Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Э.Т

Өмгөөлөгч Э.Б

Хохирогч Б.Г

Шүүгдэгч М.Г, Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Г, Б овогт Б.А нарт холбогдох эрүүгийн 1720000000068 тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт төрсөн, халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт М.Г,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймаг Сайншанд суманд төрсөн, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, дүү, охин нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт Б.А,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Б.А, М.Г нар нь бүлэглэж 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 22-23 цагийн үед Замын-Үүд сум 1-р багт байрлах Х зочид буудлын гадна талбайд иргэн Б.Г-г зодож улмаар биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2017 оны 10 сарын 23-ны өдөр Г ахын гэрээс Г ахын хамт 22 цаг өнгөрч байхад гараад У дэлгүүр орчихоод тэндээсээ Х буудал руу явсан. Тэгсэн Х буудлын тэнд нэг залуу тамхи татаад зогсож байсан. Тэгэхээр нь бид хоёр маргалдаж байгаад тэр залууг би алгадаж аваад тэр залуутай би зууралдаад авсан. Тэгсэн Г ах тэр залуу бид хоёрыг салгасан. Тэгээд Г ах намайг яв чи гээд байсан. Би тэгэхээр нь таныг оруулаад өгье гэж хэлсэн чинь үгүй ээ чи яв гэж хэлсэн. Тэгээд би зам гараад яваад өгсөн. Харин Г ах Х буудал руу яваад орсон. Г зодож цохисон зүйл байхгүй, харин ирж салгасан гэв.

-Шүүгдэгч М.Г мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: 10 сарын 23-ны өдрийн өглөө 09 цагийн орчимд намайг гэртээ байж байтал миний танил Л надруу залгаад “Х зочид буудалд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд намайг очиход Х зочид буудлын өрөөнд үл таних өвөрмонгол залуутай хамт байсан. Тухайн өрөө 825 гэсэн дугаартай өрөө байсан байх. Өвөрмонгол залуу нь унтаж байсан, харин Л хажууд нь эрүүл сууж байсан. Тэр хоёр урьд орой нь архи уусан бололтой байсан. Л намайг хоолонд орох уу гэж асуухаар нь тэгье гэж хэлээд бид хоёр гадагш гарсан. Гадаа гараад дэлгүүрээс бэлэн юм авч идье гэж ярилцаад талбай дээр байдаг Грин корнер дэлгүүр лүү явж идэж уух юм авсан. Л уг дэлгүүрээс Эвок нэртэй ногоон өнгийн шилтэй 0,75 л архи 1 шилийг авсан. Тэгээд буцаад Хөвсгөл буудалд ирсэн. Бид хоёрыг өрөөнд авчирсан зүйлээ идээд сууж байтал өвөрмонгол залуу сэрсэн. Л архиа задлаад тэр хоёр ууж эхэлсэн. Намайг архи уу гээд байхаар нь би “би архи уухгүй, машинаа янзалж байгаа” гэж хэлээд уугаагүй. Тэгээд жаахан сууж байгаад найз нөхөд юм чинь дэмий ч юм болов уу гэж бодоод хийж  өгсөн архийг нь нэг удаа уусан. Тэгээд тамхи дуусчихаар нь би өөрийн танил А руу залгаад “чи нэг тамхи аваад Хөвсгөл зочид буудалд хүрээд ир” гэж дуудсан. Удалгүй А ирсэн. А-г ирэхэд өглөөний 10 цаг ч болоогүй байсан. Тэгээд бид 4 юм яриад сууж байтал өвөрмонгол залуу согтоод унтсан. А 100 гр орчим, харин би 150 гр орчим архи уугаад л архи нь дууссан. Тэгээд Л дахиж архи уух гээд байхаар нь би А-г аваад гадагш гарсан. А-т “ахыгаа гэрт оруулаад өг” гэж хэлээд гэртээ орж унтсан. Намайг унтаж байгаад сэрэхэд хажуу талын өрөөнд хүмүүс шуугилдаад байхаар нь ороод очтол Т, А, гэрийн эзэн болох Ш гэх хүүхэн пиво  уугаад сууж байсан. Пивоноосоо надад аягалж өгөхөд нь би 2 аягыг уусан. Тэгээд согтсон тул өрөөндөө буцаж орж унтсан. Тухайн үед би маш их согтсон байсан болохоор гэрээсээ ямар зорилгоор, хэнтэй гарсанаа санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд би А-тай Хөвсгөл зочид буудал руу орохоор явж байсан. Намайг зочид буудал руу орох гэхэд А урд талд явж байснаа хажуу тийшээ хазайгаад явсан. Би араас нь очиход үл таних залуутай юм яриад зогсож байсан. Тухайн үед би тэр хоёрыг бие бинээ таньдаг юм байх гэж бодоод очтол А тэр залууг “чи хаанахынх юм бэ” гэхэд нөгөө залуу “чамд ямар хамаатай юм бэ” гээд маргалдаад зогсож байсан. Би очоод “наадах чинь хэн юм бэ” гэж асуухад намайг сонсохгүй хоорондоо маргалдаад байсан. Ингэж байхдаа А нөгөө үл таних залууг нэг удаа алгадсан. Тэгээд хоорондоо зууралдаж ноцолдоод газарт өнхөрсөн. Тэгэхээр нь би очиж салгахад үл таних залуу гүйгээд явсан. Уг үйл явдал Хөвсгөл зочид буудлын байшингийн хойд талд байрлах цонхны доор болсон. Би тэр залууг хаашаа явсаныг мэдээгүй. Тэгээд би А-г аваад зам хөндлөн гараад, Долгион эмийн сангийн баруун талд байдаг явган хүний зам дээр очоод “миний дүү ингээд харьчих” гэж хэлээд гэр лүү нь явуулсан. Тэгээд би буцаж Хөвсгөл зочид буудал руу орж ирэхэд ресепшн “та яагаад хүн зодоод байгаа юм бэ” гэхээр нь “ах нь хүн зодоогүй” гэж хэлсэн. Ингээд удаагүй байж байтал А-тай зодолдсон залуу бас нэг залуугийн хамт зочид буудлын шатаар доош бууж ирээд, миний араар гараад гадагш гарсан. Буцаж орж ирээд дахиж гарахаар нь би энэ залуу намайг танихгүй байгаа юм байна даа гэж бодож байсан. Тэгээд удаагүй байж байтал цагдаа орж ирсэн. Энэ үед А-тай зодолдсон залуу “энэ залуу намайг зодсон. Чи намайг зодсон биз дээ “ гээд надруу дайрсан. Би тэр залууд “би чамайг зодоогүй ш дээ” гэж хэлээд олон юм яриагүй цагдаагийн машинд суугаад явсан. Би уг нь А, Г хоёрыг салгасан. Би тэр залуугийн биед гар хүрээгүй. А, Г хоёр эхлээд маргалдаж байгаад, дараа нь зууралдаж дээр доороо орж өнхрөлдсөн. Энэ үед би салгах гэж нилээд удсан. Тийм болохоор Г намайг А-тай нийлж өөрийг нь зодсон гэж ойлгосон гэв.

-Хохирогч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 10 сарын 23-ны өдөр 22 цаг 40 минутын үед өөрийн байрлаж байсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хөвсгөл буудал гадаа унтахаасаа өмнө гараад тамхи татах гээд байж байтал замын эсрэг талаас үл таних хоёр залуу гарч ирээд нэг нь түрүүлж ирээд тамхи аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцхан байсан юм хөгшөөн гэж хэлсэн. Тэгсэн чинь хүрч ирээд тэр залуу нь намайг заамдаж аваад куртикны захаар боож аваад 2-3 удаа ханаруу толгойг маань мөргүүлсэн. Тэгээд би зугтаах гэж байсан чинь тэр Г гэж залуу нь ирээд намайг заамдаж аваад хавсарч унагаах гээд байсан. Тэгсэн Г нь би энийг унагаах гээд унагааж чадахгүй байна гэж нөгөө залуудаа хэлсэн. Тэгсэн нөгөө залуу нь ирээд намайг нийлж байгаад тэр хоёр газар унагасан. Тэгээд намайг унагахаар нь би ядаж миний эрүү рүү битгий цохиороо өмнө осолд орсон байсан юм гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг ямар олон үгтэй юм гээд дээрээс дарж байгаад өшиглөөд байсан, өвдөглөөд байсан уу ямарч байсан дараа нь нил хөндүүр болчихсон байсан. Тэгсэн нэг нь наадахыг чинь тоосгоор цохиод алаад хаячихья гээд байсан. Би яг хэн хэлснийг бол мэдээгүй. Тэгээд би хоёр гараараа толгойгоо дараад хэвтэж байсан чинь миний үснээс зулгааж байгаад наашаа харж бай гэж байгаад дух гэсэгт нэг удаа тоосгоор цохисон. Тэгээд би нэг хэсэг манраад хэвтэж байсан чинь Г нь миний дээрээс хэвтэж байсан. Харин нөгөө залуу өөр тоосго хайгаад байсан. Би тэгэхээр нь Г-г дээрээсээ босгоод зугтаасан. Харин би босоод зугтаасан чинь хэн төмөр авч шидсэнийг мэдэхгүй нэг нь төмөр авч шидээд миний нуруу дал хэсэг дээр оносон. Тэгээд би зугтаагаад буудал руу гүйж ороод буудлынх нь үйлчлэгчид нь хэлсэн чинь тоож байгаа шинж байхгүй болохоор нь буудлынхаа өрөөрүү орсон. Буудлын өрөөнд цагдаагийн дугаарыг аваад цагдаа руу залгасан. Тэгээд буудлынхаа өрөөнөөс нөгөө хоёр залууг харж байх үед удалгүй цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд би буугаад цагдаа дээр очтол нөгөө Г гээд тэр  шар залуу нь ресепшин дээр зогсож байсан. Харин нөгөө залуу нь зугтаагаад яваад өгсөн байсан. Тэгээд би эмнэлэг очиж үзүүлсэн, харин тэр Г гээд залууг нь цагдаа аваад явсан. Миний дух хэсэг хавдсан. Харин толгойн ар дагз хэсэгт хоёр хэсэг газар хагарсан байсан. Миний баруун талын гуя бол нил хөндүүр байсан. Мөн миний  баруун мөр дал хэсгээр хөндүүр байсан. Намайг тэр зугтаасан гэх залуу нь тоосгоор цохисон. Мөн тэр залуу  хамгийн анх намайг боож авч хана мөргүүлсэн. Би зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Би одоо эм тариа эмчилгээний зардал гэж компьютер томографикт 127.000 төгрөгөөр харуулсан. Улаанбаатар хот руу явсан замын зардал гэж 61250 төгрөг, 2017 оны 10 сарын 24-нөөс 11 сарын 02-ны өдөр хүртэл  ажилаа хийгээгүй байгаа. Нийт 650.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. /хх-ийн 17-19/      

-Хохирогч Б.Г шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Намайг Г, А хоёр хоёуулаа зодсон. Г зодооныг салгасан гэж мэдүүлж байгаа нь худлаа. Надад энэ хэргээс болж 1.200.000 төгрөгийн хориол учирсан. Үүнд толгойгоо томографт харуулсан, Улаанбатаар Замын-Үүдийн хооронд явсан замын зардал, Замын-Үүдэд байх хугацаандаа буудалд байрлаж байсан зардал, 9 хоног ажилдаа явч яадаагүй байх хугацааны зардал нийт 1200.000 төгрөг юм. Г, А хоёр мөрдөн байцаагчийн өрөөнд байхдаа 120.000 төгрөг өгсөн. Үүнийг хасаад үлдэх мөнгийг нэхэмжилж байна гэв.

- Гэрч М.Г мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: Намайг гэр хороололд эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад жижүүрээс “Хөвсгөл зочид буудлын гадаа бусдад хүн зодуулсан гэсэн дуудлага ирлээ. Очиж шалга” гэсэн үүрэг өгсөн. Тэгээд би цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.Э-н хамт уг дуудлаганд очсон. Бид хоёрын очиход дуудлага өгсөн хүн байгаагүй. Тэгээд жижүүрээс дуудлага өгсөн хүний утсыг нь аваад залгатад зочид буудлаас гарч ирсэн. Тэр залуугаас юу болсон талаар асуухад “Намайг зочид буудлын гадаа тамхи  татаад зогсож байхад 2 танихгүй залуу ирээд тамхи байна уу гэж асуусан. Би байхгүй гэтэл шууд намайг Хөвсгөл зочид буудлын хойд талын харахуй руу чирч авч явсан. Тэгээд энийг энд нь алчихья гэж хэлээд хоёулаа нийлж зодсон. Тоосгоор толгой руу, төмөрөөр бие рүү цохисон” гэж хэлж байсан. Тэр залуу харанхуй газар гэж Хөвсгөл зочид буудлын хойд талруу гараараа зааж байсан. Г-г гаднаас нь харахад биеийн байдлын хувьд дух хэсгээр жаахан улайсан, өөр ямар нэг ил харагдах шарх сорви байгаагүй. Хар өнгийн куртик, хар өнгийн биеийн тамирын куртик, пүүзтэй байсан шиг санагдаж байна. Өмсөж явсан хувцас нь тоос шороо болсон байсан эсэхийг одоо санахгүй байна. Анх харахад зодуулаад гэмтсэн гэх зүйл харагдаагүй, дух нь л улайсан харагдаж байсан. Би тэр залуугаас “чамайг зодсон хүн чинь хаана байна вэ” гэж асуухад “дотор байна” гэсэн. Тэгээд тэр залууг дагаж зочид буудал руу ороход ресепшний хажууд нэг залуу зогсож байсан. Тэр залуу бага зэргийн согтолттой, хийж байгаа үйлдлээ мэдэх чадвартай байсан. Г ороод “энэ залуу намайг зодсон” гэж Г-г заасан. Энэ үед Г “юун зодоон чи хүн андуураад байгаа юм биш үү” гэхэд Г “би хүн андуурахгүй. Би эрүүл байна. Чи намайг найзтайгаа гадаа зодсон биз дээ” гэж хэлж байсан. Тэгээд би Г-н гарыг нь урагш сунгуулж, гарын ар хэсгийг харахад гарын ар тал шалбарсан юм цохисон байдалтай байсан. Тэгээд түүнээс “хамт явсан хүн чинь хаана байна вэ” гэж асуухад “би ганцаараа байсан” гээд байсан. Ингээд Г-г эрүүлжүүлэх байрны цагдаад хүлээлгэн өгсөн. Ресепшнтэй нь улзаад Г-г зааж “энэ залуу танай зочид буудалд байрлаж байгаа юу” гэж асуухад “тиймээ. Манай зочид буудалд байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “гадаа чинь зодоон болж байхад та нар мэддэггүй юм уу” гэж асуухад үйлчлэгч “юун зодоон бэ” гэж асууж байсан гэжээ. /хх-ийн 57-58/

- Гэрч А.О мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг ложистикийн газар нь манай зочид буудлын 9 өрөөг түрээслэж, инженерүүдээ байрлуулдаг. Тэр хүмүүс нь өглөө ажилдаа гараад орой 18 цаг өнгөрч байхад зочид буудалдаа ирж амардаг. Г зочид буудалд буугаад удаагүй 2-3 хонож байсан. 11 дүгээр сарын 23-ны орой 22 цаг нилээд өнгөрч байхад намайг ажлынхаа байран дээр байж байтал Г ганцаараа гадагш гарсан. Тэгээд нэг их удаагүй буцаж орж ирэхдээ толгойгоо барьчихсан “би хүнд зодуулчихлаа. Цагдаа дуудаач” гэж хэлсэн. Тэгээд надад хариулт хэлэх боломж олголгүй шууд  дээшээ өрөө рүүгээ гарчихаад мөн удаагүй буцаад бууж ирсэн. Тухайн үед би өрөөнөөсөө хүн дуудсан болов уу гэж бодсон. Тэгээд зочид буудлын гадаа гарчихаад буцаж орж ирээд “намайг зодсон хүмүүс одоо орж ирнэ” гэж надад хэлээд дээш гарсан Түүнийг дээш гарсаны дараа гаднаас үл таних залуу орж ирсэн. Би гаднаас орж ирсэн залуугаас “та яагаад хүн зодсон юм бэ” гэж асуухад “юу яриад байгаа юм бэ, ах нь хүн зодоогүй ш дээ” гээд гайхаад байсан. Тэгээд тэр залууг текний хажууд байж байтал гаднаас цагдаа орж ирсэн. Энэ үед Г ч дээрээс бууж ирсэн. Гаднаас орж ирсэн залуу “хүн зодоогүй” гээд байхаар нь би гайхаад Г-с “энэ хүн мөн юм уу” гэж асуухад “би зодуулсан хүнээ танихгүй яах юм бэ” гэж хэлж байсан. Г орж ирэхдээ толгойгоо барьсан байдалтай 2 эрэгтэй хүнд зодуулчихлаа гэж хэлж байсан. Яг ямар хувцастай ямар хүн гэдгийг нь хэлээгүй. Г-н дух нь бага зэрэг шалбарсан байсан. Өөр гэмтэл шарх харагдаагүй. Хувцас нь тоос шороогоор бохирлогдсон эсэхийг би анзаараагүй. Уг үйл явдал нэг их удаан хугацаанд үргэлжлээгүй болохоор Г 23 цагийн орчимд л орж ирсэн байх. Г нь Г-г орж ирээд удаагүй байхад араас нь орж ирсэн. Тухайн үед нилээд согтуу байсан. Тэгээд надад “танай зочид буудалд танай захирлын хуурай дүү байх ёстой. Би тэрийг таньдаг юм. Би өдөр тэр хүн дээр ирсэн” гэж хэлсэн. Тухайн үед зочид буудалд манай захирлыг таньдаг ах 1 хоноод 23-ны өдөр гарсан байсан. Би тэр ахыг асууж байна гэж бодоод Г-д “тэр хүн чинь өдөр гарчихсан” гэж хэлсэн. Г-н гарын ар хэсэг шалбарсан, шинэ үүссэн шархтай байсан. Мөн хувцас нь тоос шороо болсон байсан. Гэхдээ урагдсан зүйл байгаагүй. Би түүний гарыг нь харчихаад “та манайд байрлаж байгаа хүнийг зодсон л байна ш дээ, гар чинь урагдчихсан байна” гэхэд “ах нь хүн зодоогүй” гээд байсан гэжээ. /хх-ийн 59-60/

-Гэрч У.С мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: Б.Г намайг жижүүртэй байхад 23 цаг 15 минутын орчимд эмнэлэг дээр ирсэн. Тухайн үед духны дээд хэсэгт өнгөц зулгарсан, тэр хэсэгтээ бага зэрэг хавдсан, толгойн ар дагзны үсэн доор хуйханд 6-7 мм орчим газарт өнгөц шархтай, тэр хэсэгтээ мөн хавдсан. Уг шарх оёдол тавих шаардлагагүй байсан. Биеийн ерөнхий байдал нь даралт ихэссэн, зүрхний цохилтын тоо олширсон байсан. Хөл гуяны булчин гишгэж явахад өвдөж байна гэж тухайн үед хэлж байсан боловч гаднаас харахад ямар нэг хөхрөлт, няцралт, зөөлөн эдийн гэмтэл байгаагүй гэжээ. /хх-ийн 62-63/

- Гэрч Х.Э-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: Би 2017 оны 11 сарын 06-ны өдөрөөс Эрүүгийн 1720000000067 тоот зугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн. Харин тус гомдол мэдээллийг 2017 оны 11 сарын 01-ний өдөр хүлээн авч 2017 оны 11 сарын 02-ны өдөр хохирогч Г-г зодсон гэх А, Г нарыг дагуулж Хөвсгөл зочид буудал дээр очиж хохирогч Г-той уулзаж А-г зодсон залуу мөн эсэхийг тодруулж асуусан. Тэгэхэд Г нь мөн гэж шууд заасан. Харин А нь би зодоогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь зочид буудлын камерыг шүүж үзсэн. Тэгэхэд 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 22 цаг 30 минутын үеийн камерын бичлэг дээр хоёр залуу зам хөндлөн гарч байгаа бичлэг байсан. Би тухайн үед бичлэг нь муу байсан учир А-г “чи мөн л байна ш дээ” гэж хэлэхэд А “би энэ залууг зодсон нь үнэн, би энэ хэргийг чимээгүй байж байгаад намжчих байх гэж бодоод би зодоогүй гэж гүрийсэн юм” гэж хэлсэн. Тухайн үед камерын бичлэг нь хохирогч Г-г зодож байгаа газарлуу туссан камер байхгүй байсан. Тухайн камерийн бичлэг нь хэрэгт ямар нэгэн ач холбогдолгүй учир хавтаст хэрэгт хавсаргаж хийгээгүй. Харин хохирогч Г, А-г шууд зааж байсан ба А ч мөн зодсон цохисоноо мэдүүлэгтээ хэлсэн гэжээ. /хх-ийн 64-65/               

- Шинжээчийн 336 тоот дүгнэлт: 1.Б.Г-н биед тархи доргилт, духны зүүн талд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хуйханд ар хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүдийн тархи доргилт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт духны зүүн талд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хуйханд ар хэсэгт зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. 4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 29/

-Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8/

-Шүүгдэгч Б.А-н ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/

- Хохиролын баримтууд /хх-ийн 36-41, 98-102/

-Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46-47/

-Шүүгдэгч М.Г-н ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/

-Замын-Үүд сумын Борхойн, Сүлд багийн тодорхойлолт /хх-ийн 88-89/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 91-94/

-Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 103-105/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

 Шүүгдэгч Б.А, М.Г нар нь бүлэглэж 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 22-23 цагийн үед Замын-Үүд сум 1-р багт байрлах Хөвсгөл зочид буудлын гадна талбайд иргэн Б.Г-г зодож улмаар биед нь доргилт, духны зүүн талд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хуйханд ар хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Г-н “Замын-Үүд сумын Хөвсгөл буудлын гадаа унтахаасаа өмнө гараад тамхи татах гээд байж байтал замын эсрэг талаас үл таних хоёр залуу гарч ирээд нэг нь түрүүлж ирээд тамхи аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би ганцхан байсан юм хөгшөөн гэж хэлсэн. Тэгсэн чинь хүрч ирээд тэр залуу нь намайг заамдаж аваад куртикны захаар боож аваад 2-3 удаа хана руу толгойг маань мөргүүлсэн. Тэгээд би зугтаах гэж байсан чинь тэр Г гэж залуу нь ирээд намайг заамдаж аваад хавсарч унагаах гээд байсан. Тэгсэн Г нь би энийг унагаах гээд унагааж чадахгүй байна гэж нөгөө залуудаа хэлсэн. Тэгсэн нөгөө залуу нь ирээд намайг нийлж байгаад тэр хоёр газар унагасан. Тэгээд намайг унагахаар нь би ядаж миний эрүү рүү битгий цохиороо өмнө осолд орсон байсан юм гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг ямар олон үгтэй юм гээд дээрээс дарж байгаад өшиглөөд байсан, өвдөглөөд байсан уу ямарч байсан дараа нь нил хөндүүр болчихсон байсан. Тэгсэн нэг нь наадахыг чинь тоосгоор цохиод алаад хаячихья гээд байсан. Би яг хэн хэлснийг бол мэдээгүй. Тэгээд би хоёр гараараа толгойгоо дараад хэвтэж байсан чинь миний үснээс зулгааж байгаад наашаа харж бай гэж байгаад дух хэсэгт нэг удаа тоосгоор цохисон. Тэгээд би нэг хэсэг манараад хэвтэж байсан чинь Г нь миний дээрээс хэвтэж байсан. Харин нөгөө залуу өөр тоосго хайгаад байсан. Би тэгэхээр нь Г-г дээрээсээ босгоод зугтаасан. Харин би босоод зугтаасан чинь хэн төмөр авч шидсэнийг мэдэхгүй нэг нь төмөр авч шидээд миний нуруу дал хэсэг дээр оносон.” гэх мэдүүлэг, гэрч М.Г-н “Г ороод “энэ залуу намайг зодсон” гэж Г-г заасан. Энэ үед Г “юун зодоон чи хүн андуураад байгаа юм биш үү” гэхэд Г “би хүн андуурахгүй. Би эрүүл байна. Чи намайг найзтайгаа гадаа зодсон биз дээ” гэж хэлж байсан. Тэгээд би Г-н гарыг нь урагш сунгуулж, гарын ар хэсгийг харахад гарын ар тал шалбарсан юм цохисон байдалтай байсан. Тэгээд түүнээс “хамт явсан хүн чинь хаана байна вэ” гэж асуухад “би ганцаараа байсан” гээд байсан.” гэх мэдүүлэг, гэрч А.О “...Г орж ирэхдээ толгойгоо барьсан байдалтай 2 эрэгтэй хүнд зодуулчихлаа гэж хэлж байсан. Яг ямар хувцастай ямар хүн гэдгийг нь хэлээгүй. Г-н дух нь бага зэрэг шалбарсан байсан. Өөр гэмтэл шарх харагдаагүй. ... Г-н гарын ар хэсэг шалбарсан, шинэ үүссэн шархтай байсан. Мөн хувцас нь тоос шороо болсон байсан. Гэхдээ урагдсан зүйл байгаагүй. Би түүний гарыг нь харчихаад “та манайд байрлаж байгаа хүнийг зодсон л байна ш дээ, гар чинь урагдчихсан байна” гэхэд “ах нь хүн зодоогүй” гээд байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Э-н “...2017 оны 11 сарын 02-ны өдөр би хохирогч Г-г зодсон гэх А, Г нарыг дагуулж Хөвсгөл зочид буудал дээр очиж хохирогч Г-той уулзаж А-г зодсон залуу нь мөн эсэхийг тодруулж асуусан. Тэгэхэд Г нь мөн гэж шууд заасан. Харин А нь би зодоогүй гэж хэлсэн. Тэгэхээр нь зочид буудлын камерыг шүүж үзсэн. Тэгэхэд 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 22 цаг 30 минутын үеийн камерын бичлэг дээр хоёр залуу зам хөндлөн гарч байгаа бичлэг байсан. Би тухайн үед бичлэг нь муу байсан учир А-г “чи мөн л байна ш дээ” гэж хэлэхэд А “би энэ залууг зодсон нь үнэн, би энэ хэргийг чимээгүй байж байгаад намжчих байх гэж бодоод би зодоогүй гэж гүрийсэн юм” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, шинжээчийн 336 тоот дүгнэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч М.Г нь хохирогч Б.Г-г зодоогүй, харин Б.Г, Б.А нарыг салгах үйлдэл хийсэн гэж мэдүүлдэг боловч шүүгдэгчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож чадахгүй байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “..шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх эрхтэй боловч шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар батлагдаж байх ёстой. Иймд шүүгдэгч С.Гантулгын хохирогч Б.Ганболдын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд холбогдолгүй гэж тайлбарлаж байгаа нь хэрэгт цугларсан дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч нарт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрч А.О /хх-ийн 59-60/, гэрч М.Г /хх-ийн 57-58/ мэдүүлгээр тогтоггож байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, шүүгдэгч нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзлээ.

Хохирлын хувьд: хохирогч Б.Г нь нийт 1.200.000 төгрөгийн хохиролоос шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн 120.000 төгрөгийг хасч үлдэх 1.080.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх боловч хавтаст хэрэгт нийт 483.970 төгрөгийн баримт цугларсан байна. Үүнд толгойг томографи зураг авахуулахад зарцуулсан 127.000 төгрөг, Замын-Үүдээс Улаанбаатар хотын хооронд явсан зардал 111.970 төгрөг, Замын-Үүд суманд байх хугацаандаа байрлаж байсан буудлын зардал 245.000 төгрөг болно. Эдгээр зардлууд нь нотлох баримтын хүрээнд тогтоогдож байх тул шүүгдэгч нарын зүгээс хохирогч Б.Г-д өгсөн гэх 120.000 төгрөгийг хасч тооцон шүүгдэгч нараас 363.970 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй. Хохирогч нь сарын 2 сая төгрөгийн цалинтай ажил хийдэг болох нь Замын-Үүд дэх Бүс нутгийн Ложистикийн төвийг хөгжүүлэх төслийн зөвлөх “С” ХК Төмөр зам хариуцсан хэсэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Г ХХК-ний захирлын тодорхойлолт, Голомт банкны дансны хуулга зэргээр нотлогдож байгаа боловч энэ хэргийн улмаас 9 хоног ажилдаа яваагүй учир 9 хоногийн цалин дутуу бодогдсон гэж 599.400 төгрөгийг нэхэмжлэж байгаа нь нотлох баримтаар харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл 599.400 төгрөгийн цалингаа шүүгдэгч нарын буруугаас болж авч чадаагүй гэх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.       

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М.Г, Б овогт Б.А нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, Б.А нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.А, М.Г нар нь оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг  2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.А, М.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.А, М.Г нараас 363.970 төгрөгийн хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Г-д олгож, хохирогч Б.Г нь ажилгүй байсан хугацааны цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, М.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Э.БОЛОРМАА