Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2024/04332

 

 

 

 

 

 

 

2024 09 18 101/ШШ2024/04332

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор хаягт байрлах /рд:5373271/-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: *******, *******, *******, *******д холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 889,338 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Г.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 889,338 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

1а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд: ******* нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ******* ХХК-ийн ******* дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган ******* зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Хариуцагч нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр сарын 2.9 хувийн хүүтэй 630,000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Гэвч хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон Зээл, зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-5.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хуульд болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, анхааруулах хуудас илгээсэн боловч үүргийн биелэлтээ хангаагүй байна. Иймд 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөрт 630,000 төгрөг, үндсэн хүүд 196,001 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,710 төгрөг нийт 858,711 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

1б. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч ******* нь зээл, зээлийн эрх нээх гэрээнийн дагуу нэхэмжлэгчээс 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 630,000 төгрөгийг 2.9 хүүтэй, 2 сарын хугацаатай зээлээр авсан байдаг. Хариуцагч нэхэмжлэлийг гардаж хариу тайлбартаа зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй буюу гэрээнд заасанчлан 2.4 хувиар бодох ёстой байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Иймд нэхэмжлэгч талаас гэрээний хүүг харгалзан 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөр эцэслэн 2.4 хувиар тооцоолох хийхэд 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү нэмэгдэж, нэхэмжлэлийн шаардлагыг 30,627 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 889,338 төгрөг нэхэмжилж байна гэжээ. Зээл, зээлийн эрх нээх гэрээ нь харилцагчид монпэй гэх зээлийн аппликейшнээр дамжуулан зээл олгодог. Зээлдэгчтэй 2 жилийн өмнө гэрээ байгуулсан асуудал байгаа. Хүүг яаж заасан нь тодорхойгүй байна гээд байгаа. Энэ бол нэгдүгээрт гар утасны аппликешний зээл учир тухайн зээлийг авах үед 630,000 төгрөгийн дүнг оруулахад 2 сарын хугацаанд ийм хүү бодогдоно гээд аппликешн дээрээ харагддаг. Үүнтэй холбоотойгоор, зээл зээлийн эрх нээх гэрээний 2.4.5-т Зээлдэгч зээлийн хүсэлт илгээхэд нь харгалзах хүүгийн хувийг мэдээлэх ба зээлдэгч нөхцөлийг баталгаажуулан хүсэлтээ илгээснээр зээл болон зээлийн хүүг хугацаандаа төлөх үүргээ бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан. Тухайн зээл авч байх үед хариуцагч нь гар утсан дээрээ тухайн сонголтуудыг хийгээд, бүх зүйлээ чеклээд л зээлээ авсан байгаа. Тэгэхээр үүнд ямар нэг хүүг тооцно гэж заагаагүй, мэдээлээгүй гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би тухайн гэрээнд заасан гурван үндэслэлээр хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт зээлийг хоёр сарын хугацаатайгаар авсан гэсэн. Гэрээнд хоёр сарын хугацаатайгаар авбал ямар хүү бодогдох талаар дурдаагүй байгаа. Хоёрдугаарт 630,000 төгрөг авсан гэсэн боловч 630,000 төгрөгт ноогдох хүү байхгүй . Гуравдугаарт 2023 оны 06 сарын 15-ны өдөр энэ зээлийг авахад 2023 оны 06 сарын 03-ны өдөр тухайн гэрээний хугацаа дууссан байсан учир хүү болон үндэслэл тодорхойгүй байгаа тул ямар ч хүү хүлээн зөвшөөрөхгүй. гэв.

 

3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2-3/, итгэмжлэл /хх 4/, Мобифинанс ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /хх 5/, Зээл, зээлийн эрх нээх гэрээ /хх 6-7/, Зээлийн дансны хуулга /хх 8 /, зээлийн барьцааны гэрээ /хх 9/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 12/, хариуцагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 17/ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны тоот захирамж /хх 18/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 36/, зээлийн дансны хуулга /хх 37-44/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 52/ гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 630,000 төгрөг, хүүгийн төлбөр 221,662 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 37,676 төгрөг нийт 889,338 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний хугацаа дууссан, хүүгийн хэмжээг талууд харилцан тохиролцоогүй, үндэслэлгүй тул хүү төлөхгүй гэж маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигч талууд 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ******* тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулж, гэрээнд нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн итгэмлжлэлгүйгээр төлөөлөх этгээд болох гүйцэтгэх захирал , хариуцагч ******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд зохигчид тухайн гэрээг байгуулсан эсэх дээр маргаагүй.

Энэхүү гэрээний 2.3 дугаар зүйлийн 2.3.1-т зээлийн дүн, хүү, хугацааны талаар зохицуулсан боловч хариуцагчид олгосон 630,000 төгрөгийг ямар хугацаанд, ямар хүүтэй олгосон талаарх зохицуулалт байхгүй байна.

630,000 төгрөгийн зээлийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 22:43:12 цагт хариуцагчид шилжүүлэн олгосон болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдох бөгөөд энэ талаар зохигчид маргасангүй.

Нэхэмжлэгч нь 6419 кодтой Банк бус санхүүгийн цахим төлбөр тооцо, мөнгөн гуйвуулга, 6492 кодтой Зээлийн үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа явуулдаг болох нь дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.

 

4. Зохигчид 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ******* дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээг бичгээр байгуулж, уг гэрээг үндэслэн цахим мөнгөний дансаар зээлдүүлэгч 630,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. заасан зээлийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзнэ.

4.1 Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба энэ гэрээгээр зээлдүүлэгч 630,000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байна.

4.2 Хэдийгээр Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй. 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. тус тус зааснаар үндсэн зээл 630,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 221,662 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 37,676 төгрөг, нийт 889,338 төгрөгийг нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй боловч зээл олгох гэрээг хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангуулан гэрээг бичгээр хийх, зээлийг хүүтэй олгож байгаа бол хүүгийн хэмжээг гэрээнд тодорхой тусгах нь дээр дурдсан хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгтэй нийцэх юм.

 

Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг анх нэхэмжлэл гарган шаардахдаа сарын 2.9 хувиар, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ сарын 2.4 хувиар зээлийн хүүгийн хэмжээг тооцон нэхэмжилж байгаа нь зээлийн хүүгийн хэмжээг тодорхойгүй гэж үзэхгүй тул зохигчид гэрээгээр хүү тохироогүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 630,000 төгрөгийн зээлийн хүүгийн хэмжээг сарын 2.4 эсхүл 2.9 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай олгосон гэх тайлбараа тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Иймд хариуцагч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 630,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Харин гэрээнд зээлийн хүүгийн хэмжээг тодорхой тусгаагүй, гэрээнд тусгасан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул хүү шаардахгүй эрхгүй гэж дүгнэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 630,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХКолгож, үлдэх 253,338 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.АЗБАЯР