Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ДШМ/662

 

 

      2022            6            28                                       2022/ДШМ/662                        

П.Лхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнхтулга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч Ө.Учрал,

шүүгдэгч П.Лийн өмгөөлөгч Г.Бат-Отгон,  

нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/1238 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгоны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн П.Лхолбогдох эрүүгийн 2106004460373 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

П.Л, 1980 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Хот бууз” цайны газрыг түрээслэн ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 4-39 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ЧЛ80082017/;

Яллагдагч П.Л нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Б.Энхсаруултай байгуулсан түрээсийн гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 4 дүгээр байрны 0 тоотод, “Хот бууз” цайны газрын үйл ажиллагааг эрхлэн явуулж байхдаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дүгээр зүйл “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна.”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна, 28.1.4 “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх, 28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 28.1.16 “Энэ хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.6-д заасан этгээд нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй” гэснийг, мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Дараах газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах түүгээр үйлчлэхийг хориглоно”, 7.1.8 “тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа, үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бус газарт” гэж заасныг зөрчиж согтууруулах ундаа /пиво/ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлсэн, хэрэглэсэн” гэснийг тус тус зөрчиж, үйл ажиллагаа явуулах байрны доош подвал руу уруудах шат нь Дэд бүтцийн сайдын 2003 оны 252-р тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Олон нийтийн барилга” БНбД 31-03-03-д заасан норм стандартад заасан хэмжээг хангаагүй байхад, ажлын байранд учирч болзошгүй аюулгүй илрүүлэх, бууруулах, арилгах арга хэмжээ аваагүй, ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх боломжийг бүрдүүлж, хэрэглэсэн зэргээр хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас, тус цайны газрын тогооч Ш.Мнь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23 цагийн үед ажлын байрандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ подвал руу уруудах шатнаас унаж, гавлын дагз ясны баруун хажуу хэсэгт доороос дээш чиглэлтэй 9 см урттай шугаман хугарал, их тархины зүүн талын бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн суурийн хэсэгт урд өвдөг хэсэгт тархины бор ба цагаан бодисыг хамарсан 2x3 см тархины эдийн няцрал бүхий гэмтэл учирч, амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокуророос: П.Лийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, гэрч А, гэрч Н, гэрч О, гэрч Б, гэрч Ж нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл гэрчүүдийн мэдүүлэг эрс зөрүүтэй байдлуудыг зайлшгүй арилгах шаардлагатай. Өөрөөр хэлбэл хэргийн газарт анх хэн түргэн тусламж дуудсан тодорхойгүй, мөн чийгтэй цэвэрлэгээ хийсэн эсэх нь эргэлзээтэй, камерын бичлэг болон хард диск байсан эсэх нь тодорхойгүй байх тул хэргийн газарт байсан гэх цагдаагийн алба хаагч О, Р, түргэний эмч болон бусад гэрчүүдийг дахин асууж мэдүүлэг авч, мэдүүлгийн зөрүүг арилгах мөн хохирлын баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт хавсаргаж, бэхжүүлэх нь зүйтэй байна.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 617 тоот шинжээчийн дүгнэлтийн 2, 3 дугаар заалтад “Шинжилгээнд хүргүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжинд дүрс бичлэг байхгүй байна”, “Устгагдсан дүрс бичлэгийг сэргээх боломжгүй “ гэсэн байна. /хх 112/, мөн шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт “энэ хэргийн устгагдсан дүрс бичлэг ямар учраас сэргээгдэх боломжгүй байгаа юм бэ” гэсэн асуултад “тохиргоогоо хийхдээ хатуу диск дүүрсэн үед эхнээс нь дарж бичнэ гэж тохируулсан байсан...хяналтын камерын бичлэгийг гараар устгах боломжтой... энд ямар ч бичлэг байгаагүй, хоосон байсан... дүрс бичлэгийн төхөөрөмж нь өөр систем дээр бичиж байгаа, бичлэг устгавал сэргээгдэх боломжгүй, мөн хард диск дүүрсэн үед өмнөх бичлэгийг дараад бичсэн бол мөн сэргээх боломжгүй...” гэж мэдүүлж байгаа нь хоёрдмол утгатай, эргэлзээтэй байх тул уг нөхцөл байдлыг тодруулах, дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Иймд дээрхи ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Сартуул хөх овогт Пүрэвсүрэнгийн Лхагвадоржид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00446 0373 дугаартай хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч П.Лурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Лийн өмгөөлөгч Г.Бат-Отгон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/1238 тоот захирамжийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “бичмэл нотлох баримтыг эх хувиар, хэрэв эх хувийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэж авна” гэсэн заалттай нийцэхгүй байна” гэж шүүх дүгнэсэн. Гэвч мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч болон түүний өмгөөлөгч эдгээр баримтуудыг гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Хохирогч болон түүний өмгөөлөгч дээрх баримтуудын эх хувийг гаргаж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй юм. Шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд хохирлын тооцоог гаргахад эргэлзээтэй байна гэж дүгнэвэл Иргэний хуулийн холбогдох заалтуудыг хэрэглэж иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

2. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, хэргийн газарт анх хэн ирсэн, хэн түргэн тусламж дуудсан нь тодорхойгүй, чийгтэй цэвэрлэгээ хийсэн эсэх нь эргэлзээтэй, камерийн бичлэг болон хард диск байсан эсэх нь тодорхойгүй, хэргийн газарт байсан гэх цагдаагийн албан хаагч О, Р, түргэний эмч болон бусад гэрчүүдийг дахин асууж мэдүүлэг авч, мэдүүлгийн зөрүү арилгах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ. Дээрх гэрчүүдэд хууль сануулж хэргийн талаар мэдэж байгаа зүйлийг нь гэрчийн мэдүүлгээр авсан бөгөөд шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдаанд оролцуулж хэргийг шийдвэрлэх боломжтой. Мөн хэрэг учрал болох үед тухайн байгууллагад
ажиллаж байсан камерыг шинжилж 617 тоот дүгнэлтийг гаргасан шинжээчийг
шүүх хуралдаанд оролцуулж хард диск байсан эсэхийг тогтоох боломжтой.

3. Анхан шатны шүүх хуралдаанд 617 тоот дүгнэлт гаргасан шинжээч оролцсон бөгөөд шүүгч болон хэргийн оролцогчдын зүгээс асуусан асуултанд маш
тодорхой, дэлгэрэнгүй хариулсан бөгөөд шинжээчийн дүгнэлт дахин гаргах
шаардлагагүй гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/1238 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэдэг. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлттэй зүйлчлэлийн хувьд маргаж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн хэрэг учрал болоход талийгаачийн хүүхдүүд очсон байдаг. Тэр үед шатнаас унасан гэдэг зүйл яригдаагүй. Харин мөрдөн байцаах ажиллагааны үед гэрч болох Жавзандулам, Лхагвадорж нар мэдүүлэгтээ шатнаас унасан гэж дурдсан байдаг. Тухайн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, шүүгчийн захирамжид тодорхой тусгасан байгаа. Жавзандулам эхлээд талийгаачийг унасныг мэдээд Лхагвадоржид хэлсэн гэдэг боловч Лхагвадорж нь эхлээд өөрийгөө мэдсэн гэж мэдүүлсэн. Тиймээс бидний зүгээс худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Хохирлын баримтын тухайд миний өмнө ажиллаж байсан өмгөөлөгч мөрдөн байцаах ажиллагааны үед хуулбар хувийг өгсөн байдаг. Дараа нь миний зүгээс мөрдөгчид заавал эх хувийг нь өгдөг тухай тайлбарлаад баримтаа өгөх гэсэн боловч хүлээн аваагүй. Мөрдөн байцаалтын шатанд амаар болон бичгээр удаа дараа ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан. Хүсэлтийг хүлээн авдаггүй. Тийм учраас анхан шатны шүүхээс эд мөрийн баримт гэж үнэлээгүй. Шүүх хуралдааны үед шүүгчид хохирлын баримтыг мөрдөн байцаах ажиллагааны үед аваагүй гэдгийг тайлбарлаад оролцсон. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой камерын бичлэгийг устгачихсан гэж бидний зүгээс үздэг. Камерын бичлэгтэй холбоотой дутуу дүгнэлт гаргасан. Дахиж шинжээч томилуулах хүсэлтийг мөрдөн байцаах ажиллагааны үед гаргасан боловч хүлээн аваагүй. Мөрдөн байцаалтад буцаагаад шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг хийх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Тухайн ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.” гэв.

 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлж байна. Гэхдээ хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 1 дүгээр сарын 20-ны орой хэргийн газарт би 2 дүүтэйгээ очсон. Над руу утсаар залгаад ээж чинь ухаан алдчихлаа гэж хэлсэн. 2 дүүтэйгээ яваад очиход ээж маань шатны доор хөндлөн байрлалтай, нэг тавчиг нь байхгүй, нөгөө тавчигийг нь хөлд нь өмсгөсөн, бие нь хөшсөн байдалтай нас барсан байсан. Жавзандулам хүүхдүүдэд нь үнэнийг хэлье гэж хашгирахад П.Л хэлүүлээгүй. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаад дуудлага өгсөн. Камерын бичлэг хангалттай байгаа. Гэрээсээ утсаараа хардаг байсан. Гэрт нь холбогддог камерыг би яагаад мэдээд байна вэ гэвэл, миний хувьд ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Ээж өглөө цагтаа ирж, орой цагтаа тарахгүй бол П.Л утсаараа харж байгаа янз бүрийн юм ярина гэдэг байсан. Тухайн орой цагдаа нар камерын хард диск нь хаана байна гэхэд П.Л байхгүй гэсэн. Гэтэл цагдаа дээр очиход хард диск байсан. Миний зүгээс хэргийн газрыг цэвэрлэсэн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл намайг очиход чийгтэй цэвэрлэгээ хийсэн байсан. Мөн миний ээжийн толгой доор нь дөрвөлжин саарал алчуур тавьсан байсан. Гэтэл тухайн хэргийн гэрч Жавзандулам нь анхан шатны шүүх хуралдаанд би ерөөсөө чийгтэй цэвэрлэгээ хийгээгүй, толгой доор нь алчуур тавиагүй, ямарч цус гараагүй гэж ярьсан. Миний зүгээс тухайн хүмүүсийг камерын бичлэгийг устгасан, миний ээжид анхан шатны тусламж үзүүлээгүй гэж үзэж байгаа. Учир нь миний ээж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй байсан. Хэрэг явдлаас хойш хэн нь ч надаас уучлалт гуйгаагүй. Мөн миний бие “Negun.mn.сайтад” ярилцлага өгөхөд өмгөөлөгчөөр нь дамжуулж уулзана, оршуулгын зардлыг өгсөн боловч аваагүй гэх зүйл ярьсан байсан. П.Л ерөөсөө надтай уулзаагүй. Би үнэхээр гомдолтой байна. Миний ээж миний амьдралын баталгаа байсан.” гэв.

 

Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...П.Лхолбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр болсон. Тухайн шүүх хуралдаанд миний бие томилолтоор оролцсон. Хохирогч талаас хэргийн зүйлчлэл болон камерын бичлэг устгагдсан эсэх асуудлаар маргадаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгчийн захирамжинд заагдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн байна. Прокурор миний зүгээс шүүгчийн захирамжинд дурдсан ажиллагаануудыг нэг мөр шийдэж, хохирогчийн зүгээс гаргасан гомдлыг нэг мөр хангаж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгоны гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхээс “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, гэрч А, гэрч Н, гэрч О, гэрч Б, гэрч Ж нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг эрс зөрүүтэй, хэргийн газарт анх хэн түргэн тусламж дуудсан тодорхойгүй, мөн чийгтэй цэвэрлэгээ хийсэн эсэх нь эргэлзээтэй, камерын бичлэг болон хард диск байсан эсэх нь тодорхойгүй байх тул хэргийн газарт байсан гэх цагдаагийн алба хаагч О, Р, түргэний эмч болон бусад гэрчүүдийг дахин асууж мэдүүлэг авч, мэдүүлгийн зөрүүг арилгах мөн хохирлын баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт хавсаргаж, бэхжүүлэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 617 тоот шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байх тул дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай...” гэсэн үндэслэлээр П.Лхолбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал:

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэмжээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байх тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаа буюу хохирогч, гэрч нарын зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоож, харьцуулан дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдлыг зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны үед бус шүүх хуралдааны явцад ч хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор, нотлогдсон хэмжээнд шүүгдэгч П.Лийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж шийдвэрлэвэл зохино.

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгоны гаргасан “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/1238 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч П.Лхолбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/1238 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч П.Лхолбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч П.Лавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ