Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 949

 

 

 

 

 

 

 

 

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00489 дугаар шийдвэртэй, И ХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдуулан анхны албадан дуудлага худалдааны босго үнийг тогтоосныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/00764 дугаартай захирамжаар нэхэмжлэгчээс 81 000 000 төгрөг гаргуулан “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөрт хураагдсан төлбөр төлөгч И ХХК-ийн эзэмшлийн 178026/0145 нэгж талбарын дугаартай Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 20 000 м.кв талбайтай эзэмших эрхийн газрын үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож 700 000 000 төгрөгөөр тогтоосон. Гэвч 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4/920 тоот мэдэгдлээр 490 000 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах болсныг мэдэгдсэн бөгөөд бид энэ үнийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхны албадан дуудлага худалдааны босго үнийг тогтоосныг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 764 дүгээр захирамжаарИ ХХК-аас 81 000 000 төгрөг гаргуулан “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан төлбөр төлөгчИ ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 178026/0145 дугаартай Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 20 000 мкв талбайтай эзэмшлийн газрыг битүүмжлэн хураасан. Талуудаас үнийн санал авахад 700 000 000 төгрөгөөр үнэлэхээр харилцан тохиролцсон байна. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу харилцан тохиролцон тогтоосон үнийн 70 хувь буюу 490 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах мэдэгдлийг хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, үйлдвэр үйлчилгээний зориулалттай 20 000 мкв талбай бүхий 178026/0145 нэгж талбарын дугаартай, 0232192 гэрчилгээний дугаартай газар эзэмших эрхийн анхны дуудлага худалдааны босго үнийг 490 000 000 төгрөгөөр тогтоосныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Даваажав давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс манай нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах эрхийг хангаагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтээ гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд ипотекийн зүйлүүдийн албадан дуудлага худалдаанд оруулахтай холбоотой зохицуулалт байхад барьцаалагдаагүй эд хөрөнгийн эрх буюу газар эзэмших эрхийн үнийг дээрх зохицуулалтад хамааруулсан нь хууль бус юм. Манай байгууллагын хувьд газар эзэмших эрхээ төлбөр авагчид худалдан борлуулах үнийг 700 000 000 төгрөгөөр тогтоосон болохоос дуудлага худалдааны үнийн талаар санал өгөөгүй байхад энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

НэхэмжлэгчИ ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан албадан дуудлага худалдааны босго үнийг тогтоосныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/00764 дугаар захирамжаарИ ХХК-иас 81 000 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-д олгохоор шийдвэрлэж, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 27/

Хариуцагч НШШГГ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2016/11009 дугаар захирамж, мөн өдрийн шүүгчийн 1202 дугаар гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасанд нийцсэн байна. Талууд эд хөрөнгө битүүмжлэн, хураасан ажиллагаанд маргаангүй, барьцаалагдсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний талаар маргадаг. /хх 27-29, 36-38/

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч НШШГГ нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлбөр төлөгчийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, үйлдвэр үйлчилгээний зориулалттай 20 000 м.кв талбай бүхий 178026/0145 нэгж талбарын дугаартай, 0232192 гэрчилгээний дугаартай газар эзэмших эрхийг худалдан борлуулах үнийн санал ирүүлэх тухай 4/29423 тоот мэдэгдлийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчИ ХХК-д хүргүүлжээ. Төлбөр төлөгчөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр НШШГГт дээрх газрын эзэмших эрхийг 700 000 000 төгрөгөөр үнэлж байгаа талаарх саналаа /хх40/ ирүүлсэн байх ба төлбөр авагч “Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК хүлээн зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр саналаа бичгээр ирүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх 42/

Дээрх үйл баримтаас үзвэл, хариуцагч НШШГГ нь төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч төлбөрт хураагдсан эзэмших эрх бүхий газрын үнийг 700 000 000 төгрөгөөр үнэлж санал ирүүлсэн, төлбөр авагч уг үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн байх тул газар эзэмших эрхийн харилцан тохиролцсон үнийг 700 000 000 төгрөг гэж үзэж, шийдвэр гүйцэтгэгч энэхүү үнийн дүнгийн 70 хувиар анхны дуудлага худалдааны босго үнийг тогтоож холбогдох этгээдэд мэдэгдэл хүргүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. /хх 43-46/

Түүчнлэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн аваагүй гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй байх тул хэргийн оролцогчийн эрхийг шүүхээс хязгаарласан гэж үзэхгүй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00489 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Даваажаваас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ТУЯА

 

            ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

 

                                                                       Д.ЦОГТСАЙХАН