Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 1089

 

Магадлал

2020.05.18                                                      № 1089

 

 

 

 

 

 

Т.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00894 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Дын хариуцагч НШШГГ т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Майбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01157 дугаартай шийдвэрээр Т.Даар 90 420 000 төгрөгийг гаргуулж Г.Г энд олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрээр үүргийн гүйцэтгэлд Д.Батболд Т.Д хоёрын өмчлөлд байдаг, Ү-2204030013 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун /13311/ Их Монгол улсын гудамж 801 дүгээр байр 1403 тоот хаягт байршилтай 111.75 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг худалдан борлуулж, өр төлбөрийг барагдуулах ажиллагааг албадан гүйцэтгүүлэхээр төлбөр авагч Г.Г  нь НШШГГ  хандсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байна. Шинжээчийн үнэлгээгээр барьцаа хөрөнгийг 268 898 437 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд Т.Дын хувьд үүнийг хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгийг 268 898 437 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4/1776 тоот албан бичгээр гаргасныг Т.Дд 2020 оны 02 дүгээр сарын 04-ний өдөр гардуулж өгсөн.

Д.Батболд, Т.Д нарын өмчлөлийн Ү-2204030013 дугаарт бүртгэлтэй, 117.75 м.кв талбайтай орон сууц нь наран талруу харсан цонхтой, дулаан зогсоолтой, гадаа машины зогсоол ихтэй, хотын утаагүй бөгөөд түгжрэл багатай хэсэгт байрлалтай. Гэтэл тус газраас томилон ажиллуулсан үнэлгээчин нь олон давуу талыг харгалзаж үзээгүй. Мөн тухайн бүс нутаг дахь үл хөдлөх хөрөнгийн одоогийн зах зээлийн бодит үнэлгээнээс доогуур үнэлсэн гэж үзэж байгаа тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01157 дугаар шийдвэрээр Т.Даас             91 030 000 төгрөгийг гаргуулж Г.Г эд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 19261469 дүгээр тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Т.Дд шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд төлбөр төлөгдөөгүй тул түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204030013 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Кристал таун /13311/ Их монгол улсын гудамж 801 байр 1403 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 19261469/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19261469/02 дугаар тогтоолоор хураасан.

Төлбөрт хураагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч Т.Д мэдэгдлийн хугацаанд үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Г.Г  шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 60 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилоход орон сууц 268 898 437 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4/1776 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун, 801 дүгээр байрны 1403 тоотод байрлах 111.75 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж заасан. Гэтэл шинжээч томилсон тогтоол дээр эрх, үүргийг сануулсан боловч хариуцлагыг урьдчилан сануулаагүй, худал дүгнэлт гаргасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх талаар сануулаагүй байгаа нь тус шинжээч томилсон тогтоолыг хуулийн шаардлага хангаагүй болохыг харуулж байна. Мөн шинжээчийн үнэлгээгээр барьцаа хөрөнгийг 268 898 437 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна. 

 

Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч НШШГГ т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж тайлбарлан маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01157 дугаар шийдвэрээр хариуцагч Т.Даас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 90 420 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г эд олгохоор шийдвэрлэсэн байна. /хх 5-6/

 

Хариуцагч НШШГГ  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2019/07961 дугаар захирамж, 00573 дугаар гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасанд нийцсэн байна. Талууд эд хөрөнгө битүүмжлэн, хураасан ажиллагаанд маргаагүй, барьцаалагдсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний талаар маргадаг. /хх 22-23, 26, 34-35, 40-41/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцоогүй тул хариуцагч НШШГГ  2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр С ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх 46/ Шинжээч нь дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үнэлж, зах зээлийн нийт үнэ, цэнийг 268 898 437 төгрөг болохыг тодорхойлж, хөрөнгийн үнэлгээний тайланг хариуцагч байгууллагад ирүүлжээ. /хх 44, 49-65/

 

Шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байх бөгөөд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүйгээс гадна, нэхэмжлэгч тал зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадаагүй байна.

 

Хариуцагчийн зүгээс дээрх үнэлгээний мэдэгдлийг нэхэмжлэгч Т.Дд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн тэрээр эс зөвшөөрч уг үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. /хх 1-2,/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо хариуцагч байгууллага хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу хууль сануулаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь, хариуцагчийн зүгээс шинжээч Г.Отгонбаярт 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтуудыг тайлбарлан өгч, түүнд эрх, үүргийг танилцуулан гарын үсэг зуруулсан байна. /хх 46-47/

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1... Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00894 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         А.МӨНХЗУЛ

 

              ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                      Д.ЦОГТСАЙХАН