Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 112/шш2024/0013

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г-с тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О-д холбогдуулан гаргасан дүгнэлтийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

           Тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г  шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Г би, тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Д.О “...Ц.Д нь иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн...” гэх 329 дугаартай гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Ц.Д-д 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 0702099 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн материалд цугларсан бичгийн нотлох баримтуудыг хянахад Ц.Д нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр холбогдогчоор мэдүүлэг өгөхдөө “Одоогоос сарын өмнө иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн. Хаана хаяснаа санахгүй байна” гэж мэдүүлэг өгсөн нь Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэхээр байна.

Гэвч эрх бүхий албан тушаалтан Д.О 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 0702099 дугаартай шийтгэлийн хуудас бичихдээ Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1, 15.24 дүгээр зүйлийн 4 гэж 2 өөр хуулийн зүйл заалт бичсэн нь ямар зүйл заалтаар шийтгэл оногдуулж байгаа нь ойлгомжгүй шийтгэл оногдуулсан гэж үзэхээр байна.

Эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас буруу хэрэглэж, эсхүл нотолбол зохих байдлыг бүрэн тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох боломжгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр шүүх хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын улсын байцаагч Д.О-ийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 0702099 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсэгт бичсэн Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 гэснийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 гэж өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 

Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г-ийн “2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0702099 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай" прокурорын дүгнэлттэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О би “...Ц.Д нь иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн гэх гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Ц.Д-д 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 0702099 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 30000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ өөрийн санамсар болгоомжгүйгээс шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн зүйл, заалтыг буруу бичээгүй зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

          Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О-ийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 0702099 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргасан байна.

          Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад Прокурорын дүгнэлтийг хариуцагч Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2024  оны 03 дугаар сарын  28-ны  өдөр тус шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

          Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.

         Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

         Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа төдийгүй зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан тус аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Г-ээс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.О-ийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 0702099 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах  тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

ШҮҮГЧ                                        Ч.ОЮУНСҮРЭН