Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/661

 

 

                   

Д.Т, Б.Мнарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Алтанцэцэг,

хохирогч Н.Х,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гөмгөөлөгч Л.Баасанжав, Г.Бадамханд,

шүүгдэгч Б.Мөмгөөлөгч Р.Болортуяа,

шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Д.Оюунчимэг, Э.Ганбат,  

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/2205 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 4 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Д.Т, Б.Мнарт холбогдох эрүүгийн 76 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д.Т

2. Б.М

Шүүгдэгч Д.Т нь “ТД” мэс заслын эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байхдаа “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн үед х дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТД” гоо заслын эмнэлэгт 30 настай эмэгтэй Т.Оөөх соруулах хагалгаа хийж 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр амь насыг хохироосон,

шүүгдэгч Б.Мнь “ТД” гоо сайхны мэс заслын эмнэлэгт мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллаж байхдаа “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТД” гоо сайхны эмнэлэгт 30 настай эмэгтэй Т.Оөөх соруулах хагалгаа хийхдээ мэдээгүйжүүлэлтийн түвшинг зөв сонгож, нугасны хэсгийн мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүйгээс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокуророос: Шүүгдэгч Д.Т, Б.Мнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тус шүүх шүүгдэгч Д.Т, Б.Мнарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” гэж тус тус заажээ.

Прокурор, мөрдөгчийн зүгээс дээрх хуулийн заалтуудыг биелүүлээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдлоо.Тодруулбал:

1. Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн эрүүл мэндийн газраас “ТОДББ” ХХК-ийн эмнэлэгт олгосон тусгай зөвшөөрөл /1хх 184/-өөс дүгнэхэд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж 13-2 байр, 1 давхарт гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /1хх 184/-ийг олгожээ. Гэтэл тухайн байгууллага нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт буюу тусгай зөвшөөрөл эрхлэх харьяалал зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 14-16/-ээр нотлогдлоо.

2. Мөн хэрэгт авагдсан шинжээчийн №1341 дугаартай: “...арьс, гоо заслын эмч нь ерөнхий мэс заслын эмчийн нарийн мэргэжил эзэмшээгүй байдаг тул өөх соруулах мэс засал хийх боломжгүй...” гэсэн дүгнэлт /5хх 43/,

шинжээч эмч Б.Ариунзулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...ирүүлсэн баримтын хүрээнд Д.Тад өөх соруулах мэс заслын чиглэлээр буюу эмчилгээний гоо сайхны мэс заслын чиглэлээр мэргэшсэн гэх баримт байгаагүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шинжээч Б.Байгальмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...”ТД” эмнэлэг нь гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Арьсны болон нөхөн сэргээх эмчилгээний зөвшөөрөл байхгүй тул уг чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй. Нөхөн сэргээх мэс засал нь төрөлхийн болон олдмол гажгийг засдаг. ...Манай байгууллагын зүгээс “ТД” эмнэлгийн үйл ажиллагаа болохгүй байна гэж танилцуулга явуулсан. ...хаяг байршил солих гэж байгаа бол 30 хоногийн өмнө холбогдох байгууллагад хүсэлтээ өгсний дараа 30 хоногийн дотор шинжээч нар очиж байрыг нь үзсэний дараа зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээс дүгнэхэд “ТД” эмнэлэг нь эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлд тусгагдаагүй буюу өөх соруулах мэс засал хийх зөвшөөрөл олгогдоогүй байхад уг чиглэлээр үйл ажиллаагаа явуулсан гэж дүгнэхээр байна.

3. Хэрэгт авагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “ТД” эмнэлэгт хийсэн шалгалтаар “...дадлагажигч эмч нар нарийн мэргэжлээр мэргэшээгүй. ...эм барих эрхийн гэрчилгээтэй эм зүйн мэргэжилтэнгүй. ...тархвар судлагч эмчгүй. ...” гэж дүгнэснээс үзэхэд тухайн байгууллага нь хүний нөөц, боловсон хүчин хуульд заасан шаардлага хангаагүй, мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

Нөгөөтэйгүүр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд иргэний хариуцагч Д.ын “...Монгол Улсад одоо батлагдсан стандартад арьс гоо сайхны эмч өөх шилжүүлэх тариаг хийнэ гэдэгтэй андуурсан байх гэж бодож байна. Одоо ч гэсэн өөх соруулах мэс заслыг арьсны эмч биш мэс заслын эмч хийж байгаа. Олон газар мэс заслын эмч хийж байгаа. ...эмийн хадгалалт дээр температур сайн ажиллахгүй байна. Мөн гар мэдрэгчтэй угаалтуур тавих ёстой байтал гар мэдрэгчгүй угаалтуур тавьсан байна гэж аж ахуйн зөрчил илэрсэн. Улсын байцаагчийн зөрчил дээр акт бичигдэж энэ зөрчлийг арилгаарай гэж үүрэг даалгавар авсан. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, хэрэгт авагдсан мэргэжлийн хяналтын газрын шалгалтын тайлан, шинжээчийн дүгнэлт зэргээс тэрээр эрүүл мэндийн тухай хууль тогтоомжид заасан үүргийг хэрэгжүүлээгүй, хяналт шалгалтын байгууллагаас өгсөн үүрэг даалгавар, зөрчлийг арилгаагүй нөхцөл байдал тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

“ТД” эмнэлгийн дарга Д.Тнь тусгай зөвшөөрөл олгогдсон газарт зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулаагүй, байгууллагын хүний нөөц, боловсон хүчинг хууль тогтоомжид заасан мэргэшлийн хүмүүсээр бүрдүүлээгүй, эмнэлгийн байрны чанар стандартыг хангуулж ажиллаагүй зэрэг зөрчил гаргасан бөгөөд уг зөрчлийг холбогдох байгууллага арилгахыг сануулсаар байтал уг зөрчлүүдийг арилгалгүй хууль бус үйл ажиллагаа явуулсаар байсан нь түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүй хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, дээрх үйлдлээс болж гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон байна гэж үзэж яллагдагчаар татах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн тус хэргийг буцаасан шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1761 дугаартай захирамжид заагдсан “...яллах дүгнэлтэд шүүгдэгч нарыг ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар, ямар стандартыг зөрчсөн талаар тусгагдаагүй байх тул яллах дүгнэлтэд тодорхой тусгах шаардлагатай” гэсэн заалтыг прокурор хангаагүй байх бөгөөд шүүгчийн захирамж заавал биелэгдэх шинжтэй эрх зүйн акт тул дээрх заалтыг биелүүлэх нь зүйтэй. Иймд дээрх мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Д.Т, Б.Мнарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр эрүүгийн 1910008220776 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Д.Т, Б.Мнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Ш.Алтанцэцэг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, 2021/ШЗ/2205 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Захирамжийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч танилцахад:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэн дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна. Үүнд:

1 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачлагаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар мөн зүйлийн 6.13-6-16 дахь хэсэгт заасан гомдол, хүсэлтийг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжгүй гэж хэлэлцэхгүй орхисон бол анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг хэлэлцээд прокурорт буцаах боломжтой гэж үзнэ. Гэтэл шүүх хэргийг 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, 8 дугаар сарын 23-ны өдөр шүүгчийн 1558 дугаартай захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл талуудаас гомдол хүсэлт гаргаагүй, шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн атлаа шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцсэн шүүх хуралдаанаас хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг буцааж хуулийг ноцтой зөрчсөн байна.

2. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар илрүүлсэн “Тусгай зөвшөөрөлд заагдсан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрөлд хаяг байршлын өөрчлөлт хийлгээгүй, үйл ажиллагааны чиглэлд заагдаагүй үйлчилгээ үзүүлсэн болон дээр дурдагдсан бусад зөрчлүүдэд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 01/38 дугаартай актаар арга хэмжээ авч “ТД” гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлж, гаргасан зөрчилд нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан талаарх баримт, мэргэжлийн хяналтын газрын тайлан зэрэг материал бүгд хэрэгт авагдсан байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэснийг зөрчиж мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан зохих журмын дагуу авсан гэрч З.М, Э.Ннарын мэдүүлэг, хохирогч Н.Хын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн цогцост хийсэн №855 дугаартай дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн №03 дугаартай дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтанд тулгуурлан дүгнэлт хийхгүйгээр шүүх хуралд оролцсон шинжээч, иргэний хариуцагч, өмгөөлөгчийн мэдүүлэг, тайлбарыг хэт нэг талыг барин, хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон байхад шүүгдэгч Д.Т, Б.Мнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд Д.Тяллагдагчаар татуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1761 дугаартай захирамжид шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд “ТД” эмнэлгийн дарга Д.Тиргэний хариуцагчаар татах талаар захирамж гаргаж байсан атлаа дараагийн шүүх хуралдаанаас яллагдагчаар татахаар заасан нь илтэд эргэлзээ төрүүлэхүйц шийдвэр болсон. Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлаагүй байна.

3. Дээрх захирамжаар яллах дүгнэлтэд шүүгдэгч нарыг ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар, ямар стандартыг зөрчсөн талаар тусгагдаагүй байх тул яллах дүгнэлтэд тодорхой тусгах шаардлагатай гэсэн заалтыг прокурор хангаагүй байна гэжээ. Прокурор 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 339 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт:

1. Яллагдагч Д.Тын “ТД” гоо сайхны мэс заслын эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байхдаа “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Эрүүл мэндийн тухай хуулийн 20.2.1, 19.13 дугаар заалт, Монгол улсын эрүүл мэндийг хамгаалах технологи, эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавих шаардлага ММ856042006 стандартыг зөрчсөний улмаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТД” гоо заслын эмнэлэгт 30 настай эмэгтэй Т.Оөөх соруулах хагалгаа хийж 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр амь насыг хохироосон” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Яллагдагч Б.М“ТД” гоо сайхны мэс заслын эмнэлэгт мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллаж байхдаа “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт “Зонхилон тохиолддог өвчний оношилгоо, эмчилгээний удирдамж”, “Орчны мэдээгүйжүүлгийн удирдамж”-ийг баримтлаагүй, “Эрүүл мэндийн технологи цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг MNS 6206:2010 стандарт”-ын 8.3, 8.4 дэх хэсгийг зөрчсөний улмаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТД” гоо заслын эмнэлэгт 30 настай эмэгтэй Т.Оөөх соруулах хагалгаа хийхэд мэдээгүйжүүлэлтийн түвшинөө зөв сонгож, нугасны хэсгийн мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүйгээс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр амь насыг хохироосон” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоосугай” гэж тодорхой заасан.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/2205 захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгчийн захирамжийг дэмжиж байгаа. Прокурор шүүгчийн захирамжийг судлаагүй, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй, үндэслэлгүй эсэргүүцэл бичсэн. Үүнд:

1. Үндэслэл муутай дүгнэсэн. Анхан шатны шүүх хуулийн дагуу энэ хэргийн  урьдчилсан хэлэлцүүлгийн асуудлыг хэлэлцэхгүй орхиод нээлттэй шилжүүлсэн. Гэм буруугийн хурлаас энэ хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй, хууль ёсны ажиллагаа байсан гэж үзэж байна.

2. Өмнө нь тухайн хэрэг урьдчилсан хэлэлцүүлгээс буцаж байсан, мөн шүүхээс өгсөн заалтыг хангаагүй, хэн ямар хуулийг хэрхэн яаж зөрчсөн юм бэ гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд маш тодорхой заасан “хэргийн сэдэл, зорилго гэм буруугийн хэлбэрийг” тодорхойлсон ажиллагаа хийгдээгүй, прокурорын эсэргүүцэл ерөнхий агуулгаар бичигдсэн байна.

3. Тодням нь “ТД” эмнэлгийн даргаар ажилладаг. Тухайн эмнэлэгт өөх соруулах мэс засал хийх тусгай зөвшөөрөл олгогдоогүй. Монгол улсад өөх соруулах мэс заслын журам стандарт тогтоогоогүй. Гэтэл Тодням нь өөрөө “ТД” эмнэлэгтээ өөх соруулах мэс заслын журам баталсан. Мөн мэргэжлийн бус хүмүүсийг томилж ажиллуулдаг. Тусгай зөвшөөрөл, хаяг байршил заасан газартаа үйл ажиллагаа явуулдаггүй. Тоног төхөөрөмж нь тогтоосон стандарт шаардлагыг хангадаггүй. Ийм нөхцөлд, ийм ажиллагаа явуулсан нь гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг бүрэн агуулж байна гэж үзээд шүүхэд яллагдагчаар татах хүсэлтийг гаргасан. Анхан шатны шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд үндэслэлээ захирамжид тодорхой заасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэгтэй санал нийлж байна. Би хэргийг бүхэлд нь хянаж байгаа учраас нэмж хэлэх зүйл байна. Д.Т, Б.Мгэдэг 2 эмч байгаа. Д.Т нь мэргэжлийн мэс заслын эмч гэхдээ Монгол улсын стандартад заасан гоо сайхны чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, энэ чиглэлээр мэс засал хийх эрхгүй этгээд, Б.Мнь мөн мэргэжлийн эмч гэхдээ дадлагажигч эмч байсан. Д.Т, Б.Мнар өөх соруулах мэс заслын үед маш ноцтой зөрчил гаргасан. Гоо сайхны мэс засал хийх эрхгүй этгээд Д.Тын хийсэн мэс засал эхний оролдлогоор амжилтгүй болсны дараа бүтэн нойрсуулах чиглэл өгөөд өөрөөр хэлбэл өөх соруулах мэс заслыг механикаар буюу хүчээр хийсэн. Тухайн нөхцөл байдлын улмаас тархины эсийг өөхөн булингар нь таглаад нас барсан. Б.Мнь нойрсуулагч эмч ба мөн хууль зөрчсөн. Учир нь мэс засалд мэргэжлийн сувилагчтай орох ёстой. Сувилагчгүй орсон. Анхны төлөвлөсөн мэс засал нь хэсэгчилсэн мэдээ алдуулах заалттай байсан. Гэтэл хэсэгчилсэн мэдээ алдуулалт бүтэлгүйтсэн учраас мэргэжлийн бус мэс заслын эмчийн бүтэн нойрсуулалт хий гэсэн зааварчилгааны дагуу бүтэн нойрсуулалт хийхдээ шаардлагатай бэлтгэх ажиллагаануудыг хийгээгүй. Жишээ нь, цусыг нь шинжлэх гэх мэт стандартад нийцсэн ажиллагаа хийгдээгүй. Тухайн хүмүүс эмнэлгийн мэргэжилтнүүд, эмнэлгийн мэргэжилтний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Гэтэл тухайн шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн. Би анхан шатны шүүх хуралдаанд Д.Т, Б.Мнарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар “Эмнэлгийн мэргэжилтнүүд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр зүйлчлэгдэх нь үндэслэлтэй байна гэж хэлэхэд анхаарч үзээгүй. Тиймээс шүүгдэгч нарын гэмт хэрэгт оногдуулсан зүйлчлэлд анхаарч, өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Баасанжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл ойлгомжтой байна. Хэргийг буцаахдаа хууль зөрчиж буцаасан, хууль хэрэглээ буруу, Д.Тяллагдагчаар татах нь үндэслэлгүй гэсэн 2 агуулгын хүрээнд прокурор эсэргүүцэл бичсэн байна. Бид урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй биш өмнө нь урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн.

Энэ асуудлын тухайд прокурор эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэ гэсэн захирамж гарсан. Шүүх рүү хэрэг шилжих бүрд заавал урьдчилсан хэлэлцүүлэг хийнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Урьд нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Тийм ч учраас шүүгч өөрийн санаачлагаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж шууд хэлэлцүүлсэн. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцааж, Д.Тяллагдагчаар татах захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзсэн. Энэ хэрэг яагаад ингэж удааширдаг вэ гэвэл Д.Тяллагдагчаар татаад өгөөч гэдэг хүсэлтийг миний зүгээс 3, 4 жил шүүхэд гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгч дотоод итгэлээрээ хэргийг тал бүрээс нь харж үнэн зөв, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэхийн тулд Д.Ттатах нь зүйтэй юм байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар Д.Ттатаж байна. Прокурор тайлбартаа хуулийн этгээдийг татах заалт байхгүй гээд байгаа. Бид хуулийн этгээдийн тухай яриагүй. Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтны тухай ярьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлд зааснаар “Хуулийн этгээдийг төлөөлж шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч...” илт захиргааны актыг зөрчсөн, зөрчлөө арилгаагүй, хариуцлага хүлээгээгүй. Буруутай үйл ажиллагааг зөвшөөрч, бусдаар үйлдүүлснээрээ өнөөдөр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн. Тиймээс Д.Тяллагдагчаар татсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч Н.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би жижигхэн хоолны газар ажиллуулдаг. Хоолны газарт маань хүн орж ирээд хордвол тухайн хариуцлагыг би үүрнэ. Тухайн үед “ТД” эмнэлэгт очихдоо тэр 2 эмчийг таньдагтаа биш, захирлыг нь таньдагтаа биш байгууллагын үзэмж, зар сурталчилгаанд итгэж очсон. Тиймээс энэ хэрэгт Д.Тзаавал яллагдагчаар оролцох ёстой гэж үзэж байна. Бид эхнээсээ Д.Тяллагдагчаар оролцуулах хүсэлтэй байсан. Яагаад Д.Торолцуулж болохгүй байна вэ гэж прокуророос асуумаар байна. Миний зүгээс прокурор хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна гэж үзэж байгаа. Миний эхнэр 2019 оны 4 дүгээр сард нас бараад 3 жил, 2 сарын хугацаа өнгөрч байна. Гэтэл өдийг хүртэл шийдэгдэхгүй яваад байгаад үнэхээр гомдолтой байна. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүх хурал болсон. Тухайн өдрөөс хойш бүхэл бүтэн 7 сар өнгөрсний дараа шүүх хурал зарлагдсан. Гэтэл хэргийн оролцогч нар байхгүй. Би та нараас энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэдэг дээр би хохирогчийг бол миний талийгч гэж бодож байна. Би бол хууль ёсны төлөөлөгч. Бид энэ хүмүүсийн ярьж байгаа шиг хоорондоо таагүй харилцаатай, маргаантай байж болох ч энэ хэрэгт нэгэн зүрх сэтгэлээр хандаж байгаа.” гэв.

 Шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Д.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийн гол үндэслэл нь Д.Тэнэ хэрэгт яллагдагчаар татах нь үндэслэлгүй, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүйгээр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэргийг буцаасан гэж бичсэн байна. Миний зүгээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч нарын өмгөөлөгчдийн гаргаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа бол Д.Тбуюу эмнэлгийн даргыг энэ хэрэгт оролцсон гэж үзэх үндэслэл байгаа юм уу. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “ТД” гоо сайхны эмнэлэг нь үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд Хан-Уул дүүрэгт эмнэлгийн үйлчилгээ эрхлэх боломжтой обьект худалдан авч нүүсэн. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа хэвийн явагдах боломжтой нөхцөл бүрдсэн. Тухайн эмнэлгээс дүүргийн тамгын газарт мэдэгдсэн боловч хариу ирээгүй. Тиймээс үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй газар гэж үзэх нь үндэслэлгүй. “ТД” гоо сайхны эмнэлгийн тоног төхөөрөмж бусад шалтгаанаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх нь үндэслэлгүй. Мөн хохирогчийг өвчтөн гэж үзэх үү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгчид өвчтөн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсгээр зүйлчлэх санал гаргаж байгаа нь үндэслэлгүй. Шүүгчийн захирамжид Д.Т, Б.Мнарыг гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэсэн өгүүлбэр байсан. Бүлэглэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдох боломжгүй. Д.Тын тухайд хөлөө гэмтээсэн учраас шүүх хуралдаанд ирж чадаагүй. Харин Д.Тнь хөдөө орон нутагт явж байгаа учраас ирж амжсангүй. Уг нь биечлэн оролцох хүсэлтэй байсан. Иймд прокурорын эсэргүүцэл үндэслэл бүхий байна гэж үзсэн.” гэв.

Шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг ерөнхий агуулгын хувьд дэмжиж байна. Бид процессын хуулийн заалтыг барих ёстой. Процессын хуулийн заалт зөрчигдсөн байвал бусад асуудлууд энд хэлэлцэгдэхгүй орхигдох нөхцөл үүснэ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхэд урьд нь урьдчилсан хэлэлцүүлэг хийчихсэн учраас мөрдөн байцаалтад буцаад ороод ирэхэд заавал урьдчилсан хэлэлцүүлэг хийх шаардлагагүй. Гэм буруугийн хуралдаанаас прокурорт буцаасан нь үндэслэлтэй гэж үзсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар “Урьдчилсан хэлэлцүүлгээр 6.17 дугаар зүйлд заасан гомдол хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол хүсэлтийг шийдвэрлэнэ” гэсэн заалт байдаг. Гэтэл энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцсаны дараа урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар талуудаас хүсэлт гаргаагүй. Шүүх өөрөө санаачлаагүй. Тийм учраас шүүх хуульд заасны дагуу талууд хүсэлт гаргаагүй бол урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүй байж болно гэсэн заалтаараа хурлаа зарласан. Тэгэхээр энэ хуулийн үзэл баримтлал зорилгын хувьд нэгэнт урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт аль аль талаас нь гаргаагүй бол гэм буруугийн хурлаас гэм буруутай, буруугүй эсэх талаарх шийдвэр гаргана. Тиймээс анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан нь процессын хувьд алдаатай, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзсэн. Мэргэжлийн хяналтын газраас хуулийн этгээдэд торгох шийтгэл оногдуулсан байдаг. Энэ дээр бид нэг зүйлийг мэдэх ёстой, хавтаст хэрэгт байгаа. Энэ байгууллага ямар нэг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй, зөвшөөрөл авсан, зөвшөөрөлд өөх соруулах мэс засал гээд бичсэн, тухайн эмнэлэгт мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл олгосон. Харин байршлаа солих, шинэ салбар нээхдээ мэдэгдээрэй гэсэн боловч “ТД” эмнэлэг нь материалаа өгсөн боловч бичгээр зөвшөөрөл гараагүй байхад байршлаа сольсон асуудал байгаа. Түүнээс “ТД” эмнэлэг нь огт зөвшөөрөлгүй нууцаар эмнэлэг байгуулж, үйл ажиллагаа эрхэлсэн шалтгаан нөхцөл байхгүй. Дараа нь Д.Тиргэний хариуцагчаар  татсан нь хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны бусдад учруулсан гэм хорыг эхний ээлжинд хуулийн этгээд хариуцах ёстой гэсэн заалт байгаа. Одоогоор хохирогч талд хохирол, хор уршигт 60.000.000 төгрөгийг төлсөн байна. Д.Тяллагдагчаар татах тухай шийдвэр нь процессын хууль зөрчсөн мөн агуулгын хувьд үндэслэлгүй гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид “гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн хүмүүсийг хамтран оролцогч гэнэ” гэж заасан. Тиймээс энэ гэмт хэрэгт санаатай нэгдсэн үйлдэл байхгүй. Харин өөх соруулах мэс заслын тухайд Монгол улсад өөх соруулах стандарт байхгүй биш байдаг. Энэ асуудал дээр хэд хэдэн дүгнэлт гарсан. Мэргэжлийн хяналтын байцаагч дүгнэлт гаргахдаа арьсны эмч хийнэ гэж дүгнэсэн нь буруу мэргэжлийн мэс заслын эмч хийнэ. Мөн Монгол улсад тогтоосон стандартад нүүр, зовхины өөх соруулах стандарт хамаардаг. Хэвлийн өөх соруулах стандарт Монгол улсад байдаггүй. Гэтэл Мэргэжлийн хяналт байгууллага гоо сайхны эмнэлгүүдэд өөх соруулах мэс заслын зөвшөөрөл олгоод байдаг. Энэ хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх боломжтой байсан. Миний үйлчлүүлэгч Д.Т гэм буруу дээрээ маргаагүй. Хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлсэн. Мөн энэ хэргийг шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хурдан шийдвэрлүүлэхийг хүсдэг. Тиймээс прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоосон асуудлын тухайд миний харж байгаагаар амь хохирогчийн аав Б.Б.Г анхнаасаа хэргийн бүх үе шатанд хууль ёсны төлөөлөгчийн зүгээс оролцсон. Харин нөхөр болох Н.Х нь хууль ёсны төлөөлөгч болох хүсэлт гаргаагүй. Сүүлд гэм буруугийн хуралд хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон. Хохирол, төлбөрийн тухайд бид амь хохирогчийн аав Б.Гдансанд 60.000.000 төгрөгийг хийсэн. Энэ тал дээр маргаан байхгүй байх.” гэв.

 

Шүүгдэгч Б.Мөмгөөлөгч Р.Болортуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Тын өмгөөлөгч Д.Оюунчимэг, Э.Ганбат нартай санал нийлж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамханд миний үйлчлүүлэгч Б.Мстандарт зөрчсөн, бүтэн нойрсуулалт хийсэн, эмчийн мэргэжлийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэхчилэн олон зүйл хэлсэн. Энэ хэрэг нь 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр нээгдсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл хийгдвэл зохих ажиллагаа хангалттай хийгдсэн. Учир нь, эцсийн байдлаар хэрэг прокурорт буцаад Эрүүл мэндийн яамны мэс заслын салбар зөвлөлийн гишүүн хүнийг байцаасан /хх 34/. Мөн Монголын Мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Хүрэл-Очир гэдэг хүнээс мэдүүлэг авсан. Ингээд ерөнхийдөө асуудал тодорхой болоод орж ирсэн. Хохирогчийг нас барахад хүргэсэн шалтгааныг энэ төрлийн мэс заслын үед тохиолдож болзошгүй хүндрэлүүдийн нэг цусны эргэлтийн цочмог алдалтын хүндрэл даамжирснаас үүссэн гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хэргийн хариуцагчдыг хүний амь хохирооход хүргэсэн  буруутай үйл ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл хохирогч талаас зүйлчлэл нь тохирохгүй байна, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх ёстой, санаатай нэгдсэн гэх мэтчилэн үндэслэлгүйгээр ярьж байгаа нь харамсалтай байна. Мөн Монголын Мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгийн тэргүүн Хүрэл-Очир гэдэг хүн хэлсэн өөх соруулах ажилбарын үед гарч болох хүндрэлүүдийн нэг болох амь насанд аюултай хүндрэл болох өөхөн эмболийн хам шинж үүсэж зүрх зогсон өвчтөний амь эрсэдсэн байна. Мэс заслын байрлалаас хамаарч нугасыг мэдээгүйжүүлэх аргыг сонгосон боловч мэдээгүйжүүлэг хангалттай дээшлээгүй учраас гэдэг нь миний үйлчлүүлэгчийн буруутай үйлдэл биш. Ерөнхий мэдээгүйжүүлгийн аргыг сонгоно гээд заасан. Эмнэлзүйн шинжлэх ухаанд нугасны мэдээгүйжүүлэг хийгээд амжилтгүй болох тохиолдол гардаг. Энэ тохиолдолд эмч дараагийн ерөнхий мэдээгүйжүүлгийн аргыг сонгоно. Сэхээн амьдруулах аргыг үр дүнтэй хийсэн гэж бодож байна гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл хохирогч талаас үндэслэлгүй зүйл ярьдаг. Би эхнээсээ үйлчлүүлэгчээ буруугүй гэдэг байр суурьтай оролцсон. Тиймээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл шүүгдэгч Д.Т, Б.Мнарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Д.Тыг “ТД” гоо сайхны мэс заслын эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байхдаа “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Эрүүл мэндийн тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн 20.2.1, 19.13 дугаар заалт, Монгол улсын эрүүл мэндийг хамгаалах, технологи, эмчилгээний гоо заслын үйлчилгээнд тавих шаардлага MNS56042006 стандартыг зөрчсөний улмаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТД” гоо заслын эмнэлэгт 30 настай эмэгтэй Т.Оөөх соруулах хагалгаа хийж, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр амь насыг хохироосон” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.М“ТД” гоо сайхны мэс заслын эмнэлэгт мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллаж байхдаа “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт “Зонхилон тохиолддог өвчний оношилгоо, эмчилгээний удирдамж”, “Орчны мэдээгүйжүүлгийн удирдамж”-ийг баримтлаагүй, “Эрүүл мэндийн технологи цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг MNS6206:2010 стандарт”-ын 8.3, 8.4 дэх хэсгийг зөрчсөний улмаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТД” гоо заслын эмнэлэгт 30 настай эмэгтэй Т.Оөөх соруулах хагалгаа хийхэд мэдээгүйжүүлэлтийн түвшинөө зөв сонгож нугасны хэсгийн мэдээ алдуулалтаа зөв хийж чадаагүйгээс 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр амь насыг хохироосон” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан гэмт хэргийн шинжийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно.” гэж заасан байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн “...өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ...гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэж яллагдагчаар татах нь зүйтэй...” гэх дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Хэргээс үзэхэд, Н.Хыг хохирогчоор, Б.Б.Гг хохирогчоор болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тус тус тогтоосон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг”-ийг хууль ёсны төлөөлөгчөөр мөрдөгч, прокурор тогтоохоор хуульчилсан ба энэхүү хэрэгт Н.Хыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй байх тул зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-ыг тэмдэглэх хэсэгт, 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх;”-ийг тогтоох хэсэгт тусгана гэж заасан ба шүүгчийн захирамжид “...яллах дүгнэлтэд шүүгдэгч нарыг ямар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаар, ямар стандартыг зөрчсөн талаар тусгагдаагүй байх тул яллах дүгнэлтэд тодорхой тусгах шаардлагатай гэсэн заалтыг прокурор хангаагүй...” гэж заасан нь дээр дурдсан хууль зүйн үндэслэлд хамаарахгүй байх бөгөөд прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч нарын үйлдэл, уялдаа холбоо, зүйлчлэлийг тодорхой бичсэн байх тул шүүгчийн захирамжийн энэхүү хэсгийг хангах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх нөхцөл байдлыг шалгахгүйгээр прокурорын эсэргүүцэлд дурдсан хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/2205 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/2205 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ш.Алтанцэцэгийн бичсэн 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ