| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2017/0357/Э/ |
| Дугаар | 2017/ШЦТ/343 |
| Огноо | 2017-12-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2017/ШЦТ/343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Нямдаваа,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мэндсайханы М.Дад холбогдох эрүүгийн 1738000000129 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.Д нь 2017 оны 08 дугаар сарын 29-нд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ж.Г-ийн 2 морийг хулгайлан авч 1.600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Д нь 2017 оны 08 дугаар сарын 29-нд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Ж.Г-ийн 2 морийг хулгайлан авч 1.600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.Дын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Гүен гэдэг газарт модон дотроос 20 гаран тооны бор азаргатай адуу гараад ирэхээр нь тэр адууг тууж хажууханд нь байсан хашаанд хашаад хар хээр, улаан хээр зүсмийн хоёр адуу барьж аваад нэгийг нь унаад нэгийг нь хөтлөөд Тээлийн гол гэдэг газар луу явсан. А.Ж-д хоёр адуугаа өгөөд оронд нь хээр зүсмийн шүдлэн үрээ, хээр зүсмийн охин байдас авсан. Өрөө төлж дийлэхгүй болохоор хулгай хийсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2017 оны 8 дугаар сарын 25-ны үед адуундаа явахад 2 хээр морь алга болсон байсан. Тэгээд уг хоёр морийг адуунаас салаад явчихлаа гэж бодоод ойр хавиараа хайгаад олдоогүй. Би алдсан жороо хээр морио 5 сая, нөгөө хээр морь уядаг морь байсан 1.5 сая төгрөгөөр үнэлнэ. Уг хоёр морийг эрж хайж явсаны зардалд 150.000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 5-8 дугаар хуудас/,
Гэрч А.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Бага халзан гэдэг газраас О-ын иргэдээс худалдаж авсан адууг Ц-н хамт аймгийн төв рүү тууж хөдөлсөн. Тэгээд явж байтал М.Д над руу залгаад хаана явна гэхээр нь Тээлийн багийн голын захад байна гэхэд наанаа байж байгаараа гэсэн. М.Д ирэхдээ бор хээр морь уначихсан. Улаан хээр морь хөтөлчихсөн ирсэн. Тэгээд нөгөө хоёр мориныхоо нэг морийг нь агттай хамт зараад, нэг морийг нь надад өгөх байсан өрнийхөө оронд ав гэсэн. М.Д надад 500.000 төгрөгний өртэй байсан юм. Би М.Дад өөрийнхөө хээр байдсыг барьж өгөөд үлдээсэн. Бор хээр морь нь нар саран тамгатай, нөгөө хээр морь нь дугуй дотор таван хошуу тамгатай адуу байсан. Улаан хээр морь нь Цагаан бургасын ам руу тууж явахад сулдаа жороо явдалтай адуу байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Бя-йн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ахын алдсан хоёр хээр морины нэг хээр морь нь жороо морь байсан юм. Нөгөө хээр морь нь бага насандаа уяж уралдуулдаг байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ж.Г-ийн адуунд нэг хээр зүсмийн жороо явдалтай морь байдаг. Тэр морь нь тийм сайн явдалтай биш ч унага байхаасаа л жороо явдалтай байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/,
Мал үнэлсэн тайлан /ХХ-ийн 14 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1738000000129 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч нь учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч Ж.Г-ийн --- тоот данс руу 1.600.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Хохирогч Ж.Г- нь хоёр морио эрж хайсны зардал 150.000 төгрөг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул дээрх зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.Даас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Д нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 32 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1738000000129 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Дыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч М.Д 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч М.Дад хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1738000000129 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Г- нь морио эрж хайсны 150.000 төгрөгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.Д-аас жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР