Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/331

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Ч.Т-,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг

Шүүгдэгч Ж.У нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Уд холбогдох эрүүгийн 201622000313 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ж.У нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Т-ын эзэмшлийн ... нэртэй хүнсний дэлгүүрт 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс худалдагчаар ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаад 2015 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд өөрийн хариуцсан бараа материалаас 13.563.620 төгрөгний эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.У нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ч.Т-ын эзэмшлийн ... нэртэй хүнсний дэлгүүрт 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс худалдагчаар ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаад 2015 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд өөрийн хариуцсан бараа материалаас 13.563.620 төгрөгний эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.У-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: "…Би 2013 оны 09 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд Өсөх архи пиво бөөний худалааны дэлгүүрт 2 жил 2 сар ажилласан. 2015 оны 6, 7, 8 дугаар сард тооллого хийгээгүй бөгөөд 9 дүгээр сард дэлгүүрт касс тавих үеэр дутагдал гарсан...Т- гуайд 13.563.620 төгрөгний хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна, учруулсан хохирлоо нөхөн төлсөн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна…" гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн "…Би худалдагч Ж.У-г 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс ажилд авч 2 жил өөрийн дэгүүртээ ажиллуулсан. Ажиллаж байх хугацаандаа тооллого тооцоо нийлж ямар нэгэн маргаан гарч байгаагүй. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би эцэслэж тооцоогоо тулгасан. Тооцоо тулсан баримт нь 2 дугаар хавтасны 80 дугаар хуудсанд байгаа. Тооцоо нийлэх үед 29.506.670 төгрөгийн тооцоо нийлсэн. Тооцоо нийлэхэд өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан. Тэгээд энэ өрөө ойрын хугацаанд төлж барагдуулахаа Уянга хэлсэн.  Гарын үсгээ зурсан хэдий ч эргэн төлөлт болохоор төлөхгүй байгаа юм. Би энэ хүний араас зөндөө олон удаа хөөцөлдөж байсан. Удаа дараа өрөө төлөхийг шаардаж байгаад энэ хүнийг таг чимээгүй, төлөхгүй болохоор нь би цагдаад хандсан. Ж.У надад учруулсан хохирол болох 29.506.670 төгрөгөөс 14.229.320 төгрөг төлсөн. Одоо 15.275.570 төгрөгийн хохирол дутуу байгаа. Уянгад залилуулснаас болж дэлгүүрээ ажиллуулж чадахаа байсан. Мөн банкны өрөнд орсон. Банкны барьцаанд хашаа байшингаа хураалгах болоод өөрийн 5 хүүхэд, ач зээ нартайгаа гадаа гарахаар болж байна. Энэ хүн 2014 онд машин зээлээр авах гэж байна гэж манай дэлгүүрийн нэр дээр лизинг хөөцөлдөж байна гээд байсан боловч тэр машинаа бэлэн мөнгөөр авсан байдаг. Мөн үл хөдлөх хөрөнгөө барьцаанаас авч банкинд тавьж мөн зээл авсан байдаг. Ийм асуудал үүсээд байсан учир би гомдолтой байна. Би одоо хохирлоо гаргуулж авах саналтай байна..." гэх мэдүүлэг,

Гэрч  М.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Ж.У гэдэг хүнийг танина. Өсөх гэж нэртэй дэлгүүрийн худалдагч байсан. Надад ямар нэгэн өр зээл байхгүй. Бараагаа аваад мөнгөө өгдөг байсан…" гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Г.-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…8.700.000 төгрөгний барааг ээж Ж.Уас авсан. Ээж тухайн үед Т- гэж хүний Өсөх нэртэй дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан. Би ээжээс архи, пиво, ундаа, ус тамхи авсан. Би Цэнгэл нэртэй дэлгүүрийг хаахдаа 3 сая төгрөгний бараа үлдээсэн. Уг барааг эгч Г-д хүлээлгэж өгсөн. Манай аав 9 сая төгрөгний цалингийн зээл авч өрөө дарсан...гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 32-34 дүгээр хуудас/,

Гэрч О.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Ж.Уас би нэг удаа 40.000 төгрөгний бараа зээлээр аваад тэр дор нь өгсөн. Сүүлд 2 шил архи зээлээр авсан. Тэгээд дараа нь мөнгийг нь өгөх гээд очтол У- байхгүй байсан. Тэгээд тэнд зогсож байсан охинд 29.800 төгрөгийг өгсөн. Т- гуайн эхнэр Б- эгчтэй тааралдаад би У-ас авсан мөнгөө өгсөн гэхэд манай охинд өгсөн байна лээ гэж байсан. Би Уянгад өр зээл байхгүй.…" гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 35-36 дугаар хуудас/,

Гэрч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Ж.У бид хоёр Т- гэж хүний Өсөх нэртэй дэлгүүрт цуг ажиллаж байсан. Т- гуай У-н бараа дутаасан гэж ярьж байсан. Түүнээс өөр зүйл мэдэхгүй. Ж.У бараа гадагш, дотогш нь зөөж гарч байхыг, хувьдаа завшиж байхыг харсан зүйл байхгүй. Бараа дутаасан гэсэн яриа л гарсан…" гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 37-38 дугаар хуудас/,

Гэрч  Ч.Ө-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Би У-аас 50 гаруй мянган төгрөгний архи, чихэр, пиво авсан. Тэгээд У- миний зарж байсан ногооноос мөнгөнийхээ оронд авсан. У-д одоо өгөх өр байхгүй…" гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/,

Гэрч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Архи пиво авахдаа заримдаа мөнгөөр нь заримдаа зээлээр авдаг байсан. Ж.У би ажлаа өгөх гэж байна зээлээ төлөөрэй гэхээр нь би Т- гэж хүний данс руу хийгээд дуусгасан. Одоо надад ямар нэгэн өр зээл байхгүй…" гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 43-44 дүгээр хуудас/,

Гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Би Ж.Уас пиво, архи, ундаа нийлээд 63.000 төгрөгний зээл тавьсан. Би зээлээр авсан 63.000 төгрөгнинхөө 40.000 төгрөгийг Өсөх дэлгүүрийн худалдагчид оруулж өгсөн. 23.000 төгрөгийг өгөөгүй одоо Т- гэж хүнд өгнө…" гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 49-50 дугаар хуудас/,

Гэрч Л.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Өсөх нэртэй дэлгүүрийн худалдагч У-с архи, ус, ундаа хүнсний бараа авдаг байсан. Бараа авахдаа зээлээр, бэлэн мөнгөөр ч авдаг байсан. Би хамгийн сүүлд 360.000 гаруй төгрөгний бараа зээлээр авсан. Энэ мөнгөө У-ын хажуу талд зогсдог П- гэх охинд өгчихсөн. Одоо надад ямар нэгэн өр зээл байхгүй…" гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 203-204 дүгээр хуудас/,

Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…У- нь манай Оргил бөөний дэлгүүрт нилээн олон жилийн өмнө худалдагчаар ажиллаж байгаад 200.000 орчим төгрөгний бараа дутаасан үндэслэлээр ажлаас гарч байсан. У- дэлгүүрт учруулсан хохирлоо төлсөн. Одоо надад У-с ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.…" гэх мэдүүлэг /1-р ХХ-ийн 219-220 дугаар хуудас/,

Гэрч Ө.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Би Ж.Уд 16.100 төгрөгний өртэй нь үнэн би өгөөгүй байгаа өгнө дөө. Би жилийн өмнө 0,75 грамын Улаанбаатар нэртэй архи, эссэ нэртэй тамхи авчихсан байсан юм…" гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 1-2 дугаар хуудас/,

Гэрч Д.Х-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…2014 оны зун байсан санаж байна манай хүүхдүүд рашаан усанд явах гээд тамхи, ундаа, нойлын цаас гээд 70.000 төгрөгний барааг Ж.Уас зээлээр аваад 2-3 хонуулаад мөнгийг нь өгчихсөн. Би Ж.Уд одоо 70.000 төгрөгний өр байхгүй…" гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 3-4 дүгээр хуудас/,

Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Би Ж.У гэж хүнээс 1.500.000 төгрөгийн зээл аваагүй. Манайх Жанст-Ундрам бөөний төвөөс ундаа, усаа авдаг…" гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 5-6 дугаар хуудас/,

Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Би Ж.Уас 2015 оны 10-р сард 300.000 төгрөгний бараа материал авсан байж байгаад 2015 оны 07-р сарын 01-нээс 2016 оны 12-р сарын 31-нийг дуустал Ж.У, охин Мөнх-Ундарга нарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд өр дууссан. Би өрөө төлсөн…" гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч Ц.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Одоогоос 2 жилийн өмнө Ж.Уас хөдөө найр хурим болох гээд 24 ширхэгтэй жижиг касс зээл авч байсан. Тэгээд удаагүй 10 хоногийн дараа мөнгийг нь өгсөн. Би Ж.Уд ямар нэгэн өр зээл байхгүй…" гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 10 дугаар хуудас/,

Гэрч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "… Би Ж.У гэж хүнийг танихгүй. Идэр дэлгүүрээс бараа авч байсан гэхдээ энэ Ж.У гэх хүнээс бараа авч байгаагүй. Би зээлээр бараа аваагүй…" гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч Р.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Би Ж.Уас 3-4 удаа бараа зээлээр авч байсан. Би зээлээр авсан барааныхаа мөнгийг 7-14 хонуулаад л Ж.Уд өөрт нь бэлнээр болон дансаар өгчихдөг байсан. Одоо Ж.Уд ямар нэгэн өр зээл байхгүй…" гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…... дэлгүүрээс бид нар зээлээр бараа авч байсан. Мөнгийг нь Ж.Уд өгсөн. Одоо Ж.Уд бол өр зээл байхгүй…" гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…2015 оны өвөл манай найз Л- манай ээж Ж.Уас 120.000 төгрөг зээлсэн нь үнэн юм. Тэгээд манай найз Л- нь эхлээд 20.000 төгрөг, дараа нь 100.000 төгрөгийг ээжид өгчихсөн юм…" гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Би Ж.Уд нэг удаа 450.000 төгрөгний зээлтэй байж байгаад Улаанбаатар хотоос манай хүү 500.000 төгрөг шилжүүлж өгсөн. Дараа нь мөнгөөрөө бараа аваад 70 орчим мянган төгрөг үлдэснээс манай хүүгийн шилжүүлсэн 50.000 төгрөгийг суутгаад 20 гаруй мянган төгрөг үлдсэн. Үүний дараа 2015 онд билүү 2016 онд билүү Уянга надаас өөрөө ирж 30000 төгрөг авсан. Одоо бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй…" гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 36 дугаар хуудас/,

Шинжээч С.Оргилын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Уг хэргийн тооцоо бодсон дэвтэр нь эдийн засгийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломж байхгүй. Учир нь тооцооны тэмдэглэлийн дэвтэр нь хүний хувийн тэмдэглэл, орлого зарлагыг баталж гарын үсэг зурагдаагүй учраас шинжилгээний объектын шаардлагыг хангаагүй байгаа юм…" гэх мэдүүлэг /2-р ХХ-ийн 192-193 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 201622000313 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ж.У-н бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2017 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн нь  үндэслэлтэй байна.

Хохирогч Ч.Т- нь шүүгдэгчээс 29.506.670 төгрөгийг нэхэмжилж байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 13.563.620 төгрөгийг нөхөн төлсөн байна. Харин үлдэгдэл 15.943.050 төгрөгийн хохирол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1-р ХХ-ийн 67 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл ... зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 201622000313 дугаар хэрэгт Э.Г-ын өмчлөлийн ... улсын дугаартай Honda маркийн HR-V тээврийн хэрэгсэл, .... тоот гэрчилгээний дугаартай 572 м.кв газар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашаа байшинг битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжилэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Ж.У бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ж.У 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ж.Уд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн 201622000313 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Т- нь шүүгдэгчээс 15.943.050 /арван таван сая есөн зуун дөчин гурван мянга тавь/ төгрөгний хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР