Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2024/0312

 

      2024          04          09                                     128/ШШ2024/0312

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч******* би, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Х*******д холбогдох Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г*******ын дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г******* шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Зөрчилд холбогдогч З.Б*******ы үйлдсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тусгай хамгаалалттай газар нутагт хууль, ...горим зөрчсөн” гэх зөрчлийн шинжтэй байх ба эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт бичигдсэн “...газрын хугацаа дууссан боловч хугацаандаа хүсэлт гаргаагүй...” гэснийг “...Тусгай хамгаалалттай газарт нутагт хууль, ...горим зөрчсөн...” гэж, “...Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1-д...”, шийдвэрлэх нь хэсэгт бичигдсэн шийтгэл оногдуулсан “...Зөрчлийн тухай хуулийн 7.17.1...” гэснийг “...Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын дагуу...” гэж тус тус өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон шийтгэл оногдуулсан 0616152 дугаартай шийтгэлийн хуудсыг дээр дурдсанаар өөрчлөх” гэжээ.

            2. Хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Х******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч би Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Г******* прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, Арцатын амны газар ашиглагч З.Б*******д оногдуулсан 0616152 дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөн холбогдох хуулийн заалтыг тусган 0616158 дугаартай шийтгэлийн хуудсыг бичив.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г*******аас, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Х*******ын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0616152 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлсэн байна.

2. Прокурорын уг дүгнэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Х******* нь хүлээн зөвшөөрч байгаагаа 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа дурдаж, холбогдох хуулийн заалтыг тусган 0616158 дугаартай шийтгэлийн хуудас бичин хуулбарын хамт шүүхэд ирүүлжээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. 

4. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г*******ын шүүхэд ирүүлсэн дүгнэлтийг хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Х*******аас хүлээн зөвшөөрсөн байгаа тул захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрджээ.

5. Прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагаврын тухайд:

5.1. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Х*******ын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0616152 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болох бөгөөд шүүгчийн энэхүү захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үр дагавартай.

5.2. Мөн хариуцагч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Х******* нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

6. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г*******ын тус шүүхэд ирүүлсэн 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

7. Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Х*******д холбогдуулан гаргасан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Г*******ын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдсүгэй.

 

 

    ШҮҮГЧ                                 Д.ЧАНЦАЛНЯМ