Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 112/шш2024/0011

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Нэхэмжлэгч: “Э”ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Д, М.Э,

Хариуцагч: ............ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С, Д.М нарын хооронд үүссэн газрын төлбөрийн өрийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М, түүний өмгөөлөгч Ж.Д, М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

                                                     

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь ........... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “74,070,991.00 төгрөгийн газрын төлбөрийн өрийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

 

2. .............. аймгийн Б сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/87 дугаар захирамжаар Б сумын 4 дүгээр багийн нутагт уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулах зориулалтаар 290.57 га газар, А/88 дугаар захирамжаар тус сумын 4 дүгээр багийн нутаг Б нэртэй газарт уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулах зориулалтаар 291.32 га газрыг тус тус “Э”ХХК-д эзэмшүүлж, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” тухай гэрээ байгуулж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 3 жилийн хугацаатай уурхайн зориулалтаар ашиглуулахаар гэрчилгээ олгожээ.

 

3. 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Монголын Татварын албаны татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхээр “Э”ХХК-д газрын төлбөр болох 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18,700,842.00 төгрөг, 6,478,774.00 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 25,485,216.00 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11,621,304.00 төгрөг, 697.00 төгрөг, 11,621,304.00 төгрөг, 2,854.00 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 160,000.00 төгрөг нийт 74,070,991.00 төгрөгийн нэхэмжлэх хүргүүлсэн байна.

 

4. “Э”ХХК нь дээрх газрын төлбөрийг эс зөвшөөрч 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

 

5. Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай “Э” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 24-нд үүсгэн байгуулагдсан, гадаад худалдаа, Геофизикийн судалгаа хийх, гэрээгээр өрөмдлөг хийх, Ашигт малтмалын хайгуул, ашиглалт чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Манай ашигт малтмалын талбай болох 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмал ашиглалтын тусгай ............ дугаар зөвшөөрөлөөр ......... аймгийн Б сумын Х нэртэй газарт 290.57 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглах улсын бүртгэлийн ......... тоот гэрчилгээтэй тусгай зөвшөөрлийг 2046 оны 10 дугаар сарын 25-ныг хүртэл эзэмшихээр болсон. Тус талбай дээр 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр А/87 дугаар Говь-Алтай аймгийн Б сумын Засаг даргын захирамжаар Б сумын 4-р багт Б, Х 1 хаягт нэгж талбарын .......... дугаар бүхий 2905326 м.в газрыг Уурхайн газраар 3 жилийн хугацаатай ззэмших эрхийн гэрчилгээг авч, ........ аймгийн Б сумын Газрын албаны мэргэжилтэнтэй газар эзэмших тухай гэрээ байгуулсан. Манай байгууллага газар эзэмших эрхийн гэрээ байгуулсанаас хойш хөрөнгө оруулалт орж ирээгүй байж байгаад 2020 оноос Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахал тархсантай холбоотойгоор Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бүх хөдөлгөөнийг хязгаарлаж, хатуу хөл хорио тогтоож үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн ашиглалтын талбай дээр 2019, 2020, 2021 онуудад үйл ажиллагаа явуулаагүй боловч гэрээнд заасан газар эзэмших эрхийн хугацаанд газрын төлбөрийг төлж байсан. 

Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Монголын татварын албанаас нэхэмжлэх, Банкны данс битүүмжлэх тухай мэдэгдэх хуудсыг Татварын Ерөнхий хуулийн 63 дугаар зүйл , Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.8, 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн танай банкны харилцагч ......... регистрийн дугаартай “Э”ХХК-ийн харилцах хадгаламжийн данснаас 2021 оны 11, 2022 оны 2 сар, 2023 оны 1 сард үүссэн газрын төлбөр болох 74,070,991.00 төгрөгийн татварын өрийг үл маргах журмаар гаргуулахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлж байна гэсэн.

Манай байгууллагын хувьд татварын байгууллагын нэхэмжлэлд дурдсан хугацааны газрын төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь .......... аймгийн Б сумын 4-р багт Х гэх газрыг эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацаа, газар эзэмших эрх 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болсон байхад 2021 оны 11 дүгээр сараас хойших газрын төлбөр нэхэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд ......... аймаг Газрын Харилцаа, Барилга Хот байгуулалтын Газар нь үйл ажиллагаа явуулаагүй, газар эзэмших эрх дуусгавар болсон байхад 2021 оны 11 дүгээр сараас хойших нийт 74,070,991.00 төгрөгийн газрын төлбөр төлөх талаар Татварын алба руу мэдээлэл илгээж манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг хөндөж их хэмжээний өр төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул ......... аймаг, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын тооцож гаргасан 74,070,991.00 төгрөгийн газрын төлбөрийн өрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Өмнөх удирдлагууд ажил үүргээ орхиод явахдаа бидэнд 2018 оноос хойш газар эзэмших гэрээ, гэрчилгээ хийсэн гэрээ контракт 2018 оноос өмнөх, 2021 оноос өмнөх төлбөр төлж байсан баримтуудыг бидэнд огт хүлээлгэж өгөөгүй. Нэхэмжлэхийн 2018 онд байгуулсан 3 жилийн гэрээг 2021 ондоо яагаад автоматаар сунгачихсан юм бэ гэдэг дээр гайхаж байгаа юм. Тэгэхээр бид нэг л зарчим баримталж хүсэлт гаргаж байгаа. Тэр хүсэлт нь өмнөх төлбөр тооцоонд 2021 онд нийтдээ 43 сая төгрөг төлсөн байдаг юм байна. 2021 оноос хойш хугацаа дуусаж байгаа учраас албан ёсоор яг бид гар дээрээ гэрээ гэрчилгээ хүлээж аваагүй болохоор цаашдаа сунгагдаагүй юм байна, сунгах боломжгүй юм байна гэсэн үүднээс гомдол гаргаж байгаа. Цаашдаа бид энд үйл ажиллагаа явуулах учраас магадгүй 2 талаасаа бодолцож үзвэл одоо цаг дээр газраа дахин хэмжүүлээд эвдэгдсэн, эвдэгдээгүй хот суурин гэдгээр нь ангилж ялгаад,  цаашдаа бид нар эзэмших гэрээ, гэрчилгээ биш ашиглах гэрээ гэрчилгээгээ хууль ёсны дагуу хийгээд газрын төлбөрөө шударгаар бодуулаад явбал бид нарт бол гомдох зүйл байхгүй. Газрын төлбөрийг 2022 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газрын төлбөрийн асуудлыг бас дахин нэг нугалъя гээд 20 гаруй сая төгрөг төлдөг байсан асуудал маань 40 гаруй сая төгрөг болчхоод байгаа дээр бид нар эргэлзээтэй байгаа. Тогтоосон 70 гаруй сая гэдэг маань  гэрээ дууссан мөнгийг бид нар төлмөөргүй байна. Албан ёсоор бид нар тамга тэмдэгтэй бичиг цаас авч сунгаагүй, сунгагдаагүй гэдэг дээр л бид гомдол гаргаад байгаа юм гэв.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Э” гадаадын хөрөнгө оруулалттай компанид 2021 оны 11 сар, 2022 оны 2 сар, 2023 оны 1 сард үүссэн газрын төлбөр болох 74,7 сая төгрөгийг хууль зүйн үндэслэлгүйгээр тогтоосон байх тул хүчингүй болгуулж өгнө үү гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Хариуцагч талаас тайлбар хэлж байна. Газар эзэмших эрх олгосон захирамж маань өөрөө хугацаагүй олгосон гэж байгаа. Дараагийн дугаарт нэгэнт хугацаагүй олгочихсон юм чинь Газрын тухай хуулиараа 15-аас 60 жил байдаг юм. Иймд бид нар 15 жил гэж ойлгож байгаа гэж байгаа. Мөн эзэмших эрхийн гэрчилгээ нь 3 жил  гэж гарсан болохоос биш газар эзэмших эрхийн гэрээ хугацаагүй гарсан гэдэг тайлбарыг хэлж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад харах юм бол газар эзэмших эрхийн гэрээ 3 жилийн хугацаатай байгаа. Дээрээс нь Засаг даргын захирамж хугацаагүй гарах асуудал Газрын тухай хуулийн 15-аас 60 жилийн хугацаатай бол хамааралгүй юм. Газрын тухай хуулийн тэр 15-аас 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуулийн 30.1 дээр заагаад өгчихсөн. Газар эзэмших эрхийг 15-аас 60 жилийн хугацаатай эзэмшүүлж болно гэсэн байдаг. Гэтэл Засаг дарга яах ёстой байсан бэ гэхээр захирамждаа тухайн хугацааг тодорхой зааж өгөх байсан. Гэтэл Газрын алба  таамаг дэвшүүлж, энд Газрын тухай хуулийг хэрэглэхдээ доод тал нь 15 жил байдаг юм чинь энэ хүмүүс 15 жилээр эзэмших ёстой гэдэг байдлаар дүгнэлт гаргах хууль зүйн үндэслэл байхгүй юм гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Дараагийн дугаарт газар эзэмших эрхийн харилцаа өөрөө хэзээ үүссэн юм бэ, хугацаа хэзээ юм бэ, газар эзэмших эрх хэзээ дуусгавар болдог юм бэ гэдэг асуудлууд энд бүгд хөндөгдөнө. Гадаадын хөрөнгө оруулалттай газарт газар эзэмших эрх олгох нь өөрөө хуульд нийцсэн асуудал юм уу гэдэг асуудал хөндөгдөнө. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга бол газрын төлбөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага байгаа. Хариуцагчийн тухайд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа үндэслэл бүхий тайлбарлаж чадахгүй байна гэж үзэж байна. Нэгдүгээрт тухайн газрын төлбөрийг хүчингүй болгуулах үндэслэл өөрөө юу вэ гэхээр  Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд газрын төлбөр гэж газрын төлбөр төлөгч нь хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх шийдвэрээр газар эзэмшиж, ашиглаж байгаа бол газрын төлбөр төлнө гэж байгаа. Ингээд “Э” компани нь өөрөө хууль тогтоомжийн дагуу энэ газарт газар эзэмших эрх олгосон юм уу гэдэг асуудал хөндөгдөхөөс өөр аргагүй. Засаг дарга газар эзэмшүүлэх тухай захирамжийг гаргасан байгаа. Газар эзэмшүүлэх тухай захирамжийг гаргахдаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрх олгочихсон байдаг. Түүнээс улбаатайгаар өнөөдрийн энэ маргаан үүсээд явж байгаа. Газар эзэмших захирамж гаргасан нь өөрөө хуульд нийцсэн юм уу гэхээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь энэ чинь өөрөө хуульд нийцээгүй, илт хууль бус акт байна. Хууль тогтоомж зөрчин гаргасан энэ акт, захирамж чинь өөрөө илт хууль бус учраас гарсан өдрөөсөө эхлээд эрх зүйн үйлчлэлгүй байна гэдэг тайлбарыг хэлсэн. Ингээд харахаар тухайн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулиараа зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгоно гэж байгаа юм. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалттай компанид эрх олгочихсон байдаг. Хэдийгээр эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан хууль тогтоомжоор олгох ёсгүй байсан зүйлийг олгочихсон, ийм илт хууль бус акт болчихоод байгаа юм. Илт хууль бус акт маань өөрөө эрх зүйн үйлчлэл байхгүй. Тэгэхээр нэгэнт эрх зүйн үйлчлэл байхгүй энэ захиргааны шийдвэр дээр үндэслээд энэ газрын төлбөр нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтийг хэлэх гээд байгаа юм. Газрын алба өөрөө хэлсэн. Илт хууль бус акт учраас хүчингүй болгоод өгөөч, хүчингүй болгомоор байна гэсэн. Үүнийг гаргаж байгаа эрх бүхий албан тушаалтан нь Засаг дарга байдаг. Засаг дарга  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиараа өөрийнхөө хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ өөрт нь олгогдчихсон байдаг. Одоогийн Засаг дарга дээр нь нэхэмжлэгч тал очоод уул нь бас хэлсэн байдаг. Энэ шийдвэр чинь өөрөө хууль зөрчсөн шийдвэр байна, манайх ашиглалтаар авмаар байна гэдэг асуудлыг хөнддөг. Тэгэхээр Засаг дарга нь би энэ шийдвэрийг чинь гаргаагүй юм чинь би шийдэхгүй, энийгээ шүүхээрээ шийдүүл гээд байгаа юм. Гэтэл төрийн алба өөрөө уламжлан явагддаг. Дараагийн Засаг дарга чинь тухайн үеийн гаргаж байсан Засаг даргынхаа хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрх нь хуулиар олгогдсон. Шийдвэрээ Засаг дарга өөрөө хүчингүй болгох ёстой юм байна гэдэг асуудал яригдана. Нэгэнт илт хууль бус захиргааны актыг шүүхэд бид нар илт хууль бус байна, хүчингүй болгоод өгөөч гэж асуудал хөндөх шаардлага байхгүй. Тэгэхээр тухайн захиргааны акт маань өөрөө эрх зүйн үйлчлэлгүй байгаа учраас энэ эрх зүйн үйлчлэлгүй захиргааны акт дээр үндэслээд газрын төлбөр ноогдуулж байгаа нь өөрөө хэр хуульд нийцэж байна вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Иймд газрын төлбөр ноогдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хоёрдугаарт энэ газар эзэмших эрхийн гэрээ хариуцагч талаас хэлээд байна. Газар эзэмших эрхийн энэ хугацаа, гэрчилгээг манайх бол олгосон. 2018 онд Засаг даргын захирамж шийдвэр байгаа учраас шийдвэрээ бид нар программдаа шивчихдэг. Программд шивсний дагуу бид газар эзэмших гэрээгээ байгуулаад гэрчилгээ олгож байгаа гэдэг асуудал ярьж байгаа. Нэгэнт гэрээ, гэрчилгээг бид программдаа шивчихсэн учраас автоматаар газрын төлбөр гараад ирдэг гэдэг асуудал ярьж байна. Ингээд газар эзэмших гэрээ, гэрчилгээг нь харахаар Газрын тухай хуулиа зөрччихсөн асуудал энэ дээр яригдана. Энэ газрын төлбөр төлөх асуудал нь өөрөө хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу эзэмших эрхээ олж авсан этгээд төлбөрийг төлнө гэж байгаа. Хууль тогтоомжийн дагуу газар эзэмших эрхийг нэхэмжлэгч тал олж аваагүй. Газар эзэмших эрхийн гэрээ 2018 онд хийгдсэн. Бичвэрээр бид программд шивснээр л тухайн нотлох баримтыг үнэлэх байх гэж бодож байна. Яг ямар тайлбар хэлэх гээд байгаа юм, тэрийгээ ойлгомжгүй яриад байдаг дарга нь бас тайлбар хэллээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бичгээр тайлбар гаргалаа. Өнөөдөр шүүх хуралдаан дээр тайлбар гаргалаа. Магадгүй тэр гэрээ нь 15 жилийн хугацаатай байдаг юм байж. Та нарын хэлж байгаагаар Газрын тухай хуульд хамгийн доод хэмжээнд 15 жилийн хугацаатай гэж заадаг юм байна. Засаг дарга захирамждаа хугацааг нь заагаагүй байхад та нар тэрийг дур мэдэн 15 жилийн хугацаа, доод хэмжээ учраас 15 жилээр олгосон гээд программдаа шивчихдэг юм байж. Тэгвэл газар эзэмших эрхийн гэрчилгээ гэдэг энэ үнэт цаасан дээр хугацаа 3 жил гээд заагаад өгчихсөн байдаг. Тэгэхээр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байна гэсэн. Газар эзэмших эрхийн гэрээ та нарын хэлдгээр 15 жилийн хугацаатай байгуулагдсан юм бол газар эзэмших эрхийн гэрчилгээ чинь өөрөө 3 жилийн хугацаатай олгогдчихжээ. Тэгэхээр газар эзэмших гэрээ чинь хүчинтэй байна 15 жилийн хугацаатай байна. Бид нар төлбөрөө авна гэхээр хэр хуульд нийцэж байгаа юм бэ? Гэрээ маань эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байна. Магадгүй хуульд заасан үндэслэл, журмаар газар төлөх эрхээ олгоод хуульд заасан хугацаагаар гэрээгээ хийгээд гэрчилгээгээ олгочихсон бол нэхэмжлэх нь зөв байх. Тэгэхээр Газрын тухай хуульд хамгийн доод тал нь 15 жилийн хугацаа гэж заасан учраас авна шүү дээ л гээд байгаа юм. Нэг талын буюу  нэхэмжлэгчийн, газар эзэмшигчийн үүрэг мэтээр та нар тайлбарлаад байна. Заавал сунгуулах ёстой гэж байна. Тэгэхээр сунгуулаагүй бол яах юм бэ гэдэг асуудал байгаа шүү дээ. Газар эзэмших эрх 2021 оны 9 сардаа дуусгавар болчихоод байна. Эзэмшигч талаас ямар нэгэн байдлаар хүсэлтээ гаргаагүй байна гэдэг чинь энэ газар эзэмших эрхийг үргэлжлүүлээд эзэмшье гэсэн хүсэл зориг байхгүй. Өөрсдөө бас хэлж байна шүү дээ. Бид нар хууль журмынхаа дагуу ашиглая гэдэг асуудлыг хөндөж байгаа юм. Мэдээж  энэ асуудлаа газрын албандаа бол тавих байх, тухайн сумынхаа газрын даамалдаа ч юм уу газрын эрх бүхий албан тушаалтанд тавих байх. Тэгэхээр газар эзэмших эрх өөрөө нэгэнт Газрын тухай хуулиараа дуусгавар болчихсон байхад яагаад энэ газар эзэмших эрхийг нь хүчингүй болгодоггүй юм, төлбөрөө төлөөч гээд байдаг, автоматаар их төлбөр тооцоод яваад байдаг. Энэ программ газрын даамлын үүрэгтэй шууд холбоотой. Газрын даамал жил бүр гэрээгээ дүгнэх ёстой. Тэгэхээр бас л эзэмшигчийн үүрэг мэтээр л яриад байна. Эрх олгоод байгаа захиргааны байгууллага, даамал гэдэг мэргэжилтэн дүгнээд явах ёстой. Жил бүр дүгнээд шаардлагаа тавих ёстой. Хэрхэн яаж шаардлага тавьсан юм. Яаж дүгнэсэн юм, газар эзэмших эрхийн хугацаа чинь дууслаа, сунгуул гэж хэлсэн юм уу? газар эзэмших эрхийг нь яагаад хүчингүй болгохгүй байгаа юм. Зарим тохиолдолд хугацаа нь дуусангуут зарим хүмүүсийн газар хүчингүй болчихсон байдаг. Яагаад хүчингүй болохгүй байна. Тэгэхээр энэ газрын төлбөр чинь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хэлэхдээ би 2021 оныг дуустал өгсөн. Одоо 2 сая төгрөг л үлдсэн гэж байна. Дуустал өгөх шаардлага ч байхгүй. Хуулиараа 2021 оны 09 дүгээр сарын 12-нд гэрээ дууслаа. Гэрээ гэж юу юм бэ гэхээр талуудын хоорондын хүсэл зоригийн үндсэн дээр үүсэж байгаа эрх үүрэг. Тэгэхээр газар эзэмших эрхийн харилцаа дуусгавар болчихжээ. Энэ эрхийн харилцаа дуусгавар болоод гэрээ нь биш юм аа гээд гэрчилгээний чинь хугацаа дуусчихаад байхад гэрээ маань өөрөө гэрчилгээтэйгээ хамт хүчин төгөлдөр байх хуулийн зохицуулалтынхаа хүрээнд аль аль нь хугацаа дуусчихсан байхад та нар газар эзэмшигч гээд байгаа хүнээс энэ газрын төлбөр нэхэмжилж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иймд тухайн газрын төлбөр тогтоогоод байгаа 74,7 сая төгрөгийн  төлбөр өөрөө хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэсэн өмгөөллийн дүгнэлт гаргаж байна гэв.

 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: .......... аймгийн Б сумын Х нэртэй газарт 290 га талбай бүхий уурхайн талбай байгаа юм. Энэ талбай дээр .......... аймгийн Б сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 12-нд А/87 дугаартай захирамжаар уурхайн газрыг 3 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ өгсөн байгаа. .......... аймгийн Б сумын Газрын албаны мэргэжилтэн газар эзэмших тухай гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалт орж ирээгүй, ашиглалтын талбай дээр 2019 он, 2020 он, 2021 онуудад үйл ажиллагаа явуулаагүй. Өөрөөр хэлбэл гэрээнд заасны дагуу эзэмших эрхийн хугацаанд төлбөр төлөх хэмжээний үйл ажиллагаа явуулаагүй, нотлох баримт шинжлэн судлуулахад М гээд Засаг дарга нь тодорхойлолт өгсөн байдаг. 2021 оны 11 сар, 2022 оны 2 сар, 2023 оны 1 сард үүссэн газрын төлбөр 74 сая төгрөгийн өр үүссэн байна. Үйлчлүүлэгч маань энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Х гэх газрын эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацаа дуусгавар болсон. Газрын төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулаагүй болох нь  хавтаст хэргийн материалын 10 дугаар хуудсанд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 296 дугаартай албан бичгээр нотлогдож байгаа юм. Газрын төсвийг ямар аргачлалаар яаж тооцоод байгаа юм бэ гэхээр газрын албаны дарга А хэлэхдээ захирамжид хугацаа тавигдаагүй тул Газрын тухай хуулийн 30.1-д зааснаар багадаа 15 жилээр гэж байгаа. Багадаа гэдэг үгэн дээр л акцент өгөхөд яаж ажлаа мэдэж даамал, эрх бүхий субъектүүд нь ажлаа хийж байсан нь ойлгомжтой байгаа юм. 15 жилээр багадаа гэж үзээд газрын кадастрын системд бүртгэж оруулсны дагуу газрын төлбөрийг оногдуулж, нэхэмжлэлийг шууд татварын удирдлагын системд илгээгдсэн гэсэн. Ингээд системд илгээгдсэнээс болж газрын төлбөр автоматаар шууд бодит байдал дээр тулгуурлуулахгүйгээр 74 сая төгрөг гэж гарч ирсэн байгаа юм. Гэтэл ямар нэгэн эрх зүйн судалгаа, баримт мэдээлэлгүйгээр нэхэмжлэл илгээж үйл ажиллагаа явуулсан гэж үзэж газар эзэмших эрхийн захирамж дээр үндэслэж гэрээний хугацаа дууссан байхад тал бүрээс нь бодитой найруулан тогтоохгүйгээр нэхэмжлэгч байгууллагаас нэхэж байгаа нь ойлгомжгүй байгаа. Тэгэхээр энэ байгууллагын эрх ашиг хөндөгдөөд байгаа юм. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар эзэмшүүлэхдээ тодорхой хугацаа, гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн Газрын тухай хуулийн 27.2-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгоно гэсэн байгаа. Энэ заалтыг зөрчсөн ч гэсэн энэ дээр хариуцагч байгууллага захирамжийг хүчингүй болгож өгөөч гэж хариу тайлбар дээрээ дурдсан байгаа. Тэгэхээр эрх зүйн үйлчлэлгүй ийм хууль бус захирамж болохыг өөрөө өөрсдөө нотлоод байна. Газрын төлбөрийн тухай хуульд газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй бол гэсэн заалт байгаа. Мөн гэрээ 2021 оны 09 дүгээр сарын 12-нд дуусгавар болсон байгаа. Үйл ажиллагаа явуулаагүй бол яах юм гэсэн заалт нь бас байгаа. Эцэст нь хэлэхэд газар эзэмших эрх нь дуусгавар болчихсон, гэрээний хугацаа дуусчихсан байхад 74 сая төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрх зүйн үндэслэлгүй захирамж дээр эх сурвалж нь хууль бус байхад хууль ёсны мэт харагдуулж газрын төлбөр нэхээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

9. Хариуцагч ........ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ........... аймгийн Б сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/87, А/88 дугаар захирамжаар “Э”ХХК-д уурхайн зориулалтаар 290.57га, 291.32га газрыг тус тус эзэмшүүлсэн байна.

Иймд тус сумын Засаг даргын захирамжид хугацаа тавигдаагүй тул Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасны дагуу багадаа 15 жилийн хугацаатай гэж үзэн Газрын кадастрын системд бүртгэж оруулсны дагуу Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасанчлан тус газрын төлбөрийг ногдуулж нэхэмжлэлийг Татварын удирдлагын системд илгээсэн.

Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор батлагдсан “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/ суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” суурь үнэлгээг үндэслэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны А/187, ........... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11 дүгээр тогтоол, Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн Газрын кадастрын мэдээллийн системд тус аж ахуйн нэгж байгууллагын газрын төлбөрийг ногдуулсан болно.

Тус нэхэмжлэлийг Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.14-т заасны дагуу орон нутгийн төсөвт газрын төлбөр төвлөрүүлдэг тул тус нэхэмжлэлийг барагдуулах эсэх нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.15-т заасны дагуу засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн шийдвэрийг үндэс болгоно гэжээ.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Э”компанийн эзэмшиж байгаа Б сумын уурхайг анх “М П” буюу “М” ХХК-д газар эзэмшүүлж байсан түүхтэй. “Э” ХХК Монгол компаниас газар эзэмших эрх шилжүүлж авахад тухайн үеийнх нь Засаг дарга, газрын даамал нь өмнө нь эзэмшиж байсан учраас өмнөх захирамжаа үндэслээд “Э” ХХК-д  эзэмшүүлнэ гэсэн захирамж гаргасан байгаа юм. Тухайн газар эзэмшүүлэх захирамж дээр хугацаа зааж өгөөгүй. Газар эзэмшүүлэх захирамж буюу тухайн шатын шийдвэрийг үндэслэж газрын кадастрын нэгдсэн системдээ бид бүртгэдэг. Тухайн захирамж дээр хугацаа тавигдаагүй бол Газрын тухай хуулийн 30.1 дээр 15-аас 60 жил эзэмшүүлнэ гээд хамгийн багадаа 15 жил гэж ойлгож байгаа. Тэр үндэслэлээрээ газрын кадастрын нэгдсэн систем дээрээ 15 жилээр тухайн газрыг эзэмшүүлэхээр бүртгэсэн байгаа. Энэ хугацаагаар  бол “Э” компанийн газрын хугацаа дуусаагүй. Одоо хүртэл Засаг даргынх нь захирамж нь өөрчлөгдөөгүй байгаа учраас бид тухайн төлбөрийг хуулийн дагуу нэхэмжилсэн гэж үзэж байна. Хуульдаа шийдвэр дээр хугацаа заагаагүй болбол хамгийн багадаа 15 жил гэж үзэж байна. Гэрээ нь зөвхөн гэрчилгээн дээр 3 жил гэдэг хугацааг заагаад өгчихсөн  байгаа болохоос шийдвэр дээр хугацаа тавиагүй.

Газар эзэмших гэрээ гэж байгуулдаг, тэр гэрээн дээрээ 15 жил гээд заагаад өгчихсөн байдаг. Тэгэхээр ерөнхийдөө шийдвэрийг 1 дүгээрт үндэслэж байна. Хоёрдугаарт харилцан тохиролцож 2 талаас гарын үсэг зурагдсан гэрээгээ бид нар үндэслэж  тухайн төлбөрийг нэхэмжилж байна

Энд зөвхөн төлбөртэй холбоотой нэхэмжлэл гаргасан учраас бид тухайн шатын Засаг даргын захирамж, захирамжийг дагасан 2 талын гэрээг үндэслэж системдээ бүртгэж 15 жилээр гэж ойлгож газрын төлбөрийг нэхэмжилсэн. Газар ашиглах юм уу, эзэмших юм уу дараагийн шатны  захирамж шийдвэр гаргах асуудлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн эрх зүйн шийдвэр гаргах шатны хүмүүстэй ярих байх. Өнөөдрийн тухайд зөвхөн төлбөр нэхэмжилсэнтэй холбоотой зүйл яригдаж байгаа гэж ойлгож байгаа. Тэрнээс гадна газар эзэмших хугацаа сунгах талаар Газрын тухай хуулийн 37.1 дээр заачихсан байдаг. Газар эзэмших хугацаа сунгахаас өмнө газар эзэмшигч, ашиглагчийн өөрийнх нь эрх үүрэг байх ёстой. Газар эзэмших хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө газар эзэмших хугацаагаа сунгах хүсэлтээ тухайн шатны газрын албандаа ирүүлэх ёстой. Үүнтэй холбоотой танай газрын хугацаа дуусах гэж байна гээд өмнөх  удирдлагууд болох 3 хүнд манай газрын даамал мэдэгдсэн, уулзсан. Өөрийн биеэр очиж уулзаж, сум дээр ирэхэд Засаг даргын өрөөнд энэ талаар хэлсэн байдаг

Систем 2020 оны 1 сараас эхэлсэн. Засгийн газрын тогтоолоор цахимжсан. 2020 оноос хойш нэхэмжлэлээ үүсгэж эхэлсэн. Тэгээд тухайн нэхэмжлэлд төлбөрийг үүсгэхдээ Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол дээр тухайн газрынх нь суурь үнийг тогтоогоод өгчихсөн байдаг. Тус суурь үнийг үндэслээд Газрын төлбөрийн тухай хууль дээр зааж өгсөнчлөн аймгийн иргэдийн хурлаар итгэлцүүр гэж баталдаг. Өмнө нь сумын иргэдийн хурлаар баталдаг байсан.  Түрүүн нэхэмжлэгч талаас хэлэхдээ сумын иргэдийн хурлаар нэмэгдсэн гэж яриад байна. Энэ бол буруу юм. Сумын иргэдийн хурлаар итгэлцүүр нь нэг хувьтай байсан. Одоо аймгийн иргэдийн Хурлаар 2022 оны 02 дугаар сарын 23-ны 11 дүгээр тогтоолоор уурхайн эдэлбэр газрынх 0,5%-тай буюу итгэлцүүр нь буурч батлагдсан. Газрын төлбөрийн тухай хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт ороод уурхайн ашиглалт, олборлолт явуулж байгаа газар нь аймгийн төвийн бүс, төвийн сумтай хэр ойрхон байгаа вэ, тэр төвийн сумын суурь үнийг авч бодно гэсэн байдаг. Гэхдээ эднийх тухайн сумынхаа  эзэмшүүлэх гэдгээр нь мэдээллийн санд орчихсон байдаг. Тухайн сумынхаа хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэл гэдэг ангиллаараа төлбөр нь бодогдчихсон. Хэрвээ эднийх үнэхээр үнэн зөв мэдээллээ оруулаад ашиглалт гэдгээр явсан бол газрын суурь үнэ нь 1га газрынх нь төлбөр нь 160,000 төгрөг биш 400.000 төгрөг байх ёстой. Эргээд бид нар тухайн шатын Засаг даргын буруутай шийдвэрээс үндэслээд төсөвт орох мөнгийг алдагдалтай нэхэмжилсэн байна гэж харж байгаа. Үнэхээр энэ захирамж, шийдвэр бүх зүйлээ янзалчихсан бол эднийд 2, 3 нэгж талбар байгаа. Зөвхөн нэг л нэгж талбарынх нь өр төлбөр яригдаж байгаа. Нөгөө нэгж талбарыг нь нөхөн бүрдүүлэлт гэдэг зүйл оруулж ирээд 291га газарт нь ямар ч төлбөр 2018 оноос хойш төлж байгаагүй

Сүүлийн 43 сая төгрөг нь 2021 оны эцсийн төлбөр гэж орж ирсэн. Манайхаас гүйлгээ хийсэн нь нийт 7 удаагийн гүйлгээгээр 2021 оны төлбөрөө бүрэн төлөөд дуусжээ. Үлдэгдэл нь 2,300,000 төгрөг байна гэсэн тооцоо гарсан байдаг. 74 сая төгрөг нь 2022 он, 2023 оны хугацаагүй, гэрчилгээгүй үеийнхийгээ төлөөч гээд программ дээр нэхэмжлэл гарч ирчихээд байгаа асуудал байгаа юм. Түүнээс 2018-2021 оныхыг төлөөд дуусчихсан. 2021 оны үлдэгдэл нь 2,300,000 гаруй мянган төгрөг байдаг. 2021 оны 4 дүгээр улирал, 2022 он, 2023 оны төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Яг өөрөө ирээд төлбөрөө бүрэн тулгаад явсан гэв.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

1. ……… аймгийн Б сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/87 дугаар захирамжаар Б сумын 4 дүгээр багийн нутагт уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулах зориулалтаар “Э” ХХК-д 290.57 га газар, А/88 дугаар захирамжаар тус сумын 4 дүгээр багийн нутаг Б нэртэй газарт уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулах зориулалтаар “Э”ХХК-д 291.32 га газрыг тус тус эзэмшүүлсэн.

 

2. Газар тус бүрт 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр газар эзэмшүүлэгчийг төлөөлж ……… аймгийн Б сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Б.З, газар эзэмшигчийг төлөөлж “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.И нар “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх” тухай гэрээ байгуулж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 3 жилийн хугацаатай уурхайн зориулалтаар ашиглуулахаар гэрчилгээ олгосон.

 

3. 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Монголын Татварын албаны татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхээр “Э” ХХК-д газрын төлбөр болох 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18,700,842.00 төгрөг, 6,478,774.00 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 25,485,216.00 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11,621,304.00 төгрөг, 697.00 төгрөг, 11,621,304.00 төгрөг, 2,854.00 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 160,000.00 төгрөг нийт 74,070,991.00 төгрөгийн нэхэмжлэх хүргүүлсэн байна.

 

4. “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш Я шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “…2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр А/87 дугаар ........ аймгийн Б сумын Засаг даргын захирамжаар ......... аймгийн Б сумын 4-р багт Б-д Х 1 хаягт нэгж талбарын ........... дугаар бүхий 2905326 м.в газрыг Уурхайн газраар 3 жилийн хугацаатай ззэмших эрхийн гэрчилгээг авч, ....... аймгийн Б сумын Газрын албаны мэргэжилтэнтэй газар эзэмших тухай гэрээ байгуулсан. Манай байгууллага газар эзэмших эрхийн гэрээ байгуулснаас хойш хөрөнгө оруулалт орж ирээгүй байж байгаад 2020 оноос Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахал тархсантай холбоотойгоор Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бүх хөдөлгөөнийг хязгаарлаж, хатуу хөл хорио тогтоож үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн ашиглалтын талбай дээр 2019, 2020, 2021 онуудад үйл ажиллагаа явуулаагүй боловч гэрээнд заасан газар эзэмших эрхийн хугацаанд газрын төлбөрийг төлж байсан ...Х гэх газрыг эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацаа, газар эзэмших эрх 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болсон байхад 2021 оны 11 дүгээр сараас хойших газрын төлбөр нэхэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн,

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 онд байгуулсан 3 жилийн гэрээг 2021 ондоо яагаад автоматаар сунгачихсан юм бэ гэдэг дээр гайхаж байгаа ...өмнөх төлбөр тооцоонд 2021 онд нийтдээ 43 сая төгрөг төлсөн байдаг. 2021 оноос хойш хугацаа дуусаж байгаа учраас албан ёсоор яг бид гар дээрээ гэрээ гэрчилгээ хүлээж аваагүй болохоор цаашдаа сунгагдаагүй юм байна, сунгах боломжгүй юм байна гэсэн үүднээс гомдол гаргаж байгаа ...гүйлгээ хийсэн нь нийт 7 удаагийн гүйлгээгээр 2021 оны төлбөрөө бүрэн төлөөд дуусжээ. Үлдэгдэл нь 2,300,000 төгрөг байна гэсэн тооцоо гарсан байдаг. 74 сая төгрөг нь 2022 он, 2023 оны хугацаагүй, гэрчилгээгүй үеийнхийгээ төлөөч гээд программ дээр нэхэмжлэл гарч ирчихээд байгаа асуудал байгаа юм. Түүнээс 2018-2021 оныхыгоо төлөөд дуусчихсан ...бид 2022, 2023 оноо төлөхгүй байна гэхээр нь 2018 онд хийсэн гэрээ маань 2021 ондоо дуусчихсан учраас бид гэрээгүй учраас яагаад төлөх юм бэ гэдэг байдлаар маргаад байгаа...” гэсэн тайлбаруудыг тус тус гаргасан.

 

5. Хариуцагч ........... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...газар эзэмшүүлэх захирамж дээр хугацаа зааж өгөөгүй. Газар эзэмшүүлэх захирамж буюу тухайн шатны шийдвэрийг үндэслэж газрын кадастрын нэгдсэн системдээ бид бүртгэдэг. Тухайн захирамж дээр хугацаа тавигдаагүй бол Газрын тухай хуулийн 30.1 дээр 15-аас 60 жил эзэмшүүлнэ гээд хамгийн багадаа 15 жил гэж ойлгож байгаа. Тэр үндэслэлээрээ газрын кадастрын нэгдсэн систем дээрээ 15 жилээр тухайн газрыг эзэмшүүлэхээр бүртгэсэн байгаа. Энэ хугацаагаар  тухайн “Э” компанийн газрын хугацаа дуусаагүй. Одоо хүртэл Засаг даргынх нь захирамж ашиглахаар буюу Засаг даргын шийдвэр нь өөрчлөгдөөгүй байгаа учраас бид  тухайн төлбөрийг хуулийн дагуу нэхэмжилсэн ...систем 2020 оны 1 сараас эхэлсэн. 2020 оноос хойшоо нэхэмжлэлээ үүсгэж эхэлсэн ...эзэмшүүлэх гэдгээр нь мэдээллийн санд орчихсон байдаг. Тухайн сумынхаа хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэл гэдэг ангиллаараа төлбөр нь бодогдчихсон ...2020 оноос систем нэвтрэхээс өмнө төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж байгаа. 2020 оноос эхлээд цахимаар төлбөр үүссэн ...2021 оны 4 дүгээр улирал, 2022 он, 2023 оны төлбөрийн үлдэгдэлтэй ...” гэсэн тайлбарыг өгсөн.

 

6. Хэргийн оролцогч нарын тайлбар, хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтаас үзэхэд  Б сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/87 дугаар захирамжаар уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулах зориулалтаар  “Э” ХХК-д эзэмшүүлсэн 290.57 га Х гэх газрын нэгж талбарын 2021 оны 4 дүгээр улирал, 2022 он, 2023 оны газрын төлбөр 74,070,991.00 төгрөгний нэхэмжлэхийг “Э” ХХК-д хүргүүлсэн бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

 

7. Харин “Э” ХХК-д А/87 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 290.57 га газрын эзэмших эрхийн хугацаа дууссан болон 2021 оны 4 дүгээр улирлаас 2023 он хүртэлх тухай нэгж талбарын газрын төлбөрийг нэхэмжлэгч этгээд төлөх үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

 

8. Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримт болох ….. аймгийн Б сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/87 дугаар захирамжаар Б сумын 4 дүгээр багийн нутаг уурхайн ашиглалтын үйл ажиллагаа явуулах зориулалтаар “Э” ХХК-д 290.57 га газрыг эзэмшүүлэхдээ газар эзэмшүүлэх хугацааг тодорхой заагаагүй боловч А/87 дугаар шийдвэрийг үндэслэн анх байгуулсан “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 6.2-т “энэхүү гэрээг хоёр хувь үйлдэж талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн арван таван жилийн хугацаатай байгуулав” гэж гэрээндээ заасан. Гэсэн хэдий ч 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Э” ХХК-д ………… дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээг 3 жилийн хугацаатай уурхайн зориулалтаар ашиглуулахаар олгосон байна.

 

9. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим систем /www.egazar.gov.mn/-д зөвшөөрч баталгаажуулсан нэгж талбарын дугаар ........, улсын бүртгэлийн дугаар ............, гэрчилгээний ........... дугаартай “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд газар эзэмших хугацааг 3 жил /2023 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн байдлаар тухайн гэрээ цахим системд/, харин хариуцагчаас гаргаж өгсөн Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн ……… дугаартай гэрчилгээнд ““Э”ХХК-д сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн А/87 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын ……… дугаар бүхий 2905326 м.кв газрыг уурхайн зориулалаар 3 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн ……….. дугаарт бүртгэж гэрчилгээ олгов” гэсэн Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системээс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэвлэсэн гэрчилгээ байна.

 

10. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах…”  гэж заасан.

11. Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх бөгөөд нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байхаар хуульд зааснаар “Э”ХХК-д тухайн газрыг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 3 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд газар эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ 2021 оны 10 дугаар сард гаргаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж зааснаар газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

12. Тодруулбал: “Э” ХХК-д Б сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/87 дугаар шийдвэрийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан буюу сумын газрын даамлын олгосон 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн …….. дугаар эрхийн гэрчилгээ, Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системд шинэчлэн бүртгэсэн ……… дугаар газар эзэмших гэрчилгээнд тус бүр 3 жилийн хугацаатай газар эзэмшүүлэхээр олгосон байгаа энэ тохиолдолд захирамж дээр хугацаа тавигдаагүй тул Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасны дагуу хамгийн багадаа 15 жил гэж ойлгож тэр үндэслэлээрээ газрын төлбөрийг ногдуулж, нэхэмжлэхийг Татварын удирдлагын системд илгээсэн нь үндэслэлгүй байна.

 

13. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцээгүй, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин газар эзэмших хугацааг буруу тодорхойлж газрын төлбөрийн нэхэмжлэхийг Татварын удирдлагын системд илгээсэн ............. аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын тооцож гаргасан 74,070,991.00 төгрөгийн газрын төлбөрийн өрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

14. Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-т “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасны дагуу газар эзэмшүүлэгч болон газар эзэмшигч нар газар эзэмшүүлэх гэрээ хийгдсэнээс хойш нэг ч удаа гэрээний биелэлтийг дүгнээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ......... аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын тооцож гаргасан 74,070,991.00 /далан дөрвөн сая далан мянга есөн зуун ерөн нэг/ төгрөгийн газрын төлбөрийн өрийг хүчингүй болгосугай.

 

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Э.ЗОЛБАДРАХ