Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Э.Болор

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1,  17.4 дүгээр зүйлийн 1–т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, 20 настай, эрэгтэй,  яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, автын цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдрах, Улаанбаатар хот,  Чингэлтэй дүүрэг 13-р хорооо оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Б овогт Э.Ш-т холбогдох эрүүгийн 1720000000073 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Ш нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1 дүгээр багт үйл ажиллагаа  явуулдаг Сод авто засварын газарт цахилгаанчинаар түр ажиллаж байхдаа иргэн С.С-н эзэмшлийн 21-25 УНЛ улсын дугаартай Ниссан примера маркын тээврийн хэрэгслийн цахилгааныг засварлаж  өгнө гэж  итгэмжлэн хариуцаж аваад хувьдаа завшсан,

мөн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Жинчингийн тоотоос иргэн Д.У-н эзэмшлийн 63-11 ХЭҮ улсын дагаартай Пажеро маркын тээврийн хэрэгслийг хулгайлж 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Ш шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2017 оны 11 сарны 17-ны өдөр намайг засварын газар дээр байхад үл таних эгч ирээд машиныхаа цахилгааныг үзүүлье гээд  машинаа орхиод явсан тэгээд би  эзэн нь хэлэлгүйгээр  машиныг нь унаж  яваад вокзал ороод хот руу  явах танихгүй 4 хүн аваад өгсөн зардлыннх 50,000 төгрөгөөр  машинд бензин хийгээд хот уруу гарч тэмээтэй  хөшөөний цаана  машины араа солигдохоо больж явахгүй болохоор нь буцаж Замын-Үүдийн карго орж Т ахын хамаатны ахад машины түлхүүрийг орхиод 4 хүнийхээ  хоёрыг нь буулгаад үлдсэн хоёр хүний авсан мөнгийг өгөхөөр Т ахынд очоод Э ахын эхнэрээс 40,000 төгрөг авч нөгөө хоёр хүнд өгсөн чинь воганд суулаа  гээд явсан. Ингээд Т ахын хашаанд байсан жийп машиныг асааж унаад шууд Сайншанд руу яваад тэр шөнөө явж байгаад цагдаад баригдсан. Тэр эгч надад  машиныхаа цахилгаан янзлуулах гээд авчирч орхиод явахаар нь би унаад вокзал дээрээс хот явах хүн аваад хот руу явах гэтэл замд эвдэрчихсэн юм. Машинд би  50,000 төгрөгөөр  бинзен хийсэн байгаа. Хот явах мөнгөгүй байсан болохоор  тэр машиныг эзэнд нь хэлэлгүй унаад явсан. Энэ машин эвдэрчихсэн болохоор Т ахын хашаанд  байсан хүний машиныг түлхүүрээр нь асаагаад  түлштэй байсан учир шууд ганцаараа Шанд руу  явсан. Зорилго маань хот орох байсан, би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахиж хэрэгт холбогдохгүй. Хохирогч нар бүгд машинаа авсан, гомдолгүй гэж хэлсэн ” гэсэн мэдүүлэг,

Мицүбиши  пажеро маркийн  63-11 ХЭҮ улсын дугаартай  тээврийн хэрэгсэл болон хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 11-16/

Ниссан примера маркийн 21-25 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 17-19/

Хохирогч Д.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би өөрийнхөө нөхрийн хамт БНХАУ-ын Эрээн хот орж гэртээ ойр зуурын юм авахаар өөрийнхөө  93-11 ХЭҮ улсын дугаартай Мицибүши пажеро маркын жийп машинтай Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас гарч 2017 оны 11 сарын 13-ны өдөр Замын-Үүд суманд Б гэдэг найзындаа  ирээд хашаанд  нь машинаа тавьчихаад  урагшаа гарсан юм. Эрээнд ажлаа амжуулчихаад 2017 оны 11-р сарын 17-ны орой 20 цагийн үед Замын-Үүдэд орж ирээд Б-н хашаанд  иртэл ээж нь танай машин байхгүй байна, та нар яваагүй юм уу гэсэн. Ингээд машинаа алдсанаа мэдээд цагдаад шалгуулсан.  Тэгэхэд миний машиныг Б-д байсан залуу хулгай хийж унаад  Сайншанд сумын төвд цагдаа нарт баригдсан байсан. Аймгийн төвийн цагдаагийн газраас машинаа хүлээн авсан. Машин болон бичиг баримтыг нь бүрэн бүтэн хүлээж авсан, одоо болон цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй машин дотор байсан эд зүйлээ бүртгэж үзэхэд алдагдсан зүйл байгаагүй. Машинаа хүлээж аваад асаахад нэг л сонин мотор нь зуурчихсан юм шиг байсан тэгээд  хойшоо Бор-Өндөр рүү унаад явахад зүгээр болчихсон хүйтэнд моторын тос нь царцсан юм байлгүй хачин дуугараад байсан юм. Одоо зүгээр явж байгаа. Би нутаг хол хүйтэн сэрүүн болж байна, манай тийшээ цас ихтэй учраас шүүх хуралд сууж үнэхээр чадахгүй энэ хэрэгт  ямар ч гомдол санал байхгүй учраас  шүүх хуралд суухгүй надад  өөр нэмж хэлэх зүйл байхгүй бүгд ярьсан үнэн“ гэсэн  мэдүүлэг /хх-ийн 25-26/

Хохирогч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 1998 оноос хойш Замын-Үүд суманд арилжаа наймаа хийж урагшаа гардаг юм. Би энд түр хугацаагаар  оршин сууж байна. Би хувьдаа 21-25 УНЛ улсын дугаартай Ниссан примера маркын саарал өнгийн суудлын авто машинтай юм. Энэ машинаараа би ойр зуур ажилдаа унадаг ба хүнтэй ярьж зарахаар болсон учир цахилгааныг  нь үзүүлье гэж бодоод 2017 оны 11 сарын 17-ны өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа  явуулдаг “Сод” авто засварын газарт очоод үзүүлье гэхэд цахилгаанчин  нь ирээгүй байна гээд утасны дугаарыг нь өгөхөөр нь ярихад засварчин нь одоо ирлээ гэсэн. Удалгүй нэг өндөр нуруутай  туранхай залуу ирэхээр нь машиныхаа цахилгааныг үзүүлье гэхэд машинаа орхичих 14 цаг 30 минут гэж ирж аваарай гэсэн. Тэр залууд би урьд  нь үзүүлэхэд 30,000  төгрөгөөр янзална гэж байсан. Ингээд би машинаа  орхиод найзындаа очоод буцаж дэлгүүр дэлгүүр явах замдаа харахад миний машин засварын газрын гадаа харагдахгүй байхаар нь оруулаад янзалж байгаа юм байлгүй гээд явсан. Орой 16 цаг 50  минутын дараа засварын газар яваад очиход миний машин болон машины түлхүүр авсан  туранхай залуу байгаагүй тэндхийн засварчинаас асуухад мэдэхгүй, тэр хүн чинь манайд ажилдаггүй гэсэн учир цагдаад өргөдөл гаргаж шалгуулсан. Ингээд маргааш нь миний машиныг цагдаа нар Каргоны гадна талын зогсоолын тэнлээс олсон  гээд надад хүлээлгэж  өгсөн. Би машинаа бүрэн бүтэн хүлээж аваад зарах гэсэн хүндээ зарчихсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний машин шорооо тоос болчихсон байсан өөр ямар нэг зүйл эвдэрч хэмхэрээгүй байсан. Бүрэн бүтэн хүлээж авсан.  Харин машинд 40 орчим литр бинзен хийсэн бололтой  бензиний заалт нь нилээн дээшээ болчихсон байсан. Би сая машинаа хүнд зарчихсан. Би одоо хот руу явна, энэ хэрэгт ямар ч гомдол санал байхгүй хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд суухгүй, надад өөр  нэмж хэлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/

Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Тухайн өдөр 21 цаг 00 минут  болж байсан байх намайг дэлгүүртэй сууж байхад Улаанбаатар хотоос явж байна юм авах гэсэн мөнгө дутаад  байна манай ах хотоос ирж байгаа машины бичиг баримтаа барьцаалаад  тавья 10,000  төгрөг түр зээлүүлээч  гээд нэг дунд зэргийн нуруутай туранхай бор залууг  гуйгаад  байхаар нь 63-11 ХЭҮ гэсэн дугаартай машины бичиг баримт буюу  тээврийн хэрэгслийн гэрчилгээ  татварын  гэрчилгээ болон  авто машины  түлхүүр зэргийг  барьцаалж 10,000 төгрөг өгсөн. Тухайн өдрийн 22:30  цагаас өмнө ирж авна гэж хэлсэн. Уг залуу манай дэлгүүрт ганцаараа  орж ирсэн, цэнхэр өнгийн  гэмээр куртиктэй байсан. Өөр хувцасыг анзаараагүй юм байна. Би гарч машиныг нь харсан Пажеро  маркын  жийп машин байсан номер нь бичиг баримттайгаа таарч байсан, машинд өөр хүн байгаагүй. Тэгээд тэр залуу надаас мөнгө аваад гараад явсан маргааш өглөө нь хот явна гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/

Гэрч Л.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ш нь намайг 15 цагт МАХН-ын хуралд суухаар  явахад гадаа байсан манай хүү Г-н найзын Пажеро маркын тээврийн хэрэгслийг авч явсан байна лээ. Жинчингийн тоотын хөрш И надад хэлэхдээ 15 цаг өнгөрч байхад  Ш, өөр нэг залуутай хамт намайг асуугаад явсан гэсэн. 2017 оны 11 сарын 13-ны орчим ирээд манай хашаанд машинаа үлдээгээд  БНХАУ-ын Эрээнд байж байгаад 20 цагийн үед ирэхэд машин нь алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41/

Гэрч Ч.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Намайг хүүтэйгээ байхад Ш нэг танихгүй 40 орчим насны эрэгтэй хүн дагуулж орж ирээд эгчээ 60,000 төгрөг байна уу? хүний машин  янзалж байсан чинь суудал дээр нь байсан мөнгө нь алга болчихоод  өрөнд орчихлоо гэхээр нь өөрт байсан 40,000 төгрөгөө Ш-т өгсөн. Эргэж манайхаар ирээгүй гэтэл Г ахын хашаанд  байсан хүний машиныг хэлэлгүй аваад  явчихсан байсан. Надаас авсан 40,000 төгрөгөө Ш дагуулж ирсэн хүндээ өгөөд үлдсэнийг нь орой өгье гэж байсан... Ш, Г ахын  хашаанд байсан хүний машиныг хэлэлгүй аваад явчихсан байсан”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45/

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Ш гэх залууг 2017 оны 11 сарын 09-ний үеэр манай Сод сервис засвар дээр машины цахилгаан янзалдаг гэхээр нь ажиллаад үз тодорхой хугацаанд ажиллуулж чамайг харъя гэж хэлээд  авсан, жинхэнэ ажилтангаар гэрээ байгуулсан зүйл байхгүй. 2017 оны 11 сарын 17-ны 17-18 цагийн орчим 30 гаруй насны  эмэгтэй ирээд  танай засварт ажилладаг залуу  миний машиныг аваад явчихлаа гэж  хэлж орж ирэхээр нь  3-4 хоног ажилдаа ирээгүй, юу яриад  байгаа юм гэж хэлсэн. Тус өдөр 11 цагийн үед гадаа Ш-т түлхүүрээ өгсөн, танай ажилтан биздээ  гэж байсан. Ш тус өдөр ажилдаа ирээгүй манай байгууллага албан ёсоор  хүлээж аваагүй хоорондоо тохирсон юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2017 оны 11 сарын 17-ны өдөр 16 цагийн орчим “Бүрд”  цайны газарт  ажил дээрээ байж байхад “Сод” сервист машин засдаг залуу ирээд  Сайншанд  явах гэсэн  чинь машин эвдэрчихлээ авч яваа зорчигчидоо дулаахан  байлгаж байх уу? Танай цайны газарт суулгачихъя гэсэн. Зорчигчдоо үлдээгээд 30 орчим минут болчихоод эргээд ногоон өнгийн Пажеро маркын тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Улсын дугаарыг сайн хараагүй учир мэдэхгүй. Эргэж орж ирээд 21-25 УНЛ улсын дугаартай суудлын машины түлхүүрийг  таньд үлдээчихье хүн ирж авна  өгчихөөрэй гэж хэлээд явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2017 оны 11-р сарын эхээр Ш хотоос суудлаар ирээд манайд ирж А “Сод” гэдэг авто засварын газарт ажилд оруулсан. Тэгтэл 2017 оны 11-р сарын 17-ны өдөр засварын газарт нь ирсэн хүний машиныг унаж яваад Каргоны тэнд орхиод түлхүүрийг нь манай хүргэн М-д орхиод явсан байсан. Тэр өдрөө манай хашаанд байсан миний найзын машиныг хулгай хийгээд унаад явчихсан байсан. Би тэр өдөр урагшаа гараад орой ирэхэд хашаанд байсан найзын машин байхгүй байсан. Өдөр нь Ш ирж Х-с 40.000 төгрөг аваад явсан гэсэн. Ш хүнтэй нийлж байгаагүй ганцаараа л явдаг байсан. Хулгайлсан машиных нь эзэд машин тэрэгээ бүрэн бүтэн хүлээж авсан . Би Ш-т итгээд тус болъё гэж бодоод гэртээ байлгаж байсан” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 61-63/

Хөрөнгө-Эстимэйт ХХК-ны шинжээчийн 2017 оны 12 сарын 04-ний өдрийн “ Ниссан примира маркын автомашин 1 ширхэг 2002 онд Япон улсад  үйлдвэрлэсэн 2010 оны 10 сарын 27-ны өдөр Монголд орж ирсэн, нэгжийн үнэ 4,000,000 төгрөг нийт үнэ 4,000,000 төгрөг гэсэн” 192/01 тоот дүгнэлт /хх-ийн 65/

Хөрөнгө-Эстимэйт ХХК-ны шинжээчийн 2017 оны 12 сарын 04-ний өдрийн “ Мицүбүши Пажеро маркын автомашин 1 ширхэг,  1995 онд үйлдвэрлэсэн 2005 оны 07 сарын 07-ны өдөр Монголд орж ирсэн, нэгжийн үнэ 4,500,000 төгрөг нийт үнэ 4,500,000 төгрөг гэсэн” 191/01  тоот дүгнэлт /хх-ийн 68/

Авто зам ашигласаны төлбөр 1000 төгрөгийн тасалбарыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн 122/

Шүүгдэгч Э.Ш нь урьд шийтгэлгүй гэсэн лавлагаа /хх-ийн 90/ зэрэг нотлох баримтуудыг шижнлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Э.Ш нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  1 дүгээр багт үйл ажиллагаа  явуулдаг Сод авто засварын газарт цахилгаанчинаар түр хугацаагаар ажиллаж байх хугацаандаа иргэн С.С-н эзэмшлийн 21-25 УНЛ улсын дугаартай Ниссан примера маркын тээврийн хэрэгслийн цахилгааныг засварлаж өгнө гэж хүлээн аваад Улаанбаатар хот руу явахдаа ашиглаж, замдаа Замын-Үүд сумаас баруун тийш байрлах Бүрд цайны газрын гадаа орхиж явсан,  

мөн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Жинчингийн тоотоос иргэн Д.У-н эзэмшлийн 63-11 ХЭҮ улсын дагаартай Пажеро маркын тээврийн хэрэгслийг хулгайлж 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хулгайлах, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтай байна.

Шүүгдэгч Э.Ш-н дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д.У /хх-ийн 25-26/, С.С /хх-ийн 31-32/, гэрч Д.Г /хх-ийн 31-63/, Д.М /хх-ийн 55-56/, С.Г /хх-ийн 39/, Л.Д /хх-ийн 39/, Ч.Х /хх-ийн 44-45/ нарын мэдүүлгүүд, Мицүбиши  пажеро маркийн  63-11 ХЭҮ улсын дугаартай  тээврийн хэрэгсэл болон хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 11-16/, Ниссан примера маркийн 21-25 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 17-19/, авто зам ашигласаны төлбөр 1000 төгрөгийн тасалбарыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн 122/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1,  17.4 дүгээр зүйлийн 1–т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Ш нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хохирогч Д.У, С.С нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх ба хохирогч нар нь энэ хэрэгт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нь энэ хэрэгт 2017 оны 11 сарын 20-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдан, 2017 оны 11 сарын 21-ны өдрөөс эхлэн яллагдагчаар нийт 25 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Түүнчлэн авто зам ашигласаны төлбөр 1000 төгрөгийн тасалбарыг  эд мөрийн баримтаар тооцож тогтоол үйлдэн /хх-ийн 122/, уг тогтоолын доод хэсэгт наасан байх тул хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.7, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Э.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хулгайлах, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.Ш-т оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь нэмж нэгтгэн  биечлэн эдлэх ялыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Э.Ш-н цагдан хоригдсон 25 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийт 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний эдлэх  ялаас хассугай.

5.Шүүгдэгч Э.Ш нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан эд мөрийн баримаар тооцох тогтоолын доод хэсэгт наасан авто зам ашигласаны төлбөр 1000 төгрөгийн тасалбарыг хэрэгт үлдээсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.Ш-т оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Ш нь 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ш-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

10. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ       А.ЦЭРЭНХАНД