| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2024/0005/З |
| Дугаар | 118/ШШ2024/0015 |
| Огноо | 2024-03-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 118/ШШ2024/0015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: И.Б..........
Хариуцагч: Завхан аймгийн Засаг дарга нарын хоорондын эмчилгээний нөхөн төлбөр олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, эмчилгээний нөхөх төлбөр олгохыг даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И........, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б....... /онлайнаар/, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Гадаадад эмчилгээ хийлгэсний нөхөн төлбөрийн 60 хувь болох 152.136.648 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид 152.136.648 төгрөгийг олгохыг Завхан аймгийн Засаг даргад даалгах гэжээ.
2. Хэргийн нөхцөл байдал: И........... нь Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд тус сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар томилогдон ажиллаж байхдаа БНЭУ-д элэг шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээ хийлгэсэн ба холбогдох хууль болон тогтоолд заасны дагуу төрийн албан хаагчид олгох ёстой гадаад оронд эмчлүүлснээс зайлшгүй гарсан зардлын 60 хувиас доошгүй хувийг төр хариуцах ёстой гэж”, хариуцагч тал “...2023 оны төвлөрүүлсэн үлдэгдлийг төсвийн зарлагын хэмнэлтэд тооцох боломжгүй байгаа тул төсвөөс олгох боломжгүй...” хэмээн тус тус маргасан.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ажил хөдөлмөрийн гараагаа 1991 оны 05 сараас Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн Засаг даргаар сонгогдон төрийн албанд зүтгэхээр томилогдсоноос хойш өдийг хүртэл ажил албанд 29 жил тасралтгүй төрд зүтгэж ирлээ. Энэ хугацаанд багийн Засаг даргаас Сумын байгаль хамгаалагчийг 12 жил, 2004-2008 онд сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлаар, 2008 оноос 2013 онд хүртэл Зарт багийн Засаг дарга, 2015 оноос Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2023 оны 11 сараас сумын Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтнээр өдий хүртэл төрийн албанд хоёргүй сэтгэлээр ажиллаж байна. 2021 оны 10 дугаар сард ходоод, улаан хоолойн артерийн судасны өргөслөөс гадна элэгний хатуурал хорт хавдар гэж оношлогдож, Монгол улсад ходоод, улаан хоолойн дурангийн хагалгаанд орсон, мөн элэг боолгож хагалгаанд орсон боловч биеийн байдал сайжрахгүй, элэг шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээгүй болсон. Улсын нэгдүгээр төв эмнэлгээс Монгол Улсын Донорын тухай хуулиар донор нь 25 наснаас дээш 45 нас хүртэлх настай донор байх хуулийн шаардлагатай байдаг өөрийн охин ..........ын ........... нь 23 настай донорын насанд хүрээгүй, эхнэр С......... нь 45 дээш 50 настай, донор болох хүн олдоогүй, мөн донорын хүн хайгаад 3 сар болсон ч олоогүй, өвчтөний биеийн байдал хүнд, мэс заслыг удаан хүлээх боломжгүй тул гадаад оронд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Гадаад руу санал явуулсны үр дүнд 2022 оны 03 сард БНЭнэтхэг улс руу явж 2022 оны 04 сарын 01-ны өдрөөс 2022 оны 08 сарын 16-ны хооронд Шинэ дэли хотын Сакет дүүргийн Макс эмнэлэгт Элэгний ТАСЕ эмчилгээ, донорын цусны бүлэг зөрүүтэй байсан учир цусны бүтэц тохируулах эмчилгээ, элэг шилжүүлэн суулгуулах эмчилгээ, хагалгаа гээд гурван цогц эмчилгээ хийлгэж, элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсон. Эмчилгээний зардалд 6,339,849.5 энэтхэг рупи буюу Монгол мөнгөөр тухайн үеийн ханшаар 253,561,080 болсон. Үүнээс хойш хагалгааны дараах хүндрэлээс болж Монгол Улсад 4 удаа цөсний сувгийн бөглөрлийн мэс засалд орсон боловч сувгийг нээж чадаагүй, цусанд халдвар орж дахин Монгол улсад эмчлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарч дахиж Энэтхэг улс руу эмчилгээнд 2023 оны 01-05 сар хүртэл цусны сувгийн тэлэгч 4 удаа томсгон тавиулсан эмчилгээ хийлгэж, 2023 оны 08 сараас 09 сард дахин Энэтхэг улс руу явж цөсний тэлэгчүүдийг авхуулах мэс засал эмчилгээнд орж эмчилгээ амжилттай болсон. Энэ хугацаанд 446,000,000 төгрөгийг гадаад оронд 3 удаагийн явалтаар эмчилгээний болон бусад зардалд зарцуулсан. Энэ төлбөр зардал бол 100 хувь өөрөөсөө гарсан төлбөр бөгөөд олон удаагийн зээл авч, ах дүү нараараа малчны зээл авхуулсан, өөрсдийнхөө цалингийн зээлүүдийг зарцуулсан, машин тэрэг, мал ахуйгаа бүгдийг нь зарж эмчилгээнд зарцуулсан. Одоо ч маш олон зээлийн үлдэгдэлтэй байгаа ба 240 гаруй сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Миний зүгээс төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйл Төрийн албан хаагчид олгох нөхөх төлбөр, 59.1. Төрийн албан хаагчид дараах нөхөх төлбөрийг олгоно, 59 дүгээр зүйлийн 59.1.7-т... Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах, 59.2. Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам, түүний хэмжээг Засгийн газар тогтооно. Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн дугаар 6 тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журмын 7.3. Төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний материалыг Эрүүл мэндийн сайдын дэргэдэх гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөл хэлэлцэн, шийдвэрийг харьяалагдах төсвийн захирагчид албан бичгээр хүргүүлнэ гэж заасны дагуу Эрүүл мэндийн яаманд холбогдох баримтуудыг бүрдүүлж өгсөн бөгөөд Эрүүл мэндийн сайдын 2022 оны 12 сарын 22-ны өдрийн "Эмчилгээний зардлыг нөхөх төлбөр олгох тухай" 5749 тоотыг Завхан аймгийн Засаг даргад зөвлөлийн шийдвэрийн хамт хүргүүлсэн, мөн миний зүгээс 2023 оны 09 сард Завхан аймгийн Засаг даргад эхний эмчилгээний зардлын 60 хувийг олгож өгнө үү гэсэн өргөдөл холбогдох баримтын хамт өгсөн боловч шийднэ өгнө гэж мэдэгдэж байснаа, дараа нь төсөв хүрэлцэхгүй байгаа, төсвөөс ийм хэмжээний мөнгө гаргах боломжгүй байна гэсэн хариуг 12 сарын 26-нд уулзахад мэдэгдэж тус журмын 7 дугаар зүйлийн 7.4-т ... Төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг төсвийн захирагч батлагдсан төсөвтөө багтаан энэ журмын 7.3-т заасан шийдвэрийг үндэслэн Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан төсвийн зарлагын хэмнэлтээс хууль тогтоомжийн дагуу нөхөн төлнө... гэсэн чиг үүргээ биелүүлэхгүй, тухайн нөхөх төлбөрийг олгохгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаа тул Энэтхэг улсад эмчилгээ хийлгэсэн эхний зардлын 60 хувь буюу 152,136,648 төгрөгийн нөхөн төлбөр олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 152,136,648 төгрөгийг гаргуулахыг даалгахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б........... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.7-д зааснаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцна гэсэн заалтын дагуу нэхэмжлэл гаргасан. Гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцна гэж хуульд заасан байгаа. Засгийн газрын 2019 оны 6-р тогтоолоор Төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг төсвийн захирагч батлагдсан төсөвтөө багтаан энэ журмын 7.3-т заасан шийдвэрийг үндэслэн Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан төсвийн зарлагын хэмнэлтээс хууль тогтоомжийн дагуу нөхөн төлнө гэж заасан. Гэхдээ одоо аймгийн Засаг даргад хэмнэгдсэн төсөв байгаа. Тэр хэмнэлтийг ИТХ-аар захиран зарцуулагдах асуудал яригдана. Харин хэмнэгдсэн төсөв байхгүй гэх ойлголт байхгүй. ... Нэхэмжлэгчийн хувьд улсад 32 жил ажилласан төрийн жинхэнэ албанд ажилласан. Хуульд заасан заалтын дагуу эмчилгээний зардлаа гаргуулахаар хандсан. Хуулиас давсан журам гэж байхгүй. ... Эрүүл мэндийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн нь өөрөө аймгийн Засаг дарга руу үүнийг олго гэсэн тоот төлөвлөөд зөвлөлийн дүгнэлтээ аймгийн Засаг дарга руу явуулсан байхад олгохгүй эс үйлдэхүй гаргаж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс журамд төсвийн ерөнхийлөн захирагч гэж заагаагүй байна, төсвийн төвлөрүүлэн захирагч гэж заагаагүй байна, төсвийн шууд захирагч гэж заагаагүй байна. Энэ 3 захирагч чинь 3-лаа төсвийн захирагч гэдэг зүйл ярьсан учраас аймгийн Засаг даргыг хариуцагчаар татсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн Их-Уул сумын иргэн ......... овогтой Б..........ын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд дурдсанаар И.Б.......... нь Энэтхэг улсад элэг солиулах хагалгаанд орсон бөгөөд хагалгааны төлбөрийн 60 хувь болох 152.136.648 төгрөгийг аймгийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчаас нэхэмжилсэн байна. Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 6 дугаар тогтоолын 7-р заалтад эмчилгээний зардлыг нөхөх төлбөрийн тухай заасан байна. Тогтоолын 7.4-т "Төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг төсвийн захирагч батлагдсан төсөвтөө багтаан энэ журмын 7.3-т заасан шийдвэрийг үндэслэн Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан төсвийн зарлагын хэмнэлтээс хууль тогтоомжийг дагуу нөхөн төлнө." гэж заасан. Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-45.1.6-д тодорхой заасан байгаа. Төсвийн тухай хуулийн 45 дугаар сарын зүйлийн 45.1 дэх заалтаар аймаг болон сумын 2023 оны төвлөрүүлсэн үлдэгдлийг төсвийн зарлагын хэмнэлтэд тооцох боломжгүй байгаа тул И...........ын нэхэмжилсэн мөнгийг орон нутгийн төсвөөс олгох боломжгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-д заасны дагуу төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох журмыг 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 6-р тогтоолоор Засгийн газраас тогтоож өгсөн. Энэ журамд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 454 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан. Уг журмын 7.4-т төрийн албан хаагч гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг төсөв захирагч батлагдсан төсөвт багтаан Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу төсвийн зардлын хэмнэлтээс хуулийн дагуу олгож болно гэж заасан. Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын хэмнэлт 2023 онд 36.5 гаруй сая төгрөгийн хэмнэлт гарсан. Хуульд зааснаар төсвийн хэмнэлт гэж юуг хэлэх вэ, төсвийн хэмнэлтийг яаж төвлөрүүлэх талаар хуульд заасан байдаг учраас бид нар журмыг баримталж байгаа. ... Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар тухайн төсөвт байгууллага тухайн жилд батлагдсан төсвөөсөө зарцуулагдаагүй үлдэгдлийг хэмнэлтэд тооцон буцаан төвлөрүүлдэг хуулийн заалттай тул үүний хүрээнд ажилладаг гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...гэв. ...Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбартай холбогдуулж хэлэхэд төсөв маань өөрөө шууд захирагч дээр батлагддаггүй. Төсөв батлах журмаар эхлээд төвлөрүүлэн захирагч дээр батлагдана дараа нь төсвийн ерөнхийлөн захирагч дээр батлагдаад төсвийн төвлөрүүлэн буюу суманд батлагддаг. Эрүүл мэндийн сайдын гаргаж байгаа албан бичиг төсвийн шууд захирагч руу явах боломж байхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эмчилгээний зардлыг байгууллагаасаа шууд олгох эрх байхгүй. Тийм учраас төсөв захирагч нартаа гэсэн боловч төсвийн ерөнхийлөн захирагч нь төвлөрүүлэн захирагчдаа үүрэг даалгавар өгч болно, төвлөрүүлэн захирагч нь шууд захирагчдаа гэдэг байдлаар шат дараалан явагддаг. 2023 оны хувьд аймгийн хэмжээнд 700.0 гаруй сая төгрөг зарцуулагдаагүй төвлөрсөн нь үнэн. 2023 оны жилийн эцсийн төсвийн ерөнхийлөн захирагчийн тайлан төрийн аудитын газарт 2024 оны 4 дүгээр сарын 01-нээс 20-ны хооронд орж дүгнэлт нь гардаг учраас одоогийн байдлаар аудитын дүгнэлт гараагүй. 700.0 гаруй сая төгрөгийн хэмнэлт аймагт төвлөрсөн байгаа. Энэ нь зөвхөн Их-Уул сумаас биш, Завхан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх төсвийн байгууллагын хэмнэлт төвлөрсөн мөнгө учраас үүнээс бид нар шууд нэхэмжлэгчийн эмчилгээний зардлыг олгох боломжгүй байдалтай байгаа. Түүнээс бид нэхэмжлэгчийг төрийн албан хаагч, төрд ажилласан жилийг нь харгалзаад гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлын тодорхой хувийг нь өгье гэж бодож байгаа боловч энэ нь Төсвийн тухай хуулиа дагаад хүндрэл байгаа учраас хуулиа баримтлан ажиллаж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч И......... нь Завхан аймгийн Засаг даргад холбогдуулж “гадаадад эмчилгээ хийлгэсний нөхөн төлбөрийн 60 хувь болох 152.136.648 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид 152.136.648 төгрөг олгохыг даалгах” нэхэмжлэл гаргажээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам”-ын 7.4-т “…төсвийн захирагч батлагдсан төсөвтөө багтаан энэ журмын 7.3-т заасан шийдвэрийг үндэслэн” гэж заасан, мөн Эрүүл мэндийн сайдын дэргэдэх гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн дүгнэлт аймгийн Засаг дарга руу хүргэгддэг тул аймгийн Засаг даргыг хариуцагчаар тодорхойлсон гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... аймгийн Засаг даргад Эрүүл мэндийн сайдын гадаад улсад эмчлүүлэх иргэдэд санхүүжилт олгох бүх баримт бичиг ирдэг тул Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолоор баталсан журмын 7.4-т заасан төсөв захирагчийг аймгийн Засаг дарга гэж ойлгож болно” гээд Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын төсвийн хэмнэлт 2023 онд 36.5 сая төгрөг, аймагт 700.0 сая төгрөгийн төсвийн хэмнэлт төвлөрсөн гэж тайлбарлаж, хэргийн оролцогчид энэ асуудлаар маргахгүй байх тул уг нэхэмжлэлийн хариуцагч нь аймгийн Засаг дарга гэж үзэх үндэслэлтэй ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх шаардлагад нийцэж байна.
5. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж … захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж ... татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, 98 дугаар зүйлийн 98.1.3-т “захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр, эс үйлдэхүй нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж зааснаас үзэхэд захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүйн хувьд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдахаар байна.
6. Нэхэмжлэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Засаг даргад эмчилгээний зардлын 60 хувьтай тэнцэх нөхөх төлбөрийг гаргуулахаар хүсэлт гаргасныг ирсэн бичгийн бүртгэлд мөн өдрөөр хүлээн авч бүртгэсэн боловч хэзээ, хэрхэн шийдвэрлэсэн талаарх бүртгэл байхгүй байх ба Завхан аймгийн Засаг дарга 2023 оны 12 сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид “төсөв хүрэлцэхгүй, төсвөөс ийм хэмжээний мөнгө гаргах боломжгүй” гэсэн хариу өгсөн тул 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байх ба хариуцагч энэ талаар маргахгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна.
7. Нэхэмжлэгч И.......... нь төрийн албанд 29 жил ажилласан гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан ба Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх үедээ 2021 оны 10 дугаар сард элэгний хатуурал, хорт хавдар гэх оноштойгоор элэг шилжүүлэн суулгах мэс засал, эмчилгээг Энэтхэг /БНЭУ/ улсын Шинэ Дэли хотын Макс эмнэлэгт 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хийлгэж эмчилгээний төлбөрт 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 317.704.93 рупи, 5 дугаар сарын 15-ны өдөр 97.144.61 рупи, 6 дугаар сарын 27-ны өдөр 5.924.999.96 рупи нь нийт 6.339.849 рупи буюу тухайн өдрүүдийн Монгол банкнаас зарласан валютын ханшаар[1] 253.561.080 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба дээрх үнийн дүнгийн 60 хувь нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 152.136.648 төгрөг болж байх ба Эрүүл мэндийн яамны сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1а/5749 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч И.Б............ын Энэтхэг улсад элэг шилжүүлэн суулгасан эмчилгээний зардлын 60 хувийн нөхөх төлбөрийг олгуулахаар Завхан аймгийн Засаг даргад холбогдох баримтын хамт уламжилж байсан байна.
8. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчөөс хариуцагч Завхан аймгийн Засаг дарга Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж төрийн албан хаагчийн гадаадад эмчилгээ хийлгэсний зардлын нөхөх төлбөрийг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн эмчилгээний зардлыг олгох боломжгүй. Нэхэмжлэгчийн төрийн албан хаагч, төрд ажилласан жилийг нь харгалзаад гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлын тодорхой хувийг нь өгье гэж бодож байгаа боловч энэ нь Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх заалтаар аймаг болон сумын 2023 оны төвлөрүүлсэн үлдэгдлийг төсвийн зарлагын хэмнэлтэд тооцох боломжгүй байгаа тул хуулиа баримтлан ажиллаж байгаа гэж тус тус маргаж байна.
9. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "төрийн албан хаагч" гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг, 59 дүгээр зүйлийн 59.1-д “Төрийн албан хаагчид дараах нөхөх төлбөрийг олгоно” гээд 59.1.7 дахь заалтад “Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах”, 59.2 дахь хэсэгт “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам, түүний хэмжээг Засгийн газар тогтооно” гэжээ.
10. Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 6 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам”-ын 7.1-д “… магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцна”, 7.3-т “Төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний материалыг Эрүүл мэндийн сайдын дэргэдэх гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөл хэлэлцэн, шийдвэрийг харьяалагдах төсвийн захирагчид албан бичгээр хүргүүлнэ”, 7.4-т “Төрийн албан хаагчийн зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг төсвийн захирагч батлагдсан төсөвтөө багтаан энэ журмын 7.3-т заасан шийдвэрийг үндэслэн Төсвийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасан төсвийн зарлагын хэмнэлтээс хууль тогтоомжийн дагуу нөхөн төлнө” гэж заасан байна.
11. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35-д "төсвийн захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг”, 4.1.36-д "төсвийн ерөнхийлөн захирагч" гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг” буюу аймгийн Засаг даргыг ойлгохоор, 45 дугаар зүйлийн 45.1-д “Төсвийн захирагчийн төсвийн дараах зарцуулагдаагүй үлдэгдлийг төсвийн зарлагын хэмнэлтэд тооцно”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Төсвийн захирагч төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг төсвийн үр ашгийг сайжруулах зорилгоор тухайн төсвийн жилд захиран зарцуулж болно”, 46.2-т “Энэ хуулийн 46.1-д заасан төсвийг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэжээ.
12. Сангийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 216 дугаар тушаалаар баталсан "Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих журам"-ын 4.1-д “Төсвийн шууд захирагч нь төсвийн төвлөрүүлэн захирагчид, төсвийн төвлөрүүлэн захирагч нь төсвийн ерөнхийлөн захирагчид, төсвийн ерөнхийлөн захирагч нь Сангийн яаманд төсвийн зарлагын хэмнэлт, … зарцуулах хүсэлтийг энэ журамд заасны дагуу тооцож, холбогдох бусад мэдээллийн хамт хүргүүлнэ”, 4.3-т “Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар нь Төрийн сангийн газраас хянаж ирүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн хүсэлтийг энэхүү журамд нийцүүлэн эцэслэн хянан баталгаажуулж, Сангийн сайдын тушаалаар шийдвэрлүүлнэ” гэжээ.
13. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн төрийн албан хаагчийн эмчилгээний зардлын нөхөх төлбөрийг олгохгүй байгаа эс үйлдэхүйд холбогдох маргаанд Төрийн албаны тухай хууль нь Төсвийн тухай хуулиас тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан, сүүлд батлагдсан, эрх зүйн хэм хэмжээний эрэмбийн хувьд тухайн маргаанд эхэлж хэрэглэгдэх хэм хэмжээ тул төсвийн ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг дарга нь төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах, эмчилгээний нөхөх төлбөр олгохтой холбоотой харилцаанд Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй байна.
14. Иймд төсвийн ерөнхийлөн захирагч, Завхан аймгийн Засаг дарга нь батлагдсан төсөвтөө багтаан Эрүүл мэндийн сайдын дэргэдэх гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн шийдвэрийг үндэслэн төсвийн зарлагын хэмнэлтээс хууль, тогтоомжийн дагуу төрийн албан хаагч, нэхэмжлэгчийн эмчилгээний нөхөх төлбөр зориулалтаар зарцуулах хүсэлтийг Сангийн яаманд гарган шийдвэрлүүлж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байх тул дээрх үндэслэлээр хариуцагчийн гадаадад эмчилгээ хийлгэсний нөхөх төлбөрийн 60 хувь болох 152.136.648 төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид 152.136.648 төгрөг олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
1. Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.7, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И..........ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн гадаад улсад эмчилгээ хийлгэсэн зардлын 60 хувьд хамаарах нөхөх төлбөр 152.136.648 төгрөгийг олгохгүй байгаа Завхан аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид 152.136.648 төгрөг олгохыг Завхан аймгийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Б...........д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР
[1] https://www.mongolbank.mn/mn/currency-rate