Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00333

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч М. О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Магванжавын М. От холбогдох эрүүгийн 1738003230104 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М. О нь 2017 оны 09 дүгээр сарын 06-07-ны өдрийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-21-13 тоотод оршин суух иргэн М.Бат-Эрдэний Мустанг-5 маркийн улаан өнгөтэй мотоциклийг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэргийг, 

2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-5-5 тоот хашааны үүднээс Ж.Монхжийгийн улсын дугааргүй хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М. О нь 2017 оны 09 дүгээр сарын 06-07-ны өдрийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-21-13 тоотод оршин суух иргэн М.Бат-Эрдэний Мустанг-5 маркийн улаан өнгөтэй мотоциклийг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн  гэмт хэргийг, 

2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-5-5 тоот хашааны үүднээс Ж.Монхжийгийн улсын дугааргүй хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 350.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М. Оийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "…Мотоциклийг унаж явж байгаад цагдаад баригдсан. Намайг хураалгасаны дараа Монхжий гуай мотоциклио цагдаагаас ирээд буцааж авсан...Мөрөн сумын 9-р багаас нэг танихгүй ахаас мотоциклийг чинь түр уначихаад өгье гэж хэлээд шууд авч явсан маань үнэн. Би тэр мотоцикльтой Түнэл сум ороод 100.000 төгрөгөөр худалдсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,

       Хохирогч М.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Шон тойроод ирнэ гээд мотоцикль аваад явсан. Надад миний каскан малгайг бариулаад аваад явсан тэгээд сураггүй алга болсон. Мотоциклио буцаагаад олоод авсан болохоор одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... " гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 15-22 дугаар хуудас/,

       Хохирогч Ж.Монхжийгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1-5-5 тоотод айлд очоод байж байтал гаднаас үл таних нэг залуу айл асууж орж ирсэн. Тэгээд гарахдаа хуучин хэрэглэж байсан гар утас, хашаан дотор байсан мотоциклийг холбож асаагаад аваад явсан байсан. Мотоциклио олж авлаа. Одоо гар утасныхаа үнийг нэхэмжилнэ... " гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 11-13 дугаар хуудас/,

        Гэрч М.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Мөнгөний хэрэг болоод байна мотоцикль хямдхан зарлаа гэж явсан залуугийн мотоцикль нь улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Би тэр мотоциклийг 100.000 төгрөгөөр худалдаж авсан...Миний хувьд мотоцикль зарсан залуугаас мотоцикль худалдаж авсан мөнгөө нэхэмжлэхгүй. Учир нь энэ залуу нилээн хулгай хийдэг гэж сонссон. Угаасаа надад мөнгийг маань буцааж өгөх чадваргүй хүн шиг байна лээ..." гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 26-27 дугаар хуудас/,

        Гэрч М.Одхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Аав бид хоёр 1-5-5 тоотод айл руу орчихоод байж байхад араас нэг танихгүй согтуу залуу орж ирээд юм асууж байгаад гарсан. Тэр залууг гарсны дараа аав бид хоёр гарахад миний унаж явсан мотоцикль алга болсон байсан. Хулгайлж авсан залуу унаж яваад цагдаад баригдсан болохыг мэдээд мотоциклио буцааж авсан..." гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 21-22 дугаар хуудас/,

Эд зүйл үнэлсэн тайлан /1-р ХХ-ийн 10, 2-р ХХ-ийн 26 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М. О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1738003230104 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Хохирогч М.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Ж.Монхжий мотоциклио буцааж авсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч М. О нь урьд 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 257 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 4 сарын ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р ХХ-ийн 36, 2-р ХХ-ийн 39 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч М. О нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч М. От ял шийтгэл оногдуулахдаа өмнөх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолоор 2 жил 10 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 2 жил 8 сарын 23 хоногийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.

      Шүүгдэгчийн хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М. От холбогдох эрүүгийн 1738002380123 дугаартай хэргийг эрүүгийн 1738003230104 дугаартай хэрэгт нэгтгэсэн болохыг дурдлаа.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч М. О хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. М. О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/  сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М. От оногдуулсан 8 /найм/  сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.

      4. Шүүгдэгч М. О т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 8 /найм/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М. О т оногдуулсан 4 /дөрөв/ жил 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

      6. Эрүүгийн 1738003230104 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М. О т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР