Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 985

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Бийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00259 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.Бийн хариуцагч Д ТӨХК-д холбогдуулан гаргасан авто аж ахуйн хэсгийн ачааны автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б нь тухайн байгууллагад 2014 оноос хойш ажиллах хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй. Гэтэл ажил олгогчоос 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б/428 дугаартай тушаалаар “компанийн эд зүйлийг хулгайлахыг завдсан” ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсныг эс зөвшөөрч байна. Учир нь, түүнд хулгай хийх санаа зорилго байгаагүй няравт хэлж зөвшөөрөл авснаар тухайн эд зүйлийг авсан. Хэрэв тухайн эд зүйлийг хулгайлах байсан бол нуугаад авч гарах байсан. Гэтэл ил байсан. Ажлаас халсан тушаал нь хуульд нийцээгүй тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун-эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Тус компанийн жолоочоор ажиллаж байсан Баасандорж нь 2019 оны 9 дүгээр сард 29 кг бүхий 2 ширхэг хар өнгийн дамартай утсыг станцын эзэмшлийн 80-47 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодон объектоос гарах үедээ харуулд баригдсан. Харуул уг үйлдлийг илрүүлж утсыг хэнээс авсан гэхэд н.Золбоогоос авсан нь тогтоогдсон. н.Золбоо нь няравын ажлыг орлон гүйцэтгэх хугацаанд өөрт итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй жолооч Л.Бид өгсөн нь Эрүүгийн хуулийн 17.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Э.Золбоо Л.Б нар нь хамтран дээрх зөрчлийг үйлдсэн. Иймд хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ажлаас нь халсан гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2-т зааснаар Л.Бийг Д ТӨХК-ийн Авто аж ахуйн хэсгийн ачааны автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Д ТӨХК-аас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 8 868 510 төгрөг гаргуулан Л.Бид олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу cap тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг зөвтгөн нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д ТӨХК-аас 156 846 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Л.Б нь Хүн ба тээврийн хэрэгсэл, бараа материал шалган нэвтрүүлэх журмыг зөрчиж 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр харуулын 1 дүгээр цэгээр байгууллагын эзэмшлийн автомашинтай объектоос гарах үедээ 29 кг, 2 ширхэг хар өнгийн дамартай Ф-0,75 маркийн зэс утсыг зөвшөөрөлгүйгээр, нууцаар авч гарах гэж байсныг харуулын хэсгийн харуулчин илрүүлсэн байх бөгөөд шалгалтаар Санхүү бүртгэлийн хэлтсийн няравын ажил үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Э.Золбоогоос авсан байдаг. Дамартай ороомог зэс утсыг зөвхөн цахилгаан станцын хөдөлгүүр орооход ашигладаг өөр байдлаар ашиглах боломжгүй юм. Л.Б, Э.Золбоо нар нь уг үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Энэ нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 18.6.7-д заасан ажилтан өөрт хариуцуулсан болон үйлдвэрлэлийн эд хөрөнгийг хулгайлсан, хулгайд алдсан, үрэгдүүлсэн, хулгай хийхийг завдсан, хууль бусаар ашигласан, ашиглахыг завдсан, дутаасан зөрчилд хамаарах бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

Гэтэл анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус болсон Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан “хэрэг бүртгэлтийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ажил олгогчийн зүгээс компанийн эд зүйлийг хулгайлахыг завдсан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь буруу” хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Д ТӨХКнь Хөдөлмөрийн дотоод журмын 18.6.7-д заасныг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж түүнд сахилгын шийтгэлийг хуулийн хугацаанд ногдуулж ажлаас халсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж ажлаас халаагүй. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад компанийн эд зүйлийг хулгайлахыг завдсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажил олгогч ажилтныг ажлаас халсан нь буруу болжээ гэж шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Эрүүгийн хэргийн тухайд харуул хамгаалалтын хэсэг нь өөрсдийн чиг үүргийн хүрээнд зөрчлийг илрүүлж Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлсэн бөгөөд эрүүгийн хэрэг үүсч тусдаа шалгагдаж байна. Мөн шүүхийн “хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг үндэслээгүй нь актад тавигдах шаардлагыг хангаагүй байна" гэж дүгнэн зөрчил гаргасан этгээдүүдээс гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна.

Тус компани нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар /Хөдөлмөрийн дотоод журмын 18.6.7/ заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар ажлаас халсан. Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт ажил олгогч ...хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд ...сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна” гэж заасны дагуу гүйцэтгэх захирал тушаал /шийдвэр/ гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан. Ажлаас халах тушаалд Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан зохицуулалтаас гадна мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг давхар тусгана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд заавал давхар хэрэглэхийг шаардахгүй тул шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.  

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Д ТӨХК-д холбогдуулан урьд ажиллаж байсан авто аж ахуйн хэсгийн ачааны автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан гэж тайлбарлан маргажээ. /хх1-2, 18/

 

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Д ТӨХК-ийн шалган нэвтрүүлэх хэсгээр байгууллагын эд хөрөнгө болох зэс утсыг зөвшөөрөлгүйгээр авч гарахыг завдсан, үүнийг тухайн үед харуулын үүрэг гүйцэтгэж байсан ажилтан илрүүлсэн үйл баримт тогтоогдсон. Талууд энэхүү үйл явдлын талаар маргадаггүй, харин Л.Бийн уг үйлдэлд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн тушаал хуульд нийцсэн эсэх нь маргааны гол зүйл болсон гэж үзэхээр байна.

 

Ажил олгогч нь авто аж ахуйн хэсгийн ачааны автомашины жолооч Л.Бийг компанийн эд зүйлийг хулгайлахыг завдсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 18.5.3, 18.6.7, Эрчим хүчний салбарын ажилтны ёс зүйн дүрмийн 5, “ДЦС-3” ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2019/01 дугаартай хурлын тэмдэглэлийг тус тус баримтлан 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б/428 дугаар тушаалаар ажлаас халсан байна. /хх 9/

 

Анхан шатны шүүх дээрх тушаал нь эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангаагүй, ямар хуулийн зохицуулалт үндэслэл болгосон нь тодорхой бус, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг тодорхой нэрлэн заасан байдаг бөгөөд гэрээний 3.1-д ажилтан Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж болон компанийн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлэх үүрэгтэй, 4.2.1-д үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг тоносон, эд ангийг хулгайлсан, компанийн өмчийг хулгайлсан буюу хулгайлахыг завдсан нь нотлогдвол... ажил олгогчийн санаачилгаар гэрээг шууд цуцлахаар талууд тохиролцсон байна. /хх64-66/

Хэргийн 20 дугаар талд авагдсан Л.Боос ажил олгогчийн удирдлагад гаргасан өргөдөл болон түүний дээрх үйлдэлд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзэхэд Л.Б нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан болох нь бүрэн тогтоогдсон байх тул ажил олгогчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Б/428 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. /хх 91-101/

 

Иймд нэхэмжлэгч Л.Бийн хариуцагч Д ТӨХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөх бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Хэрэгт тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн дотоод журам /хх27-45/ хуулбар хэлбэрээр авагдсан байх боловч талууд хөдөлмөрийн гэрээнд ямар тохиолдолд гэрээг цуцлах талаар тодорхой тусгасан, тухайн зөрчил нь бусад баримтаар тогтоогдож байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00259 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч Д ТӨХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөх бичилт хийлгэхийг даалгах тухай Л.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахьь хэсэгт зааснаар хариуцагч Д ТӨХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219 570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн                                                          дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход                              саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ                                                                   

                                        ШҮҮГЧИД                                Т.ТУЯА

 

                                                                                         Д.ЦОГТСАЙХАН