Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1040

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Э, Я.Ннарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00852 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Э, Я.Ннарын хариуцагч Х ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Э , Я.Н , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Саруул, Г.Мягмаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.   

 

Нэхэмжлэгч нар, тэдний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Төмөр нь Улаанбаатар хотын Ц ТӨХК-д ажилладаг байсан. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн өглөө 06 цаг 30 минутаас ажил дээрээ барилгын хана нураах ажлыг гүйцэтгэх явцдаа буюу шөнийн 01 цагийн орчимд гэнэт ухаан алдаж, нас барсан. Ц ТӨХК нь Х ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 2018/212 тоот ажиллагсдын гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулан, өөрийн байгууллагын нийт 900 гаруй ажилчдыг 1 хүний амь насыг 10 000 000 төгрөгөөр үнэлэн даатгуулсан. Бид тухайн байгууллагын удирдлагад ажиллагсдын гэнэтийн ослын даатгалын мөнгийг гэр бүл, үр хүүхдэд нь олгуулах талаар хандахад Х ХХК-ийн захирлыг нь таньдаг, өөрсдөө аваад өгнө, та нар хөөцөлдөөд хэрэггүй гэхээр нь итгээд хүлээсэн. Ингээд удаа дараа байгууллага дээр нь очиж дээрх ослын даатгалын мөнгөний талаар асууж, шаардахад бүтэхгүй байна гэсэн хариуг өгсөн. Бид Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гомдол гаргасан боловч тус хороо нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 9/4140 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж хариу өгснийг үндэслэн бид шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Ажиллагсдын гэнэтийн ослын даатгалын гэрээний 3.1-д Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд нь даатгалын зүйл болно, 6.2-т Даатгуулагч нас барсан, эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд даатгалын үнэлгээг 100 хувиар олгоно гэж тодорхой заасан байхад даатгалын компани болон Санхүүгийн зохицуулах хороо нь гэрээнд заасан дээрх заалтыг үл харгалзан ямар нэг байдлаар гэнэтийн ослын даатгалын төлбөрийг олгохгүй байх талаар шалтаг зааж гэр бүл, үр хүүхэд биднийг маш ихээр хохироож байна гэж үзэж байна.

Манай аав ажил үүргээ ажлын байран дээрээ хэвийн гүйцэтгэж байсан, хүнд хүчир ажлыг амралтгүйгээр, цаг хугацаа сунган хөдөлмөрийн хуулийг зөрчин, шөнөөр тодорхойгүй хугацаагаар цаг сунган ажиллуулж байснаас болж амь насаа алдсан байхад төрийн байгууллага болон хувийн даатгалын компани хүний амь насыг үл тоож, мөнгөнөөс дор үзэж, биднийг доромжилж байна. Нэхэмжлэгч Т.Э, Я.Ннар 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 120 дугаар өвлөх эрхийн гэрчилгээний дагуу Хаан даатгал ХХК-аас өгөх 10 000 000 төгрөг өвлөх эрхтэй байх тул шүүхэд өв залгамжлагчийн хувиар нэхэмжлэл гаргаж байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шалгаж шийдвэрлэн нас барагчийн ард үлдсэн гэр бүл, үр хүүхэд бидний амьдралд бага ч гэсэн нэмэр болох дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Я.Н , Т.Э  нар нь манай компанид холбогдуулан Ц ТӨХК-ийн нийтлэг үйлчилгээ, тээвэр, механизмын хэлтэст аж ахуйн ажилтнаар ажилладаг байсан талийгаач Н.Төмөрийн гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөртэй холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Бид энэхүү нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Даатгуулагч Ц ТӨХК-ийн Нийтлэг үйлчилгээ, тээвэр, механизмын хэлтэст аж ахуйн ажилтнаар ажилладаг байсан талийгаач Н.Төмөр нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр” Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн байрандаа барилгын ажил хийж байх үедээ нас барсан бөгөөд бид бүхэн даатгуулагчийн нас барсан шалтгаан нь Ц ТӨХК-тэй байгуулсан 2018/212 тоот Ажиллагсдын гэнэтийн ослын даатгалын гэрээний эрсдэл биш гэж үзэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Х ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Э, Я.Ннарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нараас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-аас 174 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Э, Я.Ннарт олгож шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч Х ХХК-аас давж заалдах гомдолдоо: Даатгуулагч Ц ТӨХК-ийн нийтлэг үйлчилгээ, тээвэр, механизмын хэлтэст аж ахуйн ажилтнаар ажилладаг байсан талийгаач Н.Төмөр нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Ц ТӨХК-ийн байрандаа барилгын ажил хийж байх үедээ ухаан алдан улмаар "уушгины артерийн бүлэнт бөглөөтөс өвчний улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан” болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний төвийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1082 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн түүнчлэн цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээр талийгаачид учирсан гэмтэл нь үхэлд хүргэх гэмтэл биш байсан талаар тодорхой дүгнэсэн.

Гэтэл шүүх талуудын хооронд байгуулсан 2018/212 дугаар “Ажиллагсдын гэнэтийн ослын даатгалын гэрээ”-ний 4.3-т заасан үйлдвэрлэл техникийн үеийн эрсдэлд тус нас барсан шалтгааныг хамаарна гэж үзжээ. Гэрээний 1.7.11-т “Гэнэтийн осол гэж гэнэтийн санамсаргүй тохиолдол, болгоомжгүй үйлдлийн улмаас даатгуулагчийн амь нас эрүүл мэндэд хохирол учрах” гэж заасан байх бөгөөд уушгины артерийн бүлэнт бөглөөтөс нь гэнэтийн санамсаргүй осол бус харин өвчин юм. Үүнийг цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээр маш тодорхой заасан байна. Талийгаач шуудайнд хаягдал тоосго хийх явцдаа нас барсныг гэрчийн мэдүүлгүүд нотолсон байтал шүүх үйл баримтыг буруу үнэлж багаж техниктэй харьцах үед буюу хана нураах үйлдлийн улмаас нас барсан нь даатгалын эрсдэлд хамаарна гэж үзжээ. Талийгаач ямар ч багажтай харьцаагүй байх үедээ тархинд цус харвасан байх бөгөөд энэхүү харвалт нь биед аажмаар цус бүлэнтэж гэнэт хагарснаар харвалт үүссэн болохыг шинжээч эмч тогтоосон. Гэрчийн мэдүүлгээр талийгаач байнгын даралтны эм уудаг байсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь уушгины артерын бүлэнт бөглөөтөс болоход нөлөөлсөн гэсэн тул хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.  

Нэхэмжлэгч Т.Э, Я.Ннар нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 23/  

 

Хариуцагч Х ХХК нь ажил олгогч Ц ТӨХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2018/212 дугаартай “Ажиллагсдын гэнэтийн ослын даатгалын гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд даатгагч буюу хариуцагч нь даатгалын зүйл буюу гэрээнд заасанд даатгалын тохиолдол бий болсны улмаас учирсан гэмтэл, хохирлыг нөхөн төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус харилцан тохиролцож, гэнэтийн ослын даатгалд хамрагдах ажилтнуудын нэрсийг хавсралтаар баталсан байна. /хх5-9/ Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүрэг болох даатгалын хураамжийг төлсөн эсэх талаар даатгагчийн зүгээс маргаагүй тул уг үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хүсэлтээр хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1082 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх66-70/, гэрч Д.Пүрэвдорж, Д.Эрдэнэчулуун, Б.Нямсамбуу нарын мэдүүлгээр /хх49-58/ даатгуулагч байгууллагын мужаан ажилтай нэхэмжлэгч Т.Э ийн төрсөн эцэг, Я.Н гийн нөхөр асан Н.Төмөр нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01-03 цагийн хооронд ажлын байрандаа уушгины артерийн бүлэнт бөглөөтөс /тромбоэмболи/ өвчний улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Дээрх даатгалын гэрээний 3.1-т даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд нь даатгалын зүйл болохыг тодорхойлсон байх бөгөөд нас барагч Н.Төмөр даатгалд хамрагдагч мөн эсэх талаар зохигчид маргаагүй, харин нас барсан шалтгааныг даатгалын гэрээнд заасан даатгалын эрсдэл мөн эсэхэд хариуцагч маргажээ.

 

Даатгуулагч Н.Төмөр нас барснаар даатгалын тохиолдол үүссэн, нэхэмжлэгч нар нь Н.Төмөрийн хууль ёсны өв залгамжлагчид мөн болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 120 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр тогтоогдсон тул хариуцагч Х ХХК-аас даатгалын нөхөн төлбөрийг Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна. 

 

Анхан шатны шүүх “Н.Төмөр ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа уушгины артерийн бүлэнт бөглөөтөс /тромбоэмболи/ өвчний улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан нь гэрээнд тодорхойлсон даатгалын эрсдэл мөн болох талаар дүгнэсэн нь даатгалын гэрээний 1.7.8, 1.7.11, 4, 7.18, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 441 дүгээр зүйлийн 441.1,  443 дугаар зүйлийн 443.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Хариуцагч байгууллага давж заалдах гомдлын үндэслэлээ, даатгуулагчийн нас барсан шалтгаан болох уушгины артерийн бүлэнт бөглөөтөс нь гэнэтийн санамсаргүй осол биш тул гэрээний 1.7.11-т заасан гэнэтийн осолд хамаарахгүй гэх агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь, даатгуулагч ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэх явцад амь нас эрсдсэн нөхцөл байдал тогтоогдсон, энэ нь хууч өвчний улмаас өвчтэй байх хугацаанд бус, ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ гэнэтийн шинжтэйгээр даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүх дээрх гэрээ болон хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00852 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

 

                                                                       Д.ЦОГТСАЙХАН