Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1039

 

 

 

 

 

 

 

 

 

М.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00690 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Тийн хариуцагч М ХХК, Б.Пнарт холбогдуулан тоног төхөөрөмж, техникийн засвар үйлчилгээний ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 46 406 250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, М ХХК-ийн зээлийн төлбөр 8 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ундрах, хариуцагч Б.П, түүний өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 оноос 2017 оны хооронд В ХХК-д “САТ”-ын уул уурхайн техникийн засвар үйлчилгээний ажилтанаар ажилласан. 2017 оны 9 дүгээр сард “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-тай гэрээ байгуулж, хамтран ажиллах болсон. Гэрээний нөхцөл их боломжийн санагдсан боловч хуулийн этгээдтэй гэрээ байгуулна гэсэн шаардлага тавьсан тул В ХХК-д хамт ажиллласан, дундын хөрөнгө болох 82-41 УБ улсын дугаартай “САТ-320” маркийн РАЮ0850 сериалтай эксковаторыг худалдан авахад тодорхой хэмжээний мөнгийг нийлүүлсэн Б.Птэй уулзаж “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-тай холбоотой ажлын саналын талаар ярилцсан. Б.ПМ ХХК байгаа хоёулаа компанийн нэр дээр уг гэрээг байгуулаад хамтран ажиллаж, ажлын хөлсийг тэнцүү хувааж авахаар харилцан тохирсон юм. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр МКЮ-2017/89 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба гэрээнд заасны дагуу 3 сар гаруй хугацааны туршид миний бие Б.Пгийн хамт “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт байрлах алтны уурхайд очиж ажилласан, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн “САТ”-ын техникүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж, засвар үйлчилгээг цаг алдалгүй би гардан хийсэн. Б.Пд итгэж бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. 3 сар гаруй хугацаанд цагийн хуваарийн дагуу ажил үүргээ хариуцлагатайгаар биечлэн хийж дуусгасан боловч ажлын хөлс аваагүй. Б.Птэй төлбөрийн талаар ярилцахад “мөнгө орж ирээгүй байна“ гэдэг байсан. Гэтэл “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусгасан төдийгүй ажлын хөлс нийт 92 812 500 төгрөгийг М ХХК-ийн дансаар шилжүүлж өгсөн болохыг мэдсэн. Гэрээний дагуу “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-аас М ХХК-ийн данс руу шилжүүлсэн 92 812 500 төгрөгийн 50 хувь болох 46 406 250 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон тэдгээрийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч огт мөнгө аваагүй гэсэн нь дансны хуулгаар үгүйсгэгдэнэ. “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-тай бидний байгуулсан гэрээний нэг нөхцөл нь тухайн байгууллагын ажилтнуудад сургалт орох байсан боловч М.Т нэг ч удаа сургалт ороогүй, гэрээний үүргийг биелүүлээгүй. Үүний улмаас засварчид нь удирдлагадаа гомдол гаргаснаар гэрээ цуцлагдсан. Нэхэмжлэлд дурдсан 92 000 000 төгрөг 50, 50 хувь болж хуваагдах боломжгүй. Учир нь уг үнийн дүнгээс хуульд заасан албан татварууд төлөгдсөн. Мөн тухайн ажлыг гүйцэтгэж байх явцад гарсан тоног төхөөрөмжид хийгдсэн засвар үйлчилгээний зардал, шатахуун сэлбэг, томилолтын зардал, хоол хүнс, буудлын зардал зэрэг зардлууд хасагдаж, цэвэр ашиг хуваагдах ёстой. Дээрх ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой төлөх төлбөр байхгүй гэжээ.

 

Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: М.Т автомашин авах болсон 8 000 000 төгрөг зээлээч гэхэд нь н.Давхарбаяр гэдэг хүний данс руу мөнгийг шилжүүлсэн. Зээлсэн мөнгөө М.Тийн ажлын  ажлын хөлснөөс 1-2 сарын хугацаанд суутгаж төлөхөөр тохирсон боловч төлөөгүй тул нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 8 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. 2 хувааж төлөх талаар амаар тохирсон боловч бидний бусдад түрээслэн ашиг олдог кат 3-20д экскаваторын түрээсийн орлогоос суутгаад авсан тул төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас уул уурхайн үндэсний олборлогч компанид гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 17 781 872 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Төд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28 624 378 төгрөг болон хариуцагч Б.Пд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Төөс зээлийн гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг гаргуулан хариуцагч М ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 390 000 төгрөг, хариуцагч М ХХК-аас төлсөн 142 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 142 950 төгрөгийг гаргуулж хариуцагч М ХХК-д, хариуцагч М ХХК-аас 246 859 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Төд тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх М.Тийг М ХХК-д хөлсөөр ажилласан гэж дүгнэж шийдвэрлэсэн нь буруу. Тодруулбал, М.Т нь “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаар болоход хуулийн этгээд байх шаардлагыг тавьсан тул хариуцагч Б.Пгийн нэр дээр бүртгэлтэй М ХХК-тай гэрээ байгуулж тухайн компаниас өгсөн ажлын хөлсийг М.Т болон Б.Пнар тэнцүү хувааж авахаар харилцан тохирсон талаар нэхэмжлэлд тодорхой тусгагдсан. “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-тай үүссэн харилцаа ажил гүйцэтгэх гэрээ байсан боловч М.Т болон М ХХК, түүний захирал Б.Пнарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар М.Т ажил олж, Б.Пгийн хувьд өөрийн үүсгэн байгуулсан компанийн нэрээр гэрээ байгуулж тэд хамтран “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д ажил хийж гүйцэтгэсний төлбөрийг тэнцүү хэмжээгээр хувааж авах зорилготой байсан. Гэтэл талуудын хэн аль нь М.Тийг “Мажор систем" ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр болон хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаагүй талаар тайлбарласан байхад шүүх М.Тийг М ХХК-д хөлсөөр ажилласан гэж дүгнэсэн төдийгүй бие даасан хуулийн этгээдийн хуулиар хүлээсэн үүрэг болох аж ахуйн нэмэгдсэн өртгийн албан татвар зэргийг нэхэмжлэлийн шаардлага болох ажлын хөлсөөс хасч тооцож шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч зөвхөн хариуцагч талын тайлбарт нийцүүлэн шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч М.Т нь аж ахуйн нэмэгдсэн өртгийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан” гэсэн байх ба энэ нь зөвхөн эвлэрэн хэлэлцэх талаар санал солилцох үед нэхэмжлэгчийн гаргасан санал болохоос энэ талаар хасч тооцох ямар ч тохиролцоо, түүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад ийнхүү шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183/Ш32020/01246 дугаар шүүгчийн захирамжаар Б.Пгийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт эрүүгийн журмаар шалгагдаж байхдаа хууль сануулсан баримтад гарын үсэг зурж өгсөн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн гэрчийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасны дагуу нотлох баримтаар гаргуулсан. Хариуцагч М ХХК нь “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 27-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд нийт 92 812 500 төгрөгийг ажлын хөлсөнд авсан. Ийнхүү ажлын хөлснөөс М.Төд 50 хувийг шилжүүлж байсан үйл баримт байхгүй боловч хариу тайлбартаа 4 удаагийн гүйлгээгээр 19 683 000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн. Гэтэл энэхүү шилжүүлсэн мөнгө нь “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д хийж гүйцэтгэсэн ажлын хөлстэй ямар ч хамааралгүй, М.Т болон иргэн Б.Пнарын хооронд хамтарч 320Д гэх экскаватор худалдан авч түүнийг бусдад түрээслүүлж, ашиг олсонтой холбоотой шилжүүлсэн төлбөрүүд, энэ талаар ч Б.Пдээрх гэрчийн мэдүүлэгт тодорхой дурдсан байхад ажлын хөлс авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шүүх дээрх 4 удаагийн гүйлгээ нь “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д ажил хийж гүйцэтгэсэн хугацаанд байна гэж дүгнэж тухайн төлбөрийг “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-аас ажлын хөлс авсан гэж үзэж дүгнэсэн нь шүүх өөрөө захирамж гарган бүрдүүлж хэрэгт хавсаргасан нотлох баримт болох гэрчийн мэдүүлгийг ач холбогдолтой талаас үнэлээгүй. Шүүх хариуцагч талын гаргасан хариу тайлбарыг нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байхад түүнийг үндэслэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нөгөөтэйгүүр шүүх шийдвэрийн тогтоох хэсгийг танилцуулахдаа талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан тул хамтарч ажиллахад гарсан зардал болон олсон ашиг зэргийг хамтран тэнцүү хуваах үүрэг хүлээнэ гэж дүгнэсэн тухай танилцуулж энэ талаар ч шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байхад шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

Хариуцагч М ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг М.Төд холбогдуулан гаргасан. М ХХК-аас М.Төд зээлсэн гэх 8 000 000 төгрөг нь “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д ажил хийж гүйцэтгэсэн үйл баримт болон тухайн ажлын төлбөртэй ямар ч хамааралгүй бөгөөд энэхүү иргэний маргаанаас тусдаа шийдвэрлэгдэх маргаан юм. Гэтэл шүүх нэхэмжлэгч талыг сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах эсэхтэй тайлбар гаргах боломж олгоогүй шууд хүлээн авсан. Нэхэмжлэгч М.Тийн хувьдаа авсан 77-75 УНЕ улсын дугаартай автомашины төлбөрт төлөгдсөн 8 000 000 төгрөг нь “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д хийж гүйцэтгэсэн ажлын хөлстэй хамааралгүй тусдаа зээлийн харилцаа бөгөөд хариуцагч тал уг автомашиныг М.Т хувьдаа авахаар болсон талаар сөрөг нэхэмжлэлд дурдсан байхад ийнхүү ажил гүйцэтгэх гэрээтэй хамааруулан шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Мөн хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэж шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтад Б.Пнь “...зээлсэн 4 000 000 төгрөгийг би суутгаад авсан байна лээ" гэж мэдүүлсэн нь зээлийн төлбөр төлөгдсөн, энэхүү зээлийн төлбөр нь “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-д хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс бус энэ маргаанд ямар ч хамааралгүй, талуудын хамтарч худалдан авсан экскаваторын түрээсийн ашгаас хасагдах тооцоо байхад үндсэн нэхэмжлэлтэй хамтатган бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх гэрээний харилцааг буруу тодорхойлж түүнд үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, нэг нь нөгөөдөө харилцан тооцогдохгүй 2 өөр маргааныг хамтатган шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг залруулан өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч М ХХК, Б.Пнарт холбогдуулан тоног төхөөрөмж, техникийн засвар үйлчилгээний ажил хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 46 406 250 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрсөн /1хх 1-3, 40-41, 57-58/ ба М ХХК нь М.Төөс зээлийн гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсаныг, нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд харилцан маргасан байна. / 1хх 73, 184/

 

Хэрэгт авагдсан 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн MNO-2017/89 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” /1хх5-9/, зохигчдын тайлбараас үзвэл, талууд нэг талаас захиалагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК, нөгөө талаас гүйцэтгэгч М ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг хамтран гүйцэтгэхээр тохиролцсон үйл баримтын тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй. Харин уг гэрээний захиалагч “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-аас гүйцэтгэгч М ХХК-д төлсөн ажлын хөлс болох нийт 92 812 500 төгрөгийн 50 хувь болох 46 406 250 төгрөгийг нэхэмжлэгч М.Т шаардах эрхтэй эсэх нь маргааны гол зүйл болжээ.

Дээрхээс үзвэл М ХХК болон М.Т нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу олсон ашгаа талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилах, хураамжийн хэмжээ тодорхой бус тохиолдолд ашгийг тэнцүү хэмжээгээр хуваана. Иймд нэхэмжлэгч М.Т нь тухайн хамтын үйл ажиллагааны хүрээнд бусад этгээдтэй гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлс, олсон орлогоос гарсан зардал хасагдсан дүн буюу ашгаас өөрт ногдох хувийг шаардах эрхтэй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн хэрэг бүртгэлтийн 181100936 дугаартай баримтад авагдсан Б.Пгийн гэрчээр өгсөн мэдүүлэгт /1хх 201/ тусгагдсан мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн гүйлгээний утга, агуулгын талаарх мэдээллийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйн улмаас хариуцагчаас нэхэмжлэгчид олгох мөнгөн хөрөнгийн хэмжээг буруу тодорхойлсон байна. Тодруулбал, Б.Пнь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1 000 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4 683 000 төгрөг, 11 дүгээр сарын 24-ний өдрийн 4 000 000 төгрөг, нийт 9 683 000 төгрөг нь “320Д маркийн экскаваторын түрээслэж олсон ашиг, орлого”-ыг шилжүүлсэн талаар мэдүүлсэн байна. Үүнийг талуудын хооронд үүссэн хамтын үйл ажиллагааны төлбөр, тооцоонд шууд хамааралтай гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Талуудын хамтын үйл ажиллагааны үр дүн буюу дээрх ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд нийт 92 812 500 төгрөгийн орлого М ХХК-ийн дансанд орсон талаар зохигчид маргаагүй бөгөөд энэ нь хэргийн 15 дахь талд авагдсан баримтаар нотлогдсон. Давж заалдах шатны шүүхээс хэргийн 1 дэх хавтасны 201 дүгээр талд авагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Пд хууль тайлбарлан, сануулж авсан гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч талын шүүх хуралдааны явцад гаргасан “ажлын хөлс 92 812 500 төгрөгөөс албан татварт ноогдох 10 хувийг хасч тооцохыг зөвшөөрнө” /2хх 26/ гэх тайлбар, О.Шинэцэцэгийн гэрчээр асуугдсан тэмдэглэл /2хх 23/, Мажор систем” ХХК-ийн “Голомт банк” ХХК дах 1410013161 тоот дансны хуулга /1хх 46-48/ зэрэг бичиг баримтыг харьцуулан үнэлвэл, нийт ажлын хөлс 92 812 500 төгрөгийн 50 хувь 46 406 250 төгрөгөөс ААНОАТ-ын 10 хувь 4 640 625 төгрөг, НӨАТ-ын 10 хувь 4 176 562 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр М.Тийн эхнэр О.Шинэцэцэгийн данс руу хариуцагч байгууллагаас шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг тус тус хасч, нийт 27 589 063 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч М.Төд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Б.Пгийн “...нэхэмжлэгчид зээлсэн 8 000 000 төгрөгийн 4 000 000 төгрөгийг тохиролцсон ёсоор 320Д маркийн экскаваторын түрээсийн ашгаас суутгасан...” агуулгаар өгсөн гэрчийн мэдүүлэг /1хх203/ хэрэгт авагдсан байна. Иймд зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүн 4 000 000 төгрөгийг М.Төөс гаргуулж хариуцагч М ХХК-д олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцааг буруу тодорхойлсон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн гэрээний шаардах эрхийн үндэслэлд шууд хамаарахгүй Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан зэрэг алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөлт оруулав.

 

 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын болон хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1... Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/00690 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 27 589 063 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Төд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 817 187 төгрөг болон хариуцагч Б.Пд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Төөс зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулан хариуцагч М ХХК-д олгож, үлдэх 4 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 390 000 төгрөг, хариуцагч М ХХК-аас төлсөн 142 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 295 895 төгрөгийг гаргуулж хариуцагч М ХХК-д, хариуцагч М ХХК-аас 78 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Төд тус тус олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.   

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

 

                                                                       Д.ЦОГТСАЙХАН