Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 122/ШШ2024/0006

 

2024     04         05                                            122/ШШ2024/0006                             

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярцогт би аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ө.*******өөс Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.*******ы 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0612932 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.******* би 2023 оны 12 сарын 14-ний өдөр 06122932 дугаартай шийтгэлийн хуудсыг тус сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “******* ******* корпораци” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1.2.1 зааснаар 2.500.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байдаг.

Арга хэмжээ авах явцад эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, шийтгэл оногдуулахад хуулийн заалтыг буруу ашигласан нь үнэн болно. Иймд Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Ө.*******ийн гаргасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг эсэргүйцэх зүйл байхгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ө.******* нь Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.*******д холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан С.*******ы холбогдогч “******* ******* корпораци” ХХК-д шийтгэл оногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0612932 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.******* нь прокурорын дүгнэлтийг буюу, маргаан бүхий 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0612932 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг ирүүлсэн байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бол шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заажээ.

Иймд хэргийн хариуцагч Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.*******ы зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрхийг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ө.*******ийн Сүхбаатар  аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч С.*******д холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан С.*******ы холбогдогч “******* ******* корпораци” ХХК-д шийтгэл оногдуулсан 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0612932 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь  шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                                             ШҮҮГЧ                                Б.БАЯРЦОГТ