Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 118/ШШ2024/0017

 

 

                                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг би тус аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Д.*******, аудитор Д.******* нарт холбогдох, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 18/18/ЗАА-2021/121/СТА-ТШЗ дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий Завханмандал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ө.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Завханмандал сумын Засаг даргын тамгын газрын даргаар 2016 оноос ажиллаж байна. 2018-2019 онд манай сумд зуд болж сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгөд байсан мал хорогдож, 2019 оны эхний байдлаар Тамгын газрын хөрөнгөд 32 тооны ямаа тоологдсон байсан. Үүнээс 6 ямааг хүнсэнд хэрэглэж, 7 эр ямааг /нэг бүрийн үнэ 90,000 төгрөг/ нийт 630,000 төгрөг, 13 эм ямаа /нэг бүрийн үнэ 65,000 төгрөг/ нийт 845,000 төгрөг, 6 шүдлэн /нэг бүрийн үнэ 28,000 төгрөг/ нийт 168,000 төгрөг буюу нийт 1,643,000 төгрөгөөр Олонтүрүү багийн иргэн Д.*******т зарж, 1,192,390 төгрөгөөр Засаг даргын Тамгын газрын үйлчилгээний фургон авто машинд сэлбэгийг Кизилээс авчруулахаар тохиролцож, фургон авто машинд дугуй 5 ширхэг, аржатр 1 ширхэг, дугуйны наклад 4 ширхэг, сэвчээ 4 ширхэг, нормаль баригч 1 ширхэг, духны гинж 1 ширхэг, ирмээн 1 ширхэг гэх мэт сэлбэгүүдийг 1,192,390 төгрөгөөр авсан. Мөн Засаг даргын Тамгын газрын малчин С.*******т малын хөлс /1 мал*800 төгрөг/ 307 200 төгрөг, төлийн хөлс /1 төл*3000 төгрөг/ 9000 төгрөг, холын нүүдлийн бензин /30 литр/ 65 400 төгрөг, малын усалгааны хөлс /1 мал 200 төгрөг/ 64 000 төгрөг нийт 445 600 төгрөгийг өгсөн байдаг. Завханмандал сумын Засаг даргын Тамгын газар нь баланст бүртгэлтэй байгаа малаас зах зээлд борлуулсан орлогыг юунд зарцуулсан гэх баримт материал нь бүгд байдаг. Ө.******* миний бие 2020 оны 05 сард жирэмсний амралтаа авч, Завханмандал сумын Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр Б., мөн нягтлан бодогчоор Ц.******* нар томилогдож ажилласан. Гэтэл 2020 оны Төрийн аудитын шалгалтаар санхүүгийн тайланг шалгахдаа 2019 оны санхүүгийн баримтыг дахин шалгахад сумын Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б., нягтлан бодогч Ц.******* нар энэ асуудлыг мэдэхгүй мөн 2019 оны бараа материалын тайланд байгаа баримтыг олж үзүүлээгүй учраас Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 18/18/3AA-2021/121/СТА-ТШЗ дугаартай актаар "Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно", Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 4.2.3.2 "Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлсэн, ашиглуулсны төлбөр болон борлуулсны орлогыг дутуу төвлөрүүлсэн эсхүл төвлөрүүлээгүй” гэж заасныг үндэслэн Завханмандал сумын Засаг даргын Тамгын газар нь баланст бүртгэлтэй байгаа малаас зах зээлд борлуулсан орлогыг улсын төсөвт төвлөрүүлээгүй зөрчлийн 3 840 000 төгрөгийн төлбөр тавьсан. Дээрх төлбөрийн актаар яаж тооцоолж 3 840 000 төгрөгийн төлбөр тавьсныг ойлгохгүй байна. Учир нь 2019 онд 7 эр ямааг 630 000 төгрөг, 13 эм ямааг 845 000 төгрөг, 6 шүдлэнг 168 000 төгрөг, нийт 1 643 000 төгрөгөөр зарж борлуулсан байсан ба тухайн жилийн малын зах зээлийн дундаж үнээс харахад Завханмандал суманд нас гүйцсэн эр ямаа 100 000 төгрөг, нас гүйцсэн эм ямаа 70 000 төгрөг.  Мөн 2019 оны малын тооцоон дээр Завханмандал сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгөд бүртгэлтэй тоологдсон мал 127 гэжээ. Үүнээс буурал ухна 25 толгой, сартуул хуц 70 толгой гэж бүртгэгдсэн нь тухайн үед Улсын Их хурлын гишүүн ******* малчин айл өрхүүдэд Монгол мал хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ шилмэл үүлдрийн хуц, ухна тарааж байсан нь программ дээр бүртгэгдсэн айлд өгсөн малыг Тамгын газрын малын тоонд оруулж бичсэн хоосон мал явж байгаа. Иймд Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллага нь гадагш чиглэсэн, бусдын эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт, шийдвэр гаргахаас өмнө захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зохион байгуулж явуулах үүрэгтэй бөгөөд тус Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар төлбөрийн акт тогтоох бодит нөхцөл байдлыг үнэн зөв тогтоох, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу цуглуулж үнэлэлт дүгнэлт өгөх ажиллагааг явуулах нь захиргааны байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэгтэй (нөгөө талаас захиргааны байгууллага, албан тушаалтан хууль бус, эрх зөрчсөн акт, шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх боломжийг тус хуулиар олгосон гэж үзнэ) байтал дээрх хуульд заасан үүргийг (шалгаж байгаа хувийн компанийн аудитор нь) дагаж мөрдөөгүй, албан газарт байгаа баримтуудыг дутуу шалгаж, шалгах баримтууд нь тухайн албан газарт байхад аудитын албан шаардлага, зөвлөмж хүргүүлэх зохицуулалттай байхад шууд төлбөр тогтоосон акт буюу Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 18/18/ЗАА-2021/121/СТА-ТШЗ дугаартай акт тавьсан нь акт тавих эрх зүйн үндэслэл үүсээгүй байхад буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актыг тогтоосон байна. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 сарын 09-ны өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 1.2. "Албан шаардлага нь төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж буй аудитын явцад алдаа, зөрчлийг таслан зогсоож, зохих арга хэмжээ авахыг шалгагдагч этгээдэд хариуцуулж даалгасан, заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байна. 1.3.“Төлбөрийн акт нь төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэж буй аудитын явцад илэрсэн төлбөрийг нөхөн төлүүлэхэд чиглэсэн заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт байна гэж заасан. Завханмандал сумын Засаг даргын тамгын газрын хөрөнгөд бүртгэлтэй 26 ямааг зарж борлуулсан ч уг мөнгөөр тамгын газрын үйлчилгээний (төрийн өмчийн хөрөнгөд) фургон авто машинд сэлбэг авсан, мөн тамгын газрын малчин С.*******т малын хөлс, холын нүүдлийн бензин, малын усалгааны хөлсийг тус тус өгсөн байдаг... баланст бүртгэлтэй байгаа малаас зах зээлд борлуулсан орлогыг төрийн үйл ажиллагаанд зарцуулсан баримт материалууд нь бүгд байгаа. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. "Шалгагдагч этгээд хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн, хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй бол алдаа, зөрчлийг таслан зогсоох, давтан гаргуулахгүй байх талаар байгууллага, албан тушаалтанд албан шаардлага өгнө", 21.2. "Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно." гэж заасан байх ба дээрх асуудалд төлбөрийн акт тогтоох боломжгүй бөгөөд тухайн малын орлогоор төрийн өмчийн буюу тухайн төрийн байгууллагын автомашинд сэлбэг авч, тухайн автомашинаар төрийн үйлчилгээг одоог хүртэл хэвийн үзүүлж, төрийн өмчийн эд хөрөнгийн насжилтыг уртасгаж, төрийн үйлчилгээг тасралтгүй хэвийн үргэлжлэх нөхцөл бололцоог хангаж ажиллаж байна... Иймээс Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 12 сарын 09-ны өдрийн А/95 тушаалаар батлагдсан “Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 18/18/3АА-2021/121/СТА-ТШЗ дугаартай актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ... Завханмандал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ө.*******гийн шүүхэд гаргасан төлбөрийг актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.... Тухайн үеийн шалгагдагч байгууллагын холбогдох албан тушаалтнууд мал худалдан борлуулсан орлогоор сумын Засаг даргын Тамгын газрын автомашинд сэлбэг худалдан авсан талаарх нотлох баримтыг аудитын явцад ирүүлээгүй нь төлбөрийн акт тогтоох үндэслэл болсон бөгөөд холбогдох баримт материалыг бүрэн ирүүлж, аудитын явцад тайлбар, саналаа гаргаж, мал худалдан борлуулсан орлогоор төрийн өмчид бүртгэлтэй байгууллагын автомашинд сэлбэг хэрэгсэл худалдан авсныг нотолсон бол төлбөрийн акт тогтоох бус Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу албан шаардлага өгөх эрх зүйн үндэслэлтэй байсан... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Завханмандал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ө.******* нь Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 18/18/3АА-2021/121/СТА-ТШЗ дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж, нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******аас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Д.*******гийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар аудитор Н.*******ыг тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх ба уг итгэмжлэлээр Н.*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д заасан эрхүүдийг тусгайлан олгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”, 28.1-д “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна, 28.2.Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараах эрх эдэлнэ: 28.2.1.нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах; 28.2.2.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх...” гэж заажээ.

Тодруулбал, Н.******* нь хариуцагч Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Д.*******, аудитор Д.******* нарыг төлөөлөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрх хэмжээтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******аас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 18/18/3АА-2021/121/СТА-ТШЗ дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ө.*******гийн нэхэмжлэлийг хариуцагч Завхан аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Д.*******, аудитор Д.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

                                             ШҮҮГЧ                                   Л.ТУНГАЛАГ