Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/31

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                             Д.Ганчимэг

Шүүгдэгч                                                              *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                       Д.Урансувд

                                                                              Б.Солонго

Нарийн бичгийн дарга                                           Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/147 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өмгөөлөгч Д.Урансувд, Б.Солонго нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, “АйСВН” ХХК-д нярав ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй. /РД: *******/

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 17-ноос 20-ны өдрийн хооронд Дорнод аймаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ны 19 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч “*******” ХХК-ний хашаанд байрлах агуулахын цоожийг эвдэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

- Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулахад нэвтэрч, нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* *******т 1 /нэг/ жилийн  хорих ял шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 32 см урттай, хар өнгийн төмөр 1 ширхэг, шар, цэнхэр өнгийн 2 ширхэг цоожийг устгаж, АЭРТАЛ гэсэн бичигтэй, ягаан өнгийн флаш 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,

- шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдолдоо: “... Гэмт хэргийн зүйлчлэлд маргаагүй. Харин шүүхээс гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулсан ялыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн буруу тайлбарлан өмгөөлөгчийн саналыг хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарласантай санал нийлэхгүй гомдол гаргаж байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн ба улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхээр завдсан тохиолдолд ямар ч төрлийн ялын хэмжээг хуульчлан тогтоосон. Харин гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд шүүхээс хорих ял оногдуулахаар бол гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байлдыг харгалзан хорих ялын доод хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан 6 сар хүртэл тогтоож, хорих ял оногдуулдаг тул уг хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзлээ гэж үндэслэлээ тайлбарласан.

Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдэхээр завдсан бөгөөд шүүхээс хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг зөв дүгнэсэн. ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн үнэн зөвөөр мэдүүлэг гаргаж гэмт хэрэг үйлдсэн талаар хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу бусдад төлөх төлбөргүй болохыг шүүх дүгнэсэн. Гэтэл яагаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаар хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх хуулийн зохицууулалт хамаарах үндэслэлгүй гэж шүүхээс үзсэн нь хүн бүр хууль шүүхийн өмнө адил тэгш байх, хууль ёсны бөгөөд шударга ёсны байх зарчимтай нийцэхгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сараас 20 жил хүртэл хугацаагаар ... хорих ялыг эдлүүлнэ гэж нийт оногдуулж болох хорих ялын дээд, доод хэмжээг хуульчлан зохицуулсан. Тийм ч учраас өмгөөлөгчийн хувьд *******ийн үйлдсэн гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэл нь гэмт хэрэг төгс үйлдсэн төгссөн гэмт хэргээс нийгмийн аюулын шинж байдал нь хөнгөн, гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол төлбөргүй учраас эрх зүйн байдлыг дээрдүүлэх зохицуулалтыг шүүхээс хэрэглэхийг санал болгосон юм. Тиймээс ч шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэхээр завдах үйлдэлд ялыг ердийн хэмжээнээс багасган оногдуулах шударга ёсны зарчмыг хэрэглэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2-8 жилийн хорих ял оногдуулах заалттай гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байдал нь оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болох ба гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд хөнгөрүүлэн оногдуулсан ялыг хоёрны нэгээр багасган оногдуулах нь гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд нийцсэн, шүүхээс гэмт хэрэг үйлдэж төгсгөсөн хэргээс яллах, хариуцлагыг хөнгөрүүлэх гол шинж гэж үзэж байна.

Шүүгдэгч ******* нь эхнэрийн хамт амьдардаг ба эхнэр нь 9 сар дөхсөн жирэмсэн. Түүний гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд тохирох ял шийтгэл шүүхээс оногдуулах нь түүний ар гэрт ганцаар үлдсэн жирэмсэн эмэгтэйд ч гэсэн хүндээр тусахгүй зөв шийтгэл болох юм. Хорих ялын доод хэмжээг хуулиар 6 сар гэж зохицуулж өгсөн. Ингэж шийдсэнээр хууль зөрчихгүй, гэмт хэрэг төгсгөсөн үйлдэл, завдсан үйлдэлд ялыг ялгамжтай хэрэглэх энэрэнгүй ёсны зарчимд нийцэх юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэхгүй эрх зүйн байдлыг дордуулж шийдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго давж заалдах гомдолдоо: “*******ийн тухайд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох ба хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Нөгөө талаас *******ийн хувьд хэргийн зүйлчлэл болон өөрийн гэм буруугийн тухайд маргадаггүй, мөрдөн байцаалтын шатаас эхлэн хэргийн талаар үнэн зөвөөр тогтвортой мэдүүлдэг. Хулгайлахаар завдсан эд зүйлээ эзэнд нь буцаан өгсөн, хэрэгтээ чин санаанаас гэмшиж эд зүйлийг хашаа руу нь давуулж шидэхээр очсон зэрэг нөхцөл байдал хавтаст хэрэгт тогтоогддог.

******* нь эхнэрийн хамт, ам бүл 2. Эхнэр нь 6 дугаар сарын 15-ны үеэр амаржиж анхны хүүхдээ төрүүлэх юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж, мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ.” гэж тус тус заасан.

*******ийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалт зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны ... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасныг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд гаргасан тайлбар, саналдаа: “Миний үйлчлүүлэгчийн хувьд анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол гэж байхгүй. Түүнд оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал бүрэн байсан. Гэтэл энэ зүйл ангийг хэрэглэх боломжгүй гэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл гаргасан. ...Хуульд хорих ялын доод, дээд хэмжээг 6 сараас 20 жил хүртэл хугацаагаар заасан. Иймд *******т 6 сарын хорих ял оногдуулах бүрэн боломжтой байна. Төгссөн үйлдэл дээр 1 жилийн хорих ял оногдуулдаг. Гэтэл энэ хүний үйлдэл төгсөөгүй байгаа гэдгийг анхаарч үзээч. Сая 6 дугаар сарын 03-ны өдөр эхнэр нь амаржсан. Нярайн бие тааруу байгаа учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго гаргасан тайлбар, саналдаа: “Давж заалдах шатны шүүхээс түүний өмгөөлөгчөөр ажиллаж байна. Төгсгөж чадаагүй завдалтын шинжтэй гэмт хэрэг учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамласан. Энд ялын дээд хэмжээний 3/2-оос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж болохоор зааснаас биш доод хэмжээг зааж өгөөгүй. Иймд шүүгдэгчид ашигтай заалтыг баримтлан шийдвэрлэж өгнө үү. Зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээ нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал юм.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “Анх удаа ийм гэмт хэрэгт холбогдсон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Анхны хүүхэд маань сая төрсөн. Надад үнэхээр хэцүү байна. Газрын тосны газарт ажиллаж байхдаа согтуу байсан. Яг яагаад тийм үйлдэл хийснээ ч сайн мэдэхгүй байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганчимэг гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял халдаасан. Эрүүгийн хуульд хорих ялын хугацааг 6 сараас 20 жилийн хугацаагаар хуульчилсан нь үнэн. Гэхдээ шүүх тухайн зүйл заалтыг заавал баримтлах талаар зааж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийг эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхгүй. Давж заалдах шатны шүүхээс зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх боломжтой.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, Б.Солонго нарын давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзээд *******т холбогдох хэргийг Дорнод аймгийн Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэв.

Дорнод аймгийн Прокрорын газраас шүүгдэгч *******ийг 2022 оны 02 дугаар сарын 17-ноос 20-ны өдрийн хооронд Дорнод аймаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ний 19 дүгээр талбайн  туслан гүйцэтгэгч “*******” ХХК-ний хашаанд байрлах агуулахын цоожийг эвдэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараахь зүйлийг тусгана: 3.1-д “яллагдагчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, биеийн байцаалттай холбоотой бусад мэдээлэл; 3.2-т “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт.” зэргийг тусгахаар заасан.

Хавтаст хэргийн 11 дүгээр талд шүүгдэгчийн хулгайлахыг завдсан гэх эд зүйлийн гэрэл зураг, хэргийн 49-56 дугаар талд “Вендо” ХХК-ний үнэлгээний тайлан зэргийг нотлох баримтаар хавсаргасан хэдий ч прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд шүүгдэгч *******ийг ”*******” ХХК-ийн агуулахаас хэдэн нэр төрлийн эд зүйлийг хулгайлж, уг компанид хичнээн төгрөгийн хохирол учруулахыг завдсан болохыг тодорхой тусгаж ирүүлээгүй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.

Гэтэл анхан шатны шүүх прокурорын үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй байхад “Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 17-ноос 20-ны өдрийн хооронд Дорнод аймаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ны 19 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч “*******” ХХК-ний хашаанд байрлах агуулахын цоожийг эвдэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан  болох нь ... хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.” гэсэн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх заалттай нийцээгүй байна гэж тус шүүхээс дүгнэлээ.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байх тул *******т холбогдох хэргийг Дорнод аймгийн Прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж үзэв.

*******т холбогдох хэргийг Прокурорын газарт буцаасан тул өмгөөлөгч Д.Урансувд, Б.Солонго нарын гаргасан гомдолд энэ удаагийн шүүх хуралдаанаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзнэ.

Шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл  байхгүй тул хэргийг Прокурорын газарт хүргүүлэх хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28ы өдрийн 2022/ШЦТ/147 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн ******* дугаартай *******т холбогдох хэргийг Дорнод аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хэргийг Дорнод аймгийн Прокурорын газарт хүргүүлэх хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ЭНХЦЭЦЭГ

                                                                 ШҮҮГЧИД                                                      С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                           Ж.ДОЛГОРМАА