Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2024/0110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Л.Батбаатар би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: З ХХК

            Хариуцагч: Оюуны өмчийн газар

            Гуравдагч этгээд: Е ХХК хоорондын загварын патенттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б, нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.О, Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, Д.Н, А.А, Л.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.М, В.С, Г.Х, Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн  дугаартай тушаалын 2 дэх хавсралтын G  бүтээгдэхүүний загварыг  улсын бүртгэлд бүртгэж патент олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага дэмжсэн болно.

            Хоёр. Маргааны үйл баримт, процессын талаар:

            2.1. Анх иргэн Ж.Бэ 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Оюуны өмчийн газарт Бүтээгдэхүүний загварын өргөдөл гаргасныг тус газар хүлээн авч, мэдүүлгийн бүртгэлд ** дугаараар бүртгэн, бүтээгдэхүүний загварын мэдүүлгийн дагуу шүүлт хийж, улмаар олон улсын ангилал 01-01, Чихэр, жигнэмэг, шоколадны хэв - Монгол бэлгэдэл, монгол гэр хэлбэр хийц бүхий бүтээгдэхүүний загварын нэрийг Монгол улсын /2006 оны/ Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан бүтээгдэхүүний загварын патент олгох шалгуур хангасан гэж үзэн[1][3] Оюуны өмчийн газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ****тушаалаар улсын бүртгэлийн **** дугаартай Чихэр жигнэмэг, шоколадны хэв-Монгол бэлгэдэл бүтээгдэхүүний загварын патент олгосон байна.

            Хожим нэхэмжлэгч З ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Ж.Бийн улсын бүртгэлийн **** дугаартай Чихэр жигнэмэг, шоколадны хэв-Монгол бэлгэдэл бүтээгдэхүүний загварын патентыг шилжүүлэн авч, Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар уг патентын эзэмшигч болжээ.

            Дээрх патентын хүчинтэй байх хугацаа 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл байх ба эзэмшигч нарын зүгээс Е ХХК-ийг манай бүтээгдэхүүний загварын патентад заасан хэлбэр хийцийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн хэмээн цагдаагийн байгууллагаар хэрэг бүртгэлтийн ... дугаар хэрэг нээлгэн шалгуулсан боловч гэрчүүдийн мэдүүлэг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг үнэлэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ... дугаар прокурорын тогтоолоор ...Е ХХК нь иргэн Ж.Бийн бүтээгдэхүүний загварын патенттай гэр шоколадыг эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан, өөрийн компанийн үйлдвэрлэлд нэвтрүүлэн бүтээгдэхүүнийг олон тоогоор үйлдвэрлэж их хэмжээний ашиг олсон...нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.

Уг тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

            Харин Е ХХК-ийн хувьд 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Оюуны өмчийн газарт хандан G  /шоколад/ бүтээгдэхүүний загварыг бүртгүүлэхээр Бүтээгдэхүүний загварын өргөдөл гаргасныг тус газар хүлээн авч, мэдүүлгийн бүртгэлд *** дугаараар бүртгэж, Е ХХК-ийн өргөдөлд дурдсан G  бүтээгдэхүүний загварын шүүлт хийн, Патентын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д заасны дагуу патент олгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч З ХХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ***, *** албан бичгээр няцаалт, өргөдөл, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20/37 албан бичгээр нэмэлт мэдээлэл хүргүүлсэн.

            Дээрх өргөдөл, мэдээлэлд дурдсан асуудлыг нягтлуулахаар Оюуны өмчийн газраас шинжээч томилж, бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийг хийлгүүлэхэд 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлт ...3836 дугаарт бүртгэлтэй G  бүтээгдэхүүний загвар нь Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасан шалгуурыг хангасан... гаргасан тул Оюуны өмчийн газрын дарга 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ***дүгээр албан бичгээр уг дүгнэлтийг З ХХК-д мэдэгдсэн аж.

            З ХХК-иас дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч аж үйлдвэрийн маргаан шийдвэрлэх комисст 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ***, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ***** дугаар албан бичгээр өргөдөл гаргасан бол Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн  дугаартай тушаалын 2 дахь хавсралтаар G  бүтээгдэхүүний загварыг  улсын бүртгэлд бүртгэж патент олгосон байна.

            Хожим Оюуны өмчийн байгууллагын дэргэд аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалтын талаарх өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий  Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл З ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн гомдлыг хуралдаанаар хэлэлцүүлэн[2][15] 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *** тогтоолоор...2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр олгосон  дугаартай бүтээгдэхүүний загварын патентыг хүчингүй болгох үндэслэлтэй байна...гэж дүгнэн Оюуны өмчийн газрын Бүтээгдэхүүний загварын шинжээчийн бүртгэсэн улсын бүртгэлийн *** дугаартай бүтээгдэхүүний загварын патентыг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэжээ[3][16]

            Энэхүү шийдвэрийн хэрэгжилтийг харгалзан үзэхгүйгээр З ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга, хууль зүйн үндэслэлийг тодруулахаар удаа дараа бүрдүүлбэр хангуулах ажиллагаа явуулсны[4][17] эцэст захиргааны хэрэг үүсгэн[5][18], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Оюуны өмчийн газрын дарга Е ХХК-д патент эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь илт хууль бус шинжийг агуулж байх бөгөөд, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь заалтад тус тус заасан хуулийн зохицуулалтыг зөрчиж байна.

...Гэр хэлбэртэй шоколадны загварыг З ХХК болон Е ХХК ижил цаг хугацаанд тусдаа зохион бүтээсэн гэж үзэхэд /2006/ Патентын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Ижил шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварыг тусдаа сэдэж бүтээсэн бол мэдүүлгээ Оюуны өмчийн газарт түрүүлж өгсөн зохиогч, харин давамгайлах огноо мэдүүлсэн тохиолдолд түрүү давамгайлах огноотой мэдүүлэг өгсөн зохиогч патент авах эрх эдэлнэ заасны дагуу 2013 онд тухай патентын эрхийн загварыг Ж.Бэд олгосон.

Ижил шийдэлд давхардуулан патент олгохгүй гэсэн дэлхий нийтэд илэрхий шалгуур, шаардлагыг зөрчиж патент эзэмшигчийн онцгой эрхийг үгүйсгэж, Е ХХК-д патент олгосон нь Оюуны өмчийн газрын даргад хуулиар олгогдоогүй эрх юм. Иймд дээрх үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа юм. Зохиолч Ж.Бэ нь өөрийн зохион бүтээсэн, З ХХК-д шилжүүлэн өгсөн гэр хэлбэртэй шоколадны загварыг 2013 онд Е ХХК-ийн захирал н.Наранцэцэгийн е-майл хаягаар илгээн танилцуулж, хамтран ажиллах саналаа хүргүүлсэн байдаг.

...Е ХХК-иас тухайн саналыг хүлээж аваагүй атлаа 2014 оны 02 дугаар сараас гэр хэлбэртэй шоколадыг зах зээлд үйлдвэрлэж, нийлүүлсэн.

... Е ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн анхдагч огноотой *** дугаартай бүтээгдэхүүний загвар нь /2006/ оны Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.1, 5.2.2, 5.2.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.2, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18 дугаар зүйлийн 18.1-д заасан шаардлагад нийцээгүй буюу хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "бүтээгдэхүүний загвар" гэж бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийцэд хамаарах гоёл чимэглэл, өнгө, өнгөний хослол агуулсан, шинээр зохион бүтээсэн, өвөрмөц шийдлийг ойлгоно гэж заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг "шинэ" гэж үзнэ гэж заасан. Хуулийн дээрх хэм хэмжээнд заасан шаардлагыг хангасан тохиолдолд патент олгох шийдвэр гаргах ёстой. Дээрх шалгуурыг хангаагүй байхад Оюуны өмчийн газрын дарга Е ХХК-д патентын эрхийг олгосон,

... Патентаар техникийн шийдлийг хамгаалдаг. Хуульд тусгагдсанаар шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар гэсэн 3 объект хамаарна. Шинэ бүтээл, ашигтай загвар гэдэг нь үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, арга ажиллагаанд хамаарах техникийн шийдлийг хамгаалдаг. Харин бүтээгдэхүүний загварт бүтээгдэхүүний загвар хийц, хэлбэрийн гоёл чимэглэл, уран сайхны шийдлийг хамгаалдаг. Бүтээгдэхүүний загварыг патентаар хамгаалахын тулд патент олгох шалгуурыг хангасан байх ёстой. /2006/ оны Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д зааснаар бүтээгдэхүүний загвар шинэ байх ёстой, мөн хуулийн 5.2.2-д зааснаар өвөрмөц байх ёстой гэсэн 2 шалгуурыг тусгаж өгсөн. Тухайн 2 шалгуурыг хангасан тохиолдолд бүтээгдэхүүний загварыг патентаар хамгаалдаг. Бүтээгдэхүүний загварт хайлт, шүүлт хийхдээ дээрх 2 шалгуурыг дэс дарааллын дагуу тогтоодог. Энэ нь олон улсад ч мөн адил мөрдөгддөг. Эхлээд тухайн бүтээгдэхүүн шинэ байгаа эсэхийг тогтоох бөгөөд шинэ биш байх тохиолдолд тухайн бүтээгдэхүүнд патент олгохгүй байх үндсэн 2 шалгуур байдаг. Өвөрмөц шинж гэдэг нь оюуны бүтээлч хөдөлмөрийн үр дүнд зохион бүтээсэн бүтээгдэхүүний загварыг хэлнэ. Өөрөөр тухайн зохиогч өөрөө зохион бүтээсэн, бусдын загварыг хуулбарлаагүй байхыг хэлнэ, маргаан гарсан байхад патент олгохыг хойшлуулахгүйгээр патентын эрхийг олгосон нь хууль бус байна,

... Оюуны өмчийн хэлэлцээрт 1997 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Монгол улс нэгдэн орсноор конвенцийг Монгол улс заавал дагаж мөрдөх, биелүүлэх үүрэгтэй. Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн талаарх /****/-ийн хэлэлцээрийн *** зүйлийн 1-д хамгаалагдсан бүтээгдэхүүний загварын эзэмшигч нь хамгаалагдсан загварын хуулбар буюу тодорхой хэмжээнд хуулбарласан загварыг агуулсан буюу илэрхийлсэн зүйлийг түүний зөвшөөрөлгүйгээр худалдааны зoрилгooр гуравдагч талуудад үйлдвэрлэх, худалдах эсхүл импортлохыг хoриглoх эрхтэй гэж заасан. Энэ нь шинэ, өвөрмөц шинж чанарыг агуулаагүй буюу шүүлт хангалтгүй хийсэн бөгөөд илт хууль бус байх шинжийг илэрхийлж байна...гэцгээв.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн хувьд зөвхөн гэртэй холбоотой бүх зүйлийг өмчлөх эрхтэй мэт ойлголттой байгаа юм. Гэтэл монгол гэрийг дүрслээд тухайн дүрсээр юуг ч илэрхийлж, ямар ч бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.

...Гэрийн хэлбэрийг ямар ч хийц, загвартайгаар, өөр хэв маягаар илэрхийлж болно. Мөн уламжлалт хэв шинжийг агуулахгүйгээр өөр хийц загвартайгаар хийж болно. Миний гаргасан дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй шинжээч нар болон дахин томилогдсон шинжээч нар хянаж, холбогдох дүгнэлтийг гаргасан болохыг дахин дурдах нь зүйтэй.

Патентын маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байх хугацаанд дахин патентын эрх олгосон талаарх тайлбартай холбогдуулан тайлбар хэлэхэд Аж үйлдвэрийн өмчийн удирдлагын систем цахим хэлбэрт шилжсэн, мэдүүлэг анх ирсэн өдрөөс эхлэн бүх үйл ажиллагаа хуульд заасан хугацааны дотор хэрэгждэг. Тухайн хугацаа өнгөрсөн тохиолдолд түүнд нөлөөлөх боломжгүй юм. Патентын мэдүүлэгт шүүлт хийсэн. Оюуны өмчийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн. Хэвлэгдээд 3 сар болоход ямар нэгэн гомдол гаргаагүй тохиолдолд тухайн систем автоматаар патент бичигдэх командыг мэргэжилтэн рүү илгээдэг. Маргаан үүссэнтэй холбоотой тухайн мэдээллүүд систем рүү ороогүй байсан учир патентын эрх олгох шийдвэр хугацааны дагуу болон автомат системийн дагуу илгээгдсэн бөгөөд мэргэжилтэн холбогдох материалыг эрх бүхий албан тушаалтан руу шилжүүлсэн байна. Хөндлөнгийн хүн нөлөөлж, нэг талд давуу байдал үүсгэн тушаал гаргах боломжгүй... гэв.

3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Е ХХК Монголын анхны шоколадны үйлдвэрлэгч компани юм. 2004 оноос хойш шоколадны зах зээлд бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Ихэвчлэн хавтгай хэлбэртэй шоколад үйлдвэрлэж байсан. Цаг хугацааны эрхээр үйлдвэрлэл өсөж, хөгжихийн хэрээр бүтээгдэхүүн хэв загвар өөрчлөгдөж, шинэчлэгдэнэ. 2009 оноос гэр гэдэг загвартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд тухайн үеийн эдийн засгийн байдал болон компанийн нөхцөл байдлаас шалтгаалан нөөц, бололцоогоо ашиглан тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд хөл бөмбөг хэлбэртэй дүрсээр тухайн бүтээгдэхүүнийг илэрхийлж, хэв загварыг тодорхойлж, үйлдвэрлэсэн. Тухайн хөл бөмбөг хэлбэртэй бүтээгдэхүүнийг голоор нь хуваахад хагас бөмбөг хэлбэрийн дүрс бий болно. Харин тухайн 2 бөмбөгийг нийлүүлэх тохиолдолд бүтэн бөөрөнхий хэлбэртэй бөмбөг хэлбэрийн дүрсийг бий болгоно. Ерөнхий хэлбэрийн хувьд гэр хэлбэртэй төстэй бөгөөд тухайн бүтээгдэхүүнийг гялгар цаасанд боогоод гадуур нь гэр хэлбэртэй хайрцагт хийж худалдаалдаг байсан. Үүнтэй холбоотой 2009 оноос хойш Е ХХК гэр хэлбэртэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, түүнийгээ нийлүүлэн, хамтарч ажиллаж байсан харилцагч байгууллага, дэлгүүр зэргээс ирүүлсэн нотлох баримтууд он сар, кодтойгоо байдаг. Мөн гэр хэлбэртэй шоколадыг Е ХХК хэзээнээс үйлдвэрлэж байсан болохыг нотлох баримтууд огноо, дугаартайгаа хэрэгт авагдсан байгаа.

... Ж.Бэ 2013 онд Е ХХК-тай хамтарч ажиллах санал тавьсан. Харин Е ХХК-ийн зүгээс хамтарч ажиллах боломжгүй талаарх татгалзсан хариу өгсөн, өнөөдрийн байдлаар Ж.Бэ нэг ширхэг ч гэр хэлбэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй бөгөөд нотлох баримт, танилцуулах бүтээгдэхүүн байхгүй... Е ХХК-ийн үйлдвэрлэж буй гэр хэлбэртэй шоколад, Ж.Бийн гэр хэлбэртэй загвар хоорондоо өөр, ялгаатай бөгөөд өөр өөр загвартай, мөн хоёулаа патентын эрхээр хамгаалагдсан байгаа. Бүтээгдэхүүний загвар өөр болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдоно.

... Хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д Бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг "шинэ" гэж үзнэ гэж заасан. Нийтэд илэрхий болоогүй нөхцөл байдлыг тогтоохдоо шинжээч өөрт байгаа мэдээллийн сангийн хүрээнд буюу Оюуны өмчийн газарт эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээгдэхүүний загварын сангийн хүрээнд хайлт шүүлт хийгээд нийтэд илэрхий болоогүй байна гэж үзвэл тухайн бүтээгдэхүүнийг шинэ гэж үздэг.

...Бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь оюуны бүтээлч шинжийг агуулна. Бүтээлч шинж гэдэгт тухайн хүн өөрийн сэтгэхүйн үйл ажиллагаагаар бодож, сэтгэж буй үйлдлийг хэлнэ. Е ХХК-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд бүтээгдэхүүний шинж чанар байгаа эсэхийг шинжээч нар тогтоосон.

Бүтээгдэхүүний загварыг харьцуулж шүүсэн бөгөөд нийтэд илэрхий болоогүй байх мөн бүтээгдэхүүний ялгаатай талыг тогтоосон учир /2006/ оны Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн. Иймд патентын эрх олгосон шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, илт хууль бус захиргааны актын шинжийг агуулахгүй байна.

Е ХХК бүтээл туурвих, онцгой эрх эзэмших эрхтэй. Ж.Бийн онцгой эрхэд халдаагүй бөгөөд үүнийг Оюуны өмчийн газар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Дүгнэлтэд тухайн хоёр бүтээгдэхүүн ялгаатай байх бөгөөд өвөрмөц шинжтэй, шинэ байна гэх дүгнэлтийг дурдаж өгсөн.

....Патентын онцгой эрхийг З ХХК болон Е ХХК аль аль нь эдэлнэ. Гэр хэлбэртэй шоколадны патентын эрхийг хэн ч эзэмших эрхтэй бөгөөд гол нь хуульд заасан шаардлага болон бусад үйлдвэрлэгчийн санаа сэдлийг хуулбарлаагүй, мөн дуурайгаагүй шинэлэг, өвөрмөц загвар, хийцтэй байхыг шаардана. Нэхэмжлэлийн шаардлагад нийтэд илэрхий болсон гэх зүйлийг тусгасан байдаг. 2014 оны загварыг 2019 оны загвартай ижил байна гэсэн шүүлт хийсэн зүйл байхгүй бөгөөд үүнийг нотолсон баримт байхгүй.

            ...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7 үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй буюу илт хууль бусад тооцуулах тухай тайлбарыг гаргаж байна. Бүтээгдэхүүний загварт патент олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна, 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхолд халдах гэж заасан. Хууль ёсны ямар эрх, ашиг сонирхолд халдсан бэ? гэдгийг тогтоох гэхэд Ж.Бийн бүтээгдэхүүнтэй ижил, төстэй байсан учир эрх, ашиг сонирхолд халдсан гэх тайлбарыг гаргадаг. Гэтэл бүтээгдэхүүн ижил, төстэй байгаатай холбоотой баримт байхгүй... гэцгээв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2./2006 оны/ Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. Бүтээгдэхүүний загвар нь шинэ, гоёл чимэглэлийн болон өвөрмөц шинжтэй бол зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд патент олгоно гээд 5.2-т Бүтээгдэхүүний загварыг хамгаалахад дараах шинж чанаруудыг харгалзан үзнэ, 5.2.1-д бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг "шинэ" гэж үзнэ, 5.2.2-т бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь оюуны бүтээлч шинжийг агуулж байвал түүнийг "өвөрмөц шинжтэй" гэж үзнэ, 5.2.3-д бүтээгдэхүүний загварын шинж чанарт тухайн бүтээгдэхүүний гадаад шинжийн гоо зүйн болон зохицох онцлог шинж чанарыг хамааруулна, харин /2020/ оны Патентын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Оюуны өмчийн байгууллага шинэ бүтээлийн патентын мэдүүлгийн мөн чанарын шүүлтийг мэдүүлэг гаргагчийн хүсэлтийг үндэслэн хийнэ, 25.4-т Дэвшүүлж байгаа шинэ бүтээлийн шийдэл нь энэ хуулийн 5, 6, 7 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор оюуны өмчийн байгууллага мөн чанарын шүүлт хийж, тайланг шинжээчийн дүгнэлтийн хамт мэдүүлэг гаргагчид хүргүүлнэ гэжээ.

4.3.Хавтас хэрэгт авагдсан 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлгийн бүртгэлийн ** дугаар өргөдөлд хавсаргасан зургууд, тодорхойлолт бүтээгдэхүүний загварын товчоо болон 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн, мэдүүлгийн бүртгэлд *** дугаараар бүртгэгдсэн өргөдөлд хавсаргасан зургууд, тодорхойлолт, бүтээгдэхүүний загварын товчоог харьцуулан үзээд дээрх хоёр компанийн бүтээгдэхүүний загвар бүхий дүрсүүдийг шууд ижил хэмээн дүгнэх боломжгүй байна.

4.4.Учир нь нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарт дурдсан үндэслэлүүдээр эрх бүхий байгууллагаас хууль сануулж, эрх, үүргийг нь тайлбарлуулан томилогдсон шинжээчдийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** ...зурагт дүрслэгдээгүй хээнүүдийг хамруулан дүгнэлт гаргах боломжгүй,...харьцуулж буй бүтээгдэхүүний загварууд нь хоёулаа монгол үндэсний гэрийн хэлбэрийг бүтээгдэхүүндээ шингээсэн боловч гэрийг дүрсэлсэн хэлбэрийн хувьд Е ХХК-ийн гэр хэлбэрийн бүтээгдэхүүн нь халх гэрийн хийцлэлтэй адил, ...гэрийн үндсэн бүрдлүүдийг агуулсан,...дүрслэлтэй хана, унь хоёрын холбоос зааг нь ялгагдаж харагдахаар трапец хэлбэртэй байна. "З" ХХК-ийн гэр хэлбэртэй загвар нь тал бөмбөрцөг хэлбэрийн гэр буюу ханыг нь матийлган дээш үргэлжлүүлж унь үүсгэсэн товь гэрийн хэлбэртэй адил байна.

Хээ чимэглэлийн хувьд: З" ХХК-ийн 2313 дугаар бүртгэлтэй бүтээгдэхүүний загварт гэрийн тооныг тойрсон хээг угалзлуулж чимэглэсэн, өрхгүй гэрийн 2 хувилбар, өрхтэй хээн чимэглэлгүй 1 хувилбартай, хээ, өрх, тоононы дүрслэлүүдийг нарийн зураасаар зурж дүрсэлсэн.

"Е" ХХК-ийн гэр хэлбэрийн бүтээгдэхүүнд монгол гэрийн дээвэрт гэрийн ханын толгой хүртэл үргэлжилсэн урттай, 4 талт тэгш хэмтэй унжуурга буюу халзтай, халзыг товойлгож дүрсэлсэн, жигд товгор хүрээн дээр цэгэн дугуй дүрслэлээр чимэглэсэн, халзны 4 талын төгсгөлд хамар угалз хээг холбож дүрсэлжээ. Мөн тооно, өрхийг товойлгож дүрсэлсэн, тооныг тэгш хэмээр хуваасан 4 том, 2 жижиг салхивчийг дүрсэлсэн, гэрийн туурганы ёроол хэсэгт хаяавчийг дүрсэлсэн товгор чимэглэл хийсэн.

Дээр дурдсан ялгаатай шинжүүдийг харьцуулан үзэхэд бүтээгдэхүүний загварууд нь Монгол үндэсний гэрийн хэлбэрийг бүтээгдэхүүндээ шингээсэн боловч гадаад хэлбэр, хээ чимэглэл, түүний дүрслэл зэргээрээ ялгаатай байгаа нь "Е" ХХК-ийн, мэдүүлгийн улсын бүртгэлийн 3836 дугаарт бүргэлтэй "G " бүтээгдэхүүний загвар нь Патентийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-д заасан шалгуурыг хангасан гэж үзэж байна...,гэх 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дахин шүүлтийн ...шинжээчийн дүгнэлтээр ижил төсөөтэй харагдах шинж, дүрслэл байхгүй... гэх дүгнэлтүүдийг үгүйсгэн няцааж чадсангүй.

4.5.Түүнчлэн З ХХК-ийн чихэр жигнэмэг, шоколадны хэв-Монгол бэлгэдэл бүтээгдэхүүний загвар дүрс зураг нь биет байдлаар хэлбэржвэл ямар бүтээгдэхүүн болох талаар баримт байдаггүйгээс G  бүтээгдэхүүний загвартай адил болон ялгамжтай байдал бодитоор илэрхийлэгдэхгүй байна.

4.6.Гэвч Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлөөс Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлд 25.1-д Аж үйлдвэрийн өмчийн эрхийн асуудлаар дараах гомдлыг...шийдвэрлэнэ заасан эрх хэмжээнийхээ хүрээнд мөн хуулийн 25.1.1-д заасны дагуу З ХХК-иас гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн  дугаар тушаалаар Е ХХК-д олгосон G нэртэй  бараа бүтээгдэхүүний  тоот патентын үндэслэл болсон мэдүүлгийн бүртгэлийн *** дугаартай G  бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *** тогтоолоороо хүчингүй болгосон байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн илт хууль бусад тооцуулахаар маргаж буй Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн  дугаар тушаалаар Е ХХК-д олгосон G нэртэй  бараа бүтээгдэхүүний  тоот патентын үндэслэл болсон шийдвэр юм.

4.7.Харин энэхүү тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д заасан эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд ...ашигтай нөхцөл байдлыг бий болгосон нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзэх бөгөөд тус актын улмаас З ХХК-ийн эрх зүйн байдал одоогоор дээрдсэн нөхцөл байдалтай байгаа болно.

4.8. Гэхдээ Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн гаргасан дээрх тогтоолоор Е ХХК-д *** дугаартай G  бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтийг чухам 2006 оны/ Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг "шинэ" гэж үзээгүй эсэх, мөн хуулийн 13.2-т Энэ хуулийн 13.1-д заасан хугацаанд няцаасан нотолгоо ирсэн, маргаан гарсан тохиолдолд тэдгээрийг зохих журмын дагуу шийдвэрлэх хүртэл патент олгохыг хойшлуулсан эсэх, Дэлхийн худалдааны байгууллагын Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн талаарх хэлэлцээрийн 25 дугаар зүйлийн 1-д[6][20] заасан аль үндэслэлээр хүчингүй болгосон нь тодорхойгүй, гуравдагч этгээд Е ХХК-ийн зүгээс Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *** тогтоолыг эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн хүчингүй болгуулах тухай маргааныг тус шүүх эцэслэн шийдвэрлээгүй аж.

4.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй зааснаар үндсэн маргаанаас хальж өөр бусад хэрэг маргаанд хянагдаж байгаа актын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт өгөхийг хязгаарласан тул шүүхээс Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн *** тогтоолоор...2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр олгосон  дугаартай бүтээгдэхүүний загварын патентыг хүчингүй болгох үндэслэлтэй байна...гэж дүгнэн Оюуны өмчийн газрын Бүтээгдэхүүний загварын шинжээчийн бүртгэсэн улсын бүртгэлийн *** дугаартай бүтээгдэхүүний загварын патентыг хүчингүй болгосон шийдвэрт дүгнэлт өгөх нь зүйд нийцэхгүй.

4.10.Өөрөөр хэлбэл Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн  дугаартай тушаалаар G  бүтээгдэхүүнд патент олгосон үйл ажиллагааны урьдаж нөхцөл буюу үндэслэл болсон шийдвэрийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг илт хууль бусад тооцох үндэслэлгүй.

4.11. Нөгөөтээгүүр маргаан бүхий актын хувьд ...патентын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9, 13 дугаар зүйлийн 13.1...зэрэг тухайн харилцааг зохицуулсан хуулийн зүйл, заалтыг үндэслэл болгосон байхаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6 захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй байх шинжийг агуулсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.

4.12. Иймд маргаан бүхий актын холбогдох хэсгийг илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн  дугаартай тушаалын 2 дахь хавсралтын G  бүтээгдэхүүний загварыг  улсын бүртгэлд бүртгэж патент олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. /2006 оны/ оны Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.3, 14 дүгээр зүйлийн 14.2, /2020 оны/ Патентын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч З ХХК-ийн гаргасан Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн  дугаар тушаалаар Е ХХК-д олгосон G нэртэй бүтээгдэхүүний загварын  улсын бүртгэлийн дугаарт бүртгэж патент олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.БАТБААТАР