Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1038

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00987 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Агийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэрэнханд, Э.Батхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 3037 дугаар шүүгчийн захирамжаар Д.Агаас 25 000 000 төгрөг гаргуулж Б.Батмагнайд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204012297 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 26 дугаар байрны 69 тоот хаягт байрлах 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шинжээчээр үнэлүүлэхэд 84 459 685 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг Дээрх үл хөдлөх хөрөнгө нийслэлийн А зэрэглэлийн бүсэд байрлалтай, зах зээлийн бодит үнэ 1 м.кв 1 500 000 төгрөгийн үнэлгээтэй байхад эд хөрөнгийг 86 459 685 төгрөгөөр үнэлсэн байна. Түүнчлэн уг үл хөдлөх хөрөнгө бодит байдал дээр 72 м.кв талбайтай байхад 39 м.кв талбайгаар тооцсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэхь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Иймд үл хөдлөх эд хөрөнгийг одоогийн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж өмчлөх эрхэд хохирол учруулахуйц нөхцөл байдал бий болсон тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/03037 дугаар захирамжаар Д.Агаас 25 000 000 төгрөгийг гаргуулж Б.Батмагнайд олгох, уг шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19070123 тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч Д.Ад шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийлгэх тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлэхэд төлбөр төлөгдөөгүй тул түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204012297 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 26 дугаар байрны 69 тоотод байрлалтай 39 м.кв 3 өрөө орон сууцыг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19070123/10 тогтоолоор битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 19070123/11 дүгээр тогтоолоор хураасан. Төлбөрт хураагдсан хөрөнгөнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Д.А шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн, төлбөр авагч Б.Батмагнай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан тухайн орон сууцыг 40 000 000 төгрөгөөр үнэлсэн тухай санал ирүүлсэн тул 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 70 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор “Сэлэнгэ эстимейт” ХХК-ийг томилоход 86 459 685 төгрөгөөр үнэлэгдсэн. Талуудад 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 4/2807 дугаар албан бичгээр үнэлгээний талаар мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Агийн нэхэмжлэлтэй, НШШГГт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204012297 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 26 дугаар байрны 69 тоот хаягт байршилтай 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 86 459 685 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч нь “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон байхад томилогдсон байгууллага туслах шинжээчээр Г.Отгонбаярыг ямар гэрээний үндсэн дээр оролцуулсан, шинжээч нь шинэ, хуучин орон орон сууцны талбайн хэмжээг харьцуулж үнэлсэн зэрэг нь тодорхойгүй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах талуудын хэн аль нь маргаагүй ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн нь хуульд нийцэхгүй. Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна. 

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж тайлбарлан маргажээ. /хх1, 19/

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/03037 дугаатай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” тухай шүүгчийн захирамжаар Д.Агаас 25 000 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Б.Батмагнайд олгох, төлбөрийг тохирсон хугацаа болох 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулагүй тохиолдолд  барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол 29-69 тоотод байрлах, 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тохиролцоог нь баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 22-23/

 

Хариуцагч НШШГГ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2018/20802 дугаар захирамж, мөн өдрийн шүүгчийн 01843 дугаар гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасанд нийцсэн байна. Талууд эд хөрөнгө битүүмжлэн, хураасан ажиллагааны талаар маргаангүй, барьцаалагдсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний талаар маргадаг. /хх 20-21, 24, 34-39/

 

Хэрэгт авагдсан төлбөр төлөгч Д.Агийн гаргасан “шинжээч томилуулах тухай” хүсэлт /хх 52/, төлбөр авагч талын гаргасан үнийн санал /хх54/ зэргийг харьцуулан үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцоогүй тул хариуцагч НШШГГ 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх 56/ Шинжээч нь дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үнэлж, зах зээлийн нийт үнэ, цэнийг 86 459 685 төгрөг болохыг тодорхойлж, хөрөнгийн үнэлгээний тайланг хариуцагч байгууллагад ирүүлжээ. /хх 46-75, 79-81/

 

Хариуцагчийн зүгээс дээрх үнэлгээний тайланг нэхэмжлэгч Д.Ад 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 4/2807 дугаар мэдэгдлээр мэдэгдсэнийг тэрээр эс зөвшөөрч уг үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /хх 1, 3, 82,/

 

Анхан шатны шүүх НШШГГ нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 70 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон байхад хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан шинжээч Г.Отгонбаярыг тухайн байгууллага ямар гэрээний үндсэн дээр оролцуулсан, шинжээч нь шинэ, хуучин орон сууцны талбайн хэмжээг харьцуулж үнэлсэн зэрэг нь тодорхой бус гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.  Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах асуудалд үнэлэлт, дүгнэлт өгсөн гэж үзэхгүй.

 

Тодруулбал, хариуцагчийн томилсон шинжилгээний байгууллага “Сэлэнгэ Эстимэйт” ХХК нь үнэлгээчин Г.Отгонбаярт итгэмжлэл олгож маргаан бүхий хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4.-д заасантай нийцээгүй тул үнэлгээчин зохих журмын дагуу томилогдоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч талын гаргасан “шүүх нэхэмжлэлийн шаардлагад үл хамаарах талуудын хэн аль нь маргаагүй ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн нь хуульд нийцэхгүй” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1...Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00987 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

 

                                                                       Д.ЦОГТСАЙХАН