| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 171/2018/0287/э |
| Дугаар | 103 |
| Огноо | 2019-03-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 103
Д.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогч М.О-, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзориг, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 91 дүгээр магадлалтай, Д.М-д холбогдох 1825004650342 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “А” ХХК-ний гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 30-19 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Даваадоржийн Мягмарсүрэн.
Д.М- нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Калм” шөнийн цэнгээний газар М.О-гийн нүүрэн тус газар цохиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-гээс 26,747,600 төгрөг гаргуулж хохирогч М.О-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.М-д анхааруулсугай” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Д.М-гээс 26,747,600 төгрөг” гэснийг “Д.М-гээс 1,759,004 төгрөг гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогч М.О- нь гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг гаргасан гомдолдоо “...Анхан ба давж заалдах шатны шүүх нь Д.М-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.О-д маш их зовиур шаналгаа үүсгэсэн хүндэвтэр гэмтэл учирсан байгаад дүгнэлт хийж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах ёстой байхад түүнийг анхаараагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.
Д.М-гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч М.О-гийн эрүү 2 газраараа хугарсан бөгөөд үүний улмаас нэн даруй мэс засал хийлгэж маш удаан хугацаанд ярих чадваргүй байсан. Одоо ч эдгэрээгүй байна. Эрүүний гэмтлийн улмаас шүд бас гэмтэж дээд, доод шүднүүдийн байрлал өөрчлөгдөж хоол зажлаж идэх боломжгүй болсноос маш их турж уургийн дутагдалд орсон байна.Түүнчлэн эрүү хугарах үед доод эрүүний мэдрэлийн судас тасарч түүнийг залгаж засах боломжгүйгээс одоо эрүүний гадна дотор хэсэг мэдээгүй болсон байна. Мөн зүүн шанааны дээд хэсгийг хадахдаа сэлтэрсэн хэсгийг тайрч авч дээш өргөж хадсанаас болж нүүрний тэгш хэм алдагдаж энэ нь илтэд хүний анхаарлыг татахуйц харагддаг. Энэ мэтчилэн дутуу оношлогдсон дутуу шинжлэгдсэн гэмтлийн үлдэц уршиг байгаад шүүх дүгнэлт хийгээгүй байдаг. Шүүх эмнэлгийн дүгнэлт мөчид гарсан гэж үзэх үндэслэлтэй.
Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан Д.М- нь хохирогчид сэтгэл санааны болон бие махбодийн зовиур шаналгаа үүсгэсэн тул хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр прокурорт буцаах гэсэн хүсэлтийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.3-т заасан “энэ гэмт хэргийг бие махбодийн, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн гэх хүндрүүлэх шинж нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед үүсгэгдсэн байхыг ойлгох бөгөөд харин тухайн гэмтэл учирсны дараа дээрх нөхцөл байдал үүссэн тохиолдолд дээрх зүйл хэсэгт хамаарахгүй” гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй. Энэ нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Хүний толгойн хэсэгт 2 удаа цохисноос болж ямар нэг зовиур шаналгаа үүсэхгүй зүв зүгээр байх уу. Тэр тусмаа цохилт тус бүрийн улмаас эрүү хугархад зовиур шаналгаа үүсэхгүй гэж үзэж байгаа нь буруу. Гэмтэл учрах үедээ зовиур шаналгаа үүсгэсэн, энэ зовиур шаналгаа огт арилаагүй, одоо хүртэл эдгэрээгүй, хүнд үлдэц уршиг үлдээсэн байгаад хууль зүйн дүгнэлт өгч хэргийн зүйлчлэлийг зөвтгөх шаардлагатай.
Иймд анхан ба давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн тул хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаана уу” гэжээ.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.М-д холбогдох хэргийн ялын зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгчийн үйлдсэн үйлдэл нотлогдож тогтоогдсон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “Ононгийн биед эрүүний ясны хугарал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, гэмтэл” тогтоогдсон. Хэргийн нөхцөл гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Бусад нотлох баримт гэдэг нь хохирогч тухайн үед эмнэлгийн тусламж авсан, мэс засалд орсон эмнэлгийн баримтуудаар тус тус тогтоогддог. Ийм учраас Д.М-д холбогдох хэрэгт шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн Д.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Д.М- нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Калм” шөнийн цэнгээний газар М.О-гийн нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Д.М-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, хэргийн шийдвэрлэлтэд аливаа нэгэн сонирхолгүй хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж Д.М-г шийтгэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх Д.М-г хохирогч М.О-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, түүний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Харин гэм хорын хохиролтой холбоотой зардалд холбогдох баримтыг анхан шатны шүүхээс шинжлэн судлаад 26,747,600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэл муутай дүгнэлт болжээ.
Учир нь, шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Д.М-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.О-гийн эрүүл мэндэд “...эрүү ясны хугарал...” гэмтэл учирсан нь тогтоогдсон, энэ гэмтлийн улмаас эрүүндээ хагалгаа хийлгэсэн, цаашид эмчилгээ хийлгэж, нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай болохыг нотолсон баримтуудыг шүүхэд ирүүлж уг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэж үзнэ.
Иймд гэм хорын хохиролтой холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүхийн магадлалаар өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийн талаар хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 91 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт буюу шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулсан “Д.М-гээс 1,759,004 төгрөг ” гэсэн хэсэг,
2 дахь заалтын “Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН