Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч Г.Мөнхтүвшин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч У.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У.Т-т холбогдох эрүүгийн 1720000030001 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 9-21 насны 5 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг оршин суух, Б овогт У.Т,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч У.Т нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний шөнийн 05 цагийн  үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Тээвэрчин зочид буудлын тоот өрөөнд нэвтрэн орж иргэн С.Ц-н Делл маркийн нөтбүүкийг хулгайлж түүнд 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч У.Т-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би өнгөрсөн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр орой найз Ц-той хоёр шил улаан бөглөөт архи уусан юм. Тэгээд Петровис колонкийн дэргэд унтаж байгаад сэртэл гадаа 05 цаг болж байсан. Тэгээд Тээвэрчин зочид буудал руу тамхи авах гээд орсон, буудлын хаалга онгорхой байсан ба бид хоёр дотогшоо ортол нэг хүн унтаж байсан... тэр үед ширээн дээр нөтбүүк байсан ба би тэр нөтбүүкийг аваад нуруундаа хийж нуугаад тэр буудлаас гараад Петровис бензин колонкийн хашаан доторх хогийн саван дотор нь хийгээд нуучихсан юм. Тэгээд Тоочигийн байрнаас Ц-с салаад буцаад колонкийн хогийн саван дээр ирээд нөтбүүкээ авах гэтэл алга болчихсон байсан. Ц мэдээгүй, би хэлээгүй юм. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийг 12 сар гарахаас өмнө өгнө, төлнө. Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/,

- Хохирогч  С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр БНХАУлсын Эрээн хот гараад өнөөдөр 14 цагийн орчимд Замын-Үүд суманд орж ирээд өөрийн ажил болох Тээвэрчин буудал дээр ирэхэд өчигдөр жижүүртэй байсан жижүүр Д.Э миний нөтбүүкийг алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13/,

- Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Урьд шөнө буюу 2017 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө амарч байх хугацаандаа өөрийн байсан буудлын тоот өрөөнөөс захирал С.Ц-н “Аcer” маркийн зөөврийн компьютерийг алдсан гэдгээ өглөө 06 цагийн орчимд босоод мэдсэн... Миний мэдэхээр 5, 3 дугаартай өрөөнд буусан хүмүүс хамгийн сүүлд 01:00 цаг өнгөрөөгөөд унтаж амарсан. Өөр өрөөнд байсан хүмүүс эрт унтаж амарсан. Би 3-5 дугаартай өрөөнд буусан хүмүүсийн нэрийг мэдэхгүй, манай буудлын бүртгэлд бүртгэлтэй байгаа, тэр хүмүүс манай буудалд буугаад 10 гаруй хонож байгаа. Мөн шөнө 03 цагийн үед 4 дүгээр өрөөнд буусан Б, 6 дугаарын өрөөнд буусан Я, 2 дугаарын өрөөнд буусан Б нар бие засах гэж гарсан ба тухайн үед би сэрж тэд нарыг харсан. Тэр үед нөтбүүк байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- Гэрч А.Ө мөрдөн шалгах ажиллагаанд: “...би Тээвэрчин буудалд манаачаар ажиллаж байх хугацаанд 07 дугаар сарын 04-ний үүрээр буудлын хойд талд байрлах хүнсний дэлгүүрийн талаас нэг нь дээгүүрээ нүцгэн, гандуу шаргал өнгийн табчиктай, бараан өнгийн саравчтай малгайтай өндөр, нөгөөдөх нь дээгүүрээ цэнхэр өнгийн подволктой, эрээн өнгийн шорттой, бор өнгийн сандаалтай, жижиг халимаг үстэй намхавтар биетэй 2 залуу буудлын хашаагаар орж шууд буудал руу орохыг харсан. Тэгээд удаагүй 1-2 минут орчим болоод цэнхэр өнгийн подволктой залуу түрүүлж, араас нь дээгүүрээ нүцгэн нөгөө залуу гарч ирэн зам хөндлөн гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/,

- Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт /хх-ийн 21/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-30/,

- Шүүгдэгч У.Т-н ам бүл болон оршин суугаа хаягын талаарх Замын-Үүд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 31-32/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд:  2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн үүрээр 05 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Тээвэрчин зочид буудлаас зөөврийн компьютер алдагдсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч У.Т-н 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 05 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Тээвэрчин зочид буудлын тоот өрөөнд нэвтэрч Делл маркийн нөтбүүкийг хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. 

Шүүгдэгч У.Т нь Тээвэрчийн зочид буудалд хууль бусаар нэвтэрч иргэн С.Ц-н Делл маркийн нөтбүүкийг хулгайлсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч С.Ц-н “...өөрийн ажил болох Тээвэрчин буудал дээр ирэхэд өчигдөр жижүүртэй байсан жижүүр Д.Э миний нөтбүүкийг алдчихлаа гэж хэлсэн...” гэсэн, гэрч М.Б “...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө манай хадам ээж Д.З нь манайд орж ирээд мөнгөн аяга алга гэхлээр нь миний бие цагдаа руу дуудлага өгсөн...” гэсэн, гэрч Д.Э “...2017 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө амарч байх хугацаандаа өөрийн байсан буусдлын 07 тоот өрөөнөөс захирал С.Ц-н зөөврийн компьютерийг алдсан гэдгээ өглөө 06 цагийн орчимд босоод мэдсэн... шөнө 03 цагийн үед 4 дүгээр өрөөнд буусан Б, 6 дугаарын өрөөнд буусан Я, 2 дугаарын өрөөнд буусан Б нар бие засах гэж гарсан ба тухайн үед би сэрж тэд нарыг харсан. Тэр үед нөтбүүк байсан...” гэсэн, гэрч А.Ө “...би Тээвэрчин буудалд манаачаар ажиллаж байх хугацаанд 07 дугаар сарын 04-ний үүрээр буудлын хойд талд байрлах хүнсний дэлгүүрийн талаас нэг нь дээгүүрээ нүцгэн, гандуу шаргал өнгийн табчиктай, бараан өнгийн саравчтай малгайтай өндөр, нөгөөдөх нь дээгүүрээ цэнхэр өнгийн подволктой, эрээн өнгийн шорттой, бор өнгийн сандаалтай, жижиг халимаг үстэй намхавтар биетэй 2 залуу буудлын хашаагаар орж шууд буудал руу орохыг харсан. Тэгээд удаагүй 1-2 минут орчим болоод цэнхэр өнгийн подволктой залуу түрүүлж, араас нь дээгүүрээ нүцгэн нөгөө залуу гарч ирэн зам хөндлөн гарсан...” гэсэн мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СДИ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч У.Т-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч У.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн болон хувийн байдал, мөн улсын яллагчийн саналыг харгалзан   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэснийг  баримтлан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч У.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсаргахаар  шийдвэрлэлээ.

Хохирогч С.Ц-н эд зүйл болох Делл маркийн нөтбүүкийг 350,000 төгрөгөөр үнэлсэн байх ба хохирогч 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн материалтай танилцахдаа “хохирол 350,000 төгрөгийг нэхэмжилж байна” /хх-ийн 41/ шүүгдэгч У.Т “12 сард багтаан төлнө” гэж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 350,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Ц-д  олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт  У.Т-г орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч У.Т-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Т-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч У.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргасугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч У.Т-с 350,000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар баг тоотод оршин суух, Я овогт С.Ц-д олгосугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Б.НАРМАНДАХ