Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч Н.Амаржаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Д-д холбогдох эрүүгийн 1720001200050 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн  хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг оршин суух, Б овогт Ц.Д,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг тоотод оршин суух Д.З-г гэртээ унтаж байх үед нь хууль бусаар орон байранд нэвтэрч 1 ширхэг дунд гарын мөнгөн аягыг  хулгайлан авч 120,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би өвгөн гуталчны газарт архины мөнгөөр өгсөн яг хэдэн төгрөгөөр зарсан эсэхийг мэдэхгүй байна. 5,000 төгрөгөөр өгсөн. Миний бие өвдөөд байна. Би бөөрний архаг дутагдалтай, хэвтэрт байдаг... Миний толгой эргээд байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4/,

- Иргэний нэхэмжлэгч Ц.У мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2017 оны 09 дүгээр сарын эхээр нөхөр бид хоёрыг “Өвгөн гуталчин” гэх засварын газар дээрээ байж байтал Ц.Д гэх эмэгтэй дунд гарын мөнгөн аяга барьчихсан ирээд бидэнд хандаж энэ мөнгөн аягыг зарах гэсэн юм. Аавын гэсэн үү, нөхрийн гэсэн үү бие нь өвдөөд эмний мөнгө хэрэг болоод авчих гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь бид ямар учиртай аяга юм бэ хулгайн юм биш биз гэсэн чинь үгүй, үгүй би буяндаа бузар хийх хүн биш гэж хэлээд 20,000 төгрөгөнд өгчихөөд яваад өгсөн, түүнээс хойш хэд хоногийн дараа цагдаагийн хүмүүс ирээд хулгайн аяга байна гээд хураалгасан... Ц.Д-с 20.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20/,

- Иргэний нэхэмжлэгч Ц.У-н шүүхэд гаргасан: “...Би шүүгдэгч Ц.Д-с 20,000 төгрөг нэхэмжилсэн. Уг хүний биеийн байдал болон амьдралын боломж бололцоог харгалзан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 62/,

- Хохирогч Д.З мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 08 цаг өнгөрч байхад гэртээ цайгаа чанаад цайгаа аягалах гэсэн манай нөхрийн дунд гарын мөнгөн аяга байдаггүй, шөнө унтахдаа байшингийн хаалга цоожгүй хоносон тэгээд шөнө унтаж байх үед хүн орж ирээд авчихсан юм байна гээд эд зүйлээ алдсанаа мэдээд цагдаад хандсан... Би 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр цагдаагийн хүмүүс аягыг чинь олсон ирээд үзчих гэхлээр нь цагдаагийн хэлтэс дээр ирээд үзсэн чинь алдсан аяга мөн байсан, тэгээд аягаа бүрэн бүтэн хүлээж авсан учир надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө манай хадам ээж Д.З нь манайд орж ирээд мөнгөн аяга алга гэхлээр нь миний бие цагдаа руу дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 326/017 дугаартай үнэлгээ, алдагдсан аяганы гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/,

- Шүүгдэгч Ц.Д-н эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, эмнэлгийн картын хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн 492 дугаартай албан тоот /хх-ийн 34-36, 46/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд:  2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг оршин суух Д.З-н гэрээс 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга алдагдсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ц.Д-г 2017 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг оршин суух Д.З-г гэртээ унтаж байх үед нь орон байранд нэвтэрч 1 ширхэг дунд гарын мөнгөн аягыг  хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. 

Шүүгдэгч Ц.Д нь Д.З-н гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга болох эд хөрөнгийг хулгайлсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Д.З-н “...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө 08 цаг өнгөрч байхад гэртээ цайгаа чанаад цайгаа аягалах гэсэн манай нөхрийн дунд гарын мөнгөн аяга байдаггүй, шөнө унтахдаа байшингийн хаалга цоожгүй хоносон тэгээд шөнө унтаж байх үед хүн орж ирээд авчихсан юм байна гээд эд зүйлээ алдсанаа мэдээд цагдаад хандсан... цагдаагийн хүмүүс аягыг чинь олсон ирээд үзчих гэхлээр нь ... үзсэн чинь алдсан аяга мөн байсан...” гэсэн, гэрч М.Б “...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө манай хадам ээж Д.З нь манайд орж ирээд мөнгөн аяга алга гэхлээр нь миний бие цагдаа руу дуудлага өгсөн...” гэсэн, иргэний нэхэмжлэгч Ц.У “... 2017 оны 09 дүгээр сарын эхээр нөхөр бид хоёрыг “Өвгөн гуталчин” гэх засварын газар дээрээ байж байтал Ц.Д гэх эмэгтэй дунд гарын мөнгөн аяга барьчихсан ирээд бидэнд хандаж энэ мөнгөн аягыг зарах гэсэн юм... 20,000 төгрөгөнд өгчихөөд яваад өгсөн...” гэсэн мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 326/017 дугаартай үнэлгээ  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Д-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болох түүний биеийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэснийг  баримтлан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ. Иргэний нэхэмжлэгч Ц.У нь нэхэмжлэлээсээ татгалзсан учир шүүгдэгч Ц.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт  Ц.Д-г орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Д-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       Б.НАРМАНДАХ