Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 1010

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00612 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Мын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбэ 6-128А тоот хаягт байрлах 61.75 м.кв талбайтай Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029367 дугаарт бүртгэлтэй хувийн орон сууц, Г-2204012869 дугаарт бүртгэлтэй 327 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 853 дугаар магадлалаар “Б.М нь “Си Жи Эм ББСБ” ХХК-д 20 000 000 төгрөгийг 12 сарын хугацаанд төлж барагдуулах тухай” эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Б.М шийдвэрийг биелүүлэхээр хичээж байгаа бөгөөд одоогийн байдлаар 5 000 000 гаруй төгрөг төлсөн байна. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029367, Г-2204012869 дугаар бүртгэгдсэн хуучин хаягтай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбэ 6-128А тоот 61.75 м.кв хувийн орон сууц, 327 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагаа явуулж 2019 оны 11 дугаар сарын 01-ний өдөр “Виннэр Вэй” ХХК-аар зах зээлийн ханшны үнэлгээг 27 037 000 төгрөгөөр тогтоосон байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь, шинжээч үнэлгээ тогтоохдоо төлбөр төлөгч талыг байлцуулаагүй, ямар журмаар үнэлгээ тогтоосон нь эргэлзээтэй, хувийн сууцны дотор талыг үзээгүй тул үнэлгээг бодитоор тогтоосон гэж үзэхгүй. Тухайн газрын ойр орчимд байгаа ижил төрлийн эд хөрөнгөнүүд нь 60-70 сая төгрөгөөр худалдагддаг.

Түүнчлэн, орон сууц нь 2 хүний өмчлөл бөгөөд бусад өмчлөгч нарын эрх ашиг хөндөгдөж байхад хариуцагч байгууллага үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа нь үндэслэлгүй байна. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хөрөнгийн үнэлгээний талаарх 4\24293 дугаартай мэдэгдлийг гардан авсан боловч хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцуулаагүй. Мэдэгдэл нь тасгийн дарга бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Даваадорж гэсэн гарын үсэгтэй байсан. Гэтэл төлбөр төлөгчийн оршин суух хаяг болон барьцааны зүйл нь Баянзүрх дүүрэгт хамаардаг.  Өөр дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гарын үсэг бүхий мэдэгдэл гардуулсанаас үзэхэд дээрх хөрөнгийн үнэлгээ нь бодит бус, шийдвэр гүйцэтгэгч нь хэт нэг талыг барьсан, ашиг сонирхолын зөрчилтэй үнэлгээ тогтоолгосон гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ төрж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбэ 6-128А тоот хаягт бүртгэлтэй 61.75 м.кв хувийн орон сууц, 327 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 27 037 000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунжаргалаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Маас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 3166 дугаар шийдвэрээр 4 044 975 төгрөгийг гаргуулан Р.Өлзийдолгорт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5997 дугаар шийдвэрээр 1 615 150 төгрөгийг Н.Гэрэлд, тус шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 5547 дугаар шийдвэрээр 2 194 769 төгрөгийг гаргуулан Б.Бүжхандад, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6902 дугаар шийдвэрээр 20 000 000 төгрөгийг “Си Жи Эм ББСБ” ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн.

Төлбөр авагч “Си Жи Эм ББСБ” ХХК-д үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэ 6-128а тоот 61.75 мкв талбайтай хувийн сууц, 327 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилж, хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу зах зээлийн үнийн саналыг авахад төлбөр төлөгч Б.М нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 60 000 000 төгрөгөөр үнэлсэн. Хамтран өмчлөгч Д.Амартүвшинг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийн саналыг бичгээр ирүүлэхийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 4/23507 дугаар албан бичиг болон түүний ээжид удаа дараа мэдэгдсэн боловч ирүүлээгүй, төлбөр авагч “Си Жи Эм ББСБ” ХХК-ийн 2019 оны 01/090 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 350 дугаар тогтоолоор “Виннер Вэй” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 27 037 000 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 4/24293 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагт зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан боловч шүүхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М нь шүүхийн шийдвэрийн дагуу 1 жилийн хугацаанд багтаан төлвөл зохих 20 000 000 төгрөгийн 3 412 000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлсөн. Түүний бизнесийн үйл ажиллагаа “Хар хорин” худалдааны төвд хэвийн явагдаж байгаа боловч төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбэ 6-128А тоот хаягт байрлах 61.75 м.кв талбайтай Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029367 дугаарт бүртгэлтэй хувийн сууц, Г-2204012869 дугаарт бүртгэлтэй 327 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Мын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл болгосон 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 350 дугаар тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн байдаг.

Өөрөөр хэлбэл шинжээчээс хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа маргаан бүхий хувийн орон сууцанд нэвтэрч ямар нэгэн дүгнэлт гаргаагүй бөгөөд зөвхөн гадна талаас үнэлгээ тогтоож бусад ойролцоох газруудтай жиших замаар үнэлгээ гаргасан. Мөн шинжээчид Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээч томилохоос өмнө шийдвэр гүйцэтгэгч нь хууль тайлбарласан баримтанд дээр гарын үсэг зуруулсан байдаг. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч НШШГГт холбогдуулан Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбэ 6-128А тоот хаягт байрлах 61.75 м.кв талбайтай Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204029367 дугаарт бүртгэлтэй хувийн орон сууц, Г-2204012869 дугаарт бүртгэлтэй 327 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг нийт 27 037 000 төгрөгөөр үнэлсэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Виннер Вэй” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж тайлбарлан маргажээ. /хх 1-3, 36-37, 170 /

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 853 дугаар магадлалаар Б.Маас 20 000 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж “Си Жи Эм ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэж, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 41-44/

Хариуцагч НШШГГ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2017/11728 дугаар захирамж, мөн өдрийн шүүгчийн 1134 дугаар гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан, Нэхэмжлэгч эд хөрөнгө битүүмжлэн, хураасан ажиллагаанд гомдол гаргаангүй, барьцаалагдсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний талаар маргадаг. /хх 39-40, 45-60/

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч НШШГГ нь барьцааны зүйл болох дээрх хувийн орон сууц, газрын эзэмших эрхийг худалдан борлуулах үнийн санал ирүүлэх тухай 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4/23507 дугаар мэдэгдлийг өмчлөгч Д.Амартүвшинд хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй /хх67/, төлбөр төлөгч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлж буй саналаа 60 000 000 төгрөг гэж тодорхойлсон /хх 61/, улмаар төлбөр авагч “Си Жи Эм ББСБ” ХХК нь хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох талаар хүсэлт гаргасан /хх68/ байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцоогүй гэж үзнэ. Иймээс хариуцагч байгууллага үнэлгээ тогтоох шинжээчээр “Виннэр Вэй” ХХК-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул уг тогтоол хуульд нийцээгүй гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй байна. /хх69/

Хэрэгт авагдсан “Виннер Вэй” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ш-11/02 дугаартай үнэлгээний тайлангаар нэхэмжлэгч болон Д.Амартүвшин нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбэ 6-128А тоот хаягт байрлах 61.75 м.кв талбайтай хувийн сууцыг 327 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт зах зээлд 27 037 000 төгрөгөөр үнэлэгдэх боломжтойг тооцоолон гаргахдаа орлого, өртөг, зах зээлийн жишиг үнийн хандлагын аргуудыг хэрэглэсэн байна. /хх74-85/ Шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байх бөгөөд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүйн гадна шинжээчид түүнийг томилсон тогтоол гарахаас өмнө хууль тайлбарласан байгаа нь тухайн үнэлгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч тал зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2020/00612 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

 

            ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                      Д.ЦОГТСАЙХАН