Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2024/02689

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 08

181/ШШ2024/02689

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч и даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг ................... тоотод байрлах с ХХК /6...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С...........тоотод байрлах с ХХК /РД:.............../-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 49,040,000 төгрөг, алданги 24,520,000 төгрөг, нийт 73,560,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батманлай, Э.Энхжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

Хариуцагч с ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гэрэлт-Од нь шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдсэн боловч шүүхэд Тамгын газраар дамжуулан Эмнэлгийн магадлагаа-г ирүүлжээ. Уг магадлагаа нь эмнэлгийн тамгагүй, ямар зорилгоор ирүүлсэн нь /хүсэлтгүй/ тодорхойгүй байх тул Иргэний хэроэг шүүхэд хянан шийдвэрлэх тухйа хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч "с" ХХК нь хариуцагч "с" ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 91.200.000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ хийж, гэрээгээр тохиролцсон ажил болох зарлан мэдээллэх самбар 25 ширхэг, самбарын гэрлийн хайрцаг 25 ширхэг, автобусны карт уншигч төхөөрөмжийн гадна хайрцаг 80 ширхэг тус тус Орхон аймагт хийж, гүйцэтгэхээр гэрээ байгуулсан.

"с" ХХК-нь гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрөө бүрэн төлөлгүй бага багаар цувуулан, өгч санхүүгийн хүндрэлтэй ажлыг эхлүүлсэн ба ажил гүйцэтгэхэд шаардагдах бараа материалыг гүйцэтгэгч компанийн зүгээс зээлээр хүртэл авч, ажлыг бараа материалаар тасалдуулалгүй явуулж, дуусгасан. Эндээс харахад нэхэмжлэгч "с" ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлж, урьдчилгаа төлбөрөө захиалагчаас бүрэн хүлээж аваагүй ч өөрсдийн идэвх санаачлагаар ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа материалыг авч дээр дурдсан ажлуудыг гүйцэтгэж, 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж, захиалагч тал гэрээнд заагдсан ажлыг хүлээж авсан. Ажил гүйцэтгэсэн төлбөр мөнгөө авахыг шаардан "с" ХХК-д очиж уулзахад захирал Г.Тулга нь үл ойшоосон байдлаар хүлээн авч би завгүй байна мөнгийг чинь боломжоороо өгөөд явж байгаа шүүхдээ өгөөд авбал аваарай гэх зэргээр аашилж, дараагаар нь утасруу нь залгахад утсаа авахгүй зайлсхийсээр өдийг хүрсэн.

Нийт 91,200,000 төгрөгийн төлбөрөөс 42,160,000 төгрөгийг хариуцагч "с" ХХК төлсөн. Талууд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч "с" ХХК-г төлөөлж нягтлан Ө.Ариунцэцэг, нэхэмжлэгч "с" ХХК-г төлөөлж захирал Б.Батманлай нар үлдэгдэл тооцоог бодож, тооцооны үлдэгдлийн баталгааг гаргахад 49,040,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр гарсан. Энэ нь нэхэмжлэгчийг ноцтой хохироож байгааг батлан харуулж байна. Иймд гэрээний 4.2.3-т зааснаар захиалагч төлбөр тооцоог гэрээний хугацаанаас хэтэрсэн тохиолдолд нийт төлбөрийн өдрийн 0.5 хувиар алданги тооцохоор заасны дагуу биелэгдээгүй үнийн дүн 49,040,000 төгрөгийн 50 хувь болох 24,520,000 төгрөгийн алданги нэмж, тооцон нийт 73,560,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээнд заасан төлбөрийн үлдэгдэл 49,040,000 төгрөг, алданги 24,520,000 төгрөг нийт 73,560,000 төгрөгийг "с" ХХК-аас гаргуулж "с" ХХК-д олгож шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Тус шүүх дээр с ХХК-ийн нэхэмжлэлтэй с ХХК-д холбогдох хэрэг үүссэн байгаа билээ. Энэ хэрэг дээр хариуцагч с ХХК-ийн зүгээс дараах тайлбар, хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч компаниудын хооронд 2022 оны 2 дугаар сарын 24-ны өдөр S1/007 болон S1/00 дугаартай "Ажил гүйцэтгэх гэрээ"-г тус тус байгуулж, уг гэрээнүүдээр захиалагч, одоо энэ хэрэгт хариуцагчаар орж байгаа с ХХК нь тодорхой ажил үүргийг нэхэмжлэгч компаниар гүйцэтгүүлэхээр тохиролцсон.

S1/007 дугаартай "Ажил гүйцэтгэх гэрээ"-ний зүйл буюу гүйцэтгэх ажил нь с ХХК-ийн тухайн үед хэрэгжүүлж байсан EPASS төслийн Зарлан мэдээллэх самбар 25 ширхэг, уг самбаруудын гэрлийн хайрцаг 25 ширхэгийг тус тус нэхэмжлэгч компани нь гэрээнд заасан хугацаанд, уг гэрээний нөхцөл, шаардлагыг ханган хийж гүйцэтгэх ажил байсан. Уг гэрээний нийт үнэ, ажлын хөлс нь 65,000,000 төгрөг байхаар гэрээнд тусгагдсан. Мөн талууд нь S1/006 дугаартай "Ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан бөгөөд уг гэрээний зүйл буюу гүйцэтгэх ажил нь хариуцагч компанийн EPASS төслийн карт уншигч төхөөрөмжийн гадна хайрцаг 80 ширхэгийг уг гэрээний нөхцөл, шаардлагыг ханган хийж гүйцэтгэх ажил байсан. Уг гэрээний нийт үнэ, ажлын хөлс нь 19,200,000 төгрөг байхаар гэрээнд тусгагдсан болно.

Нэхэмжлэгчийн гаргасан байгаа нэхэмжлэлийн шаардлагад энэ 2 гэрээний ажлыг хольж хутгасан, 2 гэрээт ажлын үнийн дүн, ажлын хөлс нь нийг 91,200,000 төгрөг байсан гэж худал тодорхойлсон байна. Зүй нь дээрх 2 гэрээний үнийн дүн нь уг гэрээнүүдэд тусгагдсанаар, нийтдээ 84,200,000 төгрөг байхаар байна. Ийм байдлаар уг нэхэмжлэл нь эхнээсээ тооцооны алдаатай, буруу тоо баримт дээр үндэслэгдэж бичигдсэн байгаа болохыг дурдаж, нэгэнт буруу тоо баримт дээр үндэслэгдсэн, улмаар үлдэгдэл төлбор 49,040,000 төгрөг дутуу байгаа, үүнийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алдангийн 50 хувь болох 24,520,000 төгрөгийн хамт нийт 73,560,000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага нь илт буруу, худал болох нь илэрхий билээ. Нэхэмжлэгч талын хийж гүйцэтгэсэн ажил, ажлын чанар, доголдол, үр дүнг ярьвал харин одоо хариуцагч болоод байгаа с ХХК нь дээр дурдсан гэрэлнүүдээс татгалзаж, нэхэмжлэгчид төлсөн төлбөрөө нэхэмжлэх бүрэн эрхтэй бөгөөд ийм байдлаар ч сөрөг нэхэмжлэл гаргана гэсэн бодолтой байна. Нэхэмжлэгч, дээр дурдсан 2022 оны 2 дугаар сарын 24-ны өдөр байгуулсан S1/007 болон S1/006 дугаартай "Ажил гүйцэтгэх гэрээ"-нүүдийн хувьд Ажил гүйцэтгэгч с ХХК-ийн хувьд эдгээр гэрээнүүдийн дагуу хийж гүйцэтгэсэн ажил нь болох EPASS төслийн Зарлан мэдээллэх самбар, уг самбаруудын гэрлийн хайрцаг, EPASS төслийн карт уншигч төхөөрөмжийн гадна хайрцаг зэргүүд нь гэрээний шаардлага, нөхцөлийг хангахгүй, чанар, үр дүнгийн доголдолтой байсны улмаас ус орж суурилуулсан электрон тоног төхөөрөмжүүд шатах, тоос, шорооны хамгаалалт байхгүйгээс эд ангиуд эвдрэх, улмаар цахилгаан холболтод асуудал гарч, захиалагч хариуцагч с ХХК нь эдгээр байдлыг засах, тоног төхөөрөмжийг дахин захиалж, худалдан авах зэргээр маш их хохирол амссан болно. Бид энэ байдлыг гүйцэтгэгч с ХХК-д санал, шаардлагыг удаа дараа тавьж байсан. Мөн түүнчлэн хариуцагч с ХХК-ийн зүгээс дээр дурдсан 2 гэрээнүүдийн ажлын хөлсөнд төлсөн нийт төлбөр тооцоог нягтлан үзэхэд манай компанийн данснаас нэхэмжлэгч с ХХК-ийн дансанд шилжүүлсэн, төлбөр нь нийтдээ 83,350,000 төгрөгийг төлсөн байгаа болно. Гэтэл нэхэмжлэгч тал нь хоорондын өгсөн, авсан тооцоогоо нягтлан үзэхгүй, илт худал, буруу ташаа тооцоололд үндэслэсэн нэхэмжлэлийг шүүхэд гарган өгч байгааг огт ойлгохгүй байна. Энэ буруу тооцоололд үндэслэсэн нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүн нь алданги, төлбөрийн хамт 73,560,000 төгрөг гаргуулах гэж байгааг, энэ нь дээр дурдсан хариуцагч компаниас нэхэмжлэгч компанид эдгээр маргаан бүхий гэрээний нийт төлбөрт 83,350,000 төгрөгийг төлсөн байгаа дүнгээс даруй 10 гаруй сая төгрөгөөр бага байгааг шүүх анхаарч үзэх нь зүйтэй юм.

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, S1/007 болон S1/006 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ дүгнэсэн акт, тооцооны үлдэгдлийн баталгаа,

4. Хариуцагч шүүхэд нотлох баримтаар: итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд бичгжээр гаргасан тайлбар, Голомт банкны цахим гүйлгээний баримтууд, хуралдаан хойшлуулах хүсэлт, эмнэлгийн магадлагаа зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч с ХХК нь хариуцагч с ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 49,040,000 төгрөг, алданги 24,520,000 төгрөг, нийт 73,560,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч нь с ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа талуудын хооронд байгуулсан 2 гэрээнүүдийн ажлын хөлсөнд нэхэмжлэгч с ХХК-ийн дансанд шилжүүлсэн, төлбөр нь нийтдээ 83,350,000 төгрөгийг төлсөн, гэтэл нэхэмжлэгч тал нь хоорондын өгсөн, авсан тооцоогоо нягтлан үзэхгүй, илт худал, буруу ташаа тооцоололд үндэслэсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гэрэлт-Од шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдсэн боловч шүүхэд Тамгын газраар дамжуулан Эмнэлгийн магадлагаа-г ирүүлжээ. Уг магадлагаа нь эмнэлгийн тамгагүй, ямар зорилгоор ирүүлсэн нь /хүсэлтгүй/ тодорхойгүй байх тул Иргэний хэроэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. с ХХК нь с ХХК нарын хооронд 2024 оны 02 сарын 24-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан захиалагч с ХХК-ийн EPASS төслийн Зарлан мэдээллэх самбар 25 ширхэг, зарлан мэдээлэх самбарын гэрлийн хайрцаг 25 ширхэгийг үйлдвэрлэхээр, ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа 3 сар байхаар, гүйцэтгэх ажлын нийт хөлс 65,000,000 төгрөг, захиалагч тал төлбөр тооцоог гэрээний 4.2.2-т заасан хугацаанаас хэтэрсэн тохиолдолд нийт төлбөрийн өдрийн 0,5%-ийн алданги тооцохоор харилцан тохиролцсон,

-мөн талуудын хооронд 2024 оны 02 сарын 24-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан захиалагч с ХХК-ийн EPASS төслийн карт уншигч төхөөрөмжийн 80 ширхэг хайрцаг үйлдвэрлэхээр, ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа 4 сар байхаар, гүйцэтгэх ажлын нийт хөлс 19,200,000 төгрөг, захиалагч тал төлбөр тооцоог гэрээний хугацаанаас хэтэрсэн тохиолдолд нийт төлбөрийн өдрийн 0,5%-ийн алданги тооцохоор тус тус харилцан тохиролцсон бөгөөд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй болно./х.х-ийн 6-9, 11-14 хуу/

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

Иргэний хуудийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

5. Талууд Тооцооны үлдэгдлийн баталгаа №04 дугаартай баримтаар 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 сарын 30-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 48,540,000 төгрөг дутуу төлөлттэй гарсныг харилцан батлав. Энэхүү өдрийн үлдэгдлийг бэлэн бус тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцов.,

Тооцооны үлдэгдлийн баталгаа №04 дугаартай баримтаар 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 сарын 30-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад мөрдөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 500,000 төгрөг дутуу төлөлттэй гарсныг харилцан батлав. Энэхүү өдрийн үлдэгдлийг бэлэн бус тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцов. гэж тус тус тооцоо нийлсэн акт үйлдсэн байна. /х.х-ийн 16,17 хуу/

6. Хариуцагч с ХХК нь 2022 оны 11 сарын 30-ний өдрөөс хойш нийт 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгч с ХХК-д төлсөн болох нь Голомт банкны цахим гүйлгээний баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв. /х.х-ийн 58-64 хуу/

7. Талуудын хооронд хийсэн тооцоо нийлсэн баримтаар 48,540,000+500,000=49,040,000-9,000,000=40,040,000 төгрөг, талууд гэрээгээр тохиролцсон алданги 20,020,000 төгрөг нийт 60,060,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч с ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 40,040,000 төгрөг, алданги 20,020,000 төгрөг нийт 60,060,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч с ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,500,000 холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 525,752 төгрөг төлсөнийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас хангагдсан үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч с ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт 60,060,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч с ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,500,000 холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч с ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 525,752 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч с ХХК-иас 458,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 сарын 25-ний өдрийн 12961 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ и