсэх нь зээлийн гэрээнийн 2.4, 3.1.1, болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцлах үндэслэл болно.

 

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Г ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд мөн өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 181/ШЗ2019/06945 дугаартай захирамжаар зээлийн гэрээний үүрэгт нийт 257 011 188 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлд хариуцагч нарын оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. /хх 32/

 

Иймд дээрх шүүгчийн захирамж гарах үе буюу 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үүргийн гүйцэтгэлийг хязгаарлаж тооцож, хариуцагч С.Эээс зээлийн үлдэгдэл 109 996 585 төгрөг, үндсэн зээлийн хүү 124 001 212 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23 013 390 төгрөг, нийт 257 011 188 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцнэ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх барьцааны гэрээ нь барьцаалуулагч, өмчлөгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа үр дагаваргүй, өмчлөгч гэрээний хувьд үүрэг хүлээсэн байх тул барьцаа хөрөнгөөр нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Зохигчид дээр дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Дээрхээс гадна анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн дугаарыг 181/ШЗ2020/00483 гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2020/00483 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...244 123 511 төгрөг...” гэснийг “257 011 188 төгрөг” гэж, “...25 038 532 төгрөг...” гэснийг “12 150 855 төгрөг” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...1 378 568 төгрөг...” гэснийг “1 443 006 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 143 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ТУЯА

 

            ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

 

                                                                       Д.ЦОГТСАЙХАН