Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1041

 

 

 

 

 

 

 

 

 

О.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/00877 дугаар шийдвэртэй, О.Оийн хариуцагч Г.Жд холбогдуулан 3 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Энхбулган, хариуцагч Г.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.   

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие фэйсбүүкээс зарын дагуу Г.Жтай холбогдож, их сургуулийн диплом гаргуулахаар тохиролцож 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3 900 000 төгрөгийг өгч, бичгээр зээлийн гэрээ байгуулан дансаар нь шилжүүлж өгсөн. Ингээд надад хэд хоногийн дараа диплом гаргаж өгсөн боловч хуурамч байсан. Мөнгөө авъя гэж удаа дараа ярьсан боловч ажил олгогч нар мөнгийг авсан, холбогдож чадахгүй байгаа гэж тайлбар өгөөд байгаа нь үндэслэлгүй. Зээлийн гэрээ нэртэй гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл тул 3 900 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа байгуулсан зээлийн гэрээний хүү 624 000 төгрөг нэхэмжилснээсээ татгалзаж, анх шилжүүлсэн 3 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Г.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр фэйсбүүкээр ажил олгогч н.Отгонбаатартай танилцсан. Ажил олгогч хэлэхдээ би боловсролын яаманд ажилладаг улсын бүртгэлд ордог Их, дээд сургуулийн диплом гаргадаг гэж хэлээд захиалга аваад 10 хоногийн дараа дипломыг нь өгөөд мөнгийг нь надад авч өгөх л ажил хийнэ. Ингэхдээ нэг захиалганаас 200 000 төгрөгийн цалин авна гэж хэлсэн учраас тохиролцсон. Ажил олгогчийн өгсөн 98112838 гэх дугаарт залгаж ярихад нэхэмжлэгчийн нөхөр байсан. 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр О.Оийн нөхөртэй нь очиж уулзаад захиалга авсан. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил олгогч дипломыг нь өгөөд төлбөр болох 3 900 000 төгрөгийн өөрийн данс руу шилжүүлэн авсан. Мөнгө орсон даруйд би өөрийн ажлын хөлс болох 200 000 төгрөгийг авч, үлдэгдэл 3 675 000 төгрөгийг ажил олгогчийн эхнэрийн 5848119585 Б.Эрдэнэтуяа гэх Хаан банкны дансруу шилжүүлсэн боловч ажил олгогчтой 2019 оны 12 сарын 28-ны өдрөөс хойш холбогдох гэж үзсэн боловч чадаагүй учраас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хан-уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гарган уг хэрэг нь шалгагдаж байгаа бөгөөд ажил олгогчийг эрэн сурвалжилж байгаа. Бодит байдал дээр О.О бид хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Энэ гэрээ бол хуурамч гэрээ байсан. Түүний надад шилжүүлсэн мөнгийг ч би бүхэлд нь аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Жгаас 3 888 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.От олгож, илүү нэхэмжилсэн 12 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн        87 334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Жгаас улсын тэмдэгтийн хураамжинд 77 158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.От олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шааардлагын хүрээнд бус сайн дураар хэргийг шийдвэрлэсэн байна. Энэ асуудлаар Хан-Уул дүүргийн цагдаад хэрэг бүртгэлийн хэрэг үүсээд ажил олгогч Ж.Отгонбаатар гэх этгээдийг эрэн сурвалжилж байгаа гэдгийг огт авч хэлэлцээгүй төдийгүй нэхэмжлэгчээс диплом гаргуулахаар надад шилжүүлсэн мөнгийг би аваагүй цааш шилжүүлсэн болохыг дансны хуулгаар нотлохоор шүүхэд өгсөн. Мөн шүүгчийн туслах надад миний эрх үүргийг тайлбарлаж өгөөгүйн дээр шүүх хуралдааны товыг хурал болох өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цагт хурал эхлэхээс 5 минутын өмнө надад мэдэгдсэн. Үүнээс үзэхэд шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч О.О нь хариуцагч Г.Жд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 4 524 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардагаа хариуцагчид шилжүүлсэн 3 900 000 төгрөгийг буцаан гаргуулна гэж өөрчилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Миний бие Г.Жтай холбогдож, их сургуулийн диплом гаргуулахаар харилцан тохиролцож 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3 900 000 төгрөгийг түүний данс руу шилжүүлж, бичгээр зээлийн гэрээ байгуулсан. Ингээд хэд хоногийн дараа диплом гаргаж өгсөн боловч хуурамч байсан. Зээлийн гэрээ нэртэй байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл тул анх шилжүүлсэн 3 900 000 төгрөгийг буцаан гаргуулна” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “Миний бие  2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр фэйсбүүкээр ажил олгогч н.Отгонбаатартай танилцсан. н.Отгонбаатар хэлэхдээ би Боловсролын яаманд ажилладаг улсын бүртгэлд ордог Их, дээд сургуулийн диплом гаргадаг, чиний хийх ажил бол миний өгсөн дугаар луу залгаад захиалга авна, нэг захиалга авахад 200 000 төгрөгийн цалин авна гэсэн тул уг ажлыг хийхээр тохиролцсон. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ажил олгогч дипломыг нь өгөөд төлбөр болох 3 888 000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авсан. Мөнгө орсон даруйд би өөрийн ажлын хөлс болох 200 000 төгрөгийг авч, үлдэгдэл 3 675 000 төгрөгийг ажил олгогчийн эхнэр Б.Эрдэнэтуяагийн Хаан банкны 5848119585 тоот данс руу шилжүүлсэн. Бодит байдал дээр О.О бид хоёрын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй. Энэ гэрээ бол хуурамч, надад шилжүүлсэн мөнгийг би бүхэлд нь аваагүй” гэж тус тус тайлбарласан байна. /хх 1, 12/

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ нэртэй хэлцэл байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч О.О нь хариуцагч Г.Жд 3 900 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлсэн талаарх гэрээ авагджээ. /хх 4/

 

Гэвч хэргийн баримт болон зохигчдын тайлбараас үзвэл дээрх гэрээний агуулгаар бус их сургуулийн диплом гаргуулах зорилгоор талууд харилцан тохиролцсон, түүний төлбөр болох 3 888 000 төгрөгийг дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн Хаан банкны 5108194146 тоот данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаангүй байна. /хх 6/

 

Анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж дүгнэн, нэхэмжлэгч О.Оээс их сургуулийн диплом гаргуулах тохиролцооны дагуу хариуцагч Г.Жд шилжүүлсэн мөнгөн хөрөнгө буюу баримтаар тогтоогдсон 3 888 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч Г.Ж нь “Миний дансанд 3 888 000 төгрөг шилжигдсэн даруй уг мөнгөнөөс ажлын хөлс болох 200 000 төгрөгийг авч, үлдэгдэл 3 675 000 төгрөгийг ажил олгогчийн эхнэр Б.Эрдэнэтуяагийн Хаан банкны 5848119585 тоот данс руу шилжүүлсэн” гэдэг тайлбараа нотлох зорилгоор өөрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг хэрэгт хавсаргуулсан байх боловч энэ хэргийн хувьд нэхэмжлэгч О.О нь хариуцагчийн цааш нь мөнгийг шилжүүлсэн гэх гуравдагч этгээдтэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, түүнчлэн хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримт гаргуулах, цуглуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хариуцагч Г.Ж нь мөнгөн хөрөнгө шилжүүлсэн гэх гуравдагч этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад энэ шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.  

 

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “анхан шатны шүүхээс хариуцагч надад эрх, үүрэг тайлбарлаж өгөөгүй, шүүх хуралдааны товыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цагт буюу хурал эхлэхээс 5 минутын өмнө мэдэгдсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны журмыг ноцтой зөрчсөн” гэжээ.

 

Анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Иргэний хэрэг үүсгэж, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийг хариуцагчид гардуулан, мөн өдрөө хариуцагч Г.Жд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан байна. /хх 7, 9-10/ Мөн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутын шүүх хуралдааны мэдэгдлийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр талуудад мэдэгдэж баримт үйлдсэн /хх15/ байх тул шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1... Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2020/00877 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

 

                                                                       Д.ЦОГТСАЙХАН