| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0198/Э |
| Дугаар | 190 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтансүх
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Г-д холбогдох эрүүгийн 1720000000083 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг оршин суух хаягтай, ажилтай, Х овогт Б.Г,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 29-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт Х.Х-тэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, нуруунд өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 11 сарын 29-ний өдөр намайг гэртээ байж байтал өглөөний 09 цагийн орчим мастер М над руу залгаад “зуухан дээр ирээрэй. Бохирын шугам цоолох ажил байна” гэж хэлсэн. Тэгээд би 09 цаг 30 минутын орчимд уурын зуухан дээр ирсэн. Намайг ирсэнээс хойш М дахин над руу залгаад “14 цагт хүрээд ир. Үдээс хойш болохоор боллоо” гэж хэлсэн. Тэгээд уурын зуухан дээр байж байтал дулаан хангамжийн инженер Э “нэг юм ууя. Танайд очъё” гэхээр нь би “үгүй манай гэрт эхнэр маань байгаа” гэж хэлсэн. Тэгтэл Э “тэгвэл Х-н гэрт очъё” гэж хэлээд Х рүү утсаар ярьсан. Ойролцоогоор 11 цагийн орчимд Э бид хоёр Х-н гэр лүү явсан. Тухайн үед Э 0,5 л Ерөөл нэртэй архи авчихсан байсан. Миний машинд нэг хятад архи байсан. Э бид хоёрыг 2 архиа аваад Х-н гэрт ороход Х 2 хүүхдийнхээ хамт байсан. Удалгүй хүүхдүүд нь хичээлдээ явж, гэрт Э, Х бид гурав үлдсэн. Бид гурав сууж байгаад 2 шил архиа ууж дуусгаад, би гарч Алтан жолоо дэлгүүрээс 0,75 л Ерөөл нэртэй архи 1 шилийг авч буцаж Х-н гэрт нь ирсэн. Түүнийг уугаад талдаа орж байтал Э согтоод унтсан, үлдсэнийг нь Х бид хоёр дуусгасан. Тэгээд би Х-д “Хүүхнээ ахаа одоо эхнэр чинь ирээд загнана. Би Э-г аваад явчихъя” гэж хэлээд Э-г сэрээх гэтэл Х “наадах чинь унтаг, орхичих” гэж хэлээд намайг татсан. Энэ үед миний куртик урагдсан. Тэгэхээр нь би Х-г түлхтэл пийшин рүү унасан. Х босож ирээд надад уурлаад хоолны шүгээн дээр байсан гар утсаа аваад над руу шидэхэд уг утас миний толгойн тус газарт оносон. Дараа нь заазуур аваад над руу дайрахаар нь би гарыг нь цохиж заазуурыг нь аваад ширээний доогуур шидсэн. Тэгээд агсраад байхаар нь би Х-н дээр нь гарч дараад суусан. Энэ үед намайг хэл амаар доромжлоод байхаар нь нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохичихоод босож цааш алхтал Х миний араас сандал шидэж миний нурууг оносон. Тэгэхээр нь би дахин очиж дээр нь сууж дарсан. Х намайг “чи хаанаас ирсэн казакийн шээс вэ, дагавар хүүхэдтэй хүүхэнтэй суусандаа аархаад байгаа юм уу” гэх мэтээр доромжлоод байхаар нь ам руу нь 2 удаа алгадаад, нуруу руу нь 2 удаа өшиглөчхөөд босоод гарч явсан. Би гэртээ хэсэг хугацаанд байж байгаад буцаж Хүүхэнхүүгийн гэрт очиход Х унтчихсан байсан. Тэгэхээр нь би буцаж гэртээ очоод унтаж байгаад оройны 18 цаг өнгөрч байхад дахин Х-н гэрт ирээд Э-г босгох гээд байж байтал Х-н эхнэр Ө гаднаас орж ирсэн. Энэ үед Х сэрж эхнэрээ хөөж гаргасан. Би ч Э-г дагуулаад тэднийхээс гарсан гэжээ. /хх-ийн 24-25/
-Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаан дээр өгсөн тайлбартаа: ....Э 0,5 л Ерөөл нэртэй архи авчихсан байсан. Миний машинд нэг хятад архи байсан. Э бид хоёрыг 2 архиа аваад Х-н гэрт ороход Х 2 хүүхдийнхээ хамт байсан. Түүнийг уугаад талдаа орж байтал Э согтоод унтсан, үлдсэнийг нь Х бид хоёр дуусгасан. Тэгээд би Х-д “Х ахаа одоо эхнэр чинь ирээд загнана. Би Э-г аваад явчихъя” гэж хэлээд Э-г сэрээх гэтэл Х “наадах чинь унтаг, орхичих” гэж хэлээд намайг татсан. Энэ үед миний куртик урагдсан. Тэгэхээр нь би Х-г түлхтэл пийшин рүү унасан. Х босож ирээд надад уурлаад хоолны шүгээн дээр байсан гар утсаа аваад надруу шидэхэд уг утас миний толгойн тус газарт оносон. Дараа нь заазуур аваад над руу дайрахаар нь би гарыг нь цохиж заазуурыг нь аваад ширээний доогуур шидсэн. Тэгээд агсраад байхаар нь би Х-н дээр нь гарч дараад суусан. Энэ үед намайг хэл амаар доромжлоод байхаар нь нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохичихоод босож цааш алхтал Х миний араас сандал шидэж миний нурууг оносон. Тэгэхээр нь би дахин очиж дээр нь сууж дарсан. Х намайг доромжлоод байхаар нь ам руу нь 2 удаа алгадаад, нуруу руу нь 2 удаа өшиглөчхөөд босоод гарч явсан. Эмнэлэгт үзүүлсэн, ажилгүй байсан 6 хоногийн мөнгө 237.000 төгрөгийг төлсөн гэв.
-Хохирогч Х.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 11 сарын 29-ны өдөр намайг гэртээ амарч байтал өглөө 10 цаг өнгөрч байхад манай ажлын дулааны инженер ажилтай Э над руу залгаад “чи гэртээ байна уу” гэж асуухад нь би “байна” гэж хэлсэн. Тэгээд Э утсаа таслаад нэг их удаагүй 11 цаг 30 минутын орчимд улирлын машинист ажилтай Г-н хамт манай гэрт орж ирсэн. Тэр хоёр 0,5 л Ерөөл нэртэй 1 шилийг, мөн хятад нэртэй архи 1 шилийг авчирсан. Тухайн үед би хүү, охин хоёрын хамт гэртээ байсан. 12 цаг өнгөрч байхад манай хадам эгч А манай хүүхдүүдийг сургууль руу нь хүргэж өгөхөөр гэрийн гадаа ирээд авч явсан. Ингээд Э, Г бид гурав сууж байгаад авчирсан 2 шил архийг уусан. 2 дахь шил архийг уугаад талдаа орж байтал Э согтоод унтсан. Архийг ууж дууссаны дараа Г гараад буцаж орж ирэхдээ 0,75 л Ерөөл нэгтэй архи 1 шилийг авчирсан. Түүнийг нь Г бид хоёр хувааж уусан. Тэгээд Г явахдаа Э-г дагуулж явах гээд дуудаад байхаар нь би “чи согтуу хүн авч явах гэлээ, жаахан унтуул” гэж хэлснээс болж Г бид хоёр хоорондоо маргалзаж муудалцсан. Маргалдаж байгаад Г бид хоёр бие биенээ нэг нэг цохилцсоныг санаж байна. Түүнээс хойшхи үйл явдлыг огт санахгүй байна. Би тухайн үед маш их согтсон байсан. Маргааш өглөө нь сэрэхэд толгойны зүүн хэсэгт шархалсан, миний уруулын дотор тал язарсан, цээжинд улайсан, гарын шуу зулгарсан, баруун талын бөөрөнд хөхөрсөн байсан. Тэгээд эхнэр маань уурлаад цагдаад гомдол гаргана гэхээр нь би “нэг дор ажилладаг хүмүүс хэрэггүй биз дээ” гэсэн боловч манай эхнэр гомдол гаргана гээд байсан тул өргөдлийг эхнэрээрээ бичүүлж, цагдаад өгсөн. Г намайг Сайншанд сум руу дагуулж яваад аймгийн нэгдсэн эмнэлэгт миний толгойг компьютерт харуулсан. Би өвчтэй байх хугацаандаа 6 удаагийн ээлжийн ажил тасалсан. Энэ хугацааны цалинг нэхэмжилнэ гэжээ. /хх-ийн 9-10/
- Гэрч Ж.Э мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: 2017 оны 11 сарын 29-ны өдөр намайг уурын зуухан дээр байж байтал 10 цагийн орчимд Г ирсэн. Тэгээд байж байтал М “хүмүүс ирсэнгүй, өдөр цуглая” гэж хэлэхээр нь би Г-д “ганц юм уух уу, танайд очъё” гэтэл “манай хүн байгаа” гэж хэлсэн. Тэгээд би улирлын машинист ажилтай Х рүү залгаад “танайд хэн хэн байна вэ, ганц юм уух уу” гэж асуутал Х “тэгье, би 2 хүүхэдтэйгээ байна, хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд би Г-н хамт Х-н гэрт очсон. Тухайн үед би Ган зам дэлгүүрээс 0,5 л Ерөөл нэртэй архи авсан байсан. Г-н машинд нэг хятад архи байсан. Ингээд Г, Х бид гурав дээрх 2 шил архийг Х-н гэрт сууж байгаад уусан. Дараа нь Г гарч 0,75 л Ерөөл нэртэй архи авчирсан. Түүнийг нь ууж байгаад талд нь оруулаад би согтож унтсан. Оройны 18 цаг өнгөрч байхад Г намайг дуудаж сэрээсэн гэжээ. /хх-ийн 11-12/
-Гэрч Ч.Ө-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: ...орой ажлаа тараад, сургууль орж хүүхдүүдээ авчихаад 18 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тэгтэл пийшин байрнаасаа хөдөлсөн, аяга хагарсан, энд тэнд архины шил хаячихсан, манай нөхрийн уруулаас цус гарч, нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Орон дээр нэг согтуу хүн унтаж байхаар нь түүнийг Г-н хамт хөөж гаргасан. Эм тарианы мөнгө гэж 40.000 гаруй төгрөгөөр юм авч өгсөн. Манай нөхрийг 12 сарын 06-ны өдөр Сайншанд сум руу дагуулж явж эмнэлэгт үзүүлсэн. Үүнд 250.000 төгрөг зарцуулсан. Энэ хугацаанд манай нөхөр акттай байсан тул 6 удаагийн ээлжийн гараандаа гараагүй. Энэ мөнгийг Г цалин буухаар өгнө гэсэн гэжээ. /хх-ийн 13-14/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
-Шинжээчийн 363 дугаартай дүгнэлт: 1.Х.Х-н биед хуйханд зүүн чамархайд шарх, дээд уруулын дотор дээд талд шарх, духны зүүн талд, хүзүүний зүүн талд, зүүн хацарт зулгаралт, цээжний баруун дээд талд, цээжний зүүн дээд талд, хэвлийн баруун ар талд цус хуралт, цээжний зүүн ар талд, хэвлий зүүн ар талд, зүүн шууны гадна дунд талд, зүүн бугалганд, баруун шуунд зулгаралт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүдийн хуйханд зүүн чамархайн шарх, дээд уруулын дотор дээд талд шарх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, хүзүүний зүүн талд, зүүн хацарт зулгаралт, цээжний баруун дээд талд, цээжний зүүн дээд талд, хэвлийн баруун ар талд цус хуралт, цээжний зүүн ар талд, хэвлий зүүн ар талд, зүүн шууны гадна дунд талд, зүүн бугалганд, баруун шуунд зулгаралт, дээд, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 16/
-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, Замын-Үүд сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26-28/
-Хохиролд 237.000 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 33/
-Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 34-35/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 11 дүгээр сарын 29-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Х.Х-тэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, нуруунд өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Х.Х-н “...Тэгээд Г явахдаа Э-г дагуулж явах гээд дуудаад байхаар нь би “чи согтуу хүн авч явах гэлээ, жаахан унтуул” гэж хэлснээс болж Г бид хоёр хоорондоо маргалзаж муудалцсан. Маргалдаж байгаад Г бид хоёр бие биенээ нэг нэг цохилцсоныг санаж байна.” гэх мэдүүлэг, гэрч Ч.Ө-н “...Тэгтэл пийшин байрнаасаа хөдөлсөн, аяга хагарсан, энд тэнд архины шил хаячихсан, манай нөхрийн уруулаас цус гарч, нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Орон дээр нэг согтуу хүн унтаж байхаар нь түүнийг Г-н хамт хөөж гаргасан.” гэх мэдүүлэг, шинжээчийн 363 тоот дүгнэлт зэргээр тогтоогдсон.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хар бүргэд овогт Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Г оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА