| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2017/0190/Э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.10.2.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтансүх
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж, Э.Б
Хохирогч Ц.Э
Хохирогчийн өмгөөлөгч С.Э
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, эрэгтэй, 43 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд баг тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт М.Ө,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь сумын харъяат, эрэгтэй, 32 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р баг оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Х овогт Т.Х нарт холбогдох эрүүгийн 201710010134 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
Шүүгдэгч М.Ө нь согтуугаар 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 21 цагийн үед бусдын эзэмшлийн 24-16 ДГА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Дорноговь аймгийн Замын Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хүнд даацын асфальтан хучилттай зам дээр урдаас хойшоо чиглэлтэй явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 .Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. a/ согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9.1.“Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2."Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын 1 дүгээр эгнээн дээр мотор эвдэрсэн гэх шалтгаанаар ослын тэмдэг тавилгүй зорчих хэсэг дээр орхисон байсан 19-20 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гарган улмаар түүний тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Т.Х нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед өөрийн эзэмшлийн 19-20 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хүнд даацын асфальтан хучилттай зам дээр мотор нь эвдэрсэн гэх шалтгаанаар ослын тэмдэг тавилгүй зорчих хэсэг дээр орхиж Замын Хөдөлгөөний Дүрмийн 6.2.в/ “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй тээврийн хэрэгслийг зогсоосон үед, 6.3, в/ харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй тээврийн хэрэгслийг зогсоосон үед, 11.1.”Жолооч...хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно, 15.2."Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6.2- ын в, 6.3-ийн в заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ” гэсэн заалтуудыг зөрчиж зогссоны улмаас М.Ө нь 24-16 ДГА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа араас нь мөргөж зам тээврийн осол гаргаж, улмаар түүний тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг
Шүүгдэгч М.Ө-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ” Тэр өдөр Э урдаас орж ирсэн юм, бид манай ажил дээр уулзалдаад байж байтал шалганаас хил дээр кондейшин тавиад өгөөч гээд утасдахаар нь би явсан. Тэгээд нилээн удсан бөгөөд надруу бараг 10-аад удаа залгаад байхаар нь би удах юм шиг байна гэдгээ хэлсэн. Хийж байсан ажлаа дуусаад ажил дээрээ ирэхэд ажлын хаалга цоожтой байхаар нь Э руу утасдахад возкал дээр явж байна, одоо яваад очъё гэсэн. Ингээд би 2 сав пиво аваад ажил дээр очоод Э-тай нэгийг нь хувааж уусан. Тэгээд байж байтал эхнэр залгаад хэзээ ирэх гэж байна гээд асуухаар нь одоо очлоо гэж хэлчихээд Э-г хүргэж өгөх гээд Г-с машиныг нь гуйхад Г зөвшөөрч өөрийнхөө 24-16 ДГА улсын дугаартай Приус 20 маркийн машиныг надад авчирч өгсөн. Ингээд явж байгаад Дашваанжилын колонкоос өнгөрөхөд нэг машин зогсож байсан. Бид 2 гэрэл гэгээгүй харанхуй газар ослын тэмдэг тавихгүй гэж яриад явж байтал эсрэг урсгалаас том машин шар зураас дээгүүр орж ирэхээр нь би баруун гар тал руугаа дарж Э-н талаар ардаас нь мөргөсөн. Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Миний хувьд энэ ослоос болж өөрөө хүндэвтэр гэмтэл авсан. Тухайн үед их согтуу яваагүй, бид 1 том савтай пиво хувааж уусан байсан. Эмчилгээ хийсэний дараа цус авсан. Хохирогч Э-д өөрийнхөө чадлын хирээр л тусалж байгаа. Сайншанд руу эмнэлэгт авч явсан, хоолны мах, ойр зуурын хэрэглэх зүйл өгсөн, кабелийг нь 3 удаа сунгаж өгсөн. Гэхдээ энэ бүхэн бүгд баримтгүй байгаа. Харин сүүлд өгсөн 250 юань, 115,000 төгрөг өгсөн, энэ мөнгийг хохирлын мөнгөнөөс хасч тооцуулмаар байна. Ингээд үлдэх хохирлын мөнгийг ойрын хугацаанд банкнаас зээл авч байгаад хамаагүй төлнө. Г-т учруулсан хохирлыг мөн төлнө, би хувиараа гагнуурын ажил эрхэлдэг, ажлын байртай, сардаа 1,000,000 орчим төгрөгийн орлоготой, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ” гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Т.Х-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2017 оны 05 сарын 13-нд машины тос болохоо болиод зам дээр унтарчихсан юм. Тэгээд чирч замаас гаргах машин хайгаад олдохгүй болохоор нь тэнд нь орхиод нэг найзыгаа чирээд хашаандаа аваачаад тавьчих гэж хэлээд өөрөө хөдөө явчихсан юм. Ингээд маргааш өдөр нь ирсэн чинь осол болчихсон байсан. Би энэ машиныг 2 сарын өмнө Б гэж хүнээс 1,500,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд мөнгөө бүрэн төлсөн, харин нэрээ шилжүүлж аваагүй байсан юм. Миний машины ослын гэрэл асдаггүй юм, мөн би тухайн үед ослын тэмдэг тавиагүй байсан юм. Энэ осолд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Э-д учирсан хохирлыг өөрт оногдох хэсгийг төлнө, би 19-20 ДГА дугаартай УАЗ-31512 дугаартай машинаар орлого олдог тул битүүмжлэлийг хүчингүй болгуулмаар байна “ гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ц.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 05 сарын 13-ны өдөр намайг Эрээн хотод байхад Ө миний хятад дугаар руу залгаад чи хаана байна Замын-Үүд суманд орж ирж байна уу уулзъя” гээд байхаар нь за би одоо ингээд Замын-Үүд сум руу орлоо, орохоороо хэлье гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би өглөө 10-11 цагийн үед Замын-Үүд суманд орж ирээд Ө ах руу утсаар яриад би дөнгөж сая орж ирлээ гэхэд ажлаа зааж өгсөн. Ө ахын ажлын байр нь каргоны хажуу талын гагнуур хийдэг газар нь очоод хууч хөөрсөн, учир нь бид хоёр уулзалдаагүй 10 гаруй жил болж байсан. Тэгээд гэрт цай уугаад сууж байтал Ө ахын утас дуугараад хил дээр очиж кондишин залгаад ирье гээд явсан. Энэ хооронд би машиныхаа сэлбэгийг үзээд гадуур явсан. Тэгээд 2-3 цагийн дараа ирэхгүй болохоор нь Ө ах руу утсаар яриад би ирэхгүй бол явлаа одоо талбай дээрээс хүн аваад хил хаахаас өмнө гарлаа” гэхэд одоо би яг дууслаа чи наанаа хүлээгээд байж гэж хэлсэн. Ингээд вокзалаас Ө ахын ажлын байранд нь очоод байж байхад 2 том савтай пиво бариад ирсэн. Бид 2 нэг пивыг нь хувааж уусан. Тэгээд ойр зуурын юм яриад сууж байтал Ө ах салхинд гаръя, би чамайг маргааш шалганы хүнд хэлээд очер дугааргүй гаргаад өгчихнө гэж хэлсэн. Тэгээд нэг эмэгтэй хүн рүү утсаар яриад машиныг гуйсан. Тэгээд Приус 20 маркын цагаан өнгийн автомашиныг нэг эрэгтэй хүн авчирч өгсөн, бид 2 тэр хүний гэрт нь хүргэж өгөөд бид хоёр цааш салхинд гарна гээд явсан. Тухайн үед би Ө ахыг та согтуу байна машин тэрэг бариад хэрэггүй гэхэд Замын-Үүд суманд би алдахгүй, хэн ч намайг зогсоохгүй гэж хэлсэн. Ингээд бид хоёр 3-ын хаалтаар тойроод хойд талын засмал замаар чигээрээ явж байтал зам дээр зогсож байсан УАЗ 469 маркын автомашины араас шууд ороод миний талаар мөргөж зогссон. Тухайн үед Ө ах машинаа маш хурдтай жолоодож явсан бөгөөд би уралддаг хүн яах ч үгүй гээд онигироод хурдаа нэмж ойролцоогоор 80-100 км цагийн хурдтай явсан. Энэ ослын улмаас миний миний биед зүүн хөлийн шагай баруун хөлийн савхан яс, шилбэ, өсгий хугарч бяцарсан эгэмний яс хугарсан зэрэг гэмтэл учирсан одоо хүний асаргаанд эмнэлгийн хяналтанд алхаж гишгэж чадахгүй байна. Эмчилгээний зардалд нийт 7.808.864,35 төгрөг гарсан. Хавтаст хэрэгт бүх баримтыг хавсаргасан байгаа. Миний хувьд баримтаар нотлогдож байгаа зүйлээ нэхэмжилж байна. Баримтгүй зөндөө зардал гарсан байгаа. Одоо миний хөлний төмөр гарчихсан учраас нэн даруй хагалгаанд орж төмрөө авахуулах шаардлагатай байгаа юм. Ө ахын хувьд нэг удаа эмнэлэг авч явсан мөн хоолны мах, ойр зуурын хэрэглээний зүйл нэг удаа өгсөн ба би сэтгэлээрээ өгч байгаа юм гэж хэлсэн. Харин хэрэг прокурор дээр байхад 10 сарын сүүлчээр Х 250 юань, Ө 250 юань, 115,000 төгрөг өгсөн энийг хохирлоос хасч тооцон нийт 6,658,714.35 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хувьд охинтойгоо 2-уулаа амьдардаг. Замын-Үүд Эрээний хооронд зорчигч тээвэрлэж хувиараа хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулдаг байсан. Энэ ослоос болж ямарч орлогогүй болсон. Иймд хохирлоо гаргуулж авмаар байна. Осол болох үед эсрэг урсгал буюу урдаас ямар ч ачааны болон суудлын автомашин ирээгүй, чигээрээ явж байгаад яг ардаас нь мөргөчихсөн. Тэгээд эмнэлэг дээр байхад том машин урдаас ирж байсан биздээ гээд дайраад байсан ” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2017 оны 05 сарын 13-ны өдрийн 21 цаг үед намайг гэртээ амарч байхад Ө ах над руу утсаар залгаад манай найз өнөөдөр Эрээнээс орж ирлээ түүнтэй хамт гадуур ажил хөөцөлдөөд явах гэсэн юм аа машинаа түр өгөөч 2 цаг болно гэхээр нь зөвшөөрч машинаа аваачиж өгсөн. Намайг очиход пиво уусан бололтой байсан. Тэгээд би 2 цагийн дараа Ө ахыг ирэхгүй байхаар нь гар утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан, тэгсэн Ө ахын эхнэр над руу утсаар залгаад Ө ах чинь аваарт орчихлоо эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь очсон. Үнэлгээний байгууллагаар автомшинд учирсан хохирлыг гаргуулахад 6,470,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирлыг Ө ахаас нэхэмжилнэ, боломжоороо төлнө биздээ. Би өөрийнхөө 24-16 ДГА улсын дугаартай Приус машинаа жилийн өмнө 7,100,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэгээд дүүд маань мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь банкинд зээлийн барьцаанд тавьж зээл авсан байсан, сая 11 сарын 10-ны үед төлж дууссан байгаа ” гэсэн мэдүүлэг,
Ж.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчаар өгсөн “ Хохирогч Э-д учирсан хохирол болох эмчилгээний зардлыг шүүхийн шийдвэрээр буруутай байна гэж үзвэл төлж барагдуулахад татгалзахгүй” гэсэн мэдүүлэг,
-Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-20/
Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 22-23/
24-16 ДГА улсын дугаартай Приус маркын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26/
19-20 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-31/
2017 оны 05 сарын 14-ний өдрийн шүүгдэгч М.Ө, Ц.Э нарын цуснаас дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 32/
Шүүгдэгч Т.Х-н дугаартай жолоочийн үнэмлэх, 19-20 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн машины гэрчилгээ зэргийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 33/
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2017 оны 08 сарын 01, 03-ны өдрийн “24-16 ДГА улсын дугаартай Приус маркын тээврийн хэрэгсэл, 19-20 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркын тээврийн хэрэгсэл” зэргийг битүүмжлэх тогтоол /хх-ийн 35, 37/
Хохирогч Ц.Э-н хохирлын баримтууд /хх-ийн 53-58, 197-200, 233-254/
Өмчлөгч нь ХААН банк ХХК гэсэн тэмдэглэгээ бүхий 24-16 ДГА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 73/
ХААН банкны 2017 оны 07 сарын 04-ны өдрийн “ Э.Ө нь 2017 оны 02 сарын 10-ны өдөр зээлийн барьцаанд 24-16 ДГА улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн автомашиныг барьцаалан зээл авсан” гэсэн 364 тоот /хх-ийн 74/
2416 ДГА улсын дугаартай Приус маркийн автомашины эзэмшигч Ж.Г, 2017 оны 04 сарын 07 гэсэн тэмдэглэгээ бүхий авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 166/
Гэрч Ж.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна М.Ө гэгч манай нөхрийн хуурай ах гэрийн гадаа ирээд манай 24-16 ДГА улсын дугаартай Приус 20 маркын тээврийн хэрэгслийг аваад явсан. Тухайн үед би гэртээ хүүхдүүдээ хараад байж байсан болохоор машин яах гэж авсан талаар асуухад ажил хөөцөлднө гэхээр нь өгчихлөө удахгүй авчираад өгнө гэж хэлсэн тэгээд хэдэн цагийн дараа М.Ө нэг эмэгтэй хүнтэй хойд зам дээр манай машинтай явж байгаад зам тээврийн осолд орсон гэж дуулсан. Өөр надад болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75/
Гэрч Х.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2017 оны 05 сарын 13-ны өдрийн 21-22 цагийн үед каргоны машин жолоодоод Улаанбаатар хот руу явж байтал замд буюу Замын-Үүд сумын М Ойл шатахуун түгээх станцаас хойш байрлах засмал зам дээр цагаан өнгийн Пирус 20, бор өнгийн жолоочгүй УАЗ-469 маркийн автомашинууд зам тээврийн осолд орсон байсан. Миний хувьд жолоочийн үүргээ биелүүлээд эмнэлэг болон цагдаагийн байгууллага дуудсан “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 78/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 сарын 24-ний өдрийн Шинжилгээнд ирүүлсэн “ М.Ө 43 эр, 2017 оны 05 сарын 14 гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй, Ц.Э 35 эм 2017 оны 05 сарын 14 гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэсэн 5161 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83/
2017 оны 05 сарын 20-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний Вендо ХХК-ний 24-16 ДГА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон дүн 6,470,000 төгрөг ” гэсэн 07538770 тоот үнэлгээ /хх-ийн 85-86/
Шинжээч, цагдаагийн ахмад Д.Т 2017 оны 06 сарын 13-ны өдрийн “ 1. Тоёото Приус 20 маркийн 24-16 дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Ө нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 .Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. a/ согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 9.1.“Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2."Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй.
УАЗ-31512 маркийн 19-20 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Х нь Замын Хөдөлгөөний Дүрмийн 6.2.в/ “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын гэрэл нь асахгүй тээврийн хэрэгслийг зогсоосон үед, 6.3, в/ харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй тээврийн хэрэгслийг зогсоосон үед, 11.1.”Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно, хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй/ бол түүний зах руу аль болох шахаж зогсооно. 15.2."Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6.2- ын в, 6.3-ийн в заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна” гэсэн 19 тоот дүгнэлт /хх-ийн 91/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 17-ны өдрийн “ ...2. Ц,Э биед учирсан гэмтлүүдийн зүүн эгэмний гандан хэсгийн ташуу зөрүүтэй далд хугарал, зүүн хөлийн шаант ясны эпифиз тахилзуур ясны гандан хэсгийн доод 1/3 хамарсан хөндлөн болон бяцарсан хугарал, баруун тахилзуур ясны гадна хавчаарын шаант ясны гандан хэсгийн доод 1/3 хэсгийн ташуу бяцарсан хугарал гэмтлүүд нь дан, дангаараа болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, нүүрний баруун талын зөөлөн эдийн гэмтэл зулгаралт нь дан, дангаараа болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтэл тогтоогдохгүй болно” гэсэн 162 тоот дүгнэлт /хх-ийн 93/
Шинжээч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Архи согтууруулах ундааны хэмжээ бага хэрэглэсэн, тухайн хүнд эмчилгээ хийсэн, цус болон шингэн сэлбэсэн тохиолдолд спирт илрэхгүй байх боломжтой байдаг, ер нь насанд хүрсэн хүн архи согтууруулах хэрэглэсэнээс хойш 12 цагийн дотор хүний биед цус, шээс, шингэнд /хөлс, шүлс/ гадагшилдаг, тухайн хүний биеийн онцлогоос хамаардаг “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 121/
19-20 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 145/
Шүүгдэгч М.Ө нь Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 06 сарын 27-ны өдийн 91 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 100 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 155/
Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... үзлэг хийж байх явцад тухайн хүний эмнэлзүй илэрсэн шинж тэмдгээр архи үнэртсэн тэмдэглэгээг хийсэн байна, манай эмнэлэгт хүний согтолтын зэрэг тогтоох багаж байдаггүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 186/
Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Манай хүү Б 2017 оны 05 сард Солонгос Улсын руу явсан, хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа. Миний хүү Б нь Х-т 19-20 ДГО улсын дугаартай машинаа Солонго Улс руу явахаасаа өмнө 1,500,000 төгрөгөөр зарсан, мөнгө төгрөгөө бүрэн авсан, машины эзэмшлийн нэрийг шилжүүлээгүй байгаа” гэсэн мэдүүлэг
Ж.Г-г Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 4-т заасан буюу согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн гэх үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан шийтгэврийн хуудас /хх-ийн 196/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч М.Ө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 05 сарын 13-ны орой 21-22 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт бусдын эзэмшлийн 24-16 ДГА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд явахдаа Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7, 9.1, 9.2-т заасныг тус тус зөрчсөний улмаас замын 1 дүгээр эгнээн дээр мотор эвдэрсэн гэх шалтгаанаар ослын тэмдэг тавилгүй зорчих хэсэг дээр орхисон байсан 19-20 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зам тээврийн осол гарган улмаар түүний тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, түүнчлэн иргэний нэхэмжлэгч Ж.Г-т 6,470,000 төгрөгийг хохирол учруулсан,
шүүгдэгч Т.Х нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн үед өөрийн эзэмшлийн 19-20 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хүнд даацын асфальтан хучилттай зам дээр мотор нь эвдэрсэн гэх шалтгаанаар ослын тэмдэг тавилгүй зорчих хэсэг дээр орхиж Замын Хөдөлгөөний дүрмийн 6.2-ын в, 6.3-ын в, 11.1, 15.2 гэсэн заалтуудыг зөрчиж зогссоны улмаас М.Ө нь 24-16 ДГА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа араас нь мөргөж зам тээврийн осол гаргаж, улмаар түүний тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.
Шүүгдэгч М.Ө-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учрууулсан гэмт хэргийн шинжийг,
шүүгдэгч Т.Х-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байх тул шүүгдэгч нарыг уг гэмт хэргүүдэд гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Ө, Т.Х нарын дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
-хохирогч Ц.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
-иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн мэдүүлэг,
-шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-20/
-Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 22-23/
-24-16 ДГА улсын дугаартай Приус маркын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26/
-19-20 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-31/
-Гэрч Х.И-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг,
- Шинжээч, цагдаагийн ахмад Д.Т-н 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 19 тоот дүгнэлт,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 сарын 17-ны өдрийн 162 тоот дүгнэлт /хх-ийн 93/,
- Гэрч А.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 186/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Иймд Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч М.Ө, Т.Х нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Ж нь шүүгдэгч М.Ө-г гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байсан гэдгийг согтуурал шалгах багажаар нотлоогүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр цусанд спиртийн агууламж илрээгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар өөрчлөх, түүнчлэн М.Ө-н жолоодон явсан тээврийн хэрэгслийн эсрэг урсгалаас том машин ирсэн, гэрлийн гялбаанд орсон байгааг анхаарах гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй юм. Учир нь:
Учир нь шүүгдэгч М.Ө нь гэмт хэрэг үйлдэх цаг хугацааны өмнө хохирогч Ц.Э-тай том савтай пивыг хуваан уусан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэгээс гадна хохирогч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт “...Ө ахын ажлын байранд нь очоод байж байхад 2 том савтай пиво бариад ирсэн. Бид 2 нэг пивыг нь хувааж уусан... Ө ахыг та согтуу байна машин тэрэг бариад хэрэггүй гэхэд Замын-Үүд суманд би алдахгүй, хэн ч намайг зогсоохгүй гэж хэлсэн” гэж, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт “...Намайг очиход пиво уусан бололтой байсан....” гэж, гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны явцад ... үзлэг хийж байх явцад тухайн хүний эмнэлзүй илэрсэн шинж тэмдгээр архи үнэртсэн тэмдэглэгээг хийсэн байна...” гэж, түүнчлэн шүүгдэгч М.Ө, хохирогч Ц.Э нарт эмчилгээ хийсэний дараа тэдний биеэс цус авсан талаар шүүгдэгч, хохирогч нар мэдүүлдэг, мөн шинжээч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд “ ... Архи согтууруулах ундааны хэмжээ бага хэрэглэсэн, тухай хүнд эмчилгээ хийсэн, цус болон шингэн сэлбэсэн тохиолдолд спирт илрэхгүй байх боломжтой байдаг” гэж тус тус мэдүүлдэг болно. Дээрх мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч М.Ө-г уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгч М.Ө-н зорчиж явсан эсрэг урсгалд ямар нэг хөдөлгөөн байхгүй байсан нь хохирогч Ц.Э-н “...осол болох үед эсрэг урсгал буюу урдаас ямар ч ачааны болон суудлын автомашин ирээгүй, чигээрээ явж байгаад яг ардаас нь мөргөчихсөн” гэсэн мэдүүлэг болон хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэргээр хэрэгт тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч М.Ө-н үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсгийг өөрчлөх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч М.Ө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогч Ц.Э, иргэний нэхэмжлэгч Ж.Г нарт учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, түүнчлэн хохирогч нарын хохирлыг түргэн шуурхай төлүүлэх нөхцөл боломжийг хангах, энэ гэмт хэргийн улмаас биед нь хүндэвтэр гэмтэл учирсан зэрэг хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж,
шүүгдэгч Т.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна түүний хувийн байдал, анх удаа үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогч Ц.Э-д учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хохирлоо нөхөн төлөх байдлыг харгалзах нь зүйтэй гэж тус тус дүгнэв.
Хохирол шийдвэрлэсэн талаар:
Хохирогч Ц.Э нь энэ гэмт хэргийн улмаас эмчилгээний болон бусад зардалд 6,658,714.35 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.
Иргэний хариуцагч Ж.Г нь шүүгдэгч М.Ө-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг мэдсэн атлаа түүний гуйснаар өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл буюу 24-16 ДГА улсын д угаартай Тоёото приус маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн, энэ үйлдэлд нь цагдаагийн байгууллага түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 4-т зааснаар 100,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан, түүнчлэн шүүгдэгч М.Ө, Т.Х нарын гэм буруутай, идэвхитэй үйлдлийн улмаас хохирогч Ц.Э-н бие, эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хэрэгт тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар заасан байна. Иймд иргэний хариуцагч Ж.Г, шүүгдэгч М.Ө, Т.Х нар нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдүүд мөн гэж үзэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар иргэний хариуцагч Ж.Г, шүүгдэгч М.Ө, Т.Х нараас эмчилгээний зардалд тус бүр 2,219,571.45 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Э-д олгох нь зүйтэй байна.
Хохирогчийн хохирлыг тооцохдоо хх-ийн 53-58, 197-200, 233-254 авагдсан баримтуудыг шүүх үнэлсэн бөгөөд БНХАУ-ын мөнгөн тэмдэгт юанийг 2017 оны 05 сарын 20-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 сарын 06-ны өдрийг хүртэлх Монгол Улсын мөнгөн тэмдэгттэй харьцах ханшийн лавлагааг /хх-ийн 267 / үндэслэн тооцсон болно.
Түүнчлэн иргэний нэхэмжлэгч Ж.Г нь өөрийн эзэмшлийн 24-16 ДГА улсын дугаартай Тоёото приус маркийн машины эвдрэл гэмтлийн засварлах үнэ 6,470,000 төгрөгийг шүүгдэгч М.Ө-с нэхэмжилдэг болно.
Хөрөнгө үнэлгээний Вендо ХХК-ний 2017 оны 05 сарын 20-ны өдрийн 07538770 тоот үнэлгээгээр /хх-ийн 85-86/ 24-16 ДГА улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн үнэлгээг 6,470,000 төгрөгөөр тогтоосон байна.
Шүүгдэгч М.Ө нь иргэний нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж эвдрэл гэмтэл учруулсан тул хохирлыг бүрэн хариуцах юм. Иймд Хөрөнгө үнэлгээний Вендо ХХК-ний 2017 оны 05 сарын 20-ны өдрийн 07538770 тоот үнэлгээг үндэслэн 6,470,000 төгрөгийг шүүгдэгч М.Ө-с гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ж.Г-т олгох нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Ж.Г нь 24-16 ДГА улсын дугаартай Тоёото приус маркийн тээврийн хэрэгслийг өөрийн дүү С.Ө зээлийн барьцаанд тавьсан талаар мэдүүлдэг ба ХААН банк зээл олгохдоо уг тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн байна. Хэдийгээр ХААН банк нь уг тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн боловч уг тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтанд байдаг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч М.Ө, иргэний нэхэмжлэгч Ж.Г нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд хохирлыг иргэний нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн иргэний хариуцагч, шүүгдэгч нарын ажил эрхэлж, орлого олдог байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар иргэний хариуцагч, шүүгдэгч нарын хохирогч Ц.Э-д хохирол төлөх хугацааг 3 сарын хугацаагаар, шүүгдэгч М.Ө-н иргэний нэхэмжлэгч Ж.Г-т хохирол төлөх хугацааг 6 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Битүүмжлэгдсэн хөрөнгийг шийдвэрлэсэн талаар:
Энэ хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2017 оны 08 сарын 01, 03-ны өдрийн 5/1, 5/3 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор “24-16 ДГА улсын дугаартай Приус маркын тээврийн хэрэгсэл, 19-20 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркын тээврийн хэрэгсэл” зэргийг битүүмжилсэн байгааг хүчингүй болгож, иргэний хариуцагч Ж.Г, шүүгдэгч Т.Х нарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Х нь 19-20 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркын тээврийн хэрэгслийг Б.Б гэгчээс 1,500,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бүрэн төлж, өмчлөлийг шилжүүлэн аваагүй байгаа нь шүүгдэгчийн болон гэрч О.Б-н мэдүүлгээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлсэнээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасан байна. Иймд шүүгдэгч Т.Х нь 19-20 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркын тээврийн хэрэгслийн өмчлөгч нь мөн гэж үзэж шүүх түүнд олгохоор шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Т.Х-н дугаартай жолоочийн үнэмлэх, 19-20 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркийн машины гэрчилгээ зэргийг буцаан олгож, М.Ө-н жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт Т.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг,
-шүүгдэгч Х овогт М.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Х-г 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Т.Х, М.Ө нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдаж, энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Т.Х-н дугаартай жолоочийн үнэмлэх, 19-20 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн машины гэрчилгээ зэргийг буцаан олгож, шүүгдэгч М.Ө-н жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.Х-т оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Х нь 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын 2017 оны 08 сарын 01, 03-ны өдрийн 5/1, 5/3 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 24-16 ДГА улсын дугаартай Приус маркын тээврийн хэрэгсэл, 19-20 ДГО улсын дугаартай УАЗ-31512 маркын тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн байгааг хүчингүй болгож, иргэний хариуцагч Ж.Г, шүүгдэгч Т.Х нарт буцаан олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар иргэний хариуцагч Ж.Г, шүүгдэгч М.Ө, Т.Х нараас эмчилгээний зардалд тус бүр 2,219,571.45 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Э-д олгосугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Ө-с 6,470,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ж.Г-т олгосугай.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар иргэний хариуцагч Ж.Г, шүүгдэгч Т.Х, М.Ө нарын хохирогч Ц.Э-д хохирол төлөх хугацааг 3 сарын хугацаагаар, шүүгдэгч М.Ө-н иргэний нэхэмжлэгч Ж.Г-т хохирол төлөх хугацааг 6 сарын хугацаагаар тогтоосугай.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х, М.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД