Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2018/03071

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2018/03071

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо    тоотод оршин суух Б овогт П Х /РД:  , утасны дугаар:  /

Хариуцагч: Баянгол дүүрэг  дугаар хороо МОХН У

Ажилгүй байсан хугацааны цалин 17946325 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А

хариуцагчийн төлөөлөгч Д.Э

нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие У даргын орон тооны зөвлөх буюу хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан гэвч уг орон тоог хассан гэж Ударга 2016.09.14-ны өдөр № Б-1-208 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гарган намайг ажлаас халсан. Миний бие уг тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул шүүхэд хандсан бөгөөд Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 2016.11.09-ний өдрийн №102/ШШ2016/05685 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.01 04-ний өдрийн №114 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2017.02.23-ны өдрийн №001/ХТ2017/00214 тоот тогтоолоор ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь шүүхийн шийдвэрийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б-1-257 дугаар тушаалаар эгүүлэн ажилд авсан боловч ажилгүй байсан хугацааны цалинг олгоогүй, олгохоор шийдвэрлээгүй байна. Иймд 2017.09.05-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 11 сар 10 хоногийн цалин буюу 17.946.325 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Х нь Ударгын орон тооны зөвлөх буюу хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 14-ний Б-1-208 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.Уг тушаалын дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/05685 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 114 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2017/00214 тоот тогтоолоор ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу дахин ажилгүй байсан хугацааныхаа цалингаа нэхэмжилж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШТ2017/02715 тоот тогтоолоор 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 15105964 төгрөгийг гаргуулахаар шийдэж өгсөн. Үүнээс хойш хугацаа буюу 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Иймд 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 11 сар 10 хоногийн цалин буюу 17946325 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү

Хариуцагчийн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны олговорт 17946325 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай гомдол гаргажээ. П.Х нь УБТЗ-ын даргын хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд тус даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б-1-208 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас нь халжээ. Ингэснээр тухайн ажилтан нь зөвхөн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол шүүхэд гаргаснаар мөн оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 102/ШШ2016/05685 дугаартай шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон байх ба хариуцагчийн гомдлоор давах болон хяналтын шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна. Улмаар нэхэмжлэгч нь дээрхи шийдвэр гарсны дараа тус дүүргийн шүүхэд хандан ажилгүй байсан хугацааны олговорт 15132840 төгрөг гаргуулах тухай гомдол гаргасныг анхан шатны шүүхээс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр102/ШШ2017/02717 дугаартай шийдвэрээр шийдвэрлэхдээ 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх 9 сар 15 хоногийн цалин хөлс 15105961 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангаж, үлдэх 26879 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолыг үндэслэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс мөн оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 2477 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Тус шүүхийн шийдвэрийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчид 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн төлбөрийн 166 тоот даалгавраар нэхэмжлэгчид дээрх мөнгийг шилжүүлэн олгосон байна. Ажил олгогчоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ гүйцэтгэхийн тулд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр албан тушаал цомхотгогдсон бол .. адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах гэснийг болон Улсын Дээд шуүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаартай тогтоолын 13-т Хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан адил чанарын өөр ажил, албан тушаал гэдэгт: цомхотгогдсон ажлын байр, албан тушаал,... цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил, эсхүл ойролцоо түвшингийн ажлын байр, албан тушаалыг ойлгоно гэсний дагуу нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байсан даргын хуулийн зөвлөх-ийн ажлын байр, албан тушаалтай ижил, ойролцоо түвшингийн албан тушаал болох ахлах хуулийн зөвлөхийн орон тоог УБТЗ-ын даргын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А-370 дугаартай тушаалаар Хууль зүйн албаны хөдөлмөрийн харилцааны эрх зүйн хэлтэст шинээр бий болгон нэмж, мөн өдрийн Б-1-247 дугаартай тушаалаар мөн сарын 13-ны өдрөөс эхлэн П.Хыг уг ажилд ажиллуулахаар шийдвэрлэсэн боловч тэрээр уг ажлыг хийхгүй, хуучин ажил буюу даргын хуулийн зөвлөхөөр ажиллана гэсэн гомдол гаргасан тул Замын даргаас 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А-377 дугаартай тушаалаар өмнөх Б-1-247 тоот болон А-370 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, улмаар мөн сарын 15-ны өдрийн Б-1-257 дугаар тушаалаар мөн өдрөөс эхлэн Замын даргын хуулийн зөвлөхөөр ажилд эгүүлэн томилсон байна. Ийнхүү ажил олгогч нь эхний удаад нэхэмжлэгчийг шинэ орон тоо гаргаж, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, бололцооны дагуу ижил албан тушаалд 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байхад тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас УБТЗ ХНН нь нэхэмжлэгчид 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх 11 сар 07 хоногийн цалинг шүүхийн шийдвэрийн дагуу нэг сарын цалин хөлсийг 1560550 төгрөгөөр тооцоход ажлын нэг өдрийн цалин 70934 төгрөг болох тул /17 166 050+496 538 төгрөг/ нийт 17662588 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үндэслэлгүй нэхэмжилсэн 283737 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Х нь хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б-1-208 тоот Ударгын тушаалаар ажлаасаа халагдсан. Ингээд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Уг шийдвэрээр 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 9 сар 15 хоногийн цалин олгохоор шийдвэрлэсэн. Ингээд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж, 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр П.Хт мөнгийг шилжүүлсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн тайлбар, журам дээрх заалтуудыг үндэслэж, Ударгын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А-370 тоот тушаал гарсан байдаг. Ударгын хуулийн зөвлөх гэдэг орон тоо байхгүй болсон. Хуулийн алба, Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн албатай болсон. Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн албандаа шинээр орон тоо нэмж, хуулийн зөвлөхөөр авъя гэсэн тушаал гарсан байдаг. Гэтэл П.Х энэ ажлыг хийхгүй гэсэн учраас 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б-1-257 дугаар тушаалаар Замын даргын хуулийн зөвлөхийн ажилд эгүүлэн авахаар шийдвэрлэсэн байдаг. Үүнээс хойш ажлаа хийхгүй ажилдаа ирэхгүй байгаа. Иймд ажилгүй байсан хугацаа нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 243 хоног болж байгаа. Нэг өдрийн дундаж цалин нь 63148 төгрөг байгаа. Ингээд 243 хоногийг нэг өдрийн цалин 63148 төгрөгөөр үржүүлэхээр 15344964 төгрөг болж байна. Энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэгдэл хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 55 дугаар тушаалаар дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу ажилчны нэг өдрийн цалинг сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцоолно гэж байгаа боловч хэрвээ ажилласан хугацаа нь хүрэхгүй тохиолдолд тухайн хугацаанд авсан цалин хөлсийг нийт ажилласан хоногт нь хувааж, нэг өдрийн цалин, хөлсийг тодорхойлж болно гэсэн заалтыг үндэслэж тооцоолсон байгаа. Улсын дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тайлбар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 55 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу дундаж цалин хөлсийг тооцоолж, шийдвэрлэж өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

1. Нэхэмжлэгч П.Х хариуцагч МОХН У Б Т Зд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 17946325 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч П.Х нь МОХН У Б Т Зын даргын хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Б-1-208 дугаар тушаалаар ажлаасаа халагдаж, уг тушаал үндэслэлгүй байсны улмаас өмнө эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгосон болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/05685 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2017/00214 дугаар тогтоолоор тогтоогдож байна. Үүний дараа нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулсан болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/02717 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2477 дугаар магадлалаар тогтоогдож байна. Дээрх шийдвэрүүдээр шийдвэрлэсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

Харин одоо нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаардсаныг хариуцагч анхан шатны шүүх ажилтны нэг өдрийн цалинг тооцохдоо үндсэн цалин болон шагналт цалингаас бодох байтал хөнгөлөлт орсон дүнгээс тооцсон нь буруу, нэхэмжлэгчийг 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ажилд нь эгүүлэн авсан гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийг ажил олгогч 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан МОХН У Б Т Зын даргын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б-I-257 тоот тушаалаар тогтоогдож байна. Харин хариуцагч 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн авсан гэж байгаа боловч энэ талаар баримт гаргаагүйг дурдах нь зүйтэй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох үүрэгтэй гэж заасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс /энэ өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалингаа шүүхийн шийдвэрээр гаргуулсан/ 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин шаардах эрхтэй байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/02717 дугаар шийдвэрээр П.Хын нэг өдрийн цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас халагдахын өмнөх сүүлийн 3 сарын буюу 2016 оны 6, 7, 8 дугаар саруудад авсан цалингийн дундажаар тодорхойлж 72584 төгрөгөөр тогтоосон байх ба уг шийдвэрийг давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн гэж дүгнэжээ. Иймд дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон нэг өдрийн цалингийн хэмжээгээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцох үндэслэлтэй. Иймд П.Хын дундаж цалин хөлсийг 2016 оны 7, 8, 9 дүгээр сарын үндсэн цалин болон шагналт цалингийн дүнгээс тооцно гэсэн хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй болно.

Иймд П.Хт ажилгүй байсан хугацааны ажлын 245 өдрийн /2017 оны 9 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /4681650 : 3 сар = 1560550 төгрөг, 1560550 : 21.5 өдөр = 72584 төгрөг, 72584 төгрөг х 245 өдөр = 17783080 төгрөг/ 17783080 төгрөгийг олгож, илүү нэхэмжилсэн 163245 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

П.Хын нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн шаардлагатай хамааралтай тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 246865 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МОХН У Б Т Заас 17783080 /арван долоон сая долоон зуун наян гурван мянга ная/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б овогт П Хт олгож, нэхэмжлэлээс 163245 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар П.Хын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МОХН У Б Т Заас улсын тэмдэгтийн хураамжид 246865 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА