Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/818

 

 

 

 

 

 

  2022             08              16                                          2022/ДШМ/818

 

 

З.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

хохирогч Э.Г, түүний өмгөөлөгч Ц.Т,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/582 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч З.С-т холбогдох ............. дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч З.С нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг ... дугаар сургуулийн хашаан дотор иргэн Э.Г-той харилцан маргалдаж улмаар Э.Г-ын толгойн хэсэгт цохиж газар унагаж толгой руу нь өшиглөн зодож “баруун хоншоорын хөндийн урд, гадна хананы зөрүүтэй, хугарал, духанд зулгаралт, дух, зовхи, нүдний алиманд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг ... дугаар сургуулийн хашаан дотор иргэн М.С-ын нүүрэн хэсэгт цохиж “дээд уруулын салстад язарсан шарх, дээд үүдэн зүүн 1-р шүд эмтэрсэн гэмтэл” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: З.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-ыг 360 /гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар биелүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.С-аас нийт 250.000 төгрөг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн ...-р хороо Согоотын ...... тоотод оршин суух Э.Г 100.000 /нэг зуун мянга/ төгрөг, хохирогч Э.Г-ын тусламж үйлчилгээ авсан зардал болох 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь .............. дугаар дансанд төлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Э.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Э.Г-ын өмгөөлөгч Ц.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг шүүх рүү шилжүүлэх гэж байгаа талаар мэдэгдсэн бол бид энэ асуудлуудыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргаж хэлэх байсан гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны шүүх хуралдаанд хохирогч бичгээр хүсэлт гаргасан тохиолдолд хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулахаар заасан. Хохирогч Э.Г бичгээр ийм хүсэлт гаргаагүй, хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй учир шүүх хуралдаан явуулсан нь хууль зөрчөөгүй. Мөн хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан гэж тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн “...З.С миний шанаа руу гараараа цохиход би нүүрээ дараад доошоо тонгойход нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж би ухаан алдаж унасан...” гэх мэдүүлэг, хохирогч С-ын “...З.С, Э.Г-н нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Э.Г тонгойход нүүрэн тус газар нь дахин 2-3 удаа өшиглөхөд Э.Г газар унасан. З.С миний уруулын хэсэгт гараар нэг удаа цохиод яваад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б-н “...З.С Э.Г-г газар унагаасан..” гэх мэдүүлэг, гэрч У-ын “...Э.Г өвдгөө тулаад тонгойж байхад З.С нүүр рүү нь өшиглөсөн. Э.Г-ыг З.С-аас өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтаар З.С хохирогч Э.Г, С нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдож байна. Мөн 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон. Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.С нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг ... дугаар сургуулийн хашаан дотор иргэн Э.Г-той харилцан маргалдаж улмаар Э.Г-ын толгойн хэсэгт цохиж газар унагаж толгой руу нь өшиглөн зодож “баруун хоншоорын хөндийн урд, гадна хананы зөрүүтэй хугарал, духанд зулгаралт, дух, зовхи, нүдний алиманд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг ... дугаар сургуулийн хашаан дотор иргэн М.С-ын нүүрэн хэсэгт цохиж “дээд уруулын салстад язарсан шарх, дээд үүдэн зүүн 1-р шүд эмтэрсэн гэмтэл” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Г-ын “...тухайн үед би С-тай зодолдохоор тохироод, зодолдож эхлэхэд ноцолдсоор С намайг нэг удаа унагааж, миний дагз хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд С-тай хамт байсан найз эмэгтэй нь бас түүний найзууд салгасан. Тэгээд бид хоёр салаад би найз У, Б, С-тай ... дугаар сургуулийн хашааны хаалгаар гарах гээд явж байхад С 4-5 ах нарыгаа дагуулаад араас дуудахаар нь яваад очсон чинь С намайг элдвээр хараагаад байсан ба юу гэж хэлснийг нь санахгүй байна, тэгээд би тоолгүй эргэж хараад явах гэсэн чинь миний баруун шанаа руу гараараа цохихоор нь би нүүрээ дараад доошоо тонгойсон, нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөсөн чинь би газар ухаан алдаад уначихсан. ...Би хэрэг болсон өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэсэн...” /хх 19-25/,

хохирогч М.С-ын “......” /хх 29х-31/,

иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн “...Э.Г нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2021 оны 12 дугаар сард гэмтлийн яаралтай тусламжийн төвөөс 150.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 150.000 төгрөгийн зардал гарсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч З.С-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан дахь ................ дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." /хх 14-15/,

гэрч Д.М-ийн “...Би ... дугаар сургууль дотор хяналтын камераа хараад сууж байхад ... дугаар сургуулийн хашаан дотор баруун захад 10 гаруй хүүхдүүд байсан ба хоёр хүүхэд хоорондоо зууралдчихсан байж байсан. Тэгэхээр нь би ганцаараа гарч очоод тухайн хоёр хүүхдийг салгасан чинь зүс таньдаг З.С, Г хоёр хүүхдүүд дунд байсан. Тэгээд би тухайн залуучуудад “та нар боль юугаа булаацалдаж зодолдоод байгаа юм” гэж хэлээд сургуулийн хашаанаас гаргаад явуулсан. Тэгээд би сургуулийн хашааг тойроод буцаад сургууль руу ороод кофе аягандаа найруулаад хяналтын камераа хараад байж байхад удаагүй 20-30 минутын дараа сургуулийн төв хаалгаар 5-6 хүүхдүүд орж ирсэн ба хойд талын хаалгаар бас 5-6 хүүхдүүд бас орж ирээд хоорондоо уулзаад байсан. Тэгээд би түрүүний орж ирдэг хүүхдүүдийг хоорондоо яриад эвлэрч байна гэж ойлгоод хараад байж байхад хоорондоо зодолдох шиг болохоор нь дахиж гараад очсон чинь Г-ын хамраас цус гараад доошоо тонгойгоод явган сууж байхаар нь салгаад хамт байсан хүүхдүүдийг нь тараагаад Г-ыг нэг найзтай нь цуг сургууль руу ариун цэврийн өрөөнд оруулж цусыг нь угаалгасан. Тэгээд би сургууль дотроо 20-30 минут суулгаж байгаад найзтай нь цуг гаргаад явуулсан...” /хх 36-37/,

насанд хүрээгүй гэрч С.Э-ийн “...Г ах С-ыг түрүүлж мөргөөд, С ах өмсөж явсан хувцасныхаа дээд талыг тайлаад Г руу дөхөж очсон чинь нүүрэн тус газар нь цохиод, С ах зөрүүлээд нүүр лүү нь цохиод байсан. Яг хаана нь хэдэн удаа цохисныг анзаараагүй...” /хх 43-45/,

гэрч П.Б-н “......" /хх 54-56/,

гэрч Г.У-ын “...М.С-ын уруулын дотор хэсэгт язраад сэтэрчихсэн байсан..." /хх 61-64/ гэх мэдүүлгүүд,

“...Э.Г-ын биед баруун хоншоорын хөндийн урд, гадна хананы зөрүүтэй, хугарал, духанд зулгаралт, дух, зовхи, нүдний алиманд цус хуралт, тохой, шуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 86-87/,

“...М.С-ын биед дээд уруулын салстад язарсан шарх, дээд үүдэн зүүн 1-р шүд эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Хэрэг гарсан гэх хугацаанд үүсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 332 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 93-94/,

гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7-11/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч З.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч З.С-ыг Э.Г-той харилцан маргалдаж улмаар Э.Г-ын толгойн хэсэгт цохиж, газар унагаж, толгой руу нь өшиглөн зодож “баруун хоншоорын хөндийн урд, гадна хананы зөрүүтэй хугарал, духанд зулгаралт, дух, зовхи, нүдний алиманд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн М.С-ын нүүрэн хэсэгт цохиж “дээд уруулын салстад язарсан шарх, дээд үүдэн зүүн 1-р шүд эмтэрсэн гэмтэл” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-т 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

Хохирогч Э.Г-ын “...Мөрдөн байцаалтын ажиллагаа хангалттай явагдаагүй, З.С-тай нийлж намайг зодсон хүмүүсийг тогтоож чадаагүй, анхан шатны шүүх шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хохирогчийн эрхийг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн хохирогч Э.Г /хх 19-25/, М.С /хх 29х-31/, иргэний нэхэмжлэгч Б.Б /хх 14-15/, гэрч Д.М /хх 36-37/, насанд хүрээгүй гэрч С.Э /хх 43-45/, гэрч П.Б /хх 54-56/, Г.У /хх 61-64/ нарын мэдүүлгүүд болон “...Э.Г-ын биед баруун хоншоорын хөндийн урд, гадна хананы зөрүүтэй хугарал, духанд зулгаралт, дух, зовхи, нүдний алиманд цус хуралт, тохой, шуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 86-87/,  гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7-11/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч Э.Г, М.С нарын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч З.С-ын цохилтын улмаас үүссэн, гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эдгээр гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд” оролцох талаар заасан хохирогчийн эрхийг зөрчиж хохирогч Э.Г-д шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй зөрчил гаргасан байгааг дурдаж, цаашид дахин энэ төрлийн алдаа, зөрчил гаргахгүй ажиллахыг магадлалд тэмдэглэж байна.

Нөгөөтэйгүүр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд хуулиар хязгаарлагдсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/582 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Э.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

            ШҮҮГЧ                                                                                  Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ