Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 340

 

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны

захирагчид холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                            Танхимын тэргүүн М.Батсуурь,                                      

Шүүгчид:                               Л.Атарцэцэг,

                                              Г.Банзрагч,

                                              Ч.Тунгалаг,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    Д.Мөнхцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “...Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 28 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, үр дүнгийн гэрээ ёсоор зохих цалингийн урамшуулал болох 2016 оны 4 дүгээр улирлын болон 2017 оны 01 ба 02 дугаар улирлуудын урамшууллыг нөхөн тооцож олгуулах, ээлжийн амралтын олговрыг тооцож, нөхөн олгуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, мөн 2017 оны 9 дүгээр сарын 01-нээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаа буюу ажлын 32 хоногийн, нийт цалин 1.259.991 /нэг сая хоёр зуун тавин есөн мянга есөн зуун ерэн нэгэн/ төгрөг гаргуулах”,  

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 127/ШШ2018/0007 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0342 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Б.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нар.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 127/ШШ2018/0007 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.3, 27.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.11 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай “Ажлаaс чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ийн ажилгүй байсан 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны буюу ажлын 32 хоногийн нийт цалин 1.259.991 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж, түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн албанд даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ийн ажилласан хугацааны олгогдоогүй ээлжийн амралтын олговрыг тооцож нөхөн олгохыг хариуцагчид даалгаж, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээ ёсоор зохих цалингийн урамшуулал болох 2016 оны 4 дүгээр улирлын болон 2017 оны 01 ба 02 дугаар улирлуудын урамшууллыг нөхөн тооцож олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0342 дугаар магадлалаар: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 127/ШШ2018/0007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн гаргасан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар захирамж болох актын үндэслэх хэсэгт “...Зөрчлийн тухай хуулийн 6.8-р зүйлийн 2.1 дэх заалт...”-аар нэхэмжлэгч Б.С-ийг тус тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүрэгт ажлаас халсан нь захиргааны байгууллага, албан тушаалтан өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй хуулийн заалтыг үндэслэл болгосныг үл хэрэгссэнд гомдолтой байна. Учир нь, Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” хэмээн заасан бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны акт хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шүүх хамгийн эхэнд хянах ёстой.

4. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл “Захиргааны үйл ажиллагааны зарчим”-ийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, ...батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.” хэмээн тус тус заасан ба тус тосгоны захирагч дээрх 28 дугаар захирамжийг гаргахдаа “сонсох ажиллагаа”-г явуулалгүй “ажлаас халсан” нь захиргааны шийдвэр гаргах журмыг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйл “Хориглох зүйл”-ийн 40.1-д “Төрийн албан хаагч, ...түүнийг томилох, чөлөөлөх, ...зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчихийг хориглоно.” гэжээ.

5. Хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагч Ө.Зоригт нь гомдол, тайлбартаа Шилэн дансны тухай хуулийн дагуу мэдээ тайлан гаргах үүргээ биелүүлэлгүй, сахилгын арга хэмжээ авагдсан гэдэг ба хавтаст хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 тоот “Сахилгын арга хэмжээ авах тухай” захирамжийн 1-д “2016 оны 3-р улирлын байдлаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийгдсэн аудитаар мэдээллийг хангалтгүй байршуулж ажлын хариуцлага алдсан Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга Б.Сд 2017 оны 01 дүгээр сарын 12-ноос эхлэн 1 сарын хугацаагаар цалинг 20%-иар бууруулах сахилгын арга хэмжээ авсугай.” гэжээ. Үүнд:

6. а/ Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай 1992 оны хуулийн 5 дугаар зүйл “Захиргааны хариуцлагад татах хугацаа”-ийн 5.1-д “Зөрчил гаргасан этгээдийг зөрчил гарсан өдрөөс... сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно.” гэж заасан бөгөөд үүнээс үзэхэд дээрх захирамжид 2017 оны 01 сард хийгдсэн аудитын дүгнэлтэд “2016 оны 3-р улирлын мэдээллийг хангалтгүй байршуулсан” гэж дурджээ. Энэхүү 3-р улиралд 2016 оны 7, 8, 9 сарууд багтах ба дээрх хуулийн 5.1-д заасан 3 сарын хугацаа нь 2017 оны 01 сар гэхэд аль хэдийнээ хэтэрч, хөөн хэлэлцэх хугацаа дуусжээ. Иймд мөн хуулийн 11 дүгээр зүйл “Зөрчлийг хянан шалгах”-ийн 11.4-д “Дараах тохиолдолд зөрчлийг хянан шалгах ажиллагааг явуулж болохгүй”, 11.4.4-д “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан” хэмээн заасан байхад хууль дээдлэх зарчимтай Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга хууль бус захирамжаар хориглосон арга хэмжээг халдан хэрэглэсэн байхад тус тосгоны Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.С-ийг өөрийн эрхийг хамгаалаагүй, гомдол гаргаагүй гэх нэрийдлээр уг захирамжийг хүчинтэй хэмээн үзэх нь угаас шударга бус, утгагүй явдал. Аливаа шийдвэр хуульд нийцсэн байх ёстой атал Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 тоот “Сахилгын арга хэмжээ авах тухай” захирамж нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус захирамж. Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих байдлаар захиргааны байгууллага, албан тушаалтан өөрийн эрх, үүргээ хэтрүүлэн хэрэглэж болохгүй.

7. б/ Мөн “Шилэн дансны тухай” хуулийн 6 дугаар зүйл “Шилэн дансны мэдээлэл”-ийн 6.1-д “Энэ хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан байгууллага, албан тушаалтан дараах мэдээллийг тогтмол мэдээлнэ”, 6.1.2-т “...сар, улирлын гүйцэтгэлийг дараа сарын 08-ны өдрийн дотор” гэж заасан бөгөөд Захиргааны хариуцлагын тухай 1992 оны хуулийн 5 дугаар зүйл “Захиргааны хариуцлагад татах хугацаа”-ийн 5.1-д “Зөрчил гаргасан этгээдийг зөрчил гарсан өдрөөс... сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно.” гэж заасан нь тус сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан шийдвэрийн хугацаа 4 сар 8 хоног хэтэрсэн болохыг үүгээр харуулж байна.

8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “хариуцагчаас удаа дараалан албан үүргээ хангалттай биелүүлэхийг мэдэгдэж байсан” гэх авагдсан тэмдэглэлүүдийг үнэлсэн гэх ба түүнийг шинжлэн судлахад Тахилгат тосгоны Эрүүл мэндийн төв болон дэлгүүрт үзлэг шалгалт хийсэн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 120-126/ дээр Эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн асуудал их дутагдалтай, ганц их эмч, бага эмч, сувилагч, үйлчлэгч, тогооч, жолооч тус бүр 1 байгаа тухай дурдсан байдаг. Тус тосгоныг Эрүүл мэндийн төв авч явж буй тухай захирагч Зоригт өгүүлсэн байдаг. /хх-ийн 122/ Тэрээр мөн эрхлэгчийн ажил хэцүү тухай /хх-ийн 124/ уг тэмдэглэл дээр тухайн үед эмнэлэгт өвчтөн байхгүй байгаа үед үзлэг хийгдсэн байгаа ба эрхлэгч Б.С-д ажлын заавар, зөвлөмж өгсөн байдаг. Мөн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэлд сургалтын талаарх санал солилцсон харилцан яриа байна. /хх-ийн 126-127/

9. Тахилгат тосгоны Захирагчийн ажлын алба, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, ажилчдын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хуралдаанд Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.С-д тодорхой үүрэг өгөөгүй боловч Захирагчийн 14 хоногоор өндөржүүлсэн зэрэгт шилжүүлэн ажиллах тухай үүрэг даалгавар бүхий хурлын тэмдэглэл байна. Эдгээр тэмдэглэлүүдэд нэхэмжлэгч Б.С-д хатуу сануулж, арга хэмжээ авсан үг, өгүүлбэр алга. Дээрх магадлалын үндэслэх хэсэгт гамшгийн үед гарсан гарсан захирамж, түүнийг биелүүлээгүй тухай гэрчийн мэдүүлэг гэх Хөдөө аж ахуйн мэргэжилтэн н.Мөнхтуяагийн тайлбарыг судлахад, Тус тосгоны захирагчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 19  дүгээр захирамжийг тухайн өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн орой ээлжийн сувилагч н.Янжиндуламд өгсөн, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өглөө Эрүүл мэндийн төвд  орж хөдөөгүүр явъя гэж хэлсэн боловч “бид хөдөөгүүр явах ажилтай” гээд яваагүй гэжээ. Түүний бичсэн уг тайлбар нь худал болохыг хэрэгт авагдсан хавтаст хэргийн 74 хуудсанд ээлжийн сувилагчийн 7 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэлд “... Захиргаанаас хөдөөгүүр тойрч үзлэг, сургалт сурталчилгаа хийх албан бичгийг 24 цагт өгсөн. Алсын дуудлага ирсэн. Д.С...” гэсэн тэмдэглэлийг уншихад, уг захирамжийг 30-ны өдөр өгөөгүй, 7 дугаар сарын 01-ний шөнө 24 цагт өгсөн ба уулзаж, хөдөөгүүр явах тухай яриа огт болоогүй, Д.С-тэй огт уулзалдаагүй ба н.Мөнхтуяа худал тайлбар гаргасан болох нь нотлогдоно.

10. н.Мөнхтуяа цааш нь 7 дугаар сарын 02-ны өдөр гэрт нь орж хэлэхэд “Заавал эмнэлэг явах естой юм уу гээд яваагүй” гэжээ. Дээрх жижүүрийн тухайн өдрийн тэмдэглэлд “...хөдөөгүүр явж, шинжилгээ хийсэн.” гэж ээлжийн сувилагч бичжээ. Харин тэр өдөр Б.С нар түүнийг хайгаад ололгүй, захирамжид дурдсан айл хот, хөдөөгүүр эрт явж, дахин үзлэг хийж, сургалт сурталчилгаа, зөвлөмж өгч, шинжилгээнд хамрагдах хүмүүст шинжилгээ хийж ирсэн болохыг нотолж байна. Харин үдээс хойш н.Мөнхтуяа эгч ирж уулзсан бөгөөд дахин уг газруудаар хөдөөгүүр түргэн тусламжийн машинаар явахыг шаардахад “түргэн тусламжийн машинаар биш өөр машин дайчилж явъя” гэхэд уурлаад гарч явсан аж. н.Мөнхтуяагийн тайлбарт “7 дугаар сарын 03-ны өглөө Эрүүл мэндийн төв орж, хэлэхэд эмнэлгийн няравтай цуг юм хийж байсан. Бид аймаг явна. Тандалт мэдээ өгөх ёстой, хугацаа нь дуусч байгаа” гээд яваагүй. Ингээд 7 дугаар сарын 03-наас эхлээд сонгуулийн ажилд орж, явж амжаагүй.” гээд эцэст нь “Д.С эмч ер нь заавал эмнэлгийн машин явах ёстой юм уу гэж хэлдэг. Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт мэдээгээ малчдаас утсаар авч өгсөн.” гэж тайлбарлажээ. Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Д.С энэ тухай тайлбарлахдаа “Бид уулзалдсан. Түргэн тусламжийн машинаар Сонгуулийн ажил эхлэхээс өмнө мэдээ аваад ирье гэхэд нь заавал түргэн тусламжийн машин явах ёстой юм уу? Түргэн тусламжийн машин байнгын бэлэн байдалд байх ёстой, түүнийг дайчилж болохгүй гэж Онцгой байдлын хурандаа бид бүгдэд хэлж анхааруулсныг та сонссон биз дээ” гэж хэлсэн. Харин би яаралтай аймаг яваад шинжилгээ өгөөд ирэхгүй бол авсан цусны шинжилгээнуүд муудах гээд байна гэж түүнээс зөвшөөрөл авсан ба н.Мөнхтуяа эгч өөрөө сүүлдээ малчдаас мэдээгээ утсаар авна.” гээд гарч явсан байж, худлаа тайлбар бичсэн байна гэв. Энэ нь “...Ингээд 7 дугаар сарын 03-наас эхлээд сонгуулийн ажилд орж, явж амжаагүй.” гэх н.Мөнхтуяагийн дээрх тайлбараар нотлогдож байна. Яагаад н.Мөнхтуяагийн мэдүүлэг үнэн зөв, түүнтэй хамт явсан бол ажлаа хийсэн, тэрээр олдохгүй байхаар бусад гишүүд явж үзлэг хийсэн нь үүргээ биелүүлээгүй болж буйг ойлгохгүй байна...

11. Улмаар дээрх магадлалын үндэслэх хэсэгт гамшгийн үед үүрэг өгсөн үед өөр ажил буюу В, С вирус илрүүлэх шинжилгээг хийх ажилд явж байсан, давхардуулан хийх шаардлагагүй байсан, малын ...өвчин хүнд халдсан тухай мэдээлэл гараагүй гэх зэргээр тайлбар гаргаж уг ажлыг явуулсан талаарх баримт мэдээ ирүүлсэн... гэж дурдсан нь нотлох баримтууд болон тайлбарыг буруу ойлгож дүгнэжээ... Үүнд: В, С вирус илрүүлэх шинжилгээг хийх болсон үндэслэл нь гамшгийн захирамж гарахаас өмнө буюу 6 сарын эхээр орон даяар В, С вирусыг эрт илрүүлэх үзлэг оношлогоог хийж эхэлсэн ба үүний үр дүнд вирустэй болох нь батлагдсан иргэдийг хавтаст хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 436 тоот албан бичгийн дагуу С вирусын ачаалал тоолох шинжилгээг хийж эхэлсэн болохыг нотолно. Дээрх үзлэг, оношлогоо, шинжилгээг хийх явцдаа малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж, харьяалагдах нутаг дэвсгэр буюу Тахилгат тосгоны хүн амд эрүүл мэндийн үзлэг, сургалт, сурталчилгаа, зөвлөмжийг өгөх ажлаа давхар хийж, эмчийн үүргээ гүйцэтгэж  байсан. Зон олны эрүүл мэндийг хамгаалах нь тангараг өргөсөн эмчийн үүрэгт ажил... Нэгэн   зүйл   эмч   үзлэг  хийхгүйгээр   шинжилгээг  шууд   авдаггүй,   үзлэг  хийж,   онош тодруулсны дараа   шаардлагатай өвчтөнөөс шинжилгээ хийдэг гэдгийг шүүх анхаарах ёстой.  Өөр ажил  буюу  В, С  вирус  илрүүлэх  шинжилгээг хийх ажилд явж байсан, давхардуулан хийх шаардлагагүй байсан хэмээн магадлалд дурдсан нь эмчийн үзлэгийг яаж хийхийг зааж, тэдний мэргэжлийн ажлыг тодорхойлсон нь “аавдаа авгай авахыг заана.” гэх үлгэр болжээ...

12. Тус тосгоны захирагчийн захирамжийг аваад захирамжид дурдсан газруудад  нутаглаж буй айл өрхөөр 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдөр уг захирамжийн 1-д заасны дагуу дахин үзлэг хийж, сургалт, сурталчилгаа, зөвлөмжийг өгч, шинжилгээнд хамруулан ажилласан тухай ээлжийн сувилагчийн тэмдэглэлд дурдсан болохыг дээр өгүүлсэн ба хавтаст хэрэгт авагдсан 99 хуудас болон Хэнтий аймгийн гепатит вирусын халдварын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдсан хүний сум өрхөөр үзлэгийн 2017 оны 12 дугаар сарын 22-нд гаргасан мэдээ зэрэг нь нотлох баримтын хүрээнд үнэлэгдэнэ. Эдгээр баримтуудаар үүрэгт ажлаа хийсэн гэдгээ нотолж байгаа ба энэ нь захирамжаар тухайн бүс нутгийн айл өрхөөр явж, эрүүл мэндийн үзлэг хийхийг даалгасан үүргийг их эмч Б.С биелүүлсэн. Тахилгат тосгонд малын шүлхий өвчин хүнд халдсан тухай мэдээ байхгүй...

13. Дээрх магадлалын үндэслэх хэсэгт хариуцагчийн тайлбараар албаны унааг өөрийн нөхрөөр авто осол гаргасан тухайд: Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн жолоочийн эхнэр нярайлж, чөлөө авсан үед буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдөр буюу намар орой болж, цас ороход Тосгоны захирагч яаралтай нүүрсний үнэ тушаахыг шаардаж, аймгаас дуудахад Эрүүл мэндийн төвийн эрхлэгч өөрийн нөхрөөрөө жолоо бариулж яваад авто осол гаргасан. Хавтаст хэрэгт буй /52 хуудас/ гэрэл зурагт осол замын хажууд болсон бөгөөд уг зураг дээр цастай байгаа нь халтиргаа гулгаа үүссэн болохыг харуулах бөгөөд согтуурлыг драгер багажаар /55 хуудас/ шалгахад 0%-тай гарсан, н.Жанаргүл, жолооч нарын тайлбарт машин хойд талаараа шарваад, хөмрөөд онхолдсон, их хурдан явж байгаагүй, 40 ц/км хурдтай явсан гэх ба хэн ч ноцтой гэмтэж бэртээгүй зэрэг нь нотлогддог. Нөхрийн гаргасан энэхүү ослыг далимдуулан дөнгөж сургууль төгсөөд, сарын дараа анхны ажилдаа ороод 3-хан сар болж буй шинэхэн, туршлага багатай боловсон хүчнийг биеэ тоосон, увиагүй, зан ааш эвдэрсэн, албаны унааг хувьдаа хэрэглэсэн мэтээр харагдуулах гэж оролдох нь хэнд ашигтай вэ? Өнөө цагт шинэ төгссөн төгсөгч бэлэн ажлын байр олсондоо баярлаж, ажилдаа гологдохгүй байхыг чармайн хичээж , ажлын байраа алдахгүйн төлөө чин сэтгэлээсээ ажиллахыг хүсэх түүнд албаны машин хувьдаа ашиглах зориг, зүрх байх уу. Дээрхээс үзэхэд сахилгын арга хэмжээ авсан гэх Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/12 тоот албан бичиг нь анхнаасаа хууль бус, удаа дараа албан үүргээ хангалттай биелүүлэхийг мэдэгдэж байсан хэмээн хариуцагч тайлбарлах боловч гаргаж өгсөн дээрх тэмдэглэлүүдэд сануулга өгч арга хэмжээ авсан нэг ч баримт байхгүй, хүнийг худал гүтгэн, өөрийн буруутай үйлдлийг хамгаалах гэсэн оролдлогууд нь шүүхийг төөрөгдүүлж, шийдвэр гаргахад нь нөлөөлсөн гэж үзэж байна.

14. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0342 дугаар магадлал нь хэт нэг талыг барьж, шүүх баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэлгүй, хэт туйлширч шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.1-д заасныг зөрчсөн тул дээрх магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ: 

15. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасантай нийцсэн байна.

16. Нэхэмжлэгч Б.С нь анх шүүхэд “Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тахилгат тосгоны захирагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах, үр дүнгийн гэрээ ёсоор зохих цалингийн урамшуулал болох 2016 оны 4 дүгээр улирлын болон 2017 оны 01 ба 02 дугаар улирлуудын урамшууллыг нөхөн тооцож олгуулах, ээлжийн амралтын олговрыг тооцож нөхөн олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах, мөн 2017 оны 9 дүгээр сарын 01-нээс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаа буюу ажлын 32 хоногийн цалинд 1.259.991 төгрөг, мөн цалингийн зөрүү 693361 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохыг даалгах, мөн цалингийн зөрүү 693361 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзжээ.

17. Давж заалдах шатны шүүхийн, анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй, шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт хийгээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нотлох баримтыг цуглуулаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байна.

18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой тусгасан байхыг, мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлүүдийг хуульчилсан.

19. Нэхэмжлэгч   Б.С-ээс   маргаж   буй   захиргааны   акт   нь   Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан үндэслэлүүдийн алинд хамаарахыг тодорхойлоогүй, түүний захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх энэ үндэслэлийг тодруулалгүй, илт хууль бус гэж үзэж буй үндэслэлийн талаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэн маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна.

20. Түүнчлэн, нэхэмжлэгч Б.С-ээс маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус гэж маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, уг актыг хүчингүй болгож шийдвэрлэсний зэрэгцээ нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохыг даалгах, мөн цалингийн зөрүү 693361 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзсан байхад эдгээр нэхэмжлэлийг шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрт заагаагүй, хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй үлджээ.

21. Мөн нэхэмжлэгчээс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тохиолдолд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т заасан үндэслэлийг тодруулж, хохирол гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай юм.

22. Иймд, анхан шатны шүүх магадлал, тогтоолд заасан ажиллагааг хэрэгжүүлж, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл болон маргаан бүхий актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үндэстэй тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0342 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын  журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                       Б.МӨНХТУЯА