Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2023/1072/З |
Дугаар | 128/ШШ2024/0176 |
Огноо | 2024-02-28 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2024/0176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* т******* ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Маргааны төрөл:
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дүгээр тушаалыг хүчингүй болгуулах
Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай "Б******* т*******" ХХК нь Байгаль орчин, аялал жуулчланы сайдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших Б******* уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Х******* аманд 1,0 га газрыг ашиглах эрхтэй болсон. Тус газрыг ашиглах эрхтэй болсон үед дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал гарч Монгол Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүх үйл ажиллагаа зогсонги байдалд шилжиж, бүх нийтийн хөл хорионы хүнд хэцүү үе байсан. Бидний хувьд цар тахалтай холбоотой бүх нийтийн хөл хорионд шилжсэн нөхцөл байдлаас болж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар, Б*******-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай "Б******* уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай" гэрээг байгуулж чадахгүй байсаар 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрийн байгууллага, албан тушаалтантай ******* тоот гэрээг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл байгуулсан. Манай компанийн хувьд гэрээний үүргээ биелүүлж жил болгоны эцэст газрын төлбөрөө бүхэлд нь төлдөг байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газрын төлбөрөө төлсөн байсан. Түүнчлэн "Б******* уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай" гэрээг төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтантай байгуулж, албан ёсоор газраа ашиглах эрхтэй болсноос хойш зориулалтын дагуу ашиглахаар холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Тодруулбал байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан зэргийг эрх бүхий компаниар боловсруулж, Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн бөгөөд Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн "Санал хүргүүлэх тухай" 201 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэст хүргүүлсэн. Мөн ашиглах эрх бүхий газартаа хийж гүйцэтгэх төслийн зураг, ариутгах татуургын зураг төсөл зэргийг эрх бүхий компаниар боловсруулж, 2024 оны хавар төслийн ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байсан. Ашиглах эрх бүхий газарт үйл ажиллагаа явуулахын тулд холбогдох бичиг баримтын бүрдэл хангах нь нэлээдгүй цаг хугацааг зарцуулдаг. Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ямар нэгэн мэдэгдэх, сонсох ажиллагаа огт хийгээгүй атлаа гэнэт Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1287 тоот албан бичгээр манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан талаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар ашиглах эрх бүхий этгээдийн эрхийг хангаагүй, бодит байдалтай танилцаж, дүгнэлт өгөлгүй шууд газар ашиглах эрхийг цуцалж байгаад гомдолтой байна. Тодруулбал манай компанийн хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт орших Б******* уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Х******* аманд 1,0 га газрыг ашиглах эрхтэй болсон боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна. Манай газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар ашиглах эрх бүхий этгээдийн эрхийг хангаагүй, бодит байдалтай танилцаж, мэдэгдэх сонсох ажиллагаа явуулж, бодит байдалд дүгнэлт өгөлгүй шууд газар ашиглах эрхийг цуцалж, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 93.2-т "Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно" гэж заасан ба уг хуулийн зохицуулалтаас үзэхэд захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагад өөрт нь хандаж гомдол гаргах боломжтой байх ба нэхэмжлэл гаргагч нь нэхэмжлэл дурдсан асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад өөрт нь яагаад хандаагүй үндэслэлийн талаар нэхэмжлэлдээ тайлбарлах нь зүйтэй" гэжээ. Шүүгчийн захирамжид заасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т Гэрчүүдийг хооронд нь харилцуулахгүй байлгах талаар шүүх хуралдаан даргалагч шаардлагатай арга хэмжээ авна" гэж заасан байх бөгөөд шүүх хуралдааны явцад гэрчийг гаргах харилцааг зохицуулсан байна. Харин Захиргааны Ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т "Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно" гэж гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагын талаар зохицуулжээ.Тодруулбал иргэн, хуулийн этгээдээс өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчсөн гэж үзэж захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэхийг хянуулахаар гомдлыг хянан шийдвэрлэх дээд шатны захиргааны байгууллага байхгүй, эсхүл хуулиар харьяалан тогтоосон гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй тохиолдолд тухайн захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагад өөрт нь гомдол гаргаж болох талаар зохицуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны Ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т ...тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно" гэж заасан нь тухайн захиргааны байгууллагад заавал өөрт нь гомдол гаргах талаар зохицуулсан зохицуулалт биш гэж үзэж байх тул шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дүгээр тушаалыг хүчингүй болгож, манай компанийн газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү.гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/03 дугаар тушаалаар олгогдсон Х******* аманд байрлалтай 1 га газрыг 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр тушаалаар цуцалсан. Цуцалсан үндэслэл нь газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, 2 жил зориулалтын дагуу ашиглагдаагүй гэдэг. Манай зүгээс газрын төлбөрийг жил бүрийн төгсгөлд нийтээр нь төлж барагдуулаад явдаг байсан. Мөн манайд газрын төлбөр тооцооноос болоод танай газрын эрхийг цуцлах гэж байна гэсэн ямар нэгэн мэдээлэл, сонсох үйл ажиллагаа хийлгүйгээр газрын эрхийг цуцалсан байсан. Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйлд заасны дагуу заавал урьдчилж мэдэгдэх ёстой байтал татварын алба болон Байгаль орчны яамнаас ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Мөн газрыг 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг. Газар ашиглана гэдгийг шууд барилга байшин бариад үйл ажиллагаа явуулна гэсэн үг биш. Манай зүгээс 2022.12.14-ний өдөр байгаль, орчны төлөв байдлын үнэлгээ хийлгээд 2023.04.25-ны өдөр болон 2023.05.31-ний өдөр байгаль үнэлгээг батлуулахаар хоёр удаа хүсэлт өгч баримт бичгийн хүрээнд ажиллагаа хийж байсан. Манай үнэлгээг батлахгүй байгаа шалтгаан нь загвар зураг батлагдаагүй гэдэг. Загвар зураг батлахад заавал байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хот байгуулалт хөгжлийн газраас биднээс шаарддаг. Газрын гэрээ дүгнэсэн актыг заавал хавсаргаж өгч байж загвар зургаа батлуулдаг. Гэрээ дүгнэсэн актыг эргээд Б******* хуулийн дархан цаазат газрын захиргаанаас авах гэхээр үнэлгээ хийгдээгүй байна гэсэн шаардлагыг тавиад байсан. Ингээд үнэлгээ нь гацалтын байдалд орсон. 2023.01.20-ны өдрийн байдлаар Б******* хуулийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас өөрсдөө байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэхэд татгалзах зүйлгүй гэсэн санал өгсөн байсан. Бид эдгээр загвар зураг, үнэлгээтэй холбоотой асуудлаа шийдчихвэл 2022.08.15-ны өдрийн байдлаар ажлын зургийн түвшинд гэрээ байгуулагдаад, холбогдох барилгын хөгжлийн төв, зураг төсөл магадлалаар батлах байгууллагууд дээр оччихсон, газрын үнэлгээний байдалтай хүлээгдэж байсан. Мөн 2022.08.20-ны өдөр мөн барилгын ажлыг гүйцэтгэх компанитай гэрээ байгуулсан. Тэгэхээр 2 жилийн хугацаанд газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэхгүй байна. 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Монгол шуудангаар ирсэн бичгийн дагуу газрын эрх цуцлагдсан талаар мэдсэн. Гэтэл 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөр манай газрын эрхийг цуцалчихсан байсан. Иймд газрын эрхийг сэргээж өгнө үү. гэжээ.
Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023.09.25-ны өдрийн дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн тушаалын ерөнхий заалтууд буюу Засгийн газрын тухай хуулийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27.1, Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д зааснаар газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, мөн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр тайлбарладаг. Нэхэмжлэгч талаас сонсох ажиллагаатай маргадаг. Гэтэл үүнийг Богд хан уулын хамгаалалтын захиргаанаас фэйсбүүк хаягаар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас албан ёсны веб хуудсан дээрээ 2023.07.07-ны өдөр байршуулж мэдэгдсэн байдаг. Байршуулахдаа хариу тайлбар ирүүлэх хугацааг тогтоож, цуцлах үндэслэл бүрдэж байна гэдгийг нэхэмжлэгч байгууллагад мэдэгдсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасан. Тухайн 2023.07.07-ны өдрийн мэдэгдлээр 21-ээс дээш тооны аж ахуй нэгжид мэдэгдсэн байдаг. Үүнийг захиргааны байгууллага сонгох боломж буюу цаг хэмнэж веб сайтаар сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзэж байна. Газрын төлбөрийн тухайд нэхэмжлэгч тал улирал бүр биш жилийн эцэст төлбөрийг төлдөг байсан гэж хэлсэн. Тухайн Б******* уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 922 дугаар албан бичгээр ирүүлсэн санал дээр 2023 газрын төлбөрийг төлөөгүй гэсэн байдаг. Газрын төлбөрийг жилийн эцэст биш улирал бүр төлдөг байх ёстой. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх нь газар эзэмшигчийн өөрийнх нь үүрэг. Гэтэл үүнийг өөрийн эрх мэтээр татварын газраас холбогдож хэлсэн бол төлөх байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг дээр тайлбар өгөхөд нэхэмжлэгч талаас янз гэрээ, үнэлгээ хийлгээд явж байсан гэдгийг газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй. Газраа зориулалтын дагуу ашиглана гэдгийг тухайн газартаа ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлсэн байх, эсвэл барилга архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан байхыг шаарддаг. Иймд маргаан бүхий тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б******* т******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дүгээр тушаалыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/03 дугаар тушаалаар Б******* т******* ХХК-д Богд хан уулын дархан цаазат газрын Х******* аманд байрлах, 1 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.
Маргаан бүхий захиргааны акт буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэсэн 2 үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
Дээрх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны дүгээр тушаалд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг ашиглахын тулд тодорхой үйл ажиллагаа явуулж, хөрөнгө зардал гаргасан болох нь:
2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №01/22 тоот Цутгамал төмөр бетон рам, хана хосолсон системийн ажил гүйцэтгэх гэрээ
Амирлан аялал жуулчлалын бааз, шашны төв байгуулах төслийн Байгаль орчны төлөв байдлын тайлан[1]
Б******* т******* ХХК болон Ш******* ХХК нарын хооронд байгуулсан 2022 оны 11 дугаар сарын 14-ний өдрийн №25/2022 дугаар Хамтран ажиллах гэрээ
2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №******* дугаар Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийг маргаан бүхий газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэж үзэх боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ Манай компанийн хувьд гэрээний үүргээ биелүүлж жил болгоны эцэст газрын төлбөрөө бүхэлд нь төлдөг байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газрын төлбөрөө төлсөн байсан гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Б******* т******* ХХК нь газрын төлбөрт нийт 42,474,352 /дөчин хоёр сая дөрвөн зуун далан дөрвөн мянга гурван зуун тавин хоёр/ төгрөг төлсөн болох нь дараах баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №01122-2021/02105 тоот Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт,
2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №01122-2021/02105 тоот Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт,
Татварын нэгдсэн цахим системээс хэвлэсэн Монголын татварын албаны газрын төлбөр төлсөн баримтууд,
Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ямар нэгэн мэдэгдэх, сонсох ажиллагаа огт хийгээгүй атлаа гэнэт Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01/1287 тоот албан бичгээр манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан талаар мэдэгдсэн гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа хийж, газар ашиглах эрхийг цуцлах гэж байгаагаа манайд урьдчилан мэдэгдсэн бол бид 2023 оны үлдэгдэл төлбөрөө бүрэн төлөх боломжтой байсан гэсэн агуулгаар тайлбарлаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд сонсох ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст нийтэлж, уг цахим хуудсаар дамжуулан сонсох ажиллагааг хийсэн гэж тайлбарлаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах; 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх. гэж тус тус заасан.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим веб сайт /https://met.gov.mn/mn/-ийн мэдээ, мэдээлэл хэсгийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн мэдээллээс үзэхэд, сонсох ажиллагааны мэдэгдлийг нэг мэдэгдлээр нийт 82 аж ахуйн нэгжид мэдэгдсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн дээрх 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн агуулгаас үзэхэд, нэгэн адил үйл баримтаар, нэг захиргааны актаар 21 буюу түүнээс дээш тооны этгээдүүдийн асуудлыг шийдвэрлэх тохиолдолд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж болохоор зохицуулжээ.
Харин маргаан бүхий захиргааны акт болох Сайдын 2023 оны дүгээр тушаалыг зөвхөн нэг этгээд Б******* т******* ХХК-д зориулж гаргасан, уг тушаал нь зөвхөн Б******* т******* ХХК-д хамааралтай байна.
Иймд маргаан бүхий захиргааны акт болох Сайдын 2023 оны дүгээр тушаал нь зөвхөн нэхэмжлэгчид хамааралтай байхад, уг тушаалыг гаргахын өмнө нь сонсох ажиллагааг хийхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны веб сайтаар нэхэмжлэгчийг бусад 80 гаруй аж, ахуйн нэгжтэй хамтатган сонсох ажиллагааны мэдэгдлийг нийтэлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн холбогдох зохицуулалтад нийцэхгүй байна.
Зүй нь маргаан бүхий захиргааны актыг зөвхөн нэхэмжлэгчид хамааруулж гаргасан учир сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр хүргүүлэх ёстой байжээ.
Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, энэ маргааны тохиолдолд хариуцагчийн сонсох ажиллагааны мэдэгдлийг нийтэлсэн, хүргүүлсэн гэх үйлдэл нь хуульд нийцээгүй байх тул сонсох ажиллагаа хийсэн гэж үзэхээргүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа хийж, газар ашиглах эрхийг цуцлах гэж байгаагаа манайд урьдчилан мэдэгдсэн бол бид 2023 оны үлдэгдэл төлбөрөө бүрэн төлөх боломжтой байсан гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Дээрх үндэслэлээс үзэхэд, маргаан бүхий захиргааны актын газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тус газрыг ашиглах эрхтэй болсон үед дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал гарч Монгол Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын бүх үйл ажиллагаа зогсонги байдалд шилжиж, бүх нийтийн хөл хорионы хүнд хэцүү үе байсан. Бидний хувьд цар тахалтай холбоотой бүх нийтийн хөл хорионд шилжсэн нөхцөл байдлаас болж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар, Б*******-Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай "Б******* уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай" гэрээг байгуулж чадахгүй байсаар 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрийн байгууллага, албан тушаалтантай ******* тоот гэрээг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл байгуулсан. гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Учир нь манай улс нь Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас шалтгаалан эрх бүхий байгууллагын шийдвэрээр гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс шалтгаалан олон иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдсон нийтэд илэрхий үйл баримтыг нэхэмжлэгч компанид хамааралгүй гэж үзэх боломжгүй байна.
Иймд дээрх тайлбарласан үндэслэл, үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч компанийн хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24 дүгээр зүйлийн 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас, мөн дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд хариуцагч нь бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, шалгасны үндсэн дээр бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* т******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дүгээр тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б******* т******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ