Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Г.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг түр оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ О ХХК-д барилгын ажил хийж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт В.Г-д холбогдох эрүүгийн 1720000000071 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч В.Г нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Голомт банкны гадна гудамж талбайд бусдыг айлган сүрдүүлж байхыг таслан зогсоохыг шаардсан Замын цагдаагийн ахлах зохицуулагч цагдаагийн хошууч Д.Т-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг  эсэргүүцэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эрх чөлөөнд нь халдсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч В.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тэр өдөр өглөө ажилд гарахаасаа өмнө өөрсдийнхөө байрлаж байсан 117 дугаар байранд архи уусан, их согтоогүй байсан юм. Ингээд 114 дүгээр байрны гадна пассадны ажил хийж байсан болохоор тор тасдах гээд байнга хэрэглэдэг хутгаа авч кармаалсан. Тэгээд гэрээс гараад яаснаа сайн мэдэхгүй байгаа юм, нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн. Цагдаагийн шаардлагаа эсэргүүцсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн материалтай танилцсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохиролд 120,000 төгрөгийг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг,

Хүрэн алаг бариултай 22,5 см-ын урттай хутгыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах  тогтоол /хх-ийн 8/

Хувцас эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10/

Хохирогч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн хэлтсээс 12 цаг 40 минутын орчим цайндаа явах гээд гарч явтал цагдаагийн эсрэг талд байдаг “Голомт“ банкны орчмоос нэг танихгүй эмэгтэй хөөе цагдаа энд нэг согтуу хүн хутга барьчихаад хүн ална гээд яваад байнаа” гэхлээр нь тэр хүнийг дуудсан зүгт очтол “Голомт банкны” урд  талын уулзвараас цагаан өнгийн жийп машин их хурдтай ухраад гарсан, тэгтэл цаад талаас нь бараан өнгийн хувцастай баруун гарт нь хутга барьчихсан 30-35 орчим насны эрэгтэй хүн харагдахаар нь “ хөөе чи наад хутгаа хая” гэсэн шаардлага тавьж, тайвшруулах гээд “миний дүү тайвшир, юу болсон юм яагаад хутга бариад явж байгаа юм бэ?” гэтэл тэр залуу ямар нэгэн юм ярилгүй шууд “Чамайг ална” гээд баруун гартаа барьсан хутгаар над руу чичиж хутгаараа цавчих үйлдэл  хийхээр нь би арагшаа зайлтал дахин хутгатай гараараа дээрээс далайсан байдалтайгаар цавчих үйлдэл хийх үед нь би дахин зайлсан,   тэгтэл замын хажууд зогсож байсан бор өнгийн УАЗ 469 маркын автомашины урд копудруу зоогдсон энэ үед би түүний 2 гарыг араас нь тэвэрч  авах үед тэрээр дахин  хутгаа  гартаа бариад авсан, тэгээд бид дахин зууралдаж байгаад бид 2 хамт газар унасан тэр үед нь би хутгатай  гарыг доош дараад хэвтэж байх үедээ цагдаагийн хэлтсийн үүдэн дээр 2-3 хүн  шатан дээр зогсож байхаар нь цагдаа дуудаарай  гээд хашгирсан, тэгтэл цагдаагийн ахлагч Ү, О нар  гарч ирсэн би тухайн үед Ү-д “гарт нь хутга байгаа шүү” гэж хэлээд бид түүний гарнаас нь хутгыг нь салгаж  аваад түр саатуулах байр луу хамт авч явсан. Эрүүлжүүлж байх  хугацаанд “миний хутгыг өг би хүн алмаар байна би үхмээр байна” гэж орилж хашгирч  байсан, миний биед хутга хүрч байгаа нь тухайн үед бол мэдэгдээгүй. Би тухайн үед цагдаагийн /хээрийн/ дүрэмт хувцастайгаа явж байсан  бөгөөд миний кительний баруун ханцуй  7 см урттайгаар  хутганы   үзүүр орж зүсэгдсэн, мөн миний бугалганы дотор талд 5х7 см хэмжээтэй зүсэгдсэн шархтай,баруун гарын долоовор хурууны дээд үений орчим урагдаж зүсэгдсэн байгаа би түүнийг цохисон асуудал  байхгүй. Тухайн үед хутга барьсан согтуу балмад этгээд хүмүүсийг айлгаж сандаргасан байдалтай байхаар нь  тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчийн  хувьд шаардлага тавьж хутгыг  авч хийж буй үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авч албан үүргээ гүйцэтгэж байх үед албаны дүрэмт хувцас хутгаар зүсэгдэж урагдсан. Иймд би албан дүрэмт хувцасаа төлүүлмээр байна. Би дүрэмт хувцасаа Улаанбаатар хотоос худалдаж авна, тухайн хувцас 120,000 төгрөгийн үнэтэй байдаг. Надад гаргах гомдол санал хүсэлт байхгүй би В.Г-с хувцасаа төлүүлмээр байна. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 15-14/

Гэрч Ц.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би ... 2017 оны 11 сарын 12-ны өдөр  11:00 цагийн Замын-Үүдэд ирээд Замын-Үүд нэртэй  зочид буудлын 202 тоотод байрласан юм. Бидний байрлаж  байгаа өрөөний дэргэдэх хүмүүс архи уугаад хоорондоо  маргалдаж муудалцаад  шөнө 03:00 цаг өнгөрч байхад Замын-Үүдийн цагдаа нар ирээд аваад явсан. Энэ асуудлаар цагдаагийн хэлтсээс гэрчийн мэдүүлэг  өгнө үү гээд  2017 оны 11 сарын 13-ны өглөө дуудаад бид цагдаагийн хэлтсийн үүдэнд хүлээлгийн зааланд сууж байсан чинь өдөр 12 цаг өнгөрөөд 2 цагдаа залуу яарч сандарсан байдалтай гүйгээд гарахаар нь юу болсон юм бол гээд сонирхоод цагдаагийн хэлтсээс гараад  очсон чинь яг баруун талын зам дээр барилгын ажил хийж байсан юм уу гэмээр будаг замаск болсон хар бараан  өнгийн  хувцастай 35-40 орчим насны эрэгтэй хүнийг нөгөө 2 цагдаа  2 талаас нь барьчихсан,  хошууч цолтой хүн нь тэр хүний гарнаас нь хутгыг нь  булааж авч байгаа харагдсан тэд тухайн хүнийг аваад цагдаагийн хэлтэс рүү ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2017оны 11 сарын 13-ны өглөө босоод үлдсэн Хараа, Сархад архинаасаа шараа тайлаад бид хэд дотроо засаад Сархад архийг хуваагаад  өглөө уугаад  ажилдаа гарсан Г нь булан тор имульс замаск аваад гарсан түүнээс хойш Г-г хараагүй тэр чигтээ алга болчихсон. Г хаашаа явсан юм бэ? гээд түүнийг  мэдэх хүн байгаагүй тэр өдрөө ирж хоноогүй маргааш нь 2017 оны 11 сарын 14-ний өдөр Г нь цагдаагийн  үүдэнд сууж байгаад  би Г-т хандан “Чи ямар хэрэг хийсэн болоод цагдаа дээр ирчихээд байгаа юм бэ? Юу болоод  байгаа юм бэ гээд түүнийг алгадаж тэд маргалдсан чинь бид нарыг согтуу цагдаагийн хэлтэс дотор маргалдсан гээд биднийг саатуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

Гэрч Б.Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны жижүүрийн үүргийг гүйцэтгэж байх хугацаанд өдөр 12 цагийн үед дуудлага хүлээн авагч цагдаа О нь “Гадаа гудамжинд хутгатай хүн  явж байна гэсэн дуудлага ирлээ” гээд бид 2 цагдаагийн хэлтсийн хаалгаар гараад очтол хошууч Д.Т нь замын баруун талд нэг хүнтэй зууралдаж  байсан биднийг гүйгээд очиход  тухайн хүн нь гартаа хутга баричихсан хошууч Д.Т хутгыг  нь гарнаас нь салгахыг хичээж  байсан О бид 2 тухайн  хүнийг аваад цагдаагийн  хэлтсийн түр саатуулах байранд оруулсан. Хошууч П.Т цагдаагийн /хээрийн/ дүрэмт хувцастай  байсан бөгөөд  баруун гарын бугалганы ар тал нь хувцас нь зүсэгдсэн байсан биед нь гэмтэл учирсан эсэхийг мэдэхгүй байна. Нөгөө хүн нь барилгын ажил хийж байсан юм уу гэмээр  ажлын хувцастай будаг замаск  болсон хөх цэнхэр өнгийн  малгайтай цамцтай 30-35 орчим насны залуу байсан” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 26/

Гэрч Т.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2017 оны 11 дүгээр сарын 13-ны 12 цагийн  үед Замын-Үүд сумын  цагдаагийн хэлтсийн 104 тоотод галт зэвсгийн тооллогод өөрийн эзэмшдэг  ТОЗ-78  маркын галт зэвсэгээ  бүртгүүлэх  ажилтай  сууж байтал хэв журмын ахлах байцаагч Ж нь 2 дугаар давхарт  гарчихаад  ирэе гээд гарсан, энэ үед би өрөөнд ганцаараа  өрөөний баруун  зүгт харсан цонхоор хараад сууж байтал Цагдаагийн хэлтсийн баруун талын засмал зам дээр  1 согтуу эрэгтэй хүн замын голоор  алхаж байсан тэгтэл  Д.Т хошууч  араас нь шаардлага  тавиад  байгаа бололтой  явж байсан тэгтэл согтуу  залуу замын хажууд  зогсож байсан УАЗ 469 маркын автомашины хамар дээр хутгаа зоосон  тэгээд Д.Т хошууч түүний араас  нь гарыг бариад зууралдаад газар унаж байсан би өрөөнд дотор сандал дээр суугаагаараа харсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2017 оны 11 сарын 15-ны өдрийн “ 1. Д.Т-н биед баруун бугалганы  ар дунд  хэсэгт зулгаралт, баруун гарын  2-р хурууны 3-р  үений ар талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа  болон нийлээд  “Гэмтлийн зэрэг тогтох журмын” 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

4. Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн 348 тоот дүгнэлт /хх-ийн 31/

Шинжээч С.Э 2017 оны 11 сарын 16-ны өдрийн “Цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцас / хээрийн дүрэмт хувцас/ 1 ширхэг 110,000 төгрөгийн үнэтэй гэсэн” шинжээчийн  1112 тоот дүгнэлт /хх-ийн 35/

Шүүгдэгч В.Г нь ял шийтгэлгүй гэсэн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/

Шүүгдэгч В.Г-н эрүүлжүүлэгдсэн тухай тэмдэглэл /хх-ийн 42/ зэрэг нотлох баримтуудыг шижнлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч В.Г нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Голомт банкны гадна гудамж талбайд бусдыг айлган сүрдүүлж байхыг таслан зогсоохыг шаардсан Замын цагдаагийн ахлах зохицуулагч цагдаагийн хошууч Д.Т-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эрх чөлөөнд нь халдаж, цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсыг хутгаараа сийчиж урсан  байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай гэж үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг  болон хохирогч Д.Т, гэрч Т,Т, Б.Ү, Ц.Ө, Б.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээч С.Э 2017 оны 11 сарын 16-ны өдрийн “Цагдаагийн албан хаагчийн дүрэмт хувцас / хээрийн дүрэмт хувцас/ 1 ширхэг 110,000 төгрөгийн үнэтэй гэсэн” шинжээчийн  1112 тоот дүгнэлт /хх-ийн 35/, шүүгдэгч В.Г-н эрүүлжүүлэгдсэн тухай тэмдэглэл /хх-ийн 42 зэрэг нотлох баримтаар  тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг нь шүүгдэгчийн үйлдэлд  тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Д.Т 120,000 төгрөг төлж барагдуулсан болох нь хэрэгт тогтоогддог бөгөөд хохирогч Д.Т нь одоо шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болохоо цагдаагийн байгууллагад болон шүүхэд илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх хөнгөрүүрэх нөхцөл байдлаас гадна түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгчид зан үйлээ засах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзсэн бөгөөд тэрээр зан үйлээ засах гэдгийг нийгэмд биеэ зөв зохистой авч явах, аливаа зөрчил гаргаж цагдаагийн байгууллагад бүртгэгдэхгүй байх зэргээр ойлговол зохино.

Шүүгдэгч В.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй  болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт В.Г-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч В.Г-г  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч В.Г-т 1 жилийн хугацаанд зан үйлээ засах үүргийг хүлээлгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 22,5 см урттай хүрэн алаг өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Шүүгдэгч В.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3  дугаар зүйлийн 4-т зааснаар  шүүгдэгч В.Г нь 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн зан үйлээ засах үүргийг биелүүлээгүй бол  тэнссэн  шийдвэрийг  хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ       А.ЦЭРЭНХАНД