Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ДШМ/763

 

 

 

 

 

 

    

 

                       

А.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц,

хохирогчийн өмгөөлөгч Г.Учрал,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч А.Золжаргал,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Бын өмгөөлөгч А.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлоор А.Бт холбогдох 1810011971031 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

................... овгийн А.Б, ..... оны ......дугаар сарын .....-ны өдөр ............................... төрсөн, ......настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, .............................................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 26-ны хооронд “У.К” ХХК-ийн харьяа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 3-20 тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Р” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт үйл ажиллагаа хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа барьцаа хөрөнгөгүй, эсхүл эд зүйл барьцаалсан мэтээр тэмдэглэл үйлдэн зээл нэрийдлээр бүртгэж 51.615.000 төгрөгийг байгууллагаас гарган авсан, кассын үлдэгдэл 4.517.372 төгрөгийг, 7.800.000 төгрөгийн үнэ бүхий хураагдсан эд зүйлсийг тус тус өөрийн хэрэгцээндээ зарцуулж завшсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, “У.К” ХХК-д 63.932.372 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Быг үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж завших гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Быг 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 26, 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 309 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баас 63.932.372 төгрөг гаргуулан хохирогч “У.К” ХХК /гүйцэтгэх захирал М.Ч/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон “У.К” ХХК-ийн “Р” барьцаалан зээлдүүлэх газар /М.Чт/-т хадгалагдаж байгаа эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Бт буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч А.Золжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болох нь дараах үйл баримтаар тогтоогдоно. Үүнд:

Нэг. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д заасныг мөрдөн байцаалтаар тогтоогоогүй бөгөөд үүнийг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, А.Бын зээл нэрийдлээр барьцаа хөрөнгөгүй 51.615.000 төгрөгийг гаргаж авсан гэх үйлдлийг прокуророос яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд 2017 оны 1 дүгээр сарын 15-наас 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж цаг хугацааг тогтоосон байхад анхан шатны шүүхээс энэ хугацааг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гэж өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, энэ зүйл, хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тодорхойлж өгсөн бөгөөд анхан шатны шүүх тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах ба хэргийн зүйлчлэлийг л хөнгөрүүлэн өөрчилж болохоор журамласныг зөрчиж эрх хэмжээгээ хэтрүүлсэн байна. Мөн шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 13-наас 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд олгогдсон зээлийн үлдэгдэл 7.800.000 төгрөгийн үнэд хураагдсан барьцаа эд хөрөнгийг завшсан гэж дүгнэсэн дээрх цаг хугацааны талаар прокурорын яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд огт байхгүй. А.Быг кассын үлдэгдэл 4.517.372 төгрөг, 7.800.000 төгрөгийн үнэд хураагдсан барьцаа эд хөрөнгө зэргийг завшсан гэх боловч үүнийг нотлох санхүүгийн баримт байхгүй бөгөөд хэн, хэзээ, ийм хэмжээний мөнгө болон эд зүйлийг А.Бт ямар байдлаар өгч итгэмжлэн хариуцуулсан гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй байхад эх сурвалжаа зааж чадаагүй хохирогчийн мэдүүлэг, санхүүгийн анхан шатны баримт байхгүй тооцоо нийлсэн акт гэх нотлох баримтаар үнэлэх боломжгүй цаасаар хүнийг яллаж байгаа нь үндэслэлгүй байна. Барьцаалан зээлдүүлэх газарт 7.800.000 төгрөгийн үнэтэй барьцаанд хураагдсан эд зүйл байсан гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй бөгөөд ер нь тийм зүйл байсан эсэх нь ч тодорхойгүй, мөн ийм эд зүйлсийг А.Бт хэзээ, хэрхэн хүлээлгэж өгсөн гэх баримт байхгүй болох нь эдийн засгийн шинжээчийн 100, 69 тоот дүгнэлтүүд болон шинжээч Б.Цэрэндэжидийн мэдүүлгээр тогтоогддог. Шинжээчийн 69 тоот дүгнэлтийн 1 дэх хавсралтад тусгагдсан 65 удаагийн зээл олголтоос А.Б нь 35 удаагийн үйлдлээр 30 хүний нэрээр 43.195.000 төгрөгийг гаргаж авсан нь 2 дугаар хавтаст хэргийн 141-191 дэх талд авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон А.Бын хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа. Харин хохиролд М.Дөлгөөн, Т.Чинхүсэл, Б.Чойгийванчиг, Ч.Ганхэт нарын авсан хууль ёсны зээлийг оруулан тооцсон нь буруу бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 30 хүний 26.951.000 төгрөгийн зээл бодитой төлөгдсөн байхад шүүхээс үүнд дүгнэлт хийгээгүй.

Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:

А.Б нь “У.К” ХХК-д 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд албан ёсоор ажилласан болох нь нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдоно. Харин “Р” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ямар нэгэн албан тушаал эрхэлсэн гэх баримт байхгүй ба уг барьцаалан зээлдүүлэх газар нь тухайн үед хууль бусаар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог тул А.Быг “Р” ломбардыг хариуцсан албан тушаалтан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байхад түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж хуулийг буруу тайлбарлаж ялласан. Гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол нь их хэмжээнд хүрэхгүй буюу А.Б нь 35 удаагийн үйлдлээр 30 хүний нэрээр 43.195.000 төгрөгийг завшсан байхад шүүхээс үндэслэлгүйгээр их хэмжээний хохирлыг бусдад учруулсан гэж Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар ял шийтгэсэн.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар:

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т заасан яллагдагч А.Бын хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан хохирлын талаар болон болсон үйл баримтын талаар харилцан зөрүүтэй, эх сурвалжаа зааж чадаагүй хохирогчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.6-д заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.Б тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

Хохирогч “У.К” ХХК-ийн өмгөөлөгч Б.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа давж заалдах гомдол үндэслэлгүй. Өмгөөлөгчийн баримтгүй гэж байгаа бүх зүйлс баримттай, шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Хохирогчийн зөрчигдсөн эрх болох хохирол төлбөр 63.932.372 төгрөгөөс нэг ч төгрөгийн хохирол барагдаагүй. Хохирогч бизнесийн үйл ажиллагаа болон бодит мөнгөн дүнгээр хохирсон хэвээр, хохирол огт арилаагүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Б.Хурц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй. А.Бын гэм бурууг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. Хохиролтой холбоотой асуудлыг гомдолд дурдсан байна. Хэрэгт “Баянсагсай Аудит” ХХК-ийн аудитын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 100, 69 дугаартай дүгнэлтүүд гээд нийт 3 удаагийн дүгнэлт гарсан байдаг. А.Б нь тухайн ломбардад ажиллаж байх хугацаандаа нийт 77.986.000 төгрөгийн зээл гаргасан. Тодорхой хугацаанд ажиллаж байсан учраас уг зээлээс зохих журмын дагуу үүргээ гүйцэтгэж, зарим хүмүүст журмын дагуу зээл олгосон нөхцөл байдал байгаа. “Баянсагсай Аудит” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн дүгнэлтээр 16.891.000 төгрөгийн хууль ёсны, бодитой зээл олгосон байсан бөгөөд энэ хохирол буцаан төлөгдсөн талаар дүгнэлтэд тусгагдсан. 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр буюу сарын дараа шинжээчийн 100 дугаартай дүгнэлт гарах явцад 3.414.000 төгрөг төлөгдсөн. Шинжээчийн 69 дугаартай дүгнэлт гарах үед 2.690.000 төгрөгийн хохирол төлөгдсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 77.986.000 төгрөгөөс төлөгдсөн хохирлыг хасаад 51.000.000 хохирол гарсан бөгөөд энэ талаарх хохирлын тооцоо хийсэн баримт 2 дугаар хавтаст хэргийн 207-210 дахь талд авагдсан. Энэ баримттай холбоотойгоор нэр бүхий 65 зээлдэгчийн баримтаар эд зүйл олгосон уу, үгүй юу гэдгийг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох шаардлагатай гэж шинжээч дүгнэсэн. Улмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж нэр бүхий 65 зээлдэгчээс боломжит байдлаар мэдүүлэг авсан. Эндээс 26 зээлдэгч зохих журмын дагуу зээл авсан нь тогтоогдсон бол бусад хүмүүс ямар нэгэн зээл аваагүй. А.Б нь тухайн хүмүүсийн овог нэр, регистрийн дугаар, гар утасны дугаарыг ашиглаж бусдаас барьцаа мэтээр ажилладаггүй, цүнхэн дотор нь чулуу хийх гэх мэтээр зээл гаргасан байдал тогтоогдсон. Үнийн дүн нь 51.615.000 төгрөг. Өмгөөлөгчийн дурдаж байгаа 7.800.000 төгрөгийн бараа болон кассын үлдэгдэл 4.517.372 төгрөгийн баримтыг баримтгүй гэж яриад байдаг. Хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтын шатанд энэ талаар А.Б, хохирогч, холбогдох гэрч нар мэдүүлэг өгсөн. Зөвхөн хохирогчийн мэдүүлгээр А.Быг яллаж оруулж ирсэн нөхцөл байдал байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 26-ны хооронд “У.К” ХХК-ийн харьяа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Нэхмэлийн 3-20 тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Р” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт үйл ажиллагаа хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа барьцаа хөрөнгөгүй, эсхүл эд зүйл барьцаалсан мэтээр тэмдэглэл үйлдэн зээл нэрийдлээр бүртгэж 51.615.000 төгрөгийг, кассын үлдэгдэл 4.517.372 төгрөгийг, 7.800.000 төгрөгийн үнэ бүхий хураагдсан эд зүйлсийг тус тус өөрийн хэрэгцээндээ зарцуулж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

    хохирогч “У.К” ХХК-ийн захирал М.Чийн “...2017 оны 1 дүгээр сарын эхээр А.Б гэх хүн манай байгууллагын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Р” барьцаалан зээлдүүлэх газар ажилтнаар ажилд орж, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажиллах хугацаанд нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тооцоо нийлж акт үйлдэхэд 10 гаруй сая төгрөгийн дутагдал гарсан. Энэ дутагдлын асуудлаа шийдвэрлэх шаардлага тавьж хугацаа өгөхөд удаагүй 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажлын байраа орхиод ор сураггүй алга болчихоод 2 сарын дараа утсаар яриад би дутаасан мөнгөө төлнө гэж хэлж байсан боловч мөнгөө төлөөгүй, алга болчихоор нь цагдаагийн байгууллагад хандсан. А.Бын ажлыг шалгахад хөдөлмөрийн гэрээний цалин хөлс, ажил үүрэг хариуцлагыг зөрчиж үнэлгээнээс хэт өндрөөр үнэлсэн, хуурамч эд зүйл барьцаалсан, танил тал, найз нөхөд болон хувьдаа үүсгэсэн зээлийн жагсаалт нь мөнгөн дүнгээр 77.986.000 төгрөг болж байгаа. Эдгээр зээлийн жагсаалтаас нийт 16.891.000 төгрөгийн эд зүйлсийг хариуцах эзэнд нь буцаан өгч, хохирлоос хасагдаж 61.095.000 төгрөгийн эд зүйлс үлдсэн. Үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 3.779.924 төгрөгийн эд зүйлс болох нь тогтоогдсон. Мөн А.Б нь ажлаа хаяж явахдаа кассаас бэлнээр 4.517.000 төгрөг дутаасан. Мөн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 7.800.000 төгрөгийн эд зүйл дутаасныг нэмээд нийт 90.303.000 төгрөгийн өр, дутагдал гаргасан. Хэрэг шалгах явцад 77.986.000 төгрөгөөс 16.891.000 төгрөгийн эд зүйлийг эздэд нь буцааж өгсөн. Одоо нийт 73.322.000 төгрөг нэхэмжилж байна. ...” /1хх 49-50/,

шүүгдэгч А.Бын яллагдагчаар өгсөн “... Би 2017 оны 1 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сарын сүүл хүртэл Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Р” нэртэй ломбардад үндсэн ажилтнаар орж ажилласан. ... Би тухайн үед ломбардад ажиллаж байхдаа хуурамч үнэт эдлэлийг мэдсээр байж өндөр үнээр авдаг байсан. Мөн найз, таньдаг хүмүүстээ зээл гаргадаг байсан. Хуурамч эд зүйл гэж үнэт эдлэл, электрон бараа авдаг байсан. Найз буюу таньдаг хүмүүс мөнгөний хэрэг гараад гэхээр нь ломбардны орлогын мөнгөнөөс хүүгүй мөнгө зээлдэг байсан. ... Би өөрийнхөө тооцоогоор бол 10.000.000 гаруй төгрөг ашигласан байх. Мөн 5-6 сая төгрөгийн чанаргүй зээл авсан гэж бодож байна. Түүнээс 60-70 сая төгрөгийн зүйл хувьдаа завшаагүй байх. Би бэлнээр болон Хаан банкны дансаар авдаг байсан. Гэхдээ дансаар бол нээх гүйлгээ хийгээд байдаггүй байсан. ... Миний буруу, ажил хийж хохирлоо барагдуулах болно. Надаас өөр хүн ажлаасаа мөнгө төгрөг авдаг байсан талаар мэдэхгүй. Авсан мөнгөө юунд зарцуулснаа мэдэхгүй байна, нэг мэдэхэд л дууссан байсан. ...” /1хх 106-111/,

шинжээч Б.Цэрэндэжидийн “... Баянсагсай Аудит” ХХК-ийн дүгнэлтийн хавсралт 4, 5-д дурдагдсан баримтын хүрээнд барьцаагүй зээлийн мөнгөн дүн 19.420.000 төгрөгөөр тэнцүү, хавсралт 7-д “А.Бын өөрийн олгосон чанаргүй муу зээл 55.542.400 төгрөгөөс мөрдөн байцаалтын явцад 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 13.867.400 төгрөг төлж, 41.675,000 төгрөг үлдсэнээс 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр холбогдох эзэд нь 3.410.000 төгрөг төлж 38.265.000 төгрөг үлдсэн. “Баянсагсай Аудит” ХХК-ийн дүгнэлтэд тусгагдсан ажлаа хаяж явсны дараа кассын үлдэгдэл хэдэн төгрөг байсныг тогтоох боломжгүй байсан. “Баянсагсай Аудит” ХХК-ийн дүгнэлтэд дурдагдсан, хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө болох 7.800.000 төгрөгийг А.Б хариуцах санхүүгийн анхан шатны баримт байгаагүй. Нэгтгэн дүгнээд хэлбэл “Баянсагсай аудит” ХХК-ийн дүгнэлтээр 68.895.000=41.675.000+19.420.000+7.800.000 гарсан. Харин шинжээчийн дүгнэлтээр 57.685.000=41.675.000-3.410.000+19.420.000 гэж гарсан. ...” /2хх 32-33/ гэсэн мэдүүлгүүд,

“Баянсагсай Аудит” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 1/19 дугаартай тайлан /1хх 71-73/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаартай “Баянсагсай Аудит” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн аудиторын дүгнэлт үндэслэлтэй байна. “У.К” ХХК-ийн “Р” барьцаалан зээлдүүлэх газар ажиллаж байсан А.Б нь иргэдэд 57.685.000 төгрөгийн зээл олгосон байна. Дээрх зээлийн баримт нь гарын үсэг байхгүй, барьцаагүй, мөн үнэлгээ өндөр барьцаатай зээл гаргасан байна. Тухайн зээлийн хариуцагчийг мөрдөн байцаалтаар тогтоолгохоор байна” /1хх 64-69/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 69 дугаартай “2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн “Баянсагсай Аудит” ХХК-ийн 1/19 дугаартай аудиторын дүгнэлт, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь тухайн үед ирүүлсэн баримтын хүрээнд үндэслэлтэй гэж үзэхээр байна. Дахин шинжилгээгээр “У.К” ХХК-ийн “Р” ломбардын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 7.800.000 төгрөгийн “Хугацаа дуусч хураагдан зарж борлуулах зээлийн жагсаалтыг үйлдэн захирал М.Ч болон ажилтан А.Б нар баталгаажуулан гарын үсэг зурсан боловч шинжилгээнд анхан шатны баримт ирээгүй тул тогтоогдох боломжгүй байна. “Угтаал констракшн" ХХК-ийн “Р” барьцаалан зээлдүүлэх газар ажиллаж байсан А.Б нь иргэдэд 77.986.000 төгрөгийн зээл олгосон байна. Мөрдөн байцаалтын явцад нийт 23.681.000 төгрөгийн зээл төлөгдсөн бөгөөд дахин шинжилгээгээр төлөгдөх зээлийн үлдэгдэл 54.305.000 төгрөг байна. “Баянсагсай Аудит” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны дүгнэлт гарах хугацаанд 16.891.000 төгрөгийн зээл буцаан төлөгдөж, үлдэгдэл зээл 61.095.000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 100 дугаартай шинжилгээний явцад 3.410.000 төгрөгийн зээл буцаан төлөгдсөн тул нийт 20.301.000 төгрөгийн зээл эргэн төлөгдөж, зээлийн үлдэгдэл 57.685.000 болсон байна. “У.К” ХХК-ийн “Р” барьцаалан зээлдүүлэх газар ажиллаж байсан А.Б нь иргэдэд нийт 77.986.000 төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 23.681.000 төгрөгийн зээл төлөгдөж зээлийн үлдэгдэл 54.305.000 төгрөг байна. Зээлийн баримтууд нь мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гарын үсэг байхгүй, зарим зээл барьцаагүй, үнэлгээ өндөр зэрэг зөрчилтэй байна. Энэхүү зээлийг хавсралтад дурдсан 69 зээлдэгч авсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Хавтаст хэрэгт авагдсан анхан шатны баримтгүй хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө болох 7.800.000 төгрөгийг А.Б хариуцах эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна” /2хх 37-42/ гэсэн дүгнэлтүүд,

“У.К” ХХК-ийн 000070688 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 121/, “У.К” ХХК-ийн захирал М.Ч, А.Б нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1хх 75-76/, А.Бын нийгмийн даатгалын дэвтэр /1хх 198/, “У.К” ХХК-ийн санхүүгийн баримт /1хх 124/, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн с-01 тоот кассын тооллогын акт /1хх 125-126/, “У.К” ХХК-ийн Руби ломбард тооцоо нийлсэн акт /1хх 127/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 132-139/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /2хх 222-223/, “Дамно” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ХУ1-18-75 дугаартай тайлан /1хх 92-94/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч А.Золжаргал “... А.Бын зээл нэрийдлээр барьцаа хөрөнгөгүй 51.615.000 төгрөгийг гаргаж авсан гэх үйлдлийн ... хугацааг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гэж өөрчилсөн, ... А.Быг кассын үлдэгдэл 4.517.372 төгрөг, 7.800.000 төгрөгийн үнэд хураагдсан барьцаа эд хөрөнгө зэргийг завшсан гэх боловч үүнийг нотлох санхүүгийн баримт байхгүй, ... хохиролд М.Дөлгөөн, Т.Чинхүсэл, Б.Чойгийванчиг, Ч.Ганхэт нарын авсан хууль ёсны зээлийг оруулан тооцсон нь буруу бөгөөд мөрдөн байцаалтын шатанд 30 хүний 26.951.000 төгрөгийн зээл бодитой төлөгдсөн байхад шүүхээс үүнд дүгнэлт хийгээгүй. ... А.Быг “Р” ломбардыг хариуцсан албан тушаалтан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байхад түүнийг албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж хуулийг буруу тайлбарлаж ялласан. ... Иймд ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь 3 дугаар хавтас хэргийн 33 дугаар хуудасны ар талд, шийтгэх тогтоолын 16 дугаар хуудсанд авагдсан байх бөгөөд шүүгдэгч А.Бын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 15-наас 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд гэж яллах дүгнэлтэд заасан цаг хугацаанаас зөрүүгүйгээр дүгнэсэн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 69 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт нь “У.К” ХХК-ийн “Р” барьцаалан зээлдүүлэх газрын санхүүгийн 7 хавтас баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэлтийнхээ эх сурвалж болгожээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч А.Б нь иргэдэд 77.986.000 төгрөгийн зээл олгож, 23.681.000 төгрөгийн зээл төлөгдөж, 54.305.000 төгрөг төлөөгүй байх бөгөөд мөрдөгчөөс хохирлын тооцоо хийж 51.615.000 төгрөг гаргасныг прокурор үндэслэлтэй гэж үзээд энэ үнийн дүнгээр шүүгдэгч А.Бын зээл хэлбэрээр ашигласан мөнгийг яллах дүгнэлтэд тодорхойлжээ.

       Харин хохирогчийн мэдүүлсэн кассын үлдэгдэл 4.517.372 төгрөгийг, 7.800.000 төгрөгийн хураагдсан үнэ бүхий эд зүйлсийг тус тус ашигласан талаар болон 51.615.000 төгрөгийг хэрхэн ашигласан талаар үйлдэл нэг бүрээр шүүгдэгч А.Б нь өөрөө мэдүүлэг өгчээ. /2 хх 201-206/  

Мөн шинээчийн дүгнэлтэд ... Зээлийн баримтууд нь мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гарын үсэг байхгүй, зарим зээл барьцаагүй, үнэлгээ өндөр зэрэг зөрчилтэй байна. Энэхүү зээлийг хавсралтад дурдсан 69 зээлдэгч авсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. ...гэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед нэр бүхий иргэдийг гэрчээр асуухад зээл авч байгаагүй талаар мэдүүлсэн ба шүүгдэгч А.Б нь яллагдагчаар хуурамч баримт бүрдүүлэн мөнгө завшдаг байснаа, 33 хүний нэрээр 51.815.000 төгрөг ашигласнаа зөвшөөрсөн мэдүүлэг өгчээ. /2 хх 201-206/

Харин шүүгдэгч А.Б нь “У.К” ХХК-ийн “Р” барьцаалан зээлдүүлэх газарт хөрөнгө барьцаалан зээл олгох ажлыг гүйцэтгэж байсан бөгөөд тэрээр ажил, үүргийн хувьд хөрөнгө барьцаалан зээл олгох эрхийнхээ хүрээнд уг үйл ажиллагааг хэрэгжүүлж байхдаа мөнгө ашигласан үйлдэлд албан тушаалын байдлаа ашигласан шинж байхгүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Б нь ажил олгогчийн зүгээс шилжүүлсэн эрхлэх ажлын чиг үүргийг гэмт хэрэг үйлдэхдээ онцгойлон ашигласан гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч А.Бын албан тушаалын байдлаа ашигласан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялаас 6 сарын хорих ялыг хасаж, 3 жил 6 сарын хорих ял болгон хөнгөрүүлэв.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч А.Бын өмгөөлөгч А.Золжаргалын давж заалдах гомдлын “...албан тушаалын байдлаа ашигласан гэх шинжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч А.Бын цагдан хоригдсон 54 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2022/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашигласан хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч А.Быг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Быг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бын өмгөөлөгч А.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлын “албан тушаалын байдлаа ашиглаж үйлдээгүй гэсэн хэсгийг хүлээн авч, гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 54 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

 

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

 

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР