Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 013/2016/00911/и |
Дугаар | 001/ХТ2016/00911 |
Огноо | 2016-09-15 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2016/00911
Б.Баярчимэгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 143/ШШ2016/00136 дугаар шийдвэр,
Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 203/МА2016/00041 дүгээр магадлалтай,
Б.Баярчимэгийн нэхэмжлэлтэй,
П.Орхонд холбогдох
Үндэслэлгүйгээр төлсөн төлбөрт 148.590.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганцэцэг, хариуцагч П.Орхон, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Би 2009 оноос эхлэн П.Орхоноос олон удаа мөнгө зээлж, хүүг амаар тохирсон байдлаасаа болон П.Орхоны өөрийн шаардсан хэмжээгээр тогтмол төлж 2010 онд нэг удаа тооцоо дуусч, 2011 оноос дахин шинээр тооцоо эхлэн үргэлжилсэн бөгөөд 2012 оны эхэнд 8.750.000 төгрөгийн хүүгийн үлдэгдэлтэй эхэлсэн юм. Энэ хугацаанд бизнес эрхлэх эерэг таатай орчин төдийлөн бүрдээгүйн дээр аймгийн дулааны станцын үйл ажиллагаа жил бүр олон сар, улирлаар тасалдаж улирлын чанартай манай тоосгоны үйлдвэрлэлийг байнга зогсоосноор, биднийг хөрөнгө санхүүгийн дутагдалтай байдалд үргэлж оруулдаг байсан. Тиймээс П.Орхоноос мөнгө зээлж, түүний мөнгийг үлэмж их хэмжээгээр нэмэгдүүлэн төлөхдөө давхар хүүтэй мөнгө зээлдэг байсан юм. Хүү, хүүгийн хүү, алданги төлөх хэмжээ ихсэж, тэр нь бизнесийн үйл ажиллагааны ашгаар биш, давхар давхар хүүтэй мөнгөөр төлөгдөж, бусдыг хохироохгүйн төлөө машид шамдан байсан маань улам хүндрүүлж байлаа. Сүүлдээ төлж чадахгүй болохоороо хэлсэн бүхнийг нь зөвшөөрөн явдаг байлаа. Хүү, хүүгийн хүүг үндсэн мөнгөн дээр олон удаа төлж ирснийг өнгөрсөн хугацаан дахь төлбөрийн баримтууд, Сум дундын 15 дугаар шүүхийн 88 дугаар шийдвэр гарсан. Үйл ажиллагаанд П.Орхоны нэхэмжилсэн 88.000.000 төгрөгийн бэлэн мөнгө олгогдоогүй гэрээ бэлхнээ гэрчилж байна. ...Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасны дагуу П.Орхон нь амаар байгуулсан зээлийн гэрээний дагуу надаас зээлийн хүү, мөн зээлийн хүүгээс хүү тооцож авч байсан нь огт үндэслэлгүй байжээ. ...аман зээлийн гэрээний нөхцөл нь хуулийн дээрх заалтуудад нийцээгүйгээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус учир миний бие хуулийн хөөн хэлэлцэх хугацаанд нийцүүлэн энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, тооцоог гаргав. Би 2012 онд 9 удаагийн төлөлтөөр нийт 103.840.000 төгрөг, 2013 онд 4 удаагийн төлөлтөөр нийт 78.850.000 төгрөг, 2014 онд 1 удаагийн төлөлтөөр нийт 550.000 төгрөг, нийт 183.240.000 төгрөгийг П.Орхонд төлсөн авсан зээлтэй харьцуулан тооцож үзвэл 148.590.000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч П.Орхоноос 2012, 2013, 2014 онуудад үндэслэлгүйгээр төлсөн төлбөрийн хугацааны зарим хэсгийг нөхөн сэргээж буцаан гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Миний бие Б.Баярчимэгийн нэхэмжилж байгаа 148.590.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Баярчимэгтэй бизнесийн болон найз нөхдийн холбоотой 2009 оноос хойш нөхөрлөсөн. Б.Баярчимэг нь ихэнхдээ надаар дамжуулж хүнээс мөнгө зээлдэг байсан ба би өөрийн биеэр болон дансаар дамжуулж мөнгө өгч тусалж байсан. Би яг өөрийн мөнгийг түүнд зээлж байгаагүй. Тухайн үед надаар дамжуулан Б.Баярчимэгт мөнгө өгч байсан хүмүүс одоо нас барах, гадаад урт хугацаагаар явсан хүмүүс байгаа. Тухайн үед амаар гэрээ хийж, гэрээний үүргийн гүйцэтгэл нь хангагдаад өнгөрсөн хойно зөвхөн хар дэвтэр гэх тэмдэглэл болон дансны гүйлгээний хуулгыг нэмж хасах мөнгө нэхэмжилж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь тэр үед Б.Баярчимэгт өгсөн мөнгийг хүмүүс надад итгэж зээлдүүлдэг байсан учир миний дансаар дамжин гүйлгээ хийгдэж байсан. ... 216.272.000 төгрөгөөс 60.000.000 төгрөгийг хасаад 156.272.000 төгрөг гээд яваад байгаа. Б.Баярчимэг огт аваагүй гэх 29.107.000 төгрөг байгаа. Мөнгө авчихаад эргүүлж өгөхдөө дандаа миний дансаар хийдэг байсан. Б.Баярчимэгээс гээд хийсэн мөнгийг би сайн мэдэхгүй байсан учраас Хаан банкнаас лавлагаа гаргуулсан. Б.Баярчимэгийн найз Н.Амарзаяагийн данс, Улаанбаатар хотод байдаг Д.Солонго, н.Онон гээд манай эгчид 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1.200.000 төгрөг гээд орчихсон байгаа. Энэ бүгдийг чи аргалаад өгчих гэхээр нь өөрийнхөө дансаар дамжуулаад өгч байсан. Иймд үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 143/ШШ2016/00136 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Баярчимэгийн хариуцагч П.Орхоноос 148.590.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Баярчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 965.835 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 203/МА2016/00041 дүгээр магадлалаар Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 143/ШШ2016/00136 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд “нэхэмжлэгч Б.Баярчимэгийн хариуцагч П.Орхоноос 148.590.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь” гэснийг “хариуцагч П.Орхоноос 69.390.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Баярчимэгт олгож, нэхэмжлэлийн 79.200.000 төгрөгийн шаардлагыг”, 2 дахь заалтанд “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээж” гэж , “хариуцагч П.Орхоноос улсын тэмдэгтийн хураамжинд 504.900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Баярчимэгт олгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Баярчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Б.Баярчимэг миний бие П.Орхонд холбогдуулан зээлийн төлбөрт үндэслэлгүй төлсөн 148.590.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, надад хариуцагчаас 69 390 000 төгрөг гаргуулахаар тогтоосон юм. Тэгэхдээ давж заалдах шатны шүүх миний нэхэмжлэлээс ямар үндэслэлээр 79 200 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байгаа учир магадлалын энэ хэсэгт миний бие гомдол гаргаж байгаа болно. Давж заалдах шатны шүүх П.Орхоныг 2011 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд надад 96 750 000 төгрөгийг шилжүүлсэн гэж нотлохдоо манай зүгээс анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, нотлох баримтыг анхаарч үзээгүй байна. Тухайлбал 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 100.000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 56.900.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөгийг П.Орхон надад зээлдүүлсэн асуудлыг Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 49 дүгээр магадлалаар /хх-ийн 106,107,108, 109/, 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор шийдвэрлэгдсэн. /хх-ийн 98, 99, 100, 101, 102, 103, 104, 105/ байхад дээрх тооцоонд давхардуулж оруулсан байна. Энэ нь хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд байгаа нотлох баримтаас харагдана. Мөн П.Орхоноос 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1.100.000 төгрөгийг шилжүүлсэн 5024091495 тоот данс нь миний данс биш болох нь Хаан банкнаас шүүхийн журмаар дахин гаргуулсан хавтаст хэргийн 112 дугаар хуудас дахь лавлагаагаар тогтоогдсон байхад энэ нотлох баримтыг хянаж үзээгүй байна. Ийнхүү давж заалдах шатны шүүх нэхэмжлэлд миний зүгээс гаргасан дээр дурдсан зарим нотлох баримтын хуульд заасан журмын дагуу үнэлж дүгнээгүй байна. Магадлалд дурдсан 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд миний бие П.Орхоноос нийт 34.650.000 төгрөг зээлж авсан бөгөөд энэ нь хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдсон болно. Түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалын гол үндэслэл болсон хэргийн 58 дахь талд байгаа Хаан банкны баримтан дээрх хугацаа П.Орхоны үнийн дүн яагаад ч 96.750.000 төгрөг хүрэхгүй байхад шүүх ингэж тогтоосон нь ойлгомжгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч П.Орхоноос 79.200.000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч П.Орхоны хяналтын журмаар гаргасан гомдолд: “Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 203/ МА 2016/00041 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг болон хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын шатанд гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Баярчимэг, хариуцагч П.Орхон бид хоёр найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд 2009 оноос эхлэн надаас болон миний танил хүмүүсээс надаар дамжуулан мөнгө зээлж бизнесээ хийдэг байсан бөгөөд зээлсэн мөнгөө төлж, дахин мөнгө зээлдэх зэрэг харилцаатай байсан. Энэ бүх зээлийн асуудал бүгд Б.Баярчимэгийн өөрийнх нь хүсэл зоргийн үндсэн дээр бид хоёрын найз нөхөрлөлийн итгэлцлэл, харилцан тохиролцоон дээр хийгдэж байсан нь иргэний эрх зүйн харилцаа талуудын тохиролцоон дээр явагддаг зарчмын дагуу л хийгдэж байсан юм. Б.Баярчимэг нь 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 2 сарын хугацаатай 60.000.000 төгрөгийг зээлийн гэрээ хийж аваад төлөлгүй 8 сар гаруй болсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж Б.Баярчимэгээс би энэ мөнгөө гаргуулахаар хандсан. Гэтэл Б.Баярчимэг нь урьд нь төлж байсан хүүний мөнгө гэх 148.590.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ цагаас хойш дээрх мөнгийг гаргуулахаар тусгайлан нэхэмжлэл гаргасныг Өмнөговийн сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 88 дугаар, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 00401 дугаар, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 143/ШШ 2016/00136 дугаар шийдвэрүүдээр уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэсэн шийдвэрүүд гарч байсан болно. Гэтэл энэ хэргийг Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шүүхээс 69.390.000 төгрөгийг Б.Баярчимэгт олгуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг би үндэслэлгүй буруу шийдвэр болсон гэж үзэж байна. Үүнд: 1. Магадлалд талуудын хооронд үүсэн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан гэрээний харилцаанаас үүссэн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 182 дүгээр зүйлийн 282.3-т хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийгээгүйгээс хүү авах эрхээ алдана гэж дүгнэн хууль буруу хэрэглэжээ. Бид хоёрын урьд өмнө байсан харилцаа энэ зохицуулалтанд хамаарахгүй ба нэхэмжлэгч Б.Баярчимэг хариуцагч П.Орхон нарын тухайн үед зээл өгч, авалцаж байх үедээ хүүтэй мөнгө зээлэх талаар харилцан тохиролцож, итгэлцсэний үндсэн дээр би өөрт мөнгө байгаагүй тул банкнаас, найз нөхөд, ах дүү, төрөл садангаасаа авч дамжуулан Б.Баярчимэгт өгдөг байсан ба Б.Баярчимэг ч зээл болон зээлийн хүүг өөрөө зөвшөөрч төлдөг байсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасан “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт “Гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.” гэж зааснаар Б.Баярчимэг өөрөө бодит үйлдлээр хүлээн зөвшөөрч байсныг давж заалдах шатны шүүх зээлийн гэрээг бичгээр хийж байгаагүй тул хүү авах эрхгүй байсан гэж буруу дүгнэжээ. Ийнхүү дүгнэхдээ Б.Баярчимэгт өгч байсан мөнгөнүүдийн эх сурвалж нь П.Орхон миний бие биш өөр өөр эх сурвалжууд байсныг нотлох баримтуудыг үнэлэлгүй зөвхөн П.Орхон миний мөнгө мэтээр дүгнэсэн байна. 2. Давж заалдах шатны шүүх нь Б.Баярчимэгийн тайлбарт дурдсан 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тооцоогоор 8.750.000 төгрөгийн үлдэгдэл тооцооноос Хаан банкны баримтад дурдсан 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх тооцоог хамааруулан шийдвэрлэв гэж зөвхөн Б.Баярчимэгийн жагсаасан мөнгөнүүдийг тооцоолон, Б.Баярчимэгт зээлүүлсэн мөнгөтэй холбогдох миний гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүй шийдвэрлэсэн байна. Шүүх яагаад 8.750.000 төгрөгийн үлдэгдэл байгаа гэдгийг ямар нотлох баримтаар тогтоогоод, 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тооцсон гэдэг нь магадлалаас харагдахгүй байгаа бөгөөд үүнээс өмнөх Б.Баярчимэг бид хоёрын хоорондын тооцоо хэд байгааг банкны гүйлгээний жагсаалт бэлхэнээ харуулж байгаа. Ийнхүү 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдөр тооцоо хийсэн нь Б.Баярчимэгийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг наашлуулж харсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Шүүх яг юугаар энэ 8.750.000 төгрөгийг нотлоод байгаа юм бэ? Магадлалд Б.Баярчимэгийн өгсөн 52.900.000 төгрөгийг П.Орхоноор зээл авахуулахаар Б.Баярчимэгээс надад өгсөн мэтээр нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, миний зүгээс гаргаж өгсөн нотлох баримтын эсрэг Б.Баярчимэгийн талын гэрчийн мэдүүлэгийг үнэлж энэ мөнгийг надаар төлүүлэхээр тогтоосон. Гэтэл энэ 52.900.000 төгрөг нь 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкнаас П.Орхон би өөрийн нэр дээр 50.000.000 төгрөгийн 1.8 хүүтэй зээл авч тухайн өдрөө Б.Баярчимэгийн Хаан банкны 5585147882 тоот төгрөгийн харилцах дансанд 49.500.000 төгрөгийн орлогыг гүйлгээнд шилжүүлсэн /уг зээлнээс зээл олголтын шимэтгэл 1% буюу 500.000 төгрөгийг банк суутгаж авсан/ болох Хаан банкны тодорхойлолт \ хавтаст хэргийн 56 дах талд \ 2011 оноос 2014 онуудад Б.Баярчимэгийн дансанд П.Орхон миний данснаас орсон орлогын мөнгөн дүнгийн жагсаалт /хавтаст хэргийн 58 дахь талд/, гэрч Б.Гэрэлт- Одын мэдүүлэгт 73.000.000 төгрөгийг Б.Баярчимэгт өгөхөөр би авсан талаарх гэрчийн мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь талд/ зэрэг нотлох баримтуудаас харахад 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Б.Баярчимэг надаас 142.672.000 төгрөг дансаар мөн 73.000.000 төгрөгийг бэлнээр нийт 215.672.000 төгрөг авсан бөгөөд Б.Баярчимгийн надад төлсөн гэх мөнгөний жагсаалтаар /Хавтаст хэргийн 4 дэхь талд/ энэ зээлсэн мөнгөнүүдээс 162.940.000 төгрөгийг эргэн төлж, надад 52.732.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл үлдсэн байсан. Ингээд Б.Баярчимэг надаас дахин 200.000.000 төгрөг Хаан банкнаас зээлээд өгөөч гэхэд нь би энэ үлдэгдэл мөнгөө төлбөл банкнаас зээл авч өгье гэж хэлэн 52.900.000 төгрөг авч 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б.Баярчимэгт авч өгсөн 50.000.000 төгрөгнийхөө зээлийг хаасан бөгөөд өөрөөр хэлбэл энэ мөнгө нь надад төлөх ёстой мөнгөний үлдэгдэл байсан юм. Үүнийг давж заалдах шатны шүүх нотлох баримтууд байсаар байтал үнэлж тооцолгүй хариуцагч П.Орхон надаас 200.000.000 төгрөг зээлэхийн тулд надад өгсөн нь тогтоогдож байна гэж буруу дүгнэсэн. Мөн гэрч Б.Гэрэлт- Одын мэдүүлэгт “2011 оны өвөл Хятад компанаас 73.000.000 төгрөг аваад Б.Баярчимэгт өгөхөөр болсныг мэдүүлсэн бөгөөд /Хавтаст хэргийн 55 дахь талд/ Хаан банкны 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1024 тоот хавсралтанд Б.Баярчимэгээс юаны шилжүүлэг гэж 79.929.000 төгрөг эргэж орсон баримт хавтаст хэрэгт байдаг. Энэ 73.000.000 төгрөгийг авсан эсэхийг давж заалдах шатны шүүх огт хэлэлцэлгүй орхигдуулсан. Давж заалдах шатны шүүхийн П.Орхоны данснаас 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 96.750.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Баярчимэгийн дансанд шилжүүлсэн /Хавтаст хэргийн 58 дахь талд/ Б.Баярчимэгийн данснаас 2012 оны 03 дугаар сарын 28-ний өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 04-ний хооронд 113.240.000 төгрөг шилжсэн, бэлнээр 52.900.000 төгрөг өгсөн, бүгд 166.140.600 төгрөг болж үүний зөрүүгээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан гэдэг дүгнэлтийг тооцоолж үзэхэд шүүх тооцооллын тал дээр ч маш зөрүүтэй тооцсон нь харагдаж байна. Тухайлбал 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.Баярчимэгийн дансанд орсон 60.000.000 төгрөг нь тусдаа нэхэмжлэлийн шаардлагаар эцэслэн шийдвэрлэгдэж, одоо шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд дээрх зээлийн гэрээний дүн орсон байх жишээтэй, мөн шүүхийн дүгнэсэн гэх хугацаанд буюу 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр юаны шилжүүлэг гэж өмнө нь надаас зээлсэн 73.000.000 төгрөгийг юаны ханшаар тооцон надад эргэн төлж байсан тооцоог мөн оруулсан байх жишээний ийм маягаар тооцоо бодон 8.750.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэдгийг хиймлээр тооцсон нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд ойлгомжтой шударга байх зарчмыг үнэхээр алдагдуулжээ. Гэтэл Б.Баярчимэг бид хоёрын тооцоо банкнаас авсан баримтаас харвал 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлсэн байтал давж заалдах шатны шүүх 2012 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс гэж тооцон нотлох баримтыг буруу үнэлснээс болж Б.Баярчимэгт миний бие 69.390.000 төгрөгийг огт үндэслэлгүйгээр төлөх болоод байна. Иймд Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 203/МА2016/0041 дүгээр магадлалыг хянан үзэж хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийг эргүүлэн олгож миний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, зохигчдын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийг зөв хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч П.Орхонд холбогдуулан “...2009 оноос эхлэн П.Орхоноос олон удаа мөнгө зээлж, хүүг амаар тохирч, түүний шаардсан хэмжээгээр тогтмол төлж байсан, амаар байгуулсан гэрээгээр надаас зээлийн хүү, мөн зээлийн хүүгээс хүү тооцож авч байсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар үндэслэлгүй байсан, 56 дугаар зүйлийн 56.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус учир 2012 оноос 2014 оны хооронд 183.240.000 төгрөгийг П.Орхонд төлснөөс авсан зээлээ хасч 148.590.000 төгрөгийг буцаан гаргуулах” агуулга бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Б.Баярчимэг нь ихэнхдээ надаар дамжуулж хүнээс мөнгө зээлдэг байсан, би өөрийн биеэр болон дансаар дамжуулж мөнгө өгч тусалж байсан. Тухайн үед амаар гэрээ хийж, үүргийн гүйцэтгэл нь хангагдаад өнгөрсөн хойно хар дэвтэр гэх тэмдэглэл болон дансны гүйлгээний хуулгыг нэмж хасч мөнгө нэхэмжилж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Б.Баярчимэг зээл, хүүг өөрөө зөвшөөрч төлдөг байсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасан “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт “Гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.” гэж зааснаар Б.Баярчимэг өөрөө бодит үйлдлээр хүлээн зөвшөөрч байсан тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан байна.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн баримт болох нэхэмжлэл, 2015 оны 8 сарын 25-ны өдөр үйлдсэн П.Орхоноос авсан болон төлсөн мөнгөний жагсаалт, /хх-3-4/, Хаан банкны дансны хуулга /хх-6-9/, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер /хх-10/, “Орхонд 2000,0 өгсөн+1000,0” гэх дэвтрийн хуулбар /хх-11/, “Орхонд 2.000.000 төгрөг бэлэн”, “Орхонд 2.100.000” гэх дэвтрийн хуулбар /хх-12/, хариуцагчийн хариу тайлбар /хх-20/, төлбөрийн тооцооны тайлбар /хх-27-29/, Хаан банкны 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичиг, хавсралт /хх-30-32/, Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичиг, орлогын ордерын хуулбар /хх-33-34/, Д.Уранчимэг, Д.Төрбаяр нарыг гэрчээр асуусан тэмдэглэл /хх-35,36/, Д.Уранчимэгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-38/, Хаан банкны 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичиг /хх-42/, Д.Уранчимэгийг гэрчээр асуусан тэмдэглэл /хх-45/, Д.Төрбаярыг гэрчээр асуусан тэмдэглэл /хх-47/, Хаан банкны 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичиг /хх-48/, хүсэлт /хх-44/, Б.Гэрэлт-Одыг гэрчээр асуусан тэмдэглэл/хх-55/, Хаан банкны 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1144 дүгээр албан бичиг, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1159 тоот албан бичиг /хх-56,57/, 5585147882 дансанд П.Орхон, Б.Баярчимэг нарын 2011 оноос 2014 онуудад гүйлгээ хийгдсэн дансны жагсаалт /хх-58/, 2016 оны 02 сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан тайлбар, хүсэлт, тооцоолол хийсэн жагсаалт /хх-93-97/, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 49 дүгээр магадлалын хуулбар /хх-98-105/, Улсын Дээд шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2016/00022 тоот тогтоол /хх-106-108/, Хаан банкны 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг /хх-112/, Хаан банкны 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн албан бичиг /хх-116/, Хаан банкны 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг /хх-119/ хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн “Би 2009 оноос эхлэн П.Орхоноос олон удаа мөнгө зээлж, ...байсан” гэх тайлбар /хх-1/, хариуцагчийн “Б.Баярчимэг нь ихэнхдээ надаар дамжуулж хүнээс мөнгө зээлдэг байсан ба би өөрийн биеэр болон дансаар дамжуулж мөнгө өгч тусалж байсан.” гэх тайлбар /хх-20/ болон талууд харилцан мөнгө шилжүүлж байсан баримтуудаас үзэхэд Б.Баярчимэг, П.Орхон нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ..., шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцсэн гэж үзнэ. Учир нь зохигчдын хооронд үүссэн маргаан бичгээр хийгдсэн гэрээнд үндэслэгдээгүй боловч иргэд хооронд байгуулагдах зээлийн гэрээний хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, зохигчид гэрээний төрлийн талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэсэн зохицуулалтад нийцсэн гэрээг бичгээр хийгээгүйн улмаас нэхэмжлэгч нь “... хуулийн шаардлага хангаагүй гэрээний хүүд төлсөн төлбөрийг буцаан гаргуулна гэж, харин зээлдэгч өөрөө зөвшөөрч төлсөн хүүгийн төлбөрийг хариуцагч П.Орхон нь буцаан төлөхгүй гэсэн үндэслэл маргааны зүйл болжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Баярчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс Иргэний хуулийн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт “ ...хариуцагч П.Орхоноос 69.390.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Баярчимэгт олгож, нэхэмжлэлийн 79.200.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтыг учир дутагдалтай үнэлсэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн зээлийн гэрээний хүү тохиролцох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг хяналтын шатны шүүхээс залруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т зааснаар хэрэгт авагдсан баримтын хэмжээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан, зохигчдын тайлбарт дурдснаар тэдний хооронд 2009 оноос хойш талуудын хүсэл зоригийн үндсэн дээр үүсч байсан зээлийн харилцаанд хүү тогтоож, хүүгийн төлбөрийг авч байсан, тодорхой хэмжээний мөнгийг зээлдүүлэгч П.Орхон нь зээлдэгч Б.Баярчимэгт шилжүүлж, гэрээний үүргийг гүйцэтгэлд тухай бүр тодорхой хэмжээний мөнгийг зээл, зээлийн хүүгийн төлбөрт бэлэн ба бэлэн бусаар шилжүүлж байснаа зохигчид тайлбар болон баримтаар эсэргүүцээгүй, зээл бүрт тодорхой хэмжээний хүү тогтоож байсан гэдгээ хэн аль нь дурдсан байна.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч П.Орхон “зээл бүрт хүү тооцож байсан Б.Баярчимэгийн буцаан төлсөн мөнгөнд хэзээний хэдэн төгрөгийн зээлд хэдэн төгрөгийн болон хэдэн хувийн хүү тооцож авснаа ялгаж хэлэх боломжгүй, тухай бүр нь тооцоод, зээлээ аваад тооцдог байсан” гэх тайлбарын тоо хэмжээ нь баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх боловч нэхэмжлэгч Б.Баярчимэгээс шүүхэд ирүүлсэн “П.Орхоноос авсан зээл, түүний хүүгийн төлөлт хийсэн гэсэн тооцоо, баримтыг хариуцагч үгүйсгээгүй, эсрэг баримтаар няцаагаагүй, түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч П.Орхоны гаргасан шүүхэд ирүүлсэн баримтуудыг үгүйсгээгүй, хоёр шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан зохигчдын хуулиар олгосон эрхийг зөрчсөн, үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-3,4,27,28,29,31,32,58,93,94,95,97/
Б.Баярчимэг нь 2009 оноос П.Орхоноос удаа дараа зээл авч байсан, 2011 онд 8 750 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, 2013 оны 10 сарын 26 хүртэл хугацаанд нийт 34 650 000 төгрөг болсон, 2012 оны 03 сарын 28-ны өдрөөс 2014 оны 04 сарын 03-ны өдрийг хүртэл 183 240 000 төгрөг төлсөн тооцоо хийсэн баримтыг үндэслэн хүү гэж төлсөн 148 590 000 төгрөгийг гаргуулна гэсэн шаардлагаас 101 345 000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч 2011 оноос 2013 оны хооронд үүссэн харилцааны талаар шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.
Хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэвэл 2013 оны 04 сарын 11-ний өдөр Б.Баярчимэгээс П.Орхонд бэлнээр өгсөн 52 900 000 төгрөг, дансаар шилжүүлсэн 1 200 000 төгрөг, нийт 54 100 000 төгрөгийг зохигчдын хооронд өмнө нь үүссэн зээл, зээлийн хүүгийн тооцоонд хамааралгүй, харин хариуцагч П.Орхон банкнаас 200 000 000 төгрөгийн зээл авахын тулд банкны зээлээ хаахаар Б.Баярчимэгээс зээлж авсан мөнгө гэж дүгнэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч П.Орхон нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна./хх-35, 36, 45 47 , 55, 128/
Нэхэмжлэгч нь 2011 оноос 2013 оны 10 сарын 26 хүртэл хугацаанд 34 650 000 төгрөгийн зээлд 2012 оны 03 сарын 28-ны өдрөөс 2014 оны 04 сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 94 490 000 төгрөгийг хүү гэж хариуцагчид төлжээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан нь зээлдүүлэгчийн хүү шаардах эрхгүй болохыг тогтоосон бол зээлдэгч өөрөө зөвшөөрч хүү төлөхийг хориглосон зохицуулалт гэж үзэхгүй буюу нэхэмжлэгч Б.Баярчимэг хүү төлөхөөс татгалзаагүй, хүүгийн төлбөр гэж төлж байсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэлд хамаарахгүй юм. Гэвч Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын зөрчигдсөн эрхийг сэргээх зарчмын хувьд нэхэмжлэгч их хэмжээний хүүг хариуцагчид төлсөн нь “зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой” гэж дүгнэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүнд төлсөн төлбөрийн хэмжээг 50 хувиар бууруулж, 47 245 000 төгрөгийг хариуцагчаас мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар гаргуулахаар дүгнэв.
Харин зохигчдын хооронд үүссэн 60 000 000 төгрөгийн зээлийн гэрээний маргааныг Улсын Дээд шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ХТ2016/00022 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн гэрээний үнийн дүн энэ маргаанд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 203/МА2016/00041 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 143/ШШ2016/00136 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281,1, 282 дугаар зүйлийн 282.1.1, 282.2, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Орхоноос 101.345.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Баярчимэгт олгож, нэхэмжлэлээс 47.245.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “... үлдээсүгэй” гэснийг “ ...үлдээж, хариуцагч П.Орхоноос улсын тэмдэгтийн хураамжид 664.675 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Баярчимэгт олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч П.Орхоны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Баярчимэгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553.950 /таван зуун тавин гурван мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж, Хариуцагч П.Орхоны хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.174 /нэг зуун далан гурван мянга нэг зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН