Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 948

 

 

 

 

 

 

 

 

 

П.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00726 дугаар шийдвэртэй, П.Оийн С.Бт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 825 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.О нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Хангай” модны захад модны худалдаа эрхэлдэг бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 200 ширхэг палк буюу 6 650 000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг нь 32 750 төгрөгийн палкыг С.Бт худалдсан. С.Бтай 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлбөр барагдуулахаар хугацаа тогтоосон хэлцэл хийж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор талууд тохиролцсон. Гэтэл өнөөдрийг хүртэл 250 000 төгрөгөөс өөр төлбөрийг төлөөгүй тул палкны үнийн үлдэгдэл 6 300 000 төгрөг, алданги 3 275 000 төгрөг, нийт 9 575 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх шаардлага гаргахдаа төлсөн 250 000 төгрөгийг хасаагүй байсан тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.                                                 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь нэхэмжлэлд дурдсан 200 ширхэг 6 550 000 төгрөгийн үнэтэй палкыг худалдан авсан. Захиалсан бүтээгдэхүүн ирэхдээ хуурай, чанарын шаардлага хангахгүй байсан тул энэ талаар тухайн үед П.От утсаар хэлсэн боловч хүлээж аваагүй. Иймд төлбөрийг зөвшөөрөхгүй. Одоо палк нь байхгүй, байшин баригдахад ашигласан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан С.Баас 9 450 000 төгрөг гаргуулж П.От олгож, П.Оийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 125 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 166 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Тухайлбал, худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан 200 палкны зарим хэсэг нь чанарын шаардлага хангахгүй байсан, өөрөөр хэлбэл хатсан, сэнсэрсэн, хагарсан байсан ба энэ тухай худалдагч буюу П.От тухайн үед хэлсэн боловч хүлээж аваагүй болно. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 225, 254 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээ цуцлах талаар зохицуулсан хуулийг хэрэглэх байсан боловч хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч П.О нь хариуцагч С.Бт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 9 825 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 9 575 000 төгрөг болгосныг хариуцагч бүхэлд эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч буюу П.О нь нэг бүрийн үнэ нь 32 750 төгрөг, нийт 6 550 000 төгрөгийн үнэтэй 200 ширхэг палкыг шилжүүлэх, худалдан авагч буюу С.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үнийг төлөх, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нь гэрээнд заасан 200 ширхэг палкыг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн, хариуцагч нь 250 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “худалдан авсан эд хөрөнгө нь чанарын шаардлага хангаагүй буюу биет байдлын доголдолтой байсан тул үнийг төлөхгүй” гэж тайлбарласан.

            Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар худалдан авах гэрээгээр тохирсон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт зааснаар худалдан авагч энэ хэмжээний хувьд доголдолтой эд хөрөнгийг хүлээн авсан бол гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэг худалдагчид үүснэ.

Хариуцагч С.Б нь тухайн палкыг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч П.Оээс хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд худалдагч талд эд хөрөнгийг доголдолтой байсан талаараа мэдэгдэж байсан эсэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасны дагуу гомдлын шаардлага гаргах хугацааны дотор доголдлыг илрүүлж, хуульд заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргах эрхээ алджээ. Мөн шилжүүлсэн палкыг байшин барихад ашигласан байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч П.О нь худалдсан палкны үнийн үлдэгдэл төлбөр 6 300 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар талууд худалдах, худалдан авах гэрээний 4 дэх хэсэгт “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар” алдангийн талаар тохиролцон, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийгдсэн нь хүчин төгөлдөр тул гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй болон алдангийн тооцооллын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.           

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2020/00726 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ТУЯА

 

      ШҮҮГЧИД                             Г.ДАВААДОРЖ

 

                                                      Д.ЦОГТСАЙХАН